Иргэдийг орон сууцжуулах үүднээс найман хувийн зээлд хамруулсан. Уг зээлээр нэлээд айл өрх орон сууцтай болсон. Харин зээл авах санхүүгийн боломжгүй иргэд үүнд хамрагдаж чадахгүй байгаа юм. Тэгвэл 22.9 мянган өрх бусдын орон сууцыг түрээслэн амьдардаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээр өрхийг өөрийн гэсэн байртай болох боломжтой болтол хямд үнэтэй түрээсийн орон сууцаар хангах ажлын эхлэлийг өнгөрсөн онд Засгийн газраас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан.

Энэ тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар Улаанбаатар болон орон нутагт барьж ашиглалтад оруулсан 929 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Тэгвэл энэ хөтөлбөр гуравдугаар сарын 01-нээс эхлэх юм байна.

Энэхүү хөтөлбөрт орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн нөхцөлийг хангаж чадахгүй байгаа буюу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 нь бүрдээгүй, бага, дунд орлоготой / амьжиргааны төвшингийн 3-10 дугаар бүлэгт хамаарах/ иргэд хамрагдана.

Улаанбаатар хотод 16 мянга, орон нутагт 4,000 айлын орон сууцны барилга барихаар төлөвлөж байгаа аж. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг 200-280 мянган төгрөг, /1 мкв -6.500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1 мкв- 4.500 төгрөг/ , /нэг байрны мкв-30-50/ байхаар үнийг нь тогтоосон. Харин уг үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар журамд тусгаж өгчээ.

Одоогийн байдлаар Архангай аймагт 120, Увсад 84, Дархан-Уулд 83, Сэлэнгийн Зүүнхараад 90, Хэнтий аймгийн төв, Мандалговь, Ховд аймагт тус бүр 96, Хэнтий аймгийн Бор-Өндөрт 16 Харин Улаанбаатар хотод “Буянт-Ухаа-2” хорооллын 39, 49 дүгээр байранд хоёр өрөө 350 айлын орон сууцыг түрээслүүлэх журмыг Барилга хот байгуулалтын яамнаас гаргалаа.