Монголын, үндэсний олон нийтийн телевиз “бөмбөгдөлтөд өртжээ” гэвэл босон харайх хүн хэдэн мянгаараа байж таарна.

Харин энэ бөмбөгдөлт нь уран бүтээлчид буюу сэтгүүлчдэд туссан дарга, удирдлагуудын “тэсэлгээ” байсан гэхээр дуугарах хүн гарахгүй нь хачирхалтай. Эрх мэдэл гэдэг ийм л хүчтэй байдаг аж. Олон нийтийн гэх тодотголтой, тусдаа бие даасан хуультай энэ газарт сэтгүүлчдийн эрх “хөлийн гишгүүр” болж, нам дагаж, эрх мэдэлд хүрсэн нөхөд оодорч байхад таг чиг байдаг нь юуны учир. “Том артай хүнд хэлэх үг олддоггүй” гэдэг л энэ байх.

Нээрэн юун “бөмбөгдөлт, тэсэлгээ”. Тэнд юу болоод байна вэ, гэж үү. Ердөө нэг жишээ. Ажлаар хэд хоног гадагш явж ирээд өнөө л сурсан зангаараа үндэсний телевизээ үзэхээр суваг тааруулав. Б.Чоймаа багшийн монгол бичгийн цаг гарч байх. “Хуучнаа сэргээж дээ, энэ нэвтрүүлэгт ч зорилтот бүлэг бий шүү” ухааны юм бодсоор цаг харвал “Цагийн хүрд” гарах болчихож. Эргэлзээд, дахин ддиш тв нэг дээр суваг тааруулбал өнөөх л монгол бичгийн цаг. Нөхрөөсөө асуувал “Хэд хоногийн өмнөөс Цагийн хүрдийг хайгаад олохгүй байгаа” гэх нь тэр. Үндэсний телевизийн мэдээ үзэхээр гэрт болсон яриа ингэсгээд өндөрлөв. Ажил дээрээ ирээд өнөөх л эрлээ олохоор чих тавьбал ганц би ч гэлтгүй “Цагийн хүрд”-ийг хайсан хүн хаа сайгүй байна. Ийнхүү ухаан орсон цагаасаа үзэж ирсэн олон нийтийн телевизийн мэдээний цаг байхгүй, бас энэ телевизийн лого өөрчлөгдөж, утга агуулга гэх юмгүй болсон талаар цахимаар нэг шуугиж байхыг хараад бяцхан эрэлд гарсан маань эрх мэдлийн өмнө хаашаа ч үгүй болох нь тэр. Сураг сонсох нь ээ “шинэ багийн” хийж байгаа ажил юм гэнэ. “Шинэ багийн” ч гэж Ц.Оюундарийн хийж байгаа ажил гээд хэлчихэд буруудахгүй. Учир нь Үндэсний, олон нийтийн гэх тодотголтой, бас бие даасан хуультай ганцхан хэвлэл мэдээллийн байгууллага нь эднийх. Гэтэл энэ байгууллагын даргаар АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнийг томилсон нь үндсэн статусыг нь шууд алдагдуулсан. Ц.Оюундарь энэ байгууллагын “босс” болсноор энэ телевиз олон нийтийнх биш Ардчилсан намынх болсон гэвэл хилс болохгүй. Олон нийтийн, тэгээд татвар авдаг телевизээ бид өргөн нэвтрүүлгийн сувгаар л үзэж, мэдээ мэдээллээ олж авах учиртай. Гэтэл энэ эрх хаана байна вэ. Олон нийтийн гэх тодотголын утга учир чухам энд л оршдог атал та, бидний энэ эрхэд юуны учир саад хийв. Энэ бол үндэсний телевизийг кабелынх болгож байгаагаас өөрцгүй шийдэл. Цаашилбал, үндэсний эрх ашиг, оюун санааг тээж явдаг учраас уран бүтээлийн мэргэжлийн байгууллага улс төрөөс ангид байх учиртай. Гэтэл юу юугүй улстөртэй хутгасны жишээ нь энэ.

Тийм ч учраас “дээрээсээ удирдлагатай” босс хүүхэн энэ телевизийг хүссэнээрээ бужигнуулж байхад дуугарах хүн олдохгүй байх жишээтэй. Арга ч үгүй, засаг барьж байгаа “бяр”-тай хүмүүсийн талаар ам нээх хүн олон гарахгүй нь ойлгомжтой. Тиймээс ч миний л мэдэхийн сүүлийн жил гаруйн хугацаанд энэ телевизэд нэлээд хөдөлгөөн орсон. Энэ нь дандаа дарга нартай холбоотой. Хэдийгээр аль нэг дарга солигдоход багийнх нь хүмүүс дагалддаг бичигдээгүй хууль хаа сайгүй байдаг ч ямар ч салбарт мэргэшсэн, туршлагатай боловсон хүчин, баг гэж бий. Тэднийг хэн нэг нь нааш цааш болгоод байх нь утгагүй. Хэрвээ нэг даргын гарын үзүүрт ажилгүй болдог бол ерөөсөө аль ч салбарт мэргэшихийн хэрэг юу байна. Тэгээд ч мэргэжилтэй боловсон хүчин гэдэг аливаа албан байгууллагын суурь бааз байх учиртай. Харин энэ энгийн зарчим МҮОНРТ-д алдагдаж эхэлжээ. “Цагийн хүрд”-ийн тухайд “Монголын мэдээ” буюу хоёрдугаар сувгаар удахгүй гарах гэнэ. Энэ бол үндсэндээ үндэсний телевизийн рейтингийг навс унагах ажиллагаа. Цаашдаа телевизийн салбарт МҮОНТ-ийн чимээ ч гарахгүй болохын эхлэл. Хамгийн наад захын жишээ татахад телевизүүдийн рейтинг судалгаанд Үндэсний телевиз тогтмол толгойлдог байсан. Харин телевизийн бодлого, дарга нарын хандлага энэ чигээрээ үргэлжилбэл рейтинг судалгаанд тоос нь ч байхгүй болохын эхлэл гэж харж болохоор байна. Нэгдүгээр сувгийнхаа хамаг өнгөтэй өөдтэйг халсан, эсвэл хоёрдугаар суваг буюу “Монголын мэдээ” рүүгээ шилжүүлсэн нь шинэ суваг руугаа үзэгч татах бодлого ч гэлээ өнөөх л өргөн нэвтрүүлгийн сувгаар гол мэдээллээ хүлээж авар иргэдийн эрхэд халдсан явдал. Тэгээд ч хүн шинэ зүйлд дасахаас илүү хуучнаа эрэлхийлдэг нь гэм биш зан. Хэдийгээр хаагуураа, юугаа гаргах нь телевизийн бодлогын асуудал ч гэлээ би татвар төлөгч, үзэгчийн хувиар энэ мэт санаа бодлоо илэрхийлэх эрхээ эдэлснийг энд дуулгая. Ингээд зарим жишээг татвал, шинэ оны босгон дээр төр хайр хишгээ хүртээж, “Алтан гадас” одонгоор энгэрийг нь мялаасан, Ж.Алтангэрэл цааашид парламентыг сурвалжлахааргүй болсон гэнэ. Муухан гишүүнээс илүү, “77 дахь гишүүн” гэгддэг түүнд одоо парламентын сурвалжлагч гэх тодотгол байхгүй болжээ. Парламентын сурвалжлгачдаас үеэрхэлдээ үнэнч үлдсэн, дөрөв дэх жилдээ парламентын үйл ажиллагааг сурвалжилж, төрөөс гарч буй хууль, тогтоол, шийдвэрийн үнэн мөнийг үзэгчдэд хүргэхийн төлөө махран зүтгэдэг түүнийг шагнадаггүй юм гэхэд “шийтгэдэг” нь юуны учир вэ. Сэтгүүлч хүн, дассан газраа, микрофоноо бариад явахгүй болсон нь түүнд хэчнээн гонсгор санагдаа бол. Дуртай ажлаа хийхгүй байна гэдэг шийтгэлээс ялгаа юун. Цаашилбал, олны танил, Үндэсний телевизийн автор болсон туршлагатай сэтгүүлчид эфирт бараг харагдахаа болив. Энэ бол ердөө нэг л жишээ. Ухаж төнхөөд, дурдаад байвал шинэ дарга нарын хөлд эрхээ зөрчүүлж байгаа сэтгүүлч тэнд олон байгаа гэсэн. Харамсалтай нь энэ хачин бодлого цаашид ч үргэлжлэх бөгөөд цөөнгүй сэтгүүлчийг халах сураг ч дуулдана билээ.

Үнэндээ үндэсний телевизээс үзэх юм олдохоо ч больсныг удирдлагуудад нь дуулгая. Хэдий сонгуулийн жил, эрх мэдэлтэй байгаа ч гэлээ бие даасан хуультай, төр түмэнд данстай телевизийг удирдаж буйгаа ухаарч наанатай цаанатай хандахгүй бол хожим “Олон нийтийн ганц телевизийн амыг барьсан” гэх тодотголыг нэрийнхээ өмнө зүүхвий. Аль нэг хувийн компани, аж ахуйн нэгжийг шинэ дарга бужигнуулж гэвэл үнэндээ бидэнд падгүй асуудал. Харин МҮОНРТ гэх онцгой статустай газрыг ингэж самарч буй нь олон нийтийн оюун санаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, дуу хоолойг нь барьж байгаагаас ялгаагүй мэт санагдана. АН-ынхан засаг барьж байх хугацаанда самраагүй салбар, бужигнуулаагүй булан тохой гэж үлдсэнгүй гэх яриа гарч л байдаг. Нээрэн ч бодлогын алдаанаас гарсан балаг энд хэдийг л бол хэдийг дурдаж болно. Гэхдээ тэдэнд хүрэхгүй салбар, бужигнуулахгүй айл гэж баймаар. Үндэсний телевизийг хүртэл ингэж самрах хэрэг үү.