Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусч байна. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж хууль зөрчин байж, баруун солгойгүй амласаар сурталчилгааны хугацааг дуусгаж байна. Гэхдээ тэр хэлснээ хийдэггүй, амласнаа биелүүлдэггүй гэмтэй хүн. Энэ талаарх зарим баримтыг дахин сануулъя.

Хархориныг нийслэл болгоно гэж амлаад мартсан
2004 онд Элбэгээ Хархорин хотыг хөгжүүлэх, Монгол Улсын нийслэлийг Улаанбаатараас нүүлгэж Хархоринд аваачих талаар олон зүйл амласны дотор өөрөө Засаг даргаар нь ирж ажиллах амлалт өгсөн. Бүр амьдрах газартаа шаваа тавьж байсныг хүмүүс мартаагүй байгаа. Харамсалтай нь Хархорин сум хэвээрээ үлдсэн. Элбэгээ ч Засаг дарга болох амлалтаа мартаад есөн жил болж байна.

Дайн зарласан ч дарийн утаа үнэртээгүй
2004 онд тухайн үеийн МАХН-ынхны дэмжлэгээр Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайд болж, намар нь ядууралтай дайн зарлаж байгаагаа нэлээд сүр дуулиантай мэдэгдсэн. Гэсэн ч дайн болоогүй, ядуурал ч буураагүй. Монгол Улсын нийт хүн амын 30 орчим хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой буюу ядуу, нэн ядуу амьдарсаар байна. Харин Ерөнхийлөгчийн маань хөрөнгө орлогын мэдүүлэг дэх сая саяын орлого жил тутам өссөөр байгаа.

Хүнд суртлыг үгүй хийх шоугаа умартсан
Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2005 онд нэлээд хэдэн тогтоол шийдвэр урж, хогийн саванд хийсэн. Сүрхий сайн дэглэсэн энэ шоу тэгсгээд мартагдаж, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажилласан зургаан жилийн хугацаандаа албан ёсоор нэг ч шийдвэрийг хүчингүй болгоогүй билээ. Хүнд суртал багассангүй.

“Ногоон хэрэм” босгох төлөвлөгөө нь нуржээ
2005 оны гуравдугаар сард Ц.Элбэгдоржийн Засгийн газар цөлжилтөөс сэргийлэх “Ногоон хэрэм” хөтөлбөр баталж, 250.000 га газрыг ойжуулахаар амлаж, “Албан даалгавар” хүртэл гаргасан. Хөтөлбөрийн газар хэмээх албан ёсны нэгж байгуулагдаж, улсын төсвөөс өдий төдий хөрөнгө зарлагад¬сан ч хэсэг бүлэг хүний бизнес болоод л дууссан.

“Одон тарааж, овоо хэсэхгүй” гэсэн амлалтаасаа няцав
“Би одон тарааж, овоо хэсдэг Ерөнхийлөгч байхгүй ээ” хэмээж байв. Гэвч одон, тэмдгийг илүү ихээр тараав. Тэгэхдээ АН-ынханд, өөрийг нь дэмжигчдэд түлхүү тараасан. АН-ын батлахтай УИХ, Засгийн газрын гишүүд, дарга нар “Алтан гадас” мэтийг халааснаасаа гаргаж ирээд зүүж өгдөг болсон. Овоо хэсэхээс огтхон ч татгалзаагүй.

Төрийн албыг төрлийн алба болгоход хувь нэмрээ оруулсан нь
2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч болсныхоо дараахнаас энд тэнд хэлсэн үг бүртээ Төрийн албаны зөвлөлийг татан буулгана хэмээн мэдэгдэж байв. Төрийн албыг төрдөө үйлчилдэг болгох, төрийн албаны нүсэр бүтэц, “илүүдэл жинг” арилгах гол арга бол энэ хэмээж байв.
Харин 2012 оны сонгуулийн дараа энэ үгээ бүрмөсөн мартаж, Төрийн албаны зөвлөлийг өөрийн төлөөний хүмүүсээр удирдуулж, АН-ын шошготой хүмүүсийг ногоон гэрлээр томилуулах хэрэгслээ болгосон. Төрийн албаны зөвлөл Ерөнхийлөгчийн, АН-ын хүслийг нэн даруй гүйцээдэг, төрийн албыг төрлийн хэлхээгээр дүүргэдэг тоглоомын байгууллага болоод байна.

Утаатай тэмцэнэ гээд  улам өтгөрүүлсэн
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд утаатай хатуу тэмцэхээ илэрхийлж, дэргэдээ “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо” байгуулж, тэрбум тэрбумаар нь хөрөнгө цацдаг болсон. Зөвхөн 2013 онд л гэхэд энэ ажилд 93.4 тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа. Гэвч үр дүн гарсангүй. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өнгөрсөн намар, орон нутгийн сонгуулийн өгөөш болгож, Багануураас авчирч тараасан нүүрс Улаанбаатар хотын агаарын бохирдолд дорвитой хувь нэмэр оруулав.

Давхар дээлтнүүдийг адислаад гаргасан
УИХ-ын гишүүн хүн сайдаар давхар ажиллах нь буруу гэж үзэж байгаагаа мэдэгдэж, С.Батболдын Засгийн газарт гишүүнээр дэвшсэн хүмүүсийг өрөөндөө дуудаж аваачин загнахдаа “Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэдэг адис өгөөд гаргахын нэр биш” гэж байв. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа 11 яам 16 болж, 12 дэд сайд 17 болж, Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүний давхар дээлтэй болж байхад юу ч дуугаралгүй, адислаад гаргасан. Харин сонгуулийн сурталчилгаа эхэлсэн хойно хууль санаачилж шоудав.

“Хаан” сонголтод хамтран халдав
С.Эрдэнэ УИХ-д шударгаар сонгогдсон эсэхийг шүүх үед ард түмний сонголтыг засварлах эрх шүүхэд байхгүй гэж Ерөнхийлөгч мэдэгдэж байв. Ард түмний Хаан сонголтын тухай тэр байсхийгээд ярьдаг. Гэсэн хэрнээ С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын сонгогдсон эрхийг АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нар булаан авч байхад Монгол Улсын Ерөнхийлөгч огт тоогоогүй. Төрийн тэргүүндээ хандсан МАН-ын гишүүдийн хүсэлтэд огт хариу өгөөгүй.

АМЛАЛТ:
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Бусдыг муулахгүй, өөрийгөө өмөөрөхгүй өрсөлдөнө” гэв.

АМЛАСНАА ХИЙСЭНГҮЙ:
-АН-ын сонгуулийн штабаас өрсөлдөгчөө “Цэвэр цусны онол” гэсэн яриагүй, хэлээгүй үгээр нь нэг хэсэг муучлав. Бараг л бөх бол хүн биш, сонгох, сонгогдох эрхгүй гэж өрсөлдөгчөө гутаах атлаа өөрсдөө бөхчүүдийг сонгуулийнхаа сурталчилгааны гол дүр болгов, АН-ынхан. МАН-аас сонгуульд нэг л Бөх Аваргыг нэр дэвшүүлэв. Гэтэл АН-ынхан түүний эсрэг таван аварга болох А.Сүхбат, Аса-шёорюү, хоёр Мөнх, аваргын шавь нарыг ашиглав.

АМЛАЛТ:
“Улс орноо албан тушаалтны засаглалаас хуулийн засаглалд шилжүүлнэ”
(Сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс)

ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛД
Түүнийг дөрвөн жил төр тэргүүлсэн хугацаанд хуулийн бус, албан тушаалтны засаглал л цэцэглэжээ. Н.Алтанхуягийн Засгийн газрын 19 сайдын 17-д нь давхар дээл өмсүүлсэн.
Тавантолгойн тендерт ялсан “Говь повер” компани, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнтэй холбоотой 17 тэрбумын хэргийн асуудлаар сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчид хандсан ч ямар ч хариу өгөөгүй. Хууль нь засагладаг байсан бол Н.Алтанхуягийг, түүний хүргэн дүү Г.Дэнзэнг ч шалгах байсан. Гэвч албан тушаалтан нь засагласан учраас хууль хүчгүйдлээ. Авлигатай тэмцэх газраас Г.Дэнзэнд хэрэг үүсгэх хүсэлт гаргасан ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Тамгын газрын дарга нь байсан Д.Дорлигжавын удирдаж буй прокурорын байгууллага хэрэг үүсгэхээс татгалзав.

АМЛАЛТ:
“Хууль зөрчигчидтэй хөрөнгө чинээ, нам, улс төр, танил тал харгалзахгүйгээр ижил тэгш хариуцлага тооцдог жишиг тогтооно”
(Сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс)

ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛД
УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө МАН-аас тойрогт ялах магадлалтай хэд хэдэн хүнийг барьж хорьсон, сонгуулийн дараа сулласан. Сонгуулийн өмнө сөрөг хүчнийхнийг барьж хорьдог аргаа энэ удаагийн сонгуулийн өмнө ч давтав. Авлигатай тэмцэх ажлыг намаар ялгаварлан хэрэгжүүлж байгаа.
Өвөрхангайн сонгуулийн үр дүнг ганц шүүгч засч байхад юм хэлээгүй. Бүр дуугараа ч үгүй.

АМЛАЛТ:
“Шалгах шаардлагатай өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болно. Авлигаас учирсан эдийн засгийн хохирлыг заавал төлүүлнэ. Авлига өгснөө хуулийн дагуу илчилсэн иргэнд ял шийтгэл ногдуулахгүй байх бодлого баримтална”

(Сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс)
ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛД
Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх хугацаандаа тендер булиантуулсан, орон нутгийн эмнэлгүүдэд өгөх гэж байсан Фургон автомашиныг завшсан гэх авлигын, албан тушаалын хэрэгт холбогдсон Л.Гүндалайн эрхийг түдгэлзүүлэхээр Ерөнхий прокуророос удаа дараа хүсэлт тавьсан ч хамгаалсаар авч үлдсэн.

АМЛАЛТ:
“Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарна, төрийн албан хаагчдын ур чадвар, ёс зүй, мэргэжлийн шалгуурыг нэвтрүүлж, албан хаагчдын хууль бус халаа сэлгээг таслан зогсоох арга хэмжээ авна”

(Сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс)
ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа 5200 төрийн жинхэнэ албан хаагчийг Засгийн газраас “Өөр ажилд шилжсэн”, “Өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн, өргөдлийг нь бичүүлсэн” гэх тайлбартайгаар халлаа. Ерөнхийлөгч юу ч хийгээгүй.

АМЛАЛТ:
“Байгалийн баялгийг хайх, олборлох, ашиглах асуудлыг шийдвэрлэх анхдагч эрхийг тухайн орон нутгийн удирдлагад байхаар хуульчилж хэрэгжүүлнэ. Эзэн нь эрхээ, баялгаа мэдэх зарчмыг төрийн бүх шатанд мөрдлөг болгоно”

(Сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс)
ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛД
“Оюутолгой”-н гэрээг баталсан нь улсаараа урагшаа нэг алхсан явдал боллоо” гэж Ерөнхийлөгч магтаж байсан. Тэгснээ саяхан Оюутолгойг багахан “чимхэв”. Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаад “Оюутолгой”-н гэрээг өөрчлөх зорилгоор хэлэлцээ хийж, байр сууриа тодорхой илэрхийлж байхад ч Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлээгүй.

АМЛАЛТ:
“Ажилтай орлоготой иргэн бүрийг орон сууцны зээлд хамруулах, хуримтлал бий болгож амжаагүй болон ахмад настнуудаа нийтийн орон сууцаар хангах санаачилгыг дэмжинэ”

(Сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс)
ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудал гацаж, олон зуун иргэн байр ч үгүй, мөнгө ч үгүй болсон нь саяхан. Тухайн үед Тэргүүн шадар сайд байсан АН-ын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсныхоо дараа энэ хөтөлбөрийг зогсоосон. Үр дүнд нь зээлэнд дугаарлаж, хашаа байшингаа зарсан, барьцаалсан хүмүүс л хохирсон. Тэдний хохирлыг хэн шийдэх нь ч тодорхойгүй хэвээр үлдэв. Эдгээр болон бусад асуудлаар иргэд Төрийн ордны гадаа жагсч, суулт хийж байхад “Ард түмэнтэйгээ амь нэг байна” гэж амласан Ц.Элбэгдорж Төрийн ордондоо тухалж байв. Сэлэнгэд эх хүүхэд хоёр урссаар хил давж байхад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар юу ч хийгээгүй. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бурхан Хал¬дунд төөрөхөд Ерөнхийлөгч өөрөө ахлан Ажлын хэсэг байгуулж, нисдэг тэрэг илгээн эрэл хайгуул хийв.