“Эрдэнэс Тавантолгой” ком­ панийн 70 гаруй уурхайчин хоёр хоногийн өмнөөс компанийнхаа үүдэнд суулт хийж эхэлсэн. Тэдний суулт хийх болсон шалтгаан нь компанийн удирдлагын шийдвэртэй холбоотой гэнэ.

Тодруулбал, 206 ажилтныг хятад компани руу шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг тэд эсэргүүцэж байгаа аж. Эл асуудалд ямар байр суурьтай байгааг тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Эрдэнээс тодруулсан юм.

Тэрбээр “ Үйлдвэрчний эвлэлийн даргын хувьд би ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж ажиллах үүрэгтэй. Манай компанийн ажилчид хятад компани руу шилжин ажиллахгүй гэсэн нь шалтгаантай. Ажлаасаа бүрэн чөлөөлөгдөөд нэг жилийн хугацаатайгаар тус компани руу шилжүүлэхээр болсон. Тухайн ажилтан нэг жилийн хугацаанд ажиллачихаад дараа нь ажлын байргүй болох асуудал үүсээд байгаа юм. Хөдөлмөрийн хуульд ажилчин шилжүүлэн ажиллуулах талаар маш тодорхой заалт бий. Хөдөлмөрийн хуулийн 16.2-т аж ахуйн нэгж, байгууллагын харьяалалд удирд­ лагын бүрэлдэхүүн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөхөд хамтын гэрээг дагаж мөрдөнө гэх заалт бий. Гэтэл бидэнтэй ямар ч хамтын гэрээ байгуулаагүй. Үүнээс харахад тус компани Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Хүний эрхийн тухай хуулийг зөрчлөө. Нөгөөтэйгүүр ажилчдыг доромжилж байна. Учир нь, компанийн эд хогшил, багаж төхөөрөмжийг удирдлагууд нь дур мэдэн шилжүүлж болно. Хүний асуудлыг шийдэхдээ тухайн хүмүүсийн санал, хүсэл сонирхлыг нь асуух хэрэгтэй. Одоогийн байдлаар ажилчид 1.2 сая төгрөгийн цалин авдаг. Гэтэл тэр хятад компанид нь шилжин очоод ажиллалаа гэж бодоход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулна гэвэл бид яах юм. Үүнийг бодолцож үзэх л хэрэгтэй. Ер нь тэгээд ажилчдыг шилжүүлэх асуудлыг Засгийн газраас хийсэн ажил гэж бодож байгаа” гэв. “Эрдэнэс Тавантолгой ард түмний өмч”, “Компаниа хятадуудад худалдсан гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг огцор”, “Хятад компанитай хийсэн гэрээгээ цуцал” гэсэн уриа лоозон барьсан залуус тус компанийн үүдээр оронгуут эгнэн сууцгааж байв. Энэ үеэр уурхайн ээлжийн мастер Г.Дэлгэрбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай компанийн ажилчид хятад компани руу шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг эсэргүүцэж, таван хоногийн турш суулт хийнэ гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-“Эрдэнэс Тавантолгой” ХХК нь Тавантолгойн ордын стратегийн ордыг эзэмшигч төрийн өмчит компани. Хоёр сая гаруй хүн хувьцааг нь эзэмшдэг. Зүүн Цанхийн уурхайд гэрээт олборлолт хийж байсан Австралийн компанийг хэсэг бүлэг бизнесийн олигархи Монголын зах зээлээс гаргаж, БНХАУ-ын компанид гэрээг зарсан юм. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-тай дээрх компани шинэ нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байдаг. Өмнө нь хийж гүйцэтгэсэн гэрээнээс тэс өөр эрээ хийсэн. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн харалган удирдлагууд 206 ажилтнаа хятад компанид мал шиг зарсан байгаа юм. Үүнийг л бид эсэргүүцэж ажлын таван хоногийн суулт зарласан. Нэг үгээр хэлбэл, ажилчдаа хятад компани руу шилжүүлж байгаа нь компанийн зарим удирдлагын өнгөлөн далдлалт. Шилжүүлэлт гэдэг нь нэг ёсондоо компаниасаа гаргаж байна гэсэн үг л дээ. Учир нь хятад компани 206 уурхайчны ажлын байрыг 12 сар л хадгална гэсэн гэрээ хийсэн байгаа юм. Бидний зүгээс гэрээгээ ил болгохыг хүссэн. Гэтэл одоогоор ямар ч мэдээлэл өгөөгүй. Миний олж авсан мэдээллээр 12 сарын дотор ажилдаа хайнга хандаж, аюулгүй ажиллагаа дотоод журам зөрчсөн тохиолдолд ажлаас нь чөлөөлнө. Мөн дараагийн 24 сард нь ажлын байраар хангахыг эрмэлзэнэ гэсэн заалт бий. Үүнээс харахад бид ямар ч баталгаагүй ажлын байранд очих гээд байна. 206 уурхайчин гэр бүл, үр хүүхдээ тэжээж яваа жирийн л иргэд. Дийлэнх нь 15-20 жилийн ипотекийн зээлтэй. Тэгэхээр бид хувийн компанид шилжин очиход нийгмийн баталгаа болон бусад асуудал гарч ирэх нь ойлгомжтой. Хувийн, тэр тусмаа хятад компани Монгол Улсын хууль дүрмийг яаж уландаа гишгэж, увайгүй ханддагийг бид сайн мэднэ. Энэ үйлдлийг нөгөө талаас нь харахад “Эрдэнэс Тавантолгой” компанийгавах гэсэн Хятадын төрийн бодлого байхыг үгүйсгэх аргагүй.

-Компанийнхаа удирдлагуудад шаардлага хүргүүлсэн гэсэн. Хэрвээ та бүхний шаардлагын хариуг хүлээн авахгүй бол цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Монгол уурхайчид болон монгол хүнийг хууль бусаар ингэж зарахаа зогсоо. Хоёрдугаарт, Үйлдвэрчний эвлэлийн хуульд тусгасан ажилтантай байгуулах хамтын гэрээ хэлэлцээрээ нэн яаралтай хий. Ийм л хоёр шаардлагыг компанийн удирдлагуудад тавьсан. Шаардлагын хариуг ирэх баасан гаригийн 17.00 цагаас өмнө авна. Бидний тавьсан шаардлагын хариуг хүлээж аваагүй тохиолдолд хуулийн хүрээнд авч болох тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ.

-Компанийнхаа удирдлагуудтай энэ асуудлаар уулзаж ярилцсан уу?

-Хоёр удаа уулзалт хийсэн. Компаниа сайн явуулах гэсэн санаа гэж байна лээ. Бид бол компаниа сайн ажиллуулах, санхүүгийн чадамжтай байх санаа гэж харахгүй байгаа гэв.

“Эрдэнэс Тавантолгой” ком­ панийн удирдлагууд эл асуудалд ямар байр суурьтай байгааг лавлах гэсэн боловч хэвлэл мэдээллийн ажилтан нь энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэх хариултыг өгсөн юм.

С.Ичинхорлоо