Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Монголчуудын хайртай шүлэг ийн эхлэнэ. Шүлэг найрагт дуртай, уян сэтгэлтэй зон олны сэтгэлгээнд эдгээр мөрт хэдий хэмжээнд нөлөөлснийг хэмжиж эс мэднэ. Юутай ч омогдож загнахдаа ч, ойворгон зэмлэхдээ ч хайрлаж өсгөдөг монголын охидууд дор хаяж хүйсийн ялгаа, боловсрол, эдийн засгийн оролцооны хувьд дэлхийд дээгүүр байр булаалдах хэмжээнд хүрч чадсан. Гэхдээ асар энэрэнгүй, асар романтик сонсогдох шүлгээ цааш нь үргэлжлүүлээд анхааралтай уншвал сонин зураг харагдана. Яагаад хайрла гээд байгаа гэхээр өнөөдүүл нь өөрийн гэрээс гармагц өнөд зовж үсээ цайтал шаналах тавилантай учраас тэр.

"Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ" хэмээн гадуур шоудаж ууж алга болоод ирэхгүй зарим нөхдийн угсаа эртнээс улбаатайг сануулах мэт мөрөөс гадна "Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана", "Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна" , "Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна", "Хадмын нүүрийг царайчилна", "Насаараа амсахгүй жаргал", "насаараа нууж урсгах гашуун нулимс", "Үс гэзгээ цайтал өнөд шанална", "Огшуун нулимсандаа живнэ", "Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно", "Эргүүлэгт орчлон охин үрийг чинь хайрлахгүй" ... ээж ээ аав аа ямар аймар юм бэ?!

Толгой холбож, үгийн хэмнэл айзам тааруулсан шүлгийн хайрцгаас нь нэг гаргаж, агуулгад нь төвлөрөөд нэг харахаар нэг л биш. Гэхдээ энэ тэмдэглэлийн сэдэв энэ шүлэг биш, яруу найрагчийн авьяас, сайхан бүтээлийг үгүйсгэх зорилгогүй. Харин нийтэд үнэлэгдэж, хүндлэгдсэн нэг бүтээл өнөөгийн бидний сэтгэлгээг, түүгээрээ бүтээсэн нийгмийг тольдон харуулах мэт тул мөр шадыг нь задалж харав.

Үс гэзгээ цайтал өнөд шанална гээд байгаа шүлэгт буруу байхгүй, худлаа юм биччихсэн ч юм биш. Үнэхээр ч эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, улмаар хүүхдийн хүчирхийллийн тухай чихэндээ итгэмээргүй тоо баримт олон байдгийг хэвлэл мэдээллийнхэн хангалттай бичиж мэдээлж, олон нийтийн ухамсар ч өөрчлөгдөж ирлээ. Гэхдээ биологиосоо сул дорой эмэгтэй хүн, бяцхан хүүхэд хүчирхийлэгдсэн, зодуулсан, амь үрэгдсэн байхыг хараад элэг эмтэрч, өр өвдсөндөө цаазал барь хорь гэж хашгирахаас биш үнэн хэрэгтээ тэр бүхнийг дутуу хайрлуулсан хөвгүүн үрс маань хийж буй талаар, бидний хайр хаанаа дутаж, хаанаа алдаад байгааг харах, сэхээрэх дуу хоолой цөөн байна.

Монголын хөвгүүд хөөрхий. Хөвгүүн бүр өмнөө тавьсан мөрөөдөлтэй, өмссөн зүүсэн нь ч ганган, өмч хөрөнгөтэй, өөрийгөө ч өрөөлийг ч хохироож байх шаардлагагүй хэмжээнд өсөж хөгжсөн, хийсэн бүтээсэн нь дэлхийтэй өрсөлддөг... ийм орон ийм нийгмийг харах тусам хамаагүй золбоотой хийморьтой явж болох байсан монголын сайхан эрчүүдээ гундуу явахыг харахаар өвөрдмөөр, харамсмаар байдаг билээ. Хүнд хэцүү хөгжлийн бэрхшээл тээж төрөөгүй л бол хөвгүүн бүр маань энэ өндөр хөгжилтэй орны залуус шиг л өсөж хөгжих, дэлхийн дайны эр хүн болох потенциалыг өвөрлөж төрдөг. Ийм хүн эрдэнэ, хүн нөөц бидний дунд өсөхдөө хэн болж бүтээгдэж байгааг харуулах хэдэн тоо жишээ татъя. Бага сургуульд 97-98 хувьтай бүгд сургуульд ордог. Харин бүрэн дунд боловсрол болмогц эмэгтэй 85 хувь, эрэгтэй 81 болж буурч ирнэ. Тэрнээс дээш түвшний боловсрол болмогц эмэгтэйчүүд 72, эрэгтэйчүүд 50 хувь. Хүн бүрт диплом хэрэггүй, гэхдээ дунд сургууль төгссөнөөс хойших дээд сургуулиас өөр техник мэргэжлийн боловсрол үндсэндээ хаягдсан хоёр арванд хоёр монгол хөвгүүний нэг нь дунд сургууль төгсөөд мэргэшсэн боловсон хүчний эгнээнээс хасагдаж иржээ. Дундаж наслалт. Эмэгтэй 63, эрэгтэй 56. 7 жил буюу дэлхийн дунджаас даруй бараг гурав дахин их ялгаатай. Энэ тоо эрчүүд өөрийн амь биет арчаатай байх хэрэгтэйг, энэ тоо эдийн засагт эмэгтэйчүүдээс 20 гаран хувиар илүү оролцож, хөдөлмөрлөж буй эрчүүдээ хэр гамнаж, зөв хооллоход нь тусалж, түшиж яваагаа асуу гэж эмэгтэйчүүдэд сануулна. Эрчүүд маань бусад оронд бол хоёр дахь амьдрал, хоёр дахь мөрөөдлөө хайх гарааны насан дээрээ хальж одох нь монголын гуниг. Гэр бүлийн хүчирхийлэлд охидоос илүү хөвгүүд өртдөг, нийт гэмт хэрэг үйлдэгчид 2013 онд 86, 2014 онд 85 хувь нь эрэгтэй гээд гунигийн тоонууд үргэлжилнэ.

 

үргэлжлэлийг эндээс уншина уу