Арилжааны банкуудын судалгаагаар өнөөгийн байдлаар 75 мянган өрх найман хувийн зээлийн буянаар орон гэртэй болсон гэдэг.

Энэ өрхүүдийн араас арилжааны банкуудад хүсэлтээ өгсөн залуусын хувьд өрх тусгаарлана гэдэг мөрөөдөл төдий болох нь. Учир нь, Үндсэн хуулийн цэцээс “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт”-ийг хэлэлцэн нийтэд мэдээлсэн. Эл мэдэгдлийн дараагаар Монголын банкуудын холбооны гишүүн банкууд хуралдаж,

найман хувийн зээлийг өнөөдрөөр зогсоож байгаагаа зарлалаа. Учир шалтгаанаа тус холбооны гүйцэтгэх захирал О.Орхон “Цэцийн дүгнэлт нь Монголын арилжааны банкуудад маш халгаатай асуудал боллоо. Орон сууцны найман хувийн зээлийг цаашид хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчингүй болж байна. Тиймээс иргэдийг болон банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд арилжааны банкууд орон сууцны найман хувийн зээлийг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс үүдэн зогсоож байгаагаа мэдэгдэж байна” хэмээсэн.

Аливаа юм хоёр талтай. Тэр ч үүднээс иргэн Базар гомдлоо шийдүүлж, банк эрсдэлээ тооцон найман хувийн зээлээ зогсоож байгаа юм бол нийлүүлэгч талын эрх ашгийг хэн хамгаалах ёстой юм бэ. Уншигч танд Монголын барилгын ассоциацийн өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн судалгааг танилцуулъя.

Тэдний судалгаагаар 2015 онд зах зээлд 32601 айлын орон сууц байгаагаас одоо ашиглалтад орсон боловч борлуулагдаагүй 13719, баригдаж байгаа орон сууцнаас борлогдсон 5991, борлогдоогүй 18882 орон сууц байна гэжээ. Өөрөөр хэлбэл, зах зээлд эзнээ хүлээж буй орон сууц олон байна гэсэн үг. Харин орон сууцны зээл авах хүсэлтэй 169,976 өрхийн 22 хувь нь буюу 37,039 нь ипотекийн зээлийн нөхцөлийг хангаж чадахаар байна. Нэг ёсондоо, тэд одоохондоо нийгэмд хүлээлт үүсгээд буй байрны 30 хувийн урьдчилгаа 10 болохыг хүлээн ийн азнаад байгаа хэрэг.

Хэрвээ найман хувийн зээл бүр мөсөн зогсвол ямар аюул барилгын салбарт нүүрлэж болохыг Монголын барилгын ассоацийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалаас тодруулахад “Найман хувийн зээлээр олон иргэн орох оронтой болсон. Гэтэл байр авахаар төлөвлөсөн хүмүүсийн ирээдүйг ингэж баллаж болохгүй. Хэдий найман хувийн зээл нь иргэнд хамаатай юм шиг харагдах ч цаана маш олон сөрөг үр дагавартай. Яагаад гэвэл, энэ зээл цаашдаа олгогдоно гэсэн үүднээс барилгын компаниуд олон орон сууцны төсөл хэрэгжүүлсэн байгаа. Гэтэл найман хувийн зээл бүр мөсөн зогсвол нэгд, барьсан орон сууцны борлуулалт гацна. Хоёрт, хямралын нөлөөгөөр бүсээ чангалж байгаа барилгын компаниудын борлуулагч хүч болж байсан найман хувийн зээл зогсохоор санхүүгийн чадамж нь эрсдэлд орно. Манай холбоонд 150 гаруй барилгын компани гишүүнчлэлтэй. 2009 оны хямралыг давж байсан компаниуд өдгөө туршлага суухын сацуу хямралын эсрэг арга хэмжээ аван ажиллаж байгаа. Энэ ч үүднээс үйл ажиллагаа нь хэвийн. Харин жижиг компаниудын хувьд хямралын хажуугаар найман хувийн зээл зогсоно гэдэг хүнд цохилт болж байгаа. Барьсан орон сууц нь зарагдахгүй бол юугаараа цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөж, ажилчдынхаа цалин хангамжийг тавих билээ дээ” хэмээлээ.

Харин найман хувийн зээл зогссоноор ямар эрсдэл хүлээж буйг барилгын компаниудын удирдлагуудтай холбогдлоо.

Барилгын компанийн захирал н.Эрдэнэ

Үнэхээр банкууд найман хувийн зээлээ бүр зогсоовол барилгын компаниудад хүнд тусна. Бид чинь төр засгаас гаргасан шийдвэр, бодлогыг харж ажлаа төлөвлөдөг. Энэ ч үүднээс найман хувийн зээл тогтвортой олгогдоно гэсэн үүднээс барилгын компаниуд хорооллоор нь барилга барьсан байгаа. Гэтэл зах зээлд нийлүүлэхийн даваан дээр борлуулалтын гол хөдөлгөгч хүч болсон зээл зогсвол бид алдагдалд орно. Нөгөөтэйгүүр, төр за бол за, үгүй бол үгүй гэдгээ зоригтой хэлж баймаар байна. Өнөөдөр урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгоно гэж хэдэн сар ярилаа. Цаасан дээр л бичигдсэнээс биш хийсэн зүйлгүйгээс нийгэмд хүлээлт үүсгэж, хямралын хажуугаар барилгын компаниудад хүнд цохилт болж байна.

С.Болдхуяг /хувиараа орон сууц барьсан/

Орон сууцаа борлуулна гэдэг маш хэцүү болчихлоо. Хэдий хүртэл Монголын банкны холбооныхон найман хувийн зээлийг түр зогсоосноо хэлсэнгүй. Манай орон сууц 65 хувьтай яваа. Хавар үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулна гэсэн зорилттой. Найман хувийн зээл зогссон гэсэн мэдээг сонсоод миний хувьд эхлээд барилга барих гэж банкнаас авсан зээл хамгийн түрүүнд бодогдож, толгой өвдөх шиг. Төр ийм барьцгүй зүйл хийж, барилгын салбарынхныг чангалж болохгүй шүү дээ. Уул уурхайн хөрөнгө оруулагчдыг хөөчихөөд өнөөдөр барилгынхныг ингэж чадаж байгаад хэлэх ч үг олдохгүй нь.

З.Бямбадорж / Компанийн нэрийг нууцлав/

Манай компани том биш ээ. Ямар ч гэсэн 2009 оны хямралыг давсан болохоор энэ эдийн засгийн хямралыг гайгүйхэн давчихна гэсэн төлөвлөгөөтэй. Гэтэл дундаж үйлчлүүлэгчдэд зориулан барьсан орон сууц маань найман хувийн зээл зогссоноор борлуулалт нь саарах нь гэхээс айж байна. Элит, тансаг байшин барьдаг компаниудад энэ хямрал, найман хувийн зээл зогссон, зогсоогүй борлуулалт нь сайн байна шүү дээ. Харин зорилтот бүлэгт зориулан барьсан байшингууд борлогдохгүй байх нь барилгын компанид болон иргэдэд асуудал дагуулж мэдэх нь.

Дашрамд, УИХ-аар эл асуудлыг хэлэлцүүлэн учир зангилаа нь тайлагдсаны дараа найман хувийн зээлийг олгоно гэж Монголын банкуудын холбооноос мэдэгдсэн. Тэгэхээр их хурал хэзээ анхаарлаа хандуулахаас шалтгаалж, орон сууцны зээл иргэдэд хаалттай хэвээр байх нь.

Т.Оюун

newscom.mn