Иргэд НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авдаг болно

Ямар хууль: Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга

Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1

Хэнд хамаатай вэ: Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэн

Гол онцлог талууд: Татварын системийг боловсронгуй болгох, далд эдийн засгийг хумихад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, төлсөн НӨАТ-ын 20 хувийн буцаан олголт болон сугалаанд оролцох боломжуудыг төрөөс бий болгож өгснөөрөө давуу талтай.

Ирэх нэгдүгээр сарын 1-нээс иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авахаар болсон. Ингэснээр дундаж орлоготой гэр бүл жилд 600 мянган төгрөг буцаан авах боломжтой юм. Хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд үйлчилгээний байгууллагууд гүйлгээний нэгдсэн баримттай болох ажээ. НӨАТ-аа буцаан авахын тулд иргэд татварын сайтад банкны дансаа бүртгүүлэх шаардлагатай. Мөн худалдан авалт хийх бүртээ гүйлгээний баримтаа бүртгүүлж, хадгалснаар төлсөн нийт НӨАТ-ын 20 хувь дансанд тань жилийн эцэст орох юм.

Хүүхэд харагч нь тусгай сургалтанд хамрагдсан байна

Ямар хууль: Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль

Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс

Хэнд хамаатай вэ: 1-5 нас хүртэлх хүүхэдтэй хүн бүрт

Гол онцлог талууд: Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд суурь хүмүүжил олгох зорилготой.

Нэг хүүхэд харагчид ногдох хүүхдийн тоо тав хүртэл байх, хүүхэд харах нэг байранд байрлах хүүхдийн дээд хязгаар 15 хүртэл байх, хүүхдэд аливаа хэлбэрийн зодуур, дарамт үзүүлэхгүй, хүүхдэд өдөрт 60 минутаас дээш хугацаагаар цахим хэрэгсэл ашиглуулах, зурагт үзүүлэхийг хориглоно. Хүүхэд харагч нь тусгай сургалтанд хамрагдсан байх хэрэгтэй.

Нягтлан бодогчдын эрхийг хугацаагүй олгож эхэлнэ

Ямар хууль: Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулга

Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс

Хэнд хамаатай вэ: Нягтлан бодогч, Аудитын газарт

Гол онцлог талууд: Аж ахуйн нэгж, байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөх болох санхүүгийн тайлангийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх юм.

Уг хууль батлагдсанаар нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй олгохоор болж байгаа юм. Аудитын тусгай зөвшөөрөл авсан 120 орчим компани 2016 оноос эхлэн шинээр тусгай зөвшөөрөл авах, зөвшөөрлийг сунгах, тавигдах дүрмийн нөхцөл, шаардлагыг нэг ижил болгожээ.

Татвар суутгагчаар бүртгүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно

Ямар хууль: Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх, хяналт тавих журам

Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс

Хэнд хамаатай вэ: Согтууруулах ундаа худалддах аж ахуйн нэгжид

Гол онцлог талууд: Тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган найман төрлийн баримт бичгийг 3-4 болгосон.

Хориглосон газарт байршаагүй, харьяалах татварын албанд хотын албан татвар суутгагчаар бүртгүүлж, суутгасан татварыг хугацаанд нь төлсөн байна. Өөрийн обьектын баталгаажсан эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй байлгаж тусгай зөвшөөрөл хүссэн бичиг баримтыг бүрдүүлж, өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөнө.

Нийтийн зориулалттай орон сууцны үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно. Түүнчлэн холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагыг зөрчсөн, өөр ажлын байранд шилжүүлсэн, бусдад ашиглуулсан, түрээсэлсэн, худалдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох юм.

100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай бол хүүгийн орлогод татвар ногдуулна

Ямар хууль: Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хууль

Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс

Хэнд хамаатай вэ: Хадгаламжтай иргэдэд

Гол онцлог талууд: “Мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө” гэж заасан. Энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан хүүгийн орлогод 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс албан татвар ногдуулж эхлэх юм.

Төрийн байгууллага нийтийн сонсгол зохион байгуулж иргэдийн оролцоог хангана

Ямар хууль вэ: Нийтийн сонсголын тухай хууль

Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс

Хэнд хамаатай вэ: Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан асуудлаар иргэдийн оролцоог хангана

Гол онцлог талууд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийтийн сонсголын тухай хууль нь төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилготой. Энэ хуульд зааснаар нийтийн сонсголыг хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн төрлөөр зохион байгуулах боломжтой. Томилгооны сонсгол гэхэд УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтээр сонсгол явуулах аж. Сонсголыг 14 хоногийн өмнө мэдээллийн хэрэгслээр зарлах бөгөөд сонсголд оролцогчид таваас доошгүй хоногийн өмнө бүртгүүлэх үүрэг хүлээнэ.

Сонсголд оролцогч тайлбар, санал, дүгнэлт гаргах, сонсголоос гаргасан шийдвэртэй танилцах эрхтэй. Сонсгол нээлттэй явагдах ёстой. Зөвхөн хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар хаалттай явагдах юм. Иргэд ерөнхий хяналтын, хууль тогтоомжийн сонсгол явуулах хүсэлтээ тухайн асуудал эрхэлсэн байнгын болон дэд хороонд гаргаж болно.

Арилжааны телевизүүдийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна

Ямар хууль: Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс

Хэнд хамаатай вэ: Соёл урлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага

Гол онцлог талууд: Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Тэгвэл арилжааны телевизүүдийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернет протоколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байна.

Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлнө

Ямар хууль: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль

Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс

Хэнд хамаатай вэ: Аж ахуйн нэгж, компани

Гол онцлог талууд: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчлэн батлагдсанаар ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалт, хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг Засгийн газар батлахаар заасан юм.

Хориглосон газарт зогссон машиныг зөөж эхэлнэ

Ямар хууль: Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам

Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс

Хэнд хамаатай вэ: Нийслэл хотод зорчиж буй автомашинтай хүн бүрт

Гол онцлог талууд: Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байхаар шийдвэрлэж, хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг баталлаа. Нийслэлийн хэмжээнд нийт 163 гудамж байдгаас 77 гудамжийг энэхүү тогтоолд оруулан батлав. Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 000 төгрөг, суудлын автомашин, микробус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээюрийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоолоо. Түүнчлэн түр саатуулах хашаа /байр/-ны нэг хоногийн төлбөрийг мотоцикл 3000, суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000, 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 000, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20 000 төгрөг байхаар тус тус батлав. Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ тухайн байршлаас 10 км-аас дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлөх, түр саатуулах хашаа /байр/, түүний зогсоолын нийт талбайн хэмжээг 2000 м²-аас доошгүй байх, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аасихгүй байхаар тогтоолоо.

Зөрчлийн оноо тооцож эхэлнэ

Ямар хууль: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуульд зааснаар зөрчлийн оноог тооцох журам

Хэзээ хэрэгжих: 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс

Хэнд хамаатай вэ: Автомашинтай хүн бүрт

Гол онцлог талууд: Жолооч зөрчлийн ерөнхий 10 оноотой “цагаан шугамнаас” явж эхэлнэ. Улмаар жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасна. Зөрчлийн оноо дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох юм. Мөн хуульд заасан үндэслэлээр жолооны эрхээ хасуулбал зөрчлийн оноо хүчингүй болно гэсэн үг.

Зам тээврийн осол гаргасан жолооч таван оноо хасуулна. Жолооны үнэмлэхгүй машин баривал хоёр оноо, жолооны үнэмлэхгүй нөхөрт машинаа шилжүүлбэл машины эзэн нэг оноо хасуулна. Согтуу, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд машинаа бариулсан бол хоёр, ядарсан, өвчтэй үедээ машин жолоодсон, тийм хүнээр жолоо бариулсан бол нэг оноогоо алдана. Хуурамч дугаартай, улсын бүртгэлийн дугааргүй машин жолоодвол, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, хурд хэтрүүлсэн, хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн бол хоёр оноо хасагдана. Тусгай дуут дохио зөвшөөрөлгүй ашиглавал гурав, хамгаалах бүс хэрэглээгүй, гэрлэн дохио, цагдаагийн хориглосон дохио зөрчвөл, хүн ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол нэг оноо хасагдахаар журамлажээ.

Харин зөрчлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж урамшуулах аж. Мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрвөл 10 оноог бүтнээр нь өгөх юм байна. Жолооч нар зөрчлийн онооныхоо мэдээллийг сайт болон ухаалаг утсанд зориулсан программ хангамж, лавлах утас, мессэж үйлчилгээгээр дамжуулан жолооны үнэмлэхнийхээ дугаараар авах боломжтой аж.

Т.Буянаа