Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх онд хэмнэлт, тандалт гэсэн лоозонтой төсөв батлагдахаар зэхэж буй бололтой.

Сангийн сайд Б.Болор "Ямар ч гэсэн төсвөө эрүүлжүүлж, алдагдалгүй баталдаг болохын тулд 2016 оны төсвөөс эхлэн чангахан гараар атгах хэрэгтэй” гэсэн байр сууриндаа эргэлт буцалтгүй зогсож байгаа билээ.

Гэсэн хэдий ч ирэх оны төсөв бодиттой байх үндэс алга хэмээн учирлах гишүүд ч байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Том зургаараа харвал бид тэртэй тэргүй сайн төсөв батлах үндэс байхгүй. Яагаад нэг их наядаар тасрав. Энэ чинь төсвийн бараг 15 хувь. Асар их мөнгө шүү дээ. Зуун төгрөг тутамд 15 төгрөгийн алдаатай тооцоо хийнэ гэдэг байж болохгүй. Эдийн засагчид байхгүй улс оронтой адилхан гэсэн үг. Төсвийн орлого хаанаас бүрддэг вэ гэвэл 87 хувь нь уул уурхайн баялгаас ордог. Бид орлогоо олж чадахгүй байна гэсэн санаа.

Орлого хоёрхон зүйлээс бүрддэг. Татварын орлого, орон нутгийн орлого гэж байгаа. Орон нутгийн орлого бол орж байгаа. Татварын орлогын ихэнхийг 80-аас илүү хувийг уул уурхайгаас оруулж ирдэг.Тэгэхээр Монгол Улс яагаад орлогоор тасарч байна вэ гэвэл уул уурхай зогссондоо биш өнгөрсөн гурван жил олигархиудад ээлтэй хууль тогтоомжууд их гарлаа гэсэн үг" гэж өөрийн байр сууриа илэрхийлээд авсан.

Тэгвэл МАН-ын бүлгийн зүгээс хамгийн их шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тодруулбал, Цалин тэтгэврийг нэмэхгүй, Нийгмийн халамжуудыг танаж, зөвхөн зорилтод бүлгүүдэд өгнө, Шатахуун тэргүүтэй зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмнэ гэж байгааг эсэргүүцэж буй. Гэвч татвар нэмнэ гэсэн асуудал байхгүй гэж мэдэгдсэнээр асуудал намжих тийшээ хандлаа.

Харин сангийн сайд Б.Болор дээрх асуудалтай холбогдуулан "Хөнжлийнхөө хэрээр жийж” сурах зайлшгүй шаардлагатай. Тэтгэврийг сүүлийн хоёр жил дараалан нэмсэн. Цалингийн хувьд хүндрэлтэй. Ер нь цалин нэмнэ гэж дэлхийн аль ч оронд зарлаж, тунхагладаггүй. Цалин нэмэх эсэх нь зөвхөн төрийн алба хаагчдад хамааралтай.

Цалин нэмнэ гэж зарлах нь 1.2 сая хүн ажиллаж байгаа хувийн хэвшилд асар хор хөнөөлтэй. Яагаад гэвэл хувийн хэвшилд ажилладаг хүний цалин нэмэгддэггүй. Гэтэл төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний барааны үнийг нэмдэг. Үүнээс болж малчид, хувийн хэвшлийн салбарынхныг хохироодог. Цалин нэмэгдсэн жил бүр инфляцийн түвшин хоёр оронтой тоо руу орж байсан. Харин өнөөдөр инфляци 4.9 хувьд ирж тогтвортой байгаа хэмээв.

Тэрбээр ирэх оноос "Чингис", "Самурай" бондын хүүг төлж эхэлнэ. Энэ талаар “Чингис”,”Самурай” бондыг МАН-ын бүлэг цэвэр улстөрийн зорилготой ашигласаар өнөөдрийг хүрч байна. Ер нь бол 2010 оноос эхлээд төсвийн алдагдлаа дотоодын бонд гаргаж нөхсөөр ирсэн л дээ. 2010 оноос “Оюутолгой”-гоос 250 сая ам.долларыг хүүтэйгээр зээлсэн. Хүүн дээр нь хүү тооцдог, “Чингис” бондоос ч өндөр хүүтэй зээл. Үүнийг хэн тавьсан бэ. Дараагаар нь 400 гаруй тэрбум төгрөгийн зээл аваад “Хүний хөгжил сан”-гаар дамжуулаад ард иргэддээ тараагаад өгчихсөн. Үүний дараа нь дахиад л 500 тэрбум төгрөгийн зээл авсан. Асар их мөнгө орж ирж байсан 2010, 2011 оны үед ч алдагдалтай төсөв батлаад дотоодын бонд гаргаж байсан.

Тэрийг нь одоо төлөөд явж байна. Ер нь“Оюутолгой”, “Эрдэнэс Монгол”-ын зээл дуусгавар болж байгаа. Зах зээлийн эдийн засагтай улс оронд энэ нь байдаг л зүйл.

Зарим гишүүд өнөөдөр 21 тэрбум төгрөгийн ам.долларын өртэй гээд байна. Үүний долоон тэрбум нь л Засгийн газрын өр, үлдэгдэл нь хувийн хэвшлийнх. Энэ нь арилжааны зарчмаараа төлөгдөөд явна. Засгийн газрын долоон тэрбум ам.долларын өрийн 2.5 тэрбум доллар нь гадаад өр. Энэ бол боломжийн тоо. Дотоод өр нь харин замбараагаа алдсан.

Төсвийн алдагдлаа бонд гаргаж нөхсөөр байгаад ийм байдалд хүрсэн. Асар их мөнгө орж ирж байсан 2010, 2011 оны үед ч алдагдалтай төсөв батлаад дотоодын бонд гаргаж байсан. Одоо манай хамгийн том аюул бол гадаад өр биш. Дотоодын бонд, Засгийн газрын үнэт цаасаа 15 хувийн хүүтэй гаргаад төсвийн алдагдлаа нөхдөг нь эмгэнэл. Үүнийг л бид өөрчлөх ёстой. Өөрчлөхөөр оруулж ирсэн. Яагаад гэвэл үндсэн төсөв алдагдалгүй. Монгол Улсын хувьд засаад явах бүрэн боломжтой ажээ.

Ямартай ч татвар нэмэхгүй юм байж. Гадаад өрөндөө санаа зоволтгүй тайван суух бололтойдог оо.

 

Х.Даваа