Хоолны халбага, энгийн нэг төмрийн хоолойтой харшихад итгэмээргүй сайхан өнгө, ая гардгийг “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон “Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан харуулсан билээ.

Гар доорх материал ашиглан олон янзын хөгжмийн зэмсэг урласан Монгол Улсын гавьяат багш С.Жамъянхоролтой ярилцлаа. Тэрбээр оны өмнөхөн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалгаад удаагүй байгаа юм.

 

-Монгол Улсын гавьяат багш хэмээх төрийн дээд шагнал хүртсэн танд баяр хүргэе. Алдар нэрээ дуудуулж, Төрийн тэргүүний өмнө зогсоход нутгийн зон олон таниар бахархаж байсан болов уу?

 

-Баярлалаа. Би Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул. Нутагтаа боловсрол эзэмшиж, залуу насаа өнгөрүүлсэн. 1995 онд Эрдэнэт хот руу шилжиж, арван жилийн сургуульд гурван жил багшилсан ч одоо Дархан-Уул аймагт ажиллаж, амьдарч байна. “Эгшиглэнт чимээ” бол миний ажил хөдөлмөрийн үр дүнгийн нэг хэсэг юм. Миний шавь нарын бэлтгэсэн тоглолтыг үзсэн хүмүүс бидэнд урмын үг их хайрласан. Би ч битүүхэндээ төрсөн нутаг, Отгонтэнгэр хайрхан минь намайг харж байжээ гэж бодсон шүү. Бас хүнд гэмгүй явах, уйгагүй ажиллах, сонирхлоо хөгжүүлбэл ямар үр дүнд хүргэдгийг ойлголоо. Би нэг хэсэг хөгжмийн зэмсэг хийж болохоор санагдсан юм бүхнийг авч, хадгалж, зарим хүнээс гуйж хүртэл авдаг байлаа. Айлд цай уусан ч аягыг нь нясалж үзээд яаж дуугарахыг нь шалгаад дадчихсан. Ер нь хүн сонирхолдоо хөглөгдөхөөрөө өвчилчихдөг юм билээ/инээв/.

 

-“Монгол Улсын гавьяат багш” хэмээн дуудуулах мөчид таны сэтгэлд юу буусан бол?

 

-Хүний орчлонгийн цэнхэр замбуулинд хүн болж төрж мөрөө үлдээгээд58 насыг дуусгаж байна. 2015 онд олон түмнийг шуугиулж хүүхдүүдийн баярын инээдэнд бялхаж, ард түмний алган дээр бөмбөрч“Авьяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцлоо. Энэ талаар сайн муу мэдээ гарсан байсан. Гэхдээ сайн муу тэнцэж, өдөр шөнө ээлжилдэг учраас болох зүйл жамаараа л боллоо гэж бодлоо. Аливаа шагнал урамшуулал“Та маргааш юу хийх вэ. Эх орон, ард түмэн тань их найдвар тавьж байна” гэсэн даалгавар, асуулттай ирдэг учраас надад ихээхэн хариуцлага ногдлоо гэж бодож байна. Тиймээс “чадахаасаа чадахгүйгээ хүртэл хийгээрэй” гээд хэн нэгэн, ард түмэн, нутгийн уул ус минь шивнээд байгаа ч юм шиг. Ингээд бодсон чинь би баригдмал болсон юм шиг санагдлаа.

 

-Та хэдий үеэс хөгжим урлаж эхэлсэн бэ?

 

-Би урлагийн чиглэлээр сургууль төгсөөгүй. Сонирхлоороо аймгийнхаа сайн дурын хөгжимчин, уран сайханч болж явлаа. 1990-ээд онд соёл урлагийн газрууд хаалгаа барихад манай Тосонцэнгэл сум ардын цирктэй байсан. Тэнд мэргэжлийн бус жүжигчний орон тоонд ажиллаж байгаад ерөнхий боловсролын сургууль руу шилжсэн юм. Тухайн үед циркт ажиллаж байхдаа Ардын жүжигчин, Монголын циркийг үндэслэгч М.Нацаг гэж Төрийн шагналт зохиолч Л.Ванган гуайн дүү хосгүй хүн байсан. Тэр хүний хийж бүтээсэн хөгжмийн зэмсгээр тоглож байгаад энэ замыг сонгосон. Багшаас минь надад ганц хонх үлдсэн. Тэр хонхноос санаа авч, аливаа зүйлийн дуу чимээг ингэж гаргах ёстой юм байна гэж ойлгоод аяга, шаазан, шил, савнаас авахуулаад 30-аад жилийн хугацаанд 40 гаруй хөгжим 400 хөгтэй болсон байна. Багшийн ач гавьяа, сайн хүний бүтээсэн зүйл ардаа мөртэй байдаг юм билээ. Тэр хүний бүтээлийг өвлөж аваагүй бол өдийд би юунаас санаа авч хөгжим урлах билээ дээ. Түүний үр шимээр одоо нэлээд хэдэн шавьтай, тодорхой хэмжээнд ажлын амжилт гаргаад явж байна.

 

 

-Хамтлагийнхаа хүүхдүүдийг ажлын бус цагаар бэлтгэл сургуулилтыг нь хийлгэдэг байсан уу?

 

-Багшлах хугацаандаа хичээ-лийн бус цагаар дугуйлан хичээллүүлж, энэ сонирхлоороо энгийн хөгжмийн зэмсэг бүтээсэн. Түүнээс хойш өдгөө40-өөд хүүхдийн бүрэлдэхүүнтэй хамтлагтай бо-лоод байна. Үүнийхээ үр дүнг үзэхээр Монгол телевизээс зохион байгуулсан“Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, 2000 гаруй авьяастнуудаас шалгарсандаа хөл газар хүрэхгүй явна даа, ах нь.

 

-Таны гэр хөгжим урлаачийн урлан шиг байдаг байх. Гэрийнхэн тань хэрхэн хүлээж авдаг бол?

 

-Эхнэр нэг хэсэг “Наад мод, төмрөө нааш цааш нь болго” гэдэг байсан. Сүүлдээ тэд надад тусалдаг болсон шүү. Манай сургууль хамгийн том танхимаа гаргаж өгсөн. Хааяа “энэ олон зүйлийг хэзээ ашиглаж дуусна даа” гэж боддог л юм.

 

-Та хөгжмийн зэмсгүүдээ шинэчилье гэж бодож байна уу?

 

-Байгаагаа сайжруулж, хөгжмийнхөө тоог нэмнэ дээ. Шинэ санаа төрвөл хөгжмийн зарим зэмсгээ шинэчлэх бодолтой. Гэхдээ ийм зүйлийг төлөвлөж болдоггүй юм. Хүмүүсийн хэрэггүй гээд хаясан зүйлээс санаандгүй гайхалтай дуугардаг хөгжмийн зэмсэг бүтээх боломж гэнэт ч гарах юм бил үү. Сүүлийн үед мөнгөтэй л бол хүссэн зүйлээ авах боломжтой болжээ. Барилгын дэлгүүрт ороход миний хайж байсан төмөр олон төрлөөрөө байдаг болж. Ингээд бодохоор хийж бүтээе гэсэн сэтгэл байх л юм бол материал, бүтээгдэхүүн нь бэлэн байна.

 

-Та “Эгшиглэнт чимээ” хамтлагийг анх хэзээ байгуулсан бэ?

 

-Завхан аймагт“Эгшиглэнт чимээ” хамтлагийг анх 2001 онд байгуулж байлаа. Тэр үед дөрвөн хүүхэд, хөгжмийн дөрвөн зэмсэгтэй эхлүүлсэн. Түүний дараа Эрдэнэт хотод хамтлагаа байгуулсан гэхээр “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон нь гурав дахь“Эгшиглэнт чимээ” юм байна. Манай хамтлагт голдуу дөрөв, тавдугаар ангийн хүүхдүүд элсдэг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэд төгсөөд явдаг. Хэний ч эзэмшээгүй чадвартай болсон мөртлөө сургуульд орох гээд яваад өгдөг нь даанч харамсалтай. Гэхдээ хамтлагийн ирээдүйг бодож, хүүхдийн хувь заяагаар тоглож болохгүй биз дээ. Тиймээс сонголтыг би тэдэнд үлдээдэг.

 

-Хамтлагийн ганц эрэгтэй гишүүн тоглолтын төгсгөлд хөгжмийн зэмсгээ шидчихдэг шүү дээ. Түүнийг үзэгчид их сонирхон хүлээж авсан. Тоглолтынхоо найруулга, зохиомжийг та хийсэн үү?

 

-Тэр хүүхэд манай хамтлагийн ганц эрэгтэй нь байгаа юм. Анх хөгжмөө шидэхдээ болж өгөхгүй байсан. Дараа нь амандаа зургаа тоолоод шидэхээр болж байна гээд өөрөө аргаа олчихсон.Тэр шидсэн төмөр тоглож байгаа хөгжим шигээ хөг аялгуутай. Манай хамтлагийн хамгийн бага нь миний зээ таван настай. Бас хоёрдугаар ангид сурдаг зээ маань“Эгшиглэнт чимээ” хамтлагийн гишүүн. Хамгийн ахмад нь наймдугаар ангийн хүүхэд бий.

 

-Хүүхдүүдийн эцэг, эхчүүд тантай сайн ойлголцдог учраас“Эгшиглэнт чимээ” хамтлагийнхан “Авьяаслаг монголчууд”-д түрүүлсэн байх?

 

-Шоунд оролцохын тулд Улаанбаатар хот, Дархан-Уул аймгийн хооронд олон удаа явлаа. Тэр үед эцэг, эхчүүдийн төлөөлөл бидэнтэй хамт явсан. Учир нь, хүүхдүүдийн зарим нь дэндүү балчир учраас эцэг, эхийнхээ асрамжид явахгүй бол болдоггүй юм. Тэр болгонд хүүхдүүдийн маань ар гэрийнхэн биднийг дэмжиж байсан. Биднийг шоунд оролцоход сургуулийн ажилчид, албан байгууллага, хувь хүн ч тусалж дэмжсэн.

 

-Таныг гавьяаныхаа амралтыг удахгүй авна гэж сонссон. Тэтгэвэрт гарсан ч та сургуульдаа багшлах бодолтой байна уу, эсвэл хувийн дугуйлан нээх санаа бий юү?

 

-Би 2017 онд тэтгэвэрт гарна. Тухайн үед ямар шийдвэр гаргах нь цаг үеийн асуудал болох байлгүй дээ. Манай сургуулиас“Та тэтгэвэрт гарсан ч сургуульдаа багшлаач. Энэ сургуульд“Эгшиглэнт чимээ” хамтлаг байх хэрэгтэй” гэсэн санал тавьсан. Би ч гэсэн хүүхдүүдээсээ холдмооргүй байна. Зарим хүн намайг шуналтай гэж магадгүй. Гэхдээ би хүүхдүүддээ хичээл заалаа гээд нэг ч удаа төлбөр авч байгаагүй.

 

-“Авьяаслаг монголчууд” шоуны үеэр танай хамтлагийнханд нэг хүн 60 сая төгрөг өгөх болсноо цахим ертөнцөөр зарласан. Та авсан уу?

 

-60 сая төгрөг аваагүй. Яахав, хөгжмийн торгон мэдрэмжтэй хүн сэтгэл хөдлөлөөрөө мөнгө өгнө гээд амласан байх. Хамгийн гол нь тэр хүн биднийг дэмжсэнд бид их баярлаж байгаа. Манай хамтлагийнхан “Авьяаслаг монгол-чууд” шоуны ялагчийн 100 сая төгрөг авсан. Хүүхдүүд маань бүгд саятан болж, эцэг, эхчүүдэд нь 100 мянган төгрөг өгсөн. Тэр мөнгийг хэрхэн зарцуулсныг дарханчууд мэдэж байгаа.

 

-Энэ том ажлын ард гарахад таныг тусалж, дэмжиж байсан гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

 

-Манай гэр бүлийн хүн Оюунгэрэл насаараа математикийн багшаар ажилласан. Завхан аймгийн Улиастай сумын хүн байгаа юм. Би дөрвөн хүүхэдтэй. Том хүү цахилгааны инженер мэргэжилтэй, хэдхэн цагийн өмнө хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Миний хоёр дахь ач хорвоод мэндэлж, аз жаргалаар бялхаж байна. Хоёр дахь хүүхэд маань Соёл, урлагийн их сургуульд төгөлдөр хуурын онолын багшаар ажилладаг. Хүргэн маань “Шинэ үе” сургуулийн дуу хөгжмийн багш. Гурав дахь хүүхэд маань Японд сургуулиа төгсч ирээд удаагүй байна. Хамгийн бага хүү маань СУИС-д сурдаг. Би гэдэг хүн олон хүүхдийн сайхан энерги дунд явна даа.

 

-Үргэлж шинэ зүйл эрэлхийлж явдаг та шинэ уран бүтээлийн санаагаа олчихсон байгаа болов уу?

 

-“Эгшиглэнт чимээ” хамтлаг байгуулсны15 жилийн ой энэ жил тохионо. Бид ойд зориулсан тоглолтоо ирэх гуравдугаар сард Дархан-Уул аймагт хийнэ. “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноороо манай хамтлагийнхан ямар нөөц бололцоотойгоо олж мэдлээ. Бид шоунд үндэсний хөгжим тоглох зориулалттай хөгжмөөр сонгодог ая тоглосон. Харин одоо гадаадын бүтээл тоглох боломжтой боллоо. Биднийг Улсын баяраар тоглуулах талаар ярилцаж байгаа юм билээ. Хүүхдүүдийнхээ саналыг сонсох бодолтой байна.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Б.Сэлэнгэ