Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Оюутолгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй нар өнөөдөр Улаанбаатар хотноо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгээр эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, орон нутгийн хамтын ажиллагаа гэсэн дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар болов. Түүнчлэн Монголын уул уурхайн салбар дахь эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн стандарт, үйл ажиллагааг улам сайжруулахад өөрсдийн дэмжлэгийг үзүүлэхээр тохиролцсон юм.

“Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” компанийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд оролцлоо. Тэр энэхүү хамтын ажиллагааны талаар ярихдаа:

-Сар гаруйн өмнө би “Оюутолгой”-н үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзсан. “Эрдэнэт” үйлдвэр болон танай компанийн бүтээгдэхүүн зах зээлд борлуулалт сайтай учраас өрсөлдөгчид биш, хамтрагчид юм. Тиймээс хамтран ажиллах нь зүйтэй. Үндэсний үйлдвэрлэгчдээс “Эрдэнэт” үйлдвэр импорт орлох бүтээгдэхүүн худалдан авах хэмжээ, нэр төрөл жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэр туршлагаасаа “Оюутолгой”-той хуваалцахад бэлэн байгаа юм. Танай хоёр компанийн хамтын ажиллагаа зөвхөн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны хүрээнд бус түүнээс ч олон чиглэлд хамтран ажиллах боломж бий” гэж тэр үед би ярьж байсан. Мөн 15 мянган хүн амтай хот байгуулах үүргийг Оюутолгой ХХК-д өгсөн. Тус компанийн далд уурхайг ашиглах асуудал шийдэгдэж байгаа учраас дээрх ажил хийгдэх ёстой гэж УИХ-ын дарга З.Энхболд нэмж хэлсэн.

“Эрдэнэт” үйлдвэр ашиглалтанд орсноос хойшхи 36 жилийн хугацаанд 14,9 сая тонн зэсийн баяжмал, 115,6 мянган тонн молибдений баяжмал тус тус үйлдвэрлэж, 10,4 тэрбум ам.долларын таваарын бүтээгдэхүүн борлуулан, улсын болон орон нутгийн төсөвт 5,1 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ хугацаанд тус компани 1,9 их наяд төгрөгийн цэвэр ашиг олж анхны хөрөнгө оруулалтаа эхний 11 жилд нөхсөн байна. Улс орны нийгэм, эдийн засагт оруулж буй “Эрдэнэт” үйлдвэрийн хувь нэмэр их. Энэ үйлдвэрийг дагаж 100 гаруй мянган хүн амтай, сайн дэд бүтэцтэй Эрдэнэт хот, шинэ соёл иргэншил бий болсон.

“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд сүүлийн жилүүдэд хаалт хөгжлийн менежментэд ихээхэн анхаарч, энэ чиглэлээр олон ажлыг үр дүнтэй хийж байгаа. Уул уурхайн компани, түүнийг дагасан хотын ирээдүй зөвхөн байгалийн баялгаар хэмжигдэхгүй, цаашид тогтвортой хөгжих үндсийг уурхай нээгдэхэд тавих ёстой гэсэн олон улсын уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын зарчмыг “Эрдэнэт” үйлдвэр баримтлан ажиллаж байна. Монголын уул уурхайн үйлдвэрүүд энэ мэтчилэн “Эрдэнэт” үйлдвэрээс суралцах, харилцан туршлага судлах олон асуудал бий. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиралЦ.Даваацэрэн санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааны үеэр “ОюутолгойХХК уул уурхайн салбарт орчин үеийн техник технологи, үйлдвэрлэлийн шинэ менежмент ашиглаж байгаа туршлагаас бид бас суралцах ёстой” гэж ярилаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

У. Цэрэнбат

Б.Баттөгс

- See more at: http://erdenettoday.mn/index.php/production/item/419-2015-04-20-06-28-02#sthash.FfHGp2cG.dpuf