Нэг үеэ бодвол манайхан ууланд алхах буюу явган аялал хийх нь ихэсчээ. Тиймээс хотын ойролцоох уулууд байнгын буюу жилийн дөрвөн улирал, өдөр шөнөгүй эзэнтэй байдаг болсон. Уг нь цэвэр агаарт гарч ууланд алхах эрүүл мэндэд нь тустай сайн зүйл. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл нь их байна. Тухайлбал, ууланд алхаж үзээгүй буюу алхах туршлага байхгүй иргэд нэгнийгээ дуурайж ямар ч бэлтгэлгүйгээр уул руу явцгаадаг байна. Улмаар бэртэх гэмтэх, өвдөх зэргээр эрүүл мэндээр хохирсоор байдаг.



Тэгвэл өчигдөр нэгэн оюутан залуу амь насаараа хохирох шахсан ноцтой явдал болсон байна. Энэ талаар түүний амийг аварсан Г.Арслан өөрийн фэйсбүүк хуудсандаа дэлгэнгүй бичиж оруулжээ. Тэрбээр “Үдээс хойш Богд ууланд гарахаар шийдэж Зайсангийн баруун тал Хөдөө аж ахуйн сургуулийн зүүн замаар явсаар Чингисийн өргөө амралтын газрын машины талбайд машинаа тавьж дээш алхлаа. Хоёр км гаран алхсаар 17.30 үед нэгдүгээр сандал буюу алхагчдын ярьдгаар нэгдүгээр шувууны "ресторан"-ы сандал дээр суун амсхийх үед хэн нэгэн сулхан ёолох шиг болж ёооё амь авраарай гэсэн.

Тэр зүгт очтол 70 градусын налуутай, огцом уруу газар байсан ба чулуун дунд цасан дээр нэг хүн хэвтсэн байсныг хойно алхаж явсан хэдэн хүмүүстэй нийлэн уулнаас доош буулгаад цагдаа, 103 дуудаж өглөө” гэжээ. Амийг нь аварсан хүү ШУТИС-ын архитектурын ангид сурдаг 18 настай С гэх хүү байсан аж.

Тэрбээр
“Би суумаар байна, толгой эргээд байна, түр зогсоё, хөлөө мэдрэхгүй байна, өглөө 08:00 цагт ууланд гарсан, хадан дээрээс хальтирч унаад нэг хэсэг ухаан алдсан тэгээд мөлхсөөр энд хүрсэн гэж байснаа би ер нь өчигдөр ууланд гарсан байхаа, хүмүүс их муухай юм дуудаад байхад ирэхгүй, гэр ойрхон 19-д байдаг тул утсаа орхисон” хэмээн ярьж байжээ. ГССҮТ-д хүргэсэн хүү бага зэргийн осголттой, хөлийн хуруу хөлдсөн, шоконд орсон байдалтай байсан бөгөөд одоогоор тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй аж. Харин уг хэргийг нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Мэдээж тэрбээр ууланд алхах ямар ч тусгай бэлтгэл байхгүй буюу уулын тусгай хувцас, гуталгүй байсан бөгөөд хэт налуу газарт хөл алдан унасны улмаас ухаан алдсан байдалтай байсан байгаа юм. Тиймээс холбогдох байгууллагууд уулын спортыг сонирхон алхаж байгаа хүмүүст анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэдэг, алхах бартаа саадгүй буюу аюулгүй замуудыг заасан тэмдэг, тэмдэглэгээ зэргийг хийдэг байх шаардлагатай байна. Тэгээд ч хувь хүмүүс цахим ертөнцөөр ууланд алхаж байгаа хэмээн зураг хөргөө тавьсан хүмүүсийг дуурайж, ямар ч бэлтгэлгүй явсанаар энэ мэт эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амиа ч алдаж болзошгүй байгааг анхаарах хэрэгтэй.


Ихэнхдээ найз нөхдөөсөө сонссон иргэд ууланд алхахдаа зориулалтын хальтиргаанаас хамгаалсан хадаас, гинжтэй гутал, хувцас өмсөөгүйгээс хальтирч хөл гараа хугалах, буруу хувцаслаж гарсанаас болж ханиад томуу, хатгаа тусах зэрэг тохиодол байнга гардаг талаар миний танил уулчид хэлдэг. Ёстой л нөгөө галууг дуурайж, хэрээ хөлөө хөлдөөнө гэгчээр юм болдог сурагтай. Тухайлбал, өвлийн улиралд цагаа тооцоолоогүй ууланд гарсанаас болж орой үдэш хөл, гараа хөлдөөх зэрэг явдал гарсаар байгаа гэдгийг холбогдох байгууллагууд анхааралдаа авах цаг нь болжээ. Дашрамд дуулгахад, сүүлийн үед хууль бус самарчид Богд ууланд олноороо тэнүүчилж, хулгайн ан хийх явдал гаарч байгаа гэнэ. Ийнхүү ууланд хориотой ан хийгээд явж байгаа “самарчид” ууланд алхагчдыг дээрэмдэх болоод бусад байдлаар халдахгүй гэдгийг үгүйсгэх газаргүй. Тиймээс уулчид болоод сонирхогчид анхаарал болгоомжтой байх шаардлагатай байна.