НҮБ-аас хүний хөгжлийн 2015 оны илтгэлээ танилцуулж байна. Энэ илтгэлд Монгол улс хүний хөгжлийн түвшингөөрөө дэлхийн 180 орноос 90-д жагссан. Гэвч хөдөлмөр эрхлэлтийн хувьд уул уурхай хөдөө аж ахуй гээд ихэнхи ажлын байр нь улирлын чанартай, мэргэжлийн хэллэгээр бол эмзэг ажлын байр зонхилж байгаа нь иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Үүнийг засгийн газар нь анхаарч ажиллах шаардлагатай гэсэн зөвлөмж өгч байна.

Монгол улсын нийт хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх хувийг эмзэг бүлгийхэн бүрдүүлж байна. Тухайлбал, улирлын болон байгаль цаг уурын өөрчлөлтөд хэт өртөмхий малчдаас эхлээд тогтмол биш ажил эрхлэгчид хөдөлмөрийн зах зээлд ихээхэн жин дардаг. Тиймээс уул уурхайн салбарын орлогыг эдийн засгаа төрөлжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, чиглэлд зарцуулах зайлшгүй шаардлага байгааг НҮБ-ын суурин төлөөлөгч санууллаа.

Энэ үеэр НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкман "Монгол улсын хүний хөгжлийн индекс сүүлийн 15 жилийн хугацаанд жил бүр 1.35 хувиар өссөн. Энэ бол сайн үзүүлэлт. Гэхдээ уул уурхай зэрэг тэргүүлэх салбарын орлого жирийн иргэдэд хүртээмжгүй байна. Тиймээс цалин хөлсний системээр дамжуулан түүнийг хүртээмжтэй болгох хэрэгтэй. Үүнийг хийх гол хөшүүрэг нь тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлж, хүний хөгжилд чиглэсэн ажлын байрны чанарыг сайжруулах асуудал юм." гэв.

Уул уурхайн салбарын оргил үед гарсан амжилтаас хөдөлмөрийн зах зээл ч том сургамж хүртсэн. Тиймээс 2015-2020 он хүртлэх хөдөлмөрийн салбарыг илүү баталгаатай, тогтвор сууришилтай, хүний хөгжилд чиглэсэн тал руу нь өөрчлөх бодлого барьж байна. Хууль эрхзүйн орчноо ч энэ чиглэлд боловсруулж байна.

Өнөөдөр дэлхий дээр өдөрт 2 доллараас бага орлогоор амьдардаг 830 сая хүн байдаг. Мөн 200 сая гаруй хүн ажил хөдөлмөр эрхэлдэггүйгээс 74 саяыг нь залуучууд эзлэж байна. Тиймээс ажил эрхлэлтээр дамжуулан тэдний гэр бүлийн амьдарлын чанарыг сайжруулах нь хүний хөгжлийн тулгуур зорилт болоод байгааг энэ удаагийн илтгэлд онцолжээ. НҮБ-аас хүний хөгжлийн илтгэлийг 1990 оноос хойш 25 дахь жилдээ танилцуулж байна.

http://www.undesten.mn