Сайхан амьдрал сайхан бодлоос эхэлдэг. “Сайхан санааг сайн үйл дагах нь сүүдэр эзнээ дагах лугаа” хэмээн бурхны сургаалд заасан байна.

Хүн аливаа зүйлд шунан дурлаж, болохгүй зүйлийийн араас шунанхайрваас зовлон үүсч байгаа нь тэр. Хүний бодсон хүссэн зүйл биелэх нь бий, бүтэхгүй нь биелтлээ зовооно, огт биелэхгүй нь өөрийг нь тамлана. Энэ зовлонд хүрэхгүй байх нь хүн таны хүслээ удирдах ухааны хэрэг аж. Өөдрөг үзэл өсөн дэвшихийн үндэс байдаг. Сайн сайханд итгэн зорьж, хүн өөрөө хичээн зөвөөр зүтгэвэл болохгүй зүйлийг ч болгож болдог юм. Харин гутранги үзэлтэн бүх зүйлийг болохгүй, бүтэхгүй талаас нь эхлэн харж, тухайн бодолдоо хүлүүлчихээд, амжилтын замаас хазайдаг. Үргэлж муу зүйл ярьж бодож явдаг хүний амьдрал өөдөлдөггүй. Өөрөөр хэлбэл бидний оюун ухаан амьдралаа хэрхэн яаж авч явахад нөлөөлдөг бөгөөд бид цөмөөрөө хамгийн их боддог зүйлийнхээ төлөө л ажиллаж, хөдөлмөрлөдөг байна.

Тэгэхээр хүн өөрийнхөө бодлыг чадах чинээгээрээ хянаж сурах хамгаас чухал байх нь. Сэтгэл санаа ямархуу, юу бодож, мэдэрч юун дээр төвлөрч байгаагаа өдөр бүр анхаарч байх хэрэгтэй аж. Хэрвээ та уур уцаартай, уйтгар гунигтай, бухимдалтай байвал тэр даруйд тэрхүү бодлоо эерэг сайхан бодлоор солиод үзэх нь байна. Энэ нь таньд бүтэшгүй зүйл мэт бодогдож байгаа бол та яг одоо энэхүү гутранги үзлээ өөрчил. Болохгүй зүйл гэж үгүй. Өөрөөр хэлбэл бүх зүйлд таталцлын хууль үйлчилдэг. Муу, муухай зүйлийг бодоод л байвал та түүнийг өөртөө татаж байна гэсэн үг. Өвчин тусвал яана, өрөө төлж чадахгүй бол хэрхэх вэ, тэр намайг хуурч байгаа болов уу зэргийг бодоод л байвал та тэр бүгдийг өөррүүгээ дуудаад, нэг ёсондоо өөртөө муу зүйлийг хүсээд байна гэсэн үг. Учир нь татах хүчний хууль нь хүссэн хүсээгүй, сайн мууг ялгалгүй хүний бодол бүрийг түүн рүү соронздон татаж байдаг юм байна.

Тодруулбал сайн сайхан зүйлийг бодож, хүсч мөрөөдөж байвал тэр бүхэн хэзээ нэг өдөр биелсэн байдаг тухай дэлхийн бестселлер “нууц” номонд өгүүлсөн байдаг билээ. Энэ нь үнэн ч. Саяхан нээчихсэн гэнэтийн, ид шид биш. Угаас манай Монголчууд “Амны билгээс ашдын билэг” хэмээн аль болох сайн сайхан зүйлийг хэлэлцэн, сайхан зүйлийн тухай өөр хоорондоо ярилцсаар ирсэн түүхтэй. Жишээлбэл Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу, мал сүрэг тарган тавтай юу гэж мэндэлдэг. Хариуд нь сайн, та амархан сайн байна уу сайхан өвөлжиж байна, мал сүрэг онд мэнд тарган тавтай орлоо гэж хариулдаг байх жишээтэй. Гэтэл тэр хүний мал онд тарган ороогүй, зуданд үхэж, үрэгдсэн байлаа гээд муу, муухан байлаа гэж хэлдэггүй. Юу тарина түүнийгээ хураана гэгчээр, манайд эртнээс уламжлан ирсэн бөгөөд дэлхийд ч хүлээн зөвшөөрөгдчихсөн таталцлын хуулийн тухай товчхондоо ийм байна. Тэгэхээр бид аль болох сайн сайхан зүйлийг бодож, ярилцан өөртөө соронздон татаж чадваас сайхан амьдарч таарах нь байна.

Н.Ганчимэг