Өнгөрсөн жилүүдэд хар тамхи хэрэглэж, зөөвөрлөсөн, худалдаалсан иргэдийг илрүүлэн, саатууллаа хэмээх мэдээлэл бараг өдөр алгасахгүй гардаг байлаа.

Гэхдээ хачирхалтай нь энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг хилээр орж ирэхэд огт илрүүлдэггүй, харин нэгэнт ороод ирсэнийхээ дараа бусдын гар дамжиж яваад баригдчихдаг гэмтэй байв. Тиймээс “хар тамхины хэрэг, хил дээр яагаад илрэхгүй байгаа вэ” гэсэн шүүмжлэл хэвлэлээр нэг дэгдэв ээ. Ингэж байтал газар дээр нь ганц хэрэг барьсан нь Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ мониторингийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч С.Норжинсүрэнгийн хүү Б.Бадрал байж таарсан.

Тодруулбал 2013 оны аравдугаар сарын 30-нд Дорноговь айм­гийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боом­тоор “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “ICE” буюу мөс гэх боди­сыг хилээр оруулахыг завдаж байгаад тэрбээр баригдчихсан юм. Түүнийг удаа дараа хилээр нэвтэрхэд Замын-Үүдийн байцаагч нар ер шалгаж байгаагүй тухай тэндэхийн ажилчид ярьдаг байна. Б.Бадралд хуулийн дагуу 5-10 жилийн ял төлөвлөсөн байгаа ч ямар нэгэн шалтгаанаар шүүх хурал хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Харин уг хэргээс хойш хар тамхины хэрэг илрэлт намжсан байна. Гэхдээ үнэхээр хар тамхи орж ирэхгүй байна уу, бас л арын хаалгатай гэмт этгээдүүдийг шалгалгүй өнгөрөөгөөд, тэд чанд нууцлан худалдаалдаг эсэхийг бид таашгүй ээ.

Бүр гаалийнхны өмнөөс ичмээр нэг зүйл байна. Тодруулбал өнгөрөгч зургаан сард зэсийн баяжмал ачсан вагонд хоёр хөл нь гозойсон цогцос байхыг харалгүй гаргажээ. Тодруулбал уг вагон Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн Зангилаа, Түнхэл тосгон, Улаанбаатар хот, Замын-Үүдийн хил дээр зогсож, хяналт шалгалтад ороод урд хөрш рүү нэвтэрсэн байжээ. Өөрөөр хэлбэл уг вагон дөрвөн удаагийн хяналт шалгалтыг давсан гэсэн үг. Гэтэл хятадын хил дээр очоод хэрэг илэрсэн байгаа юм. Хэн ч хаанаас нь ч харсан анзаарахаар хоёр богино шон зоосон мэт гозойсон хөлийг харахгүй байна гэдэг сонин. Ер нь тэд ажлаа хийдэггүй, хянаж хардаггүйн тод жишээ биз. Тухайн үед цогцос гадны нөлөөгүй нас барсан бөгөөд хохирогч архины халуунаар, ачаатай вагон өөд авирч байгаад санамсаргүй амь насаа алдсан гэх дүгнэлтэд хүрсэн юм билээ. Тиймээс Хятадын талаас “танай гаалийн хяналт сул байна. Зөрчил манайд ирж илэрч байгаа болохоор танайх үүнийг анхааралдаа авна уу” гэх утга бүхий зөвлөмж бичгийг хил гаалийнханд хүргүүлсэн байдаг юм байна.

 

Мөн энэ үеэр гаалийн байцаагч нэрээ нууцлан өдрийн сонинд ярилцлага өгөхдөө “Мэргэжлийн хяналт, гаалийн байцаагч нар нэн ховор амьтны эд эрхтэн, үнэт чулуу,нэн ховор үзмэр, бурхан шашны эд зүйлс,үлэг гүрвэлийн яс, чулуужсан өндөг, алт, малын түүхий эд, хөлдөөсөн чоно гээд хилээр гаргахгүй юм байхгүй. Улайм цайм хууль бус зүйлс хилээр ороод ирж байхад хилийн мэргэжлийн хяналт, хил гааль, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынхан юу ч хэлэлгүй, нүд нь боолттой юм шиг л өнгөрөөдөг болчихсон. Үүний цаана мэдээж авлига хээл хахууль байгаа. Харин Монголын талаас мэдэлгүй хил гаргачихсан алт, хөлдөөсөн чоно гээд их олон зөрчил урд хөршийн хил дээр очоод илэрдэг. Саяхан гэхэд ховор амьтны эд эрхтэн их хэмжээгээр хилээр гаргахаар Замын-Үүдэд ирсэн этгээдийг цагдаа нар илрүүлсэн. Гэмт хэрэгтнүүд гурван шатны хяналт шалгалтыг ногоон гэрлээр гарах тохироогоо хийчихсэн байсан гэж энэ хавиар яриа гараад байгаа. Намайг дотор нь ажиллаж байж ийм зүйл ярилаа гэж битгий бодоорой. Монголын хил, гаалийн үнэн дүр төрх энэ. Энэ бол Монголын нэр хүнд, эд баялаг, хууль, тогтоолтой холбоотой асуудал. Үүнийг дуугүй хараад, сонсоод сууж болохгүй” гэж ярьсан байна.

 

Дээрх яриаг батлах мэт нэг хэрэг гарсаныг өчигдөр Мэргэжлийн хяналтын байцаагч нар илрүүлжээ. Дэлхийн 55 оронд ашиглахыг бүр мөсөн хориглосон, манайд улсад ч мөн ашиглахыг хориглож, химийн хортой, аюултай бодисын жагсаалтад оруулсан асбест гэх бодисыг хувь хүн их хэмжээгээр оруулж ирсэн байна.Тодруулбал Автимогийн 44 дүгээр зам дээр 2.8 тонн бодис буулгасан байжээ. Уг бодис нь маш нарийн утсархаг бүтэцтэй, бат бөх, дулаан цахилгаан бага дамжуулдаг, галд тэсвэртэй, усанд уусдаггүй аж. Үүнийг цемент, хана, тааз, дээврийн хавтан, шалны хулдаас, галд тэсвэртэй хувцас, сантехникийн хоолой, цахилгаан шатны тоормозны бэхэлгээ гээд барилгын материал, эрчим хүч, автомашины сэлбэг, дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд ашигладаг байна. Мөн үүнийг Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан байдаг бөгөөд энэ нь хорт хавдрын гол шалтгаан болдог аж. Хорт хавдар үүсгэх аюултай бодис их хэмжээгээр орж ирэхэд гааль хяналтын байцаагч нар юу хийж байв, бас л дарга нартай нь тохирсон учир нүдээ боочихсон дүр эсгээд өнгөрөөв үү. Хил дээр илэрдэггүй зөрчлийг мэргэжлийн хяналтынхан болон цагдаа нар илрүүлдэг болчихсон тогтолцоо удаа дараа, ажиглагдаад байгаа юм. Хууль бус бизнесүүд явж, явж хил, гаалийн байцаагч, дарга хамсаатнуудынх нь хийдэг ажил юм биш биз. Энэ байдлыг өөрчлөх цаг болчихсон юм биш үү. Ер нь хууль бус зүйл илрүүлэхгүй хилийн хяналт байгаад яах юм бэ.

Н.Ганчимэг