Ардчилсан хувьсгал ялсны дараахан Ю.Цэдэнбалыг хаана оршуулах талаар Монголын төр хуралдахад “Төр нь тэргүүнээсээ нүүр буруулж, төмөр нүүрээ харуулж байгаа бол арми нь маршалаа авъя...” гэж ёсолчихоод гарч одсон тухайн үеийн Батлан хам­гаалахын сайд, генерал Ш.Жадамба хүн чанар, төрт ёсыг түүхэнд сийлжээ. Шавилхан биетэй буурал генералыг уудам дэлгэр эх орноо сэтгэл зүрхэндээ багтаан, ган зуд, өвчин тахал, гал усны гашуун зовлонд элэг зүрхээ эмтлэн явсан жинхэнэ монгол эр гэх юм билээ. Ю.Цэдэнбал агсны сүүлчийн замд Ш.Жадамба генерал л ганцаараа өмөлзөж, түшсэн тэр хурлаар Ардын их хурлын зарим депутат “Өвгөнийг Орост нь оршуул. Монголд авчрах хэрэггүй. Бөөн зардал чирэгдэл...” гэхчилэн сэлбүүрдсэн нь чухам өнөөгийн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтонгууд төрийн эрхэнд гарах үр хөврөлийн эхэн байв. Ардчилал гэх “залуухан” үгээр чамирхан хөөрцөглөгсөдийн нийгэм цаг үед Монгол Улсын иргэний нас биед хүрч, дөрвөн жилийн дараа сэтгүүл зүйн бакалаврын диплом өвөрлөн чухамдаа 1990-ээд оны өөрчлөлтөөс хойш бие хүн болон төлөвшсөн ч “хуучинсаг” үзэлтэй миний дотор хүний үзэхээр одоогийн ороо бусгаа цагийн салхи яг л тэр Ардын их хурлын депутатуудын ааш аягт хувирсан мэдрэгдэж жихүүдэс төрнө. Сүүлийн үед од гаригсийн зурхайгаар жил жилүүдийг тодруулах үгс хүртэл уржнан согтууруулагч, өнөө жил галзууруулагч, ирэх жил муу нүүрт гээд юун ч доогьтой юм. Өр, зээлийн түүх нь энэ цагийн түшээдийг ёстой л эхэндээ согтууруулж, дундаа галзууруулж, адаг сүүлдээ муу нүүрээ үзүүлэх жил рүүгээ аргагүй орж байх шиг. Ингэж дампууртлаа ардчилал нэрээр хийрхэх, ах захгүй, эмх замбараагүйтлийн эхлэл болсон жилүүдэд Ш.Жадамба генералын өнгө будаггүй, хиймэл дүргүй, хүчирхэг "голос"-оор хамгаалуулж байсан Батлан хамгаалах салбарыг өнөөгийн Ц.Цолмон мэтийн цайчихсан нөхөд самарчихаад буцдаг жишиг тогтоод 30 шахам жил рүү хэдийнэ хэвийжээ.

 

Цэргийнхэн лидерүүдээ үгүйлдэг болов

 

2007 оны зургадугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар явсан ОБЕГ-ын 15 албан хаагч “Ми- 8” нисдэг тэрэгний ослоор амиа алдахад тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболд Засгийн газрын гурван сайдыг огцруулах саналаа УИХ-д оруулж байсан. Тэр их гашуудлын үеэр “Борчуудын хүүхэд цэрэг, цагдаа, аврагч болдог...” гэсэн харуусал, халаглал нийгэм даяар хадсансан. Энэ “Ми-8” гэдэг нисдэг тэрэг яасан ч осолдож дуусдаггүй юм. Саяхан ч бас л осолдож. Гэхдээ муу удирдлага, салбараа мэдэхгүй сайдын бусад хувийн эрх ашигтаа анхаараад жинхэнэ хийх ёстой ажилаа хамаарч хүчрэхгүйгээс үүдсэн санаатай шахам осол. Нэг хүн амь үрэгдэж, арав шахам нь хүнд, хөнгөн гэмтсэнийг “2007 оных шиг 15-уулаа үхээгүйд баярла...” гэсэн шиг сайд Ц.Цолмон үл тоосон учраас хариуцлага тооцсон нэрээр далимдуулаад бараг халаасандаа байсан хүмүүсээ албан тушаалд тавиад өнгөрчээ. Нисдэг тэрэг хөөрөх зурвасаас 310 метр орчим өндрөөс гэнэт хажуу талаараа унасан шалтгааныг яамны холбогдох албаныхан онгоцны баталгаат хугацаа дууссантай холбосон. Одоо “Ми-8” дахиад ч осолдохыг мэргэжлийнхэн үгүйсгэхгүй байгаад хамаг учир бий. Уг нь 2008 онд ОХУ-аас бэлгэнд ирсэн “Ми-24”, “Ми-8” онгоцны засвар хоорондын баталгаат хугацаа дуусч нислэг зогсчээ. Ийн сүүлд осолдсон “Ми-8” нисдэг тэрэгний онгоц хоорондын баталгаат хугацаа дууссан байхад БХЯ-ны удирдлагууд доод тушаалынхнаа шаардсаар байгаад “Ми- 24”, “Ми-8” онгоцуудыг нисгэж, олон эрсийн амь нас, эрүүл мэндээр тогложээ.

 

Монголын Батлан хамгаалах салбар хүчирхэг байсан үеийн Ш.Жадамба генерал армийн бүх шатны сургууль, албыг дүүргэж, цэргийн эрдэмд төгс боловсорсон жинхэнэ эх орны цэрэг байж. Махруу дайчин шаргуу, нягт нямбай, энгүй хөдөлмөрч тэрбээр суралцсан цэрэг, хүчний сургууль бүрээ алтан тэмдэгтэй дүүргэж, хашсан албан тушаал бүртээ бүтээсэн гавъяа хэлэх үгтэй байж цэрэг армийнхаа төлөө хатуу чанд тэмцдэг, хамгаалдаг генерал байж. Ш.Жадамба хээрийн дадлага, сургууль буудлага жолоодлогын талбайд офицер, цэргүүдтэйгээ халуун, хүйтнээс халшрахгүй ихэнх цагаа өнгөрүүлдэг байв. Түүний удирдсан хээрийн томоохон сургууль, дадлага, бүтээж туурвисан ном, илтгэл, өгүүлэл, дүрэм журам, зөвлөмжүүд нь энэ салбарын хөтөч гэгдэх юм. Монголын ардын армийг өргөтгөн зохион байгуулах нь Ш.Жадамба генерал, түүний хамтран зүтгэгчдээс хичээл зүтгэл, эр зориг, тэвчээр хатуужил шаардсан ажил байжээ. Ш.Жадамба, Л.Моломжамц, Ч.Пүрэвдорж, Р.Гаваа, Ц.Дашзэвэг, П.Мөнхдорж нарын цэргийн шилдэг дарга нар зэвсэгт хүчнээ хүмүүнлэг шинэ цагийн зорилгод нийцүүлэн өөрчлөн байгуулах цаг ирснийг эрт ойлгосон байжээ.

 

Н.Энхбаярт төлсөн “өр”

 

Ц.Цолмон сайдын дараагийн балаг боловсон хүчний бодлогод нь үргэлжилсэн. БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга хурандаа Д.Мөнх-Очирын эзгүйд албыг нь өөрийн “дагуул”, архитекторч Ж.Алтансүх найздаа “бэлэглэжээ”. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушын айлчлалд орчуулагчаар оржбайсан хурандаа Д.Мөнх-Очир цэргийн хэргийн боловсрол өндөртэй гэгддэг аж. Мөн БХЯ-ны Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, бригадын генерал Д.Энхбаатарыг “явуулж” албыг Э.Бямбажавт “гардуулжээ”. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад дэд хурандаа Э.Бямбажав хамгаалалтын ажил­тан нь байсан. Намын даргадаа төлсөн Ц.Цолмонгийн “өр” ганц Э.Бямбажаваар тогтсонгүй. ОХУ-д цэргийн дүрэмт хувцасны дизайнер, эдийн засагчаар тусгайлан бэлтгэгдсэн дэд хурандаа Ж.Баясгаланг “Бөртэ” ТӨҮГ-ын даргаас үндэслэлгүй чөлөөлж, тэр жил Н.Энхбаярын төлөөнөө өлсгөлөн зарласан н.Дуламсүрэнг хүчээр томилов. Үйлд­вэрийг одоо МАХН-ын гишүүд, дэмжигчдийн байр болгож буй нь их л хэл ам таталдаг сурагтай. Мөн л МАХН-ын сонгуульд үйлчилснийхээ шанд дуучин Н.Гантулга Зэвсэгт хүчний ЦДБЭЧ-ын даргаар томилогджээ. Асашёорюүгийн хадам ээжтэй холбогдсоноороо бараг илүү танигдсан Н.Гантулга Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүхийг ажлаас нь халуулан байж орыг нь авсан. Амташсан хэрээ 13 дахихын үлгэрээр яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарыг Засгийн газрын шийдвэргүйгээр өөрчилж, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батсайханыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Н.Энхбаярт өр төлөөд зогсохгүй хууль зөрчин байж Ч.Сайханбилэгийн ч хүслийг гүйцээн Ц.Цолмон жинхэнэ баруун солгойгүй “наймаалцаж” байна. Б.Батсайхан өмнө нь БХЯ-наас томилсон газарт яваагүй учир 1999 онд хурандаа цолоо хураалгаж, цэргийн албанаас хөөгдсөн нэгэн гэсэн. Түүгээр ч үл барам БНСУ-ын цэргийн дунд тушаа­лын алба хаагчдыг бэлт­гэдэг “Хошуучийн” хэмээх сургуульд хурандаа цолтой очиж, солонгосчуудын нү­дийг бүлтийлгэж байсан гэдэг. Хамгийн ноцтой нь тус сургуульд сурч байхдаа Мон­голд өөрийгөө улс төрийн талаар хавчигдаж буй мэтээр ойлгуулан шашны нэгэн сүмийн ивээлд амьдарч, улс орныхоо нэрийг унагаж явсан гэсэн яриа байдаг гэх.

 

Магадгүй, Ц.Цолмон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, түүний хүргэн Г.Дэнзэнд “атаархсан уу” өөрийнхөө хүргэн Б.Алтан­гэрэлийг “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” Төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилжээ. Авлигатай тэмцэх газар одоо ч хадам аав, хүргэн хоёрыг шалгаж байгаа. Б.Алтангэрэлийг БХАҮН-ийн дарга болгосноос хойш тус яам болон харьяа байгууллагуудаас нь зарласан бүх тендерийг энэ нэгдэл авах болж. Түрүү жилийн эхний арван сарын байдлаар гэхэд л БХЯ-наас зарласан 39 багц бүхий 1.7 тэрбум төгрөгийн тендерт хүргэнийх нь удирдсан нэгдлийн шалгарсан нийт өртөг 37 тэрбум төгрөг давсан санхүүгийн баримт байдаг. Олон улсын ха­рилцааны мэргэжилтэй, биз­несийн удирлагаар Англид суралцсан, УИХ-ын гишүүний сэнтийнх нь зөвлөх байсан 1981 оны “зулзага” Б.Алтангэрэл хадам аавынхаа татаасаар олон тэрбумд эзэн сууж, жинхэнээсээ Алтанхуягийн Дэн­зэнгийн хойд дүр болоотохлоо. Ц.Цолмонгийн гэр бүлийнхэндээ батлан хамгаалах салбараас найр тавих ааль бүр эхнэрээрээ үргэлжилсэн. Эхнэрээ төсвийн мөнгөөр Францад айлчлуулсныг тогтоон, уг мөнгийг нөхөн гаргуулж, төсөвт буцаан төлүүлэхийг АТГ-аас үүрэгджээ. Төрийн түмэн нүднээс мултарч чадаагүй сайдын эхнэр хаширсангүй Т.Мөнхнасан гэх төрсөн дүүгээ бас тус яаманд өндөрт гаргуулав. Шүүхийн шийдвэр гүй­цэтгэх газар, Онцгой байд­лын газарт ажиллаж байсан Т.Мөнхнасан одоо яамны Бодлогын хэрэгжил­тийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн бөгөөд Тендерийн хорооны нарийн бичгийн дарга.

 

Тэгвэл Ш.Жадамба генералын үед Батлан хамгаалах салбарын боловсон хүчний бодлого ямар байсан бол? Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай агсан “Монгол Улсын Засгийн газарт Ш.Жадамбатай хамтран ажилласан тэр цагт цэргийн номлолыг цоо шинээр гаргах шаардлагатай онцгой үе. Олон тулгуурт гадаад бодлого, нээлттэй эдийн засаг, цэргийн аль нэг эвсэл бүлэглэлд орохгүйгээр өөрийгөө хамгаалах авсаархан, чадварлаг зэвсэгт хүчинтэй байж тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалах ёстой цоо шинэ нөхцөл байдал байв. Эдгээрийг цогцолбороор авч үзэн, шинэ Үндсэн хуулийн нөхцөл дэх олон улсын орчинд цэргийн ямар номлолтой байхыг Ш.Жадамба шууд удирдан боловсруулсан. Тэр ажлын төлөө төрж, өсч, хүмүүжиж, амьдарч явсан хүн. Төр, олон түмний хүлээлгэсэн хариуцлагийг биелүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчилдаг, өөр юманд самуурдаггүй хүн...” гэжээ. Үнэхээр 1990-ээд оны эхээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын төсөл боловсруулагдаж, Ш.Жадамба нарын санаачлага, чармайлтаар шинэ Үндсэн хуульд Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байхыг тунхагласан. 1993 онд Батлан хамгаалахын тухай, Бүх нийтийн цэргийн үүрэг, цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай, 1994 онд “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”, “Төрийн цэргийн номлол” хэмээх баримт бичгийг УИХ баталсан. Тухайлбал, “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль” батлагдсанаар гавъяаныхаа амралтад гарах албан хаагчдын тэтгэвэр тэтгэмж авах эрх, нэг удаагийн тэтгэмжийн хугацаа, журам хуульчлагдаж армийнхны нийгмийн хамгаалал, эрх зүйн баталгаа бүрджээ. Эцсийн үр дүндээ Монгол Улс социализмын дараах гэгддэг орнуудаас, бүр ОХУ-аас ч түрүүлж батлан хамгаалах тогтолцоогоо шинэчлэн, зэвсэгт хүчний төрийн захиргааны болон цэргийн мэргэжлийн удирдлагын ялгааг тогтоож, цэргийн байгууллагад тавих иргэний хяналтын үндсийг бий болгожээ.

 

Хилийн хориотой зурваст геологи хайгуулын ажил хийх нь үү?

 

Ц.Цолмон эдийн засгийн ашиг сонирхолдоо улайрсан байна. Мэргэжлийн албан хаагчдыг зарим тохиолдолд илт хууль зөрчсөн ажил хийхийг шаардаж, эс биелүүлбэл хавчин шахаж байна. Яамны тамга, санхүүгийн гарын үсгийг хуулийн дагуу хадгалах ёстой албан тушаалтнаас хэсэг хугацаанд хураан авч, тэр хооронд яамны­хаа бичиг хэргээр санаатай, санамсаргүйгээр дамжуулал­гүй, бусад байгууллага руу 14 албан бичиг нууцаар явуулсан нь түмний нүднээс нуугдсангүй. Тухайлбал, Хил хамгаалах ерөнхий газарт хандан хилийн хориотой зурваст геологи хайгуулын ажил эрхэлж, алтны уурхай авах тухай албан бичгийг яамныхаа нэрийн өмнөөс явуулжээ. Түүнийг сайдаар томилогдоход яамны “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-д есөн тэрбум төгрөг байсан бол тамга, тэмдэгээ авангуутаа барилгын төсөвт өртгийн 30 хувь буюу 960 сая төгрөг гаргахыг хууль зөрчин тушаажээ. Лу.Болдын үед эхлүүлээд одоо ч ашиглалтад ороогүй 300 айлын орон сууц шиг болох вий хэмээн болгоомжилж, анхааруулсан газар, хэлтсийн дарга нарынхаа үгийг тоолгүй 089 дүгээр ангийн хашаанд “Цэрэг орд” хотхон байгуулахаар газар чөлөөлөх, ерөнхий гүйцэтгэгчийг томилуулахаар Б.Алтангэрэл хүргэндээ лүндэн буулгажээ. Өнөөдөр Улаанбаатарт 3000 шахам айлын орон сууц ашиглалтад орчихсон ч эзэнгүй, худалдан авагчгүй учраас хямдарсаар байхад “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гаас мөнгө гаргахын дон шүгэлсэн Ц.Цолмон мөн Налайх дахь Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хашаанд ч барилгын суурь ухуулаад эхэлж. Ийм мөнгийг Төрийн нарийн З.Болдбаатар олгуулаагvйгээс чөлөөлөгдсөн гэх юм.

 

Ийм сайдтай харьцуулаад байгаа хүчирхэг цагийн сайд, генерал Ш.Жадамба шударга, жудагтай эр байж. Ямар сайндаа л түүний хүү “Жил бүхэн хоёроос гурван хүн манайд өвөлждөг байсан болохоор орон дээр унтаж үзээгүй. Газар л зулаад өгдөг хүүхдүүд байлаа...” гэж дурсахав. Цэргийн л хүн, армийн л ажилаар бол хар элгийн байсан ч бөөрөндөө наан, гэртээ ч өвөлжүүлэх чинээний хээгүй, салбарынхаа төлөө жудагтай зүтгэжээ. Ингэж л тэр зэвсэгт хүчнийг хөгжүүлэх нь бүү хэл тогтоон барих хөрөнгө, мөнгөөр гачигдсан, ад шоо үзэгдсэн армийнхаа ноён нурууг хугалалгүй үлдээжээ. Цэргийн эрдэм судлал, сургалт, соёл урлагийн байгууллагуудыг хөгжүүлэхэд ч Ш.Жадамба генералын хувь нэмэр үлэмж их. Түүний өөрөө санаачилж, нойр хоолоо хугаслан зүтгэсний хүчинд Монгол Улсын Зэвсэгт хүчин эрдэм шинжилгээний байгууллага, үндэсний цэргийн академи, өөрийн гэсэн музейгээр хөрөнгө, “зоорь” хангалттай нэмжээ. "Эх орны цэрэг" яруу найргийн наадмыг санаачлан, анхныхад нь "Жанжин Дэмидийн тарьсан мод" шүлэг тэргүүн байр эзлэхэд сайд, дэслэгч генерал Ш.Жадамба өөрөө цом, тухайн үеийн 300 төгрөгөөр шагнаж байжээ. Энэ соёлын санаачлагаар тусгаар тогтнол, эрх чөлөөний тухай олон шилдэг дуулал шүлэг төрөн гарч жанжин тугийг баярлуулж, жагсаалын цэргийг бахархуулсан.

 

Өөрийн цэргийг олигтой тэжээж чадахгүй бол хүний цэргийг хүчээр тэжээнэ

 

Цаг үе нь хүчирхэг хүмүүсийг бүтээдэггүй. Харин хүчирхэг хүмүүс өөрсдөө цаг үеээ үнэ цэнэтэй болгодог ажээ. Өнөөгийн төрийн түшээд чухам хэзээнээс ч юм хүчирхэг нь бүү хэл сул, хувийн ашиг сонирхолтойгоосоо болж элдэвлүүлдэгт ард түмэн дөжирсөн ч “шийдсэн” Засгийн газрын хаалгаар орж ирсэн жинхэнэ шидлийн эр бол Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болохыг дээрх баримтууд баталлаа. Тэр анх МАХН-ын гишүүн байхдаа ОХУ-д Элчин сайдаар суусан. 1990-ээд оны бужигнаанаар түүний улстөрийн итгэл үнэмшил ч бужигнаж, улстөрөө наймаалцаан болгож ашиглахаар шулуудан “Эрэл”-ийн намд давхиж очсон. Төд удалгүй АН-ын рекетчин фракц МҮДН-д шургалж амжсан ч яг өнөөдрийн байдлаар буцаад МАХН нэрээр “өмчилсөн” яамаа хувийн эд хөрөнгө, эдлэл хэрэгсэл мэт үгсэн хуйвалдаж үрж, зарж сууна. Олон жилийн өмнө ОХУ-д суух Элчингийн виз өгсөн үеийнхээсээ утга агуулга, үзэл зарчим нь өөрчлөгдчихсөн ч өдгөө дахиад л Батлан хамгаалахын сайдын тушаалд хүргэх МАХН гэдэг үг, нэр, нам ноён Ц.Цолмонд ямар өртэй юм бол? МАХН хэрэв хүн юмсан бол хэдий насныхаа үйлийн үрээр улстөрийн панзчин Ц.Цолмонд ийн үйлчилнэ вэ гэхсэн.

 

Дэлхийн аль ч улсад хүлээх хариуцлага, ачаалал, чиг үүргийнхээ хувьд төрийн байгуулалтын институцийн дотор хэзээд тэргүүн эгнээнд эрэмбэлэгддэг, тийм ч байх учиртай Батлан хамгаалах салбарын мэргэжлийн, бэлтгэгдсэн боловсон хүчнийг Монгол Улсын төр адлаж, Ц.Цолмон нарын зугаа болгоод олон жил өнгөрөв. “Өөрийн цэргийг олигтой тэжээж чадахгүй бол хүний цэргийг хүчээр тэжээнэ” гэдэг цаг ойрхон мэт харагдах юутай гашуун.

 

Б.ХАЖИДМАА