Энэ өдрүүдэд МАН-ынхан үнэхээр мэдрэмж муутай аашилцгааж байх юм. “Сонгуулийн хар машинаар санал тоолохгүй шүү” гэцгээгээд сүйд болж байна. Тэдний амнаас “сонгуулийн хар машин луйварддаг тухай”-гаас өөр үг гарахаа байж уу гэмээр. Энэ тийм чухал зүйл гэж үү. Энэ машин ядуурал, бухимдал, стрессийг тайлж, хямралыг алгасч хөгжил дэвшилд хүргэх хэрэг үү. Үнэндээ бол ялагдсан хэдэн хүмүүсийн л гоморхол биз дээ. Нийт ард түмэнд бол хамаагүй зүйл.

Харин ард түмэнд хамгийн хамаатай үйл явдал ид өрнөж байна. Энэ бол орон сууцны найман хувийн хүүтэй зээл зогссон явдал. МАН-ын гомдлоор Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарч, банкууд найман хувийн зээлээ зогсоогоод байгаа билээ. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд харшилж байна гэж дүгнэсэн юм. Үүнийг энгийнээр ойлговол иргэд банкнаас зээл авахдаа барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөө дахин барьцаанд тавих, худалдах, өөр хүний нэр дээр шилжүүлэх зэрэг боломж нээгдэж байгаа аж. Харин энэ нь банкуудад эрсдэл дагуулах нь зүйн хэрэг. Иргэн хүн байраа барьцаанд тавиад баахан мөнгө банкнаас зээлжээ гэж бодъё. Цэцийн дүгнэлт хүчин төгөлдөр болбол иргэд барьцаанд тавьсан байраа зарах, эсвэл өөр хүний нэр дээр шилжүүлэх, өөр банкинд барьцаалж дахин зээл авч болж байна. Тухайн иргэн зээлээ төлөхгүй алга болбол банк барьцаа хөрөнгийг борлуулж мөнгөө олж авах гэрээтэй. Гэтэл зээлдэгч барьцаанд тавьсан байраа зарчихсан байвал асуудлыг яаж шийдэх вэ.

Зөвхөн банк гэхгүйгээр иргэд ч хохирох магадлал өндөр. Хямдхан байр авчих хүсэл хүн бүрт бий. Тийм хүсэл дээр нь тоглогчид ихэснэ. Хямдхан байртай боллоо гээд баярлаж суутал банкны барьцаанд тавьсан байр авчихсан байвал яах вэ.

МАН-ын нэхэмжлэлтэй Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт ийм үр дагавар үүсгээд байгаа учраас иргэд найман хувийн хүүтэй зээл авч чадахаа байж байна. Найман хувийн хүүтэй зээл зогсох нь бидэнд ямар ч хамаагүй гэж МАН болон Үндсэн хуулийн Цэцийн зүгээс мэдэгдээд байгаа. Гэхдээ бодит байдал дээр тэдний үйлдлээс болж банкууд найман хувийн болон бүхий л үл хөдлөх барьцаалсан зээл олголтоо зогсоогоод байгаа нь маргашгүй үнэн билээ. Яаж ч тайлбарлаад, юу ч гэж ярьсан бодит үр дүн нь энэ.

75 мянган өрх орон сууцны найман хувийн хүүтэй зээлд хамрагдаад байгаа гэнэ. Мөн орон сууц авах хүсэлтэй айл өрхийн тоо улсын хэмжээнд 200 мянгад хүрчээ. Үүнээс найман хувийн хүүтэй зээл хэр их эрэлттэй байгаа нь харагдана. Орчин цагт хүмүүс зээлийг өр биш боломж, бололцоо гэж хардаг болсон. Ийм нөхцөлд зээл зогсохоор иргэд уурлаж бухимдах нь аргагүй. Найман хувийн зээл хүсэгчид бол Монголын ард түмний гол цөм хэсэг нь. Ажилтай, орлоготой, гэр бүлтэй, тогтсон үзэл бодолтой, нас намба суусан нийгмийн дундаж давхаргынхан. Сонгуульд хамгийн идэвхтэй санал өгдөг хүмүүс шүү дээ.

Найман хувийн хүүтэй зээлийг онцолж бичсэний учир гэвэл хамгийн эрэлттэй учраас хүмүүс содон соргог хүлээж авч байгаа хэрэг. Цэцийн дээрх шийдвэр нь найман хувь гэлтгүй үл хөдлөх хөрөнгө барьцаалсан бүх зээлийг зогсоочихож байгаа юм. Байраа барьцаанд тавиад бизнесийн зээл авахыг хүссэн жижиг дунд үйлдвэрлэгчдэд ч боломж хаалттай боллоо. Бизнесээ өргөжүүлэхээр томхон газар, обьект барьцаанд тавиад банкнаас зээл авахаар төлөвлөсөн бизнесмэнүүдэд ч халгаатай шийдвэр юм.

“Банк жирийн иргэдийн барьцаанд тавьсан хөрөнгийг хямд зарж борлуулдаг. Үүнийг зогсоож байгаа” гэсэн тайлбар МАН-ын зүгээс шиджээ. Мэдэх хүнээс тодруулахад банк тэгж дураараа авирладаггүй юм байна. Зээлээ төлж чадахгүй гэвэл барьцаанд байгаа эд хөрөнгөө борлуулж зээлээ төлөх шаардлага тавьдаг, зээл төлөх хугацааг нь сунгадаг гээд олон үе шаттай арга хэмжээ авдаг. Бүр болохгүй тохиолдолд энэ хэрэг шүүхээр шийдэгддэг байна.

Хэрэв банкинд тавьсан барьцаа хөрөнгөө хямдхан зарж хохирол амссан жирийн нэг иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан бол энэ асуудал үнэхээр болохоо больжээ гэж ойлгож болох. Гэтэл улс төрийн намын хуульч нь Цэцэд гомдол гаргаж, мөрөөрөө эргэлдэж байсан зээлийг зогсоож орхилоо. Зээл зогсож, мөнгө гарахаа байна гэдэг нь эдийн засаг бүр л удааширна гэсэн үг.

Ийм харалган бодлоготой МАН сонгуульд яаж ялалт байгуулах вэ. Яг сонгуулийн өмнөх жил МАН-ын оролцоотойгоор иргэдийн хамгийн их авдаг найман хувийн хүүтэй зээл зогсчихлоо. Банкууд зээл өгөхгүй болохоор иргэд буруутанг хайж эхэлнэ. Тэд удахгүй “манай намд саналаа өгөөрэй” гээд гуйгаад очихоор сонгогчид ямар хариу өгөх нь тодорхой юм. МАН-ынхан ард түмний эрх ашиг юу вэ гэдгийг мэдэхгүйгээс ийм том алдаа гаргаж, олны дургүйцлийг төрүүллээ.

Ардчилсан намынхан өөрсдийгөө ард түмний дундаас гарч ирсэн, амьдрал мэддэг хэмээдэг. Үйл явдлыг харж байхад тэд худлаа хэлээгүй бололтой. Найман хувийн болон үл хөдлөх барьцаалсан бүхий л зээлийг олгохгүй байгаа нь ард иргэдэд хэрхэн хүнд тусч байгааг тэд мэдэрч, үгээ хэлж байна. Хүнд хэцүү үед өмөөрөх төртэйгөө хүмүүс мэдэрч байх шиг. Яагаад гэхээр жирийн иргэдийн хувьд ажил орлоготой, гэдэс цатгалан, мөр бүтэн, орох оронтой, эрүүл саруул л байвал аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг.

Ардчилсан намынхан найман хувийн хүүтэй зээл олголтыг даруйхан сэргээх хэрэгтэй. Тийм эх оронч сэтгэл гаргаж чадаж гэмээнэ иргэддээ амьдралынх нь үндэс болсон байрны асуудлыг нь хамгийн түрүүнд шийдэж өгнө. Мөнгөний эргэлт хурдасч эдийн засаг бага ч атугай сэргэж эхэлнэ. Түүнээс биш ард түмэнд сонгуулийн хууль, хар машин энэ тэр огт хамаа байхгүй.