“Ирвэс хамгаалах сан”-ийн судлаач, байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл амь насаа алдсантай холбогдуулан Өмнөговь аймгийн Тост,Тосонбумбын нурууг төрийн тусгай хамгаалалтад авах тухай асуудал эрчимтэй яригдах болоод байгаа билээ.

Гэвч тухайн газар 20 гаруй лиценз олгогдчихсон байсан юм. Гэхдээ хугацаа дууссан, хайгуул хийх шаардлагагүй, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт авлига өгч лиценз авсан зэрэг шалтгаанаар хасагдаж байгаа боловч одоогийн байдлаар 16 компанийн тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр байгаа юм. Үүний 15- нь хайгуулынх бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн 50 хувь эзэмшлийн “Саус гоби коэл транс” хэмээх компани л тэнд олборлолт явуулах ашиглалтын лицензийг ганцаар эзэмшиж байгаа.

Тэгвэл орон нутгийн тусгай хамгаалалтад орчихсон, Төрийн тусгай хамгаалалтад авах тухай яригдаж буй Тостын нуруунд 2003-2012 оны хооронд ийнхүү хавтгайруулан лиценз олгосон байна. Тодруулбал С.Баярыг ерөнхий сайд байхад ихэнх нь буюу 10 гаруй зөвшөөрөл нь олгогджээ. Харин үлдсэн 5-нь С.Батболдын үед бусад нь М.Энхболдын Засгийн газрын үед олгогдсон байна.

Нэгэнт улсаас зөвшөөрөл олгоод өгчихсөн, тухайн компаниуд тэнд хөрөнгө гаргаад эхэлчихсэн үед лицензийг цуцлах гэхээр, зайлшгүй мөнгөний асуудалд гацчихаад байгаа юм байна. Өөрөөр хэлбэл тухайн үеийн Засгийн газар болон Ашигт малтмалын газраас буруу шийдвэр гаргаж, тооцоо судалгаагүй лиценз олгочихсон байлаа гэхэд энэ хариуцлагыг төр үүрнэ. Төр гэдэг нь Засгийн газар хариуцаж, компани хохирсон бол төлбөрийг нь барагдуулна гэсэн үг. Гэхдээ төрийн мөнгө гэж байхгүй, тэд бол татвар төлөгч ард түмний мөнгө. Тодруулбал төрийн өндөр албан тушаалтны гаргасан алдааны төлөө иргэд бид мөнгөө өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч буруу шийдвэр гаргаж, иргэд, аж ахуй нэгжийг хохироосон тохиолдолд гомдлыг төр барагдуулна гэж хуульд тусгачихсан байдаг юм билээ. Тэгэхээр одоо С.Батболдыг, С.Баярыг, Д.Батхуягийг дуудаж, мөнгө төлүүлэхгүй, тийм хууль дүрэм байхгүй гэсэн үг.

Тост,Тосон бумбын нуруунд олгогдсон лицензийг төр хүчингүй болгож чадахгүй байгаа нь ердөө л төлбөрийн чадваргүйд байгаа юм байна. Тиймдээ ч Тостын нурууг төрийн хамгаалалтад авах тухай асуудал талаар болж, Гурван тэс хэмээх сум бүхэлдээ уурхайн газар болж хувираад, тэндэхийн ан амьтан ургамал сүйдэхэд хүрээд байгаа аж. Саяхан уг асуудалтай холбоотой хэлэлцүүлэг Төрийн ордонд болсон ч тусыг эс олжээ.

Энэ талаарх зарим зүйлийг Гурван тэс сумын ИТХ-ын дарга Б.Дэжидээс тодруулахад:

“Б.Чойжилсүрэнгийн компани гэхэд л энд нэлээд хайгуул хийгээд их хэмжээний хөрөнгө зарчихсан байгаа. Хэрэв лиценз цуцлахаар бол төрөөс олон тэрбум төгрөг нэхэмжилнэ гэж байгаа юм байна. Тэгэхээр төр хайгуул хийсэн компаниудын гаргасан зардалыг төлөх чадвар байхгүй. Мөн төрийн албан хаагчийн шийдвэрээр олгогдсон учир гарсан хохирлыг төр хариуцах ёстой байдаг юм байна. Энэ их лицензүүдийн ихэнх нь Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийн хавтгайруулж олгосон лиценз. Үүнээс гадна Канадын хөрөнгө оруулалттай “Саус гоби Сэндс”компанийн хийсэн ажил байхгүй юу. Тэр гадны компани манайд баахан лиценз авчихаад, энд нь зарчихсан, тэгээд ч болоогүй татвар төлөхгүй гээд нутаг руугаа гараад явсан. Тэгэхээр Тостын нурууг тусгай хамгаалалтад авах тухай асуудал бараг талаар болж мэдэхээр байна. Лицензийг нь цуцаллаа гэхэд Засгийн газар Б.Чойжилсүрэнгийн компаний мөнгийг төлөх чадваргүй байгаа учир төрийн тусгай хамгаалалтад авч чадахгүй болчихоод, яаж ч, юу я гэж хэлж мэдэхгүй байгаа юм байна лээ”

Б.Чойжилсүрэнгийн компани төрөөс хэдэн тэрбумыг нэхэмжилж байгаа тухай асуудлыг дараагийн дугаарт.

Үргэлжлэл бий...

Н.Ганаа

Эх сурвалж: Cityinfo.mn