Сүүлийн хэдэн жил барилгын салбарт хүний амь насаар хэмжигдсэн осол аваар тасрахгүй гарсаар байгаа. 2014 онд 21 хүн, 2015 онд 13 хүн барилгын ослоор амь насаа алдаад байна. Гэтэл өмнөх осол аваараас сургамж авах нь бүү хэл явган хүний замыг боогдуулж хашаа хатгасан, иргэдийн явах урсгалыг хааж авто зам руу шахаж оруулсан хэд хэдэн барилга нийслэлд баригдаж байна.

Хамгийн наад захын жишээг дурдахад, нийслэлийн автобусны буудал дундаас хамгийн олон хүн зорчин өнгөрүүлдэг МУБИС-ын буудлын ард байрлах “Төгөлдөр” төвийн өргөтгөл “Жаргалант” нэртэй барилгын ажил дүн өвлийн хүйтэн эдгээр өдрүүдэд хүртэл үргэлжилж байгаа бөгөөд аюулгүйн хашаагаараа явган хүний замыг бүрэн хааж, туслах зам хүртэл тулгаж байрлуулсан нь ажил хичээлдээ яаран явж буй оюутан залуус, иргэдэд саад учруулж, хамгийн гол нь осол гарах өндөр эрсдэлтэй болгосоор удлаа. Тус барилгын хажууханд үйлчилгээ эрхлэгчид “Манайхан их яаруу сандруу явах юм. Ялангуяа ажил хичээл тарах 17-19 цагийн үед явган хүмүүс машинтай уралдах нь холгүй машин замаар явж байгаа дайруулж мэдэхээр л харагддаг” хэмээн ярьж байна.

Уг нь, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргасан захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, машины зогсоол, явган хүний зам, цэцэрлэгжилтийн талбай, сургууль, цэцэрлэг болон барилгын норм дүрэм зөрчиж олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгохоор заасан.

Авто замын хуулийн 17 дугаар зүйлд ч эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр авто замын зорчих хэсэг, зурвас болон хяналт тавих зурвас газарт саад учруулж болзошгүй, замын хөдөлгөөнд оролцогчдод осол аюул бүхий үйл ажиллагааг хориглоно гэж заасан байдаг.

Өдий төдий хууль дүрмийг зөрчөөд нийслэлийн төв зам дагуу явган хүний замыг хааж боогдуулсан энэ зөрчилд ямар арга хэмжээ авсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч Д.Золбоогоос тодруулахад “Дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд албан шаардлагаар хугацаа зааж өгдөг. Хашаагаа татахгүй бол торгуулийн арга хэмжээ авна. Торгуулийн хэмжээ нь заалтаасаа хамаарч хугацаа хэтэрсэнтэй холбогдуулан 250 мянгаас дээш төгрөгөөр торгодог” хэмээн хариуллаа.

Уг нь, явган хүний болон авто замыг хааж өргөтгөл хаалт, хашилт тавьсан иргэн аж ахуйн нэгжийн өргөтгөлийг 30 хоногийн дотор шийдвэрлэх арга хэмжээ авах учиртай ч дээрх барилгын ажил одоо хүртэл үргэлжилсээр л байна. Иргэдийг эрсдэлд оруулсан барилгын энэ зөрчлөөс болж барилгын юм уу зам тээврийн осол гарвал торгуулийн 250 мянгаар эрдэнэт хүний амь насыг хэмжих үү.

С.Өсөхбаяр

Newscom.mn