Бид тэртээ 1992 онд баталсан шинэ ардчилсан Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлнэ” хэмээн тунхаглаж билээ. Тэрхүү уухайн дуутай хамт мэндэлсэн хүүхэд эдүгээ нас биед хэдийнэ хүрчээ.

 

Нөгөө хүнээ гэсэн энэрэнгүй, шударга нийгмийн сүүдэр нь ч алга гэхэд хатуудахгүй нь. Нийслэлийн захын хорооллын зарим хүнсний дэлгүүрүүдийн орлогыг мөнгө биш иргэний үнэмлэх, эсвэл тэтгэврийн дэвтэр хэдийнэ орлодог болж, бүтэн талхыг дөрөв хуваасны нэг, гурванхан ширхэг төмсөөр голоо зогоодог айлын тоо өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уралдан нэмэгдэж байгааг хэвлэлүүд мэдээлж эхэлсэнээс хойш цөөнгүй хугацаа өнгөрчээ.

 

Мөнгө төгрөгний боломжгүйгээс шаардлагатай эм, тарилгаа авч чаддаггүй, Эрүүл мэндийн даатгалын дэвтэргүйгээс эмнэлэгийн тусламж авдаггүй хэчнээн олон хүн байгаа бол? Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, тэдний үр хүүхэд хямралын шуурганд илүүтэй өртөж байгаа нь сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, сурвалжлагаас тодорхой харагдаж байна шүү дээ.

 

Өргөн уудам газар нутагтай, байгалийн асар их баялагтай, 50 гаруй сая малтай ийм баян орны иргэдийг хэн ийм түвшинд хүргэчихвээ? Монголчууд 1992 оноос хойш МАН, АН-ыг ээлж дараалан сонгож ирсэн. Ёстой л нөгөө “Өглөө” кинонд гардаг Дүйнхэр зайрангийн “Гамингийн ч төлөө буулаа. Бароны ч төлөө буулаа. Богдын ч төлөө буулаа. Нэмэр алга.

 

Хараач, энэ ядарч зүдэрсэн олон түмнээ” хэмээн Хиагтын гудамжинд “дөвчигнөдөг” шиг монголчууд 1992 оноос хойш “Улаан”-ыг нь ч сонгож үзлээ. “Цэнхэр”-т нь ч итгэж үзлээ. Тусыг эс олов. Хоёр том улстөрийн хүчин өөрсдийнхөө санаа, шийдлээр 2004, 2008 оны сонгуулийн дараа Засгийн газраа хамтран байгуулж нэг гэрт орж үзсэн. Харамсалтай нь эв зүйгээ олж, улс орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэхийн оронд намынхаа эрх ашгаа нэгдүгээрт тавьснаар нэгдэж хамтарсныхаа үр дүнг үзэж чадаагүй. Нийгэм, эдийн засаг, ард түмний байдал мэдээж дээшлээгүй.

 

2014 оны намар Н. Алтанхуягийн танхим огцорсноор Шийдлийн гэх тодотголтой нэгэн шинэ хамтарсан Засгийн газрын түүх эхлэв. Сонирхолтой нь эрх барилцаж байгаа МАН-ын дарга нь Засгийн газрынхаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга нь “Бид засгаас гарахгүй гэж хатуу андгай тангараг тавиагүй” гэх ухааны мэдэгдлийг албан ёсоор удаа дараа тавьсан.

 

УИХ дахь АН-ын гишүүд дотор ч МАН-ыг гадуурхсан үг яриаг илэрхий цухалзуулж байлаа. Улмаар хамтарч ажиллах гэрээ байгуулсан байж сөрөг хүчний “үнэр” ханхлуулаад байна гэдэг шалтгаар төд удалгүй “найзыгаа” төрхөмд нь буцаачихаж билээ. Улстөрчдийн, улстөрийн хүчнүүдийн ааш авир гэдэг талаасаа зарим хүмүүст хүндээр тусгаж авах шаардлагагүй үзэгдэл мэт боловч хамтарснаар унаж доройтож яваа эдийн засаг сэргэх төлөв ажиглагдаагүйд л хамгийн гол алдаа нь байгаа юм.

 

Улс орны эдийн засаг улам хямарч, нийгмийн сэтгэлзүй улам ядуурах боллоо. Эдийн засгийн хямрал нэрийн дор нийгмийн хамгааллын бодлого хөсөр хаягдлаа.

Улс үндэстний дархлааг сулруулдаг ажилгүйдэл, ядуурал аймшигт харх шиг үржиж, улмаар монголчуудын маань маргаашдаа итгэх итгэл суларч, өдөр тутмын амьдралаасаа цаадахыг харахаа больж байна.

 

Эрх мэдэлтнүүдийн өнгө зүс сайжрах тусам ард түмний царай барайдаг нь ямар учиртай юм бэ? Хаана байна, тэр хүмүүнлэг, иргэний нийгэм чинь?

 

Д. Лхагвадорж

http://www.sonin.mn