Манай улс цөөхөн хүн амтай ч монополь компани хэтэрхий олонтой. Эдгээрийн нэг нь ”Мобиком” корпораци гэдэгтэй маргах хүн гарахгүй л байх болов уу. Ийн хэлхийн учир нь тус компани давуу эрхээ алдахгүйн тулд янз бүрийн маркетингуудыг өнгөрсөн хугацаанд хийж байсныг хүн бүхэн мэдэх билээ. Яг үнэндээ тус компани бусад оператор компаниудаас илүү өндөр төлбөрийг хэрэглэгчдээс авдаг хэрнээ хэрэгцээ шаардлагыг нь хангаж чаддаггүй олон баримтуудыг хэрэглэгчид хэвлэлээс олонтаа уншиж байсан. Тэгвэл тус компанийн бас нэгэн увайгүй үйлдлийн талаар баримттайгаар хүргье.

“Мобиком”-д ШӨХТГ-аас шалгалт хийж 2.3 тэрбум төгрөгийн торгууль тавьжээ

“Мобиком- компани урьдчилсан төлбөрт 94хх-тэй шинэ дугааруудыг 20 төгрөгөөр худалдаж хэрэглэгчдийн нүдийг орой дээр нь гаргаж байсныг уншигчид санаж байгаа байх. Энэхүү үйлчилгээ нь энэ оныг хүртэл дотны нэг хүнтэйгээ хязгааргүй ярьж, мессэж бичих эрхийг бэлэглэхээс гадна үйлчилгээний 90 хоног дагалдуулж хэрэглэгчдийг хуйлруулах шиг болж байсан. Тэгвэл эдний уг үйлчилгээ нь бусад үүрэн телефоны оператор компаниудаа зах зээлээс шахаж гаргах нэгэн төлөвлөгөө байсан аж. Тус компанийн явуулж буй энэ төрлийн үйлчилгээг зах зээл хөгжсөн барууны өндөр хөгжилтэй орнуудад онцгой анхаардаг байна. Учир нь том, том компаниуд зах зээл дээр дангаар ноёрхохын тулд бусад жижиг компаниудыг зах зээлд орж ирэхийг нь хаагаад зогсохгүй шахаж гаргахыг оролддог учраас энэ төрлийн үйлчилгээ нь хатуу хяналт шалгалтын дор явагддаг аж. Гэтэл тус компани 20 төгрөгөөр хамгийн хямд дугаар зарна гэж иргэдийг төөрөгдөлд оруулаад зогсохгүй бусад компаниудаа зах зээлээс хөөн гаргах супер гэмээр нэгэн төлөвлөгөө боловсруулсан нь төрийн байгууллагын анхааралд орж 2.3 тэрбум төгрөгөөр торгуулахаар болжээ.

Зах зээлд дангаар ноёрхохыг илүүд үзжээ

Ингээд Өрсөлдөөний тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх 11/3694 дугаартай албан бичгийн хариу тайлбарт “Мобиком” дараах хариу тайлбарыг ШӨХТГ-т гаргаж байжээ. Тэд “Урамшуулалд хамрагдаж буй хэрэглэгчийн тухайн дугаар нь 90 хоногийн хүчинтэй байх ба үүнд нэгж дагалдахгүй буюу 0 төгрөгийн данстай байна. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн шинэ дугаар авч буй хэрэглэгчид үзүүлэх урамшуулал бөгөөд хэрэглэгч үйлчилгээ авахын тулд заавал мөнгө төлж цэнэглэлт хийх шаардлагатай тул энэ нь огт үнэгүй үйлчилгээ биш юм” гэх тайлбарыг ирүүлсэн аж.

Түүнчлэн тус компани өөрийн өртгийг Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн банкнаас гаргасан зөвлөмж, олон улсын зөвлөх компани PWC компанийн баталгаажуулж өгсөн моделийн дагуу өртгийг хуваарилах буюу FAC /fully allocat­ed cost/ аргачлалаар тооцдог, 94ххх-тэй дугаарын урамшуулал, үйлчилгээний сүлжээн доторх дараа болон урьдчилсан төлбөрт ярианы нэг минутын өөрийн өртгийг 22 төгрөг, харин бусад сүлжээнд дараа болон урьдчилсан төлбөрт ярианы нэг минутын өөрийн өртгийг 39 төгрөг байхаар тооцсон гэж мэдэгджээ.

Мобиком өрсөлдөөний тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн нь тогтоогджээ

Ингээд ШӨХТГ-аас 94хх-тэй шинэ дугаарын худалдаа, үйлчилгээ, урамшууллын үйл ажиллагааг шалгаж дараах дүгнэлтийг гаргажээ. “Хэрэглэгч үйлчилгээ авахын тулд заавал мөнгө төлж, цэнэглэлт хийх шаардлагтай” гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдалд мөнгө төлж цэнэглэлт хийлгүйгээр 20 төгрөгөөр дугаар, үйлчилгээ худалдан авч, дотны нэг хэрэглэгчтэйгээ 90 хоногийн хугацаанд үнэгүйгээр яриа хийх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, 90 хоногийн хугацаанд дотны нэг хэрэглэгчтэйгээ нэг минут тутамд 0 төгрөгөөс бага зардлаар яриа хийж, мессэж хязгааргүй бичих, бусдаас дуудлага хүлээн авч үйлчлүүлэх зэрэг боломжтой байгаа юм. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.1.4-д “Бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах” гэж заасныг зөрчсөн
байна.

Мөн тус компани нь нь урьдчилсан төлбөрт 94хх-тэй шинэ дугаар, үйлчилгээг 20 төгрөгөөр худалдаж, дотны нэг хүнтэйгээ хязгааргүй ярьж, мессэж бичих эрхийг бэлэглэхээс гадна үйлчилгээний 90 хоног дагалдуулах үйлчилгээний хүрээнд интернет, хэвлэлмэл танилцуулга, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа явуулсан байна. Гэтэл давамгай байдалтай аж ахуйн нэгж бодит зардлаас доогуур бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгон нийтэд сурталчилж байгаа нь өрсөлдөөнд харш зар сурталчилгаа болсон байна. Энэхүү үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасныг тус тус зөрчжээ.

Тиймээс

  1. “Мобиком” компанийн 94хх-тэй дугаарыг 20 төгрөгөөр худалдаалж цэнэглэлт хийхгүй тохиолдолд дотны нэг хэрэглэгчтэйгээ 90 хоногийн хугацаанд, улмаар “Мобиком корпараци” ХХК-ийн 20 жилийн ойн баяр хүртэл үнэгүйгээр яриа хийх урамшуулалт үйлчилгээг зогсоож, зөрчлийг арилгах.
  2. Бодит зардлаас доогуур бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгосон өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгааг таслан зогсоох.
  3. “Мобиком корпараци” ХХК-нд Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3”-т заасны дагуу хариуцлага ногдуулах гэжээ. Энэ нь үндсэндээ тус компанийг 2.3 тэрбум төгрөгөөр торгож буй хуулийн заалт аж. Ямартай ч холбогдох төрийн байгууллага нь тус компанийн зах зээлд дангаар ноёрхож бусад үүрэн телефоны компаниудыг зах зээлээс хөөж гаргахаар зэхэж буй шинэ төрлийн үйлчилгээг нь таслан зогсоосон боловч тус компани уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гомдол гаргаж ханджээ.

Хударгагүй гэдгээ Скайтел компанид бодитоор харуулсан явдал

Яг үнэндээ тус компанитай холбоотой маш олон ноцтой үйлдэл удаа дараа гардаг боловч шат, шатны шүүхэд хандаж асуудлыг удаашруулдаг. Хамгийн гол нь тус компанийн хамгийн увайгүй үйлдэл нь гэвэл хэрэгчлэгчдэд хамгийн хямд шинэ төрлийн үйлчилгээг явуулж байгаа мэт ойлголт төрүүлж нөгөө утгаараа буюу цаад санаа нь өөрсдтэй нь дөрөө харшуулан зах зээлд шударгаар өрсөлдөж буй үүрэн телефоны компаниудаа
бодлогоор шахаж гаргах гэж буй нь хамгийн увайгүй үйлдэл.

Энэхүү увайгүй үйлдээ тус компанийн удирдлагууд улайм цайм гаргасан бас нэгэн баримт бидний гарт байна. Тухайлбал, бүх үүрэн телефоны компаниуд хоорондоо нэг нэгнээсээ ирсэн телемаркетингийн үйлчилгээ буюу мессэж солилцон явуулдаг аж. Гэтэл Мобиком компани Скайтел компанийн мессэж үйлчилгээг өөрсдийн хэрэглэгчдийнхээ үйлчилгээнд нэвтрүүлэлгүй хударгаггүй зан гаргасан аж. Энэ талаарх гомдлыг удаа дараа Скайтел тус компанид хэлсэн боловч гомдлыг нь хүлээж авахгүй байсан гэнэ. Тиймээс скайтел компани ШӨХТГ-т гомдол гаргаж энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсчээ.

Тодруулбал, Скайтел компаниас ирсэн гомдлын талаар цухас дурьдахад “ 1/2581 дугаартай албан бичигт 90060000 дугаараас скаймедиа үйлчилгээний хэрэглэгчид рүү төлбөрийн болон үйлчилгээтэй холбоотой мэдээллийг мессежээр явуулдаг бөгөөд сүүлийн үед “Мобиком корпараци” ХХК нь бусад операторын телемаркетингийн үйлчилгээг сүлжээндээ хаасны улмаас хэрэглэгчдээс төлбөрийн болон үйлчилгээтэй холбоотой мессэж хугацаандаа ирэхгүй байгаа талаарх гомдол ирсэн. Скайтел ХХК нь “Мобиком корпараци” ХХК-ийн мэдээллийн чанартай телемаркеингийн дугааруудад ямар нэгэн хязгаарлалт тавиагүй /техникийн боломжгүй/, үйл ажиллагааг нь чөлөөтэй явуулж байгаа бөгөөд тус компанийн энэхүү үйлдэл нь өөрийн техникийн нөхцөл боломжийг ашиглан бусад оператор компаниудтай шударга өрсөлдөх нөхцлийг бүрэн хязгаарласан үйлдэл болж байна” гэжээ.

Мобиком бас л торгууль төлөхөөр болсон

Харин Мобиком компанийн зүгээс Скайтел ХХК-ийн дугаараас олон тооны мессэжүүд ирсээр байсан учраас мессэжний гарах хэрэглээг түр хаасан хэмээн гурван заалт ШӨХТГ-руу явуулжээ. Харин ШӨХТГ-аас тэдний явуулсан албан бичгийг хянаж үзээд Скайтел ХХК-ийн тусгай дугаараас илгээсэн зар сурталчилгаа, мэдээллийн шинжтэй мессэжийг хязгаарласан нь тогтоогдож байх бөгөөд энэ нь өрсөлдөөний тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.1.1-д “Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах” гэж заасныг зөрчсөн хэмээн үзжээ. Тиймээс дээрх хуулийн дагуу Скайтел ХХК-иас телемаркетингийн үйлчилгээ болох тусгай дугаараас арилжааны зориулалттай илгээсэн мессэжийг хууль зүйн үндэслэлгүйгээр хязгаарлаж буй зөрчлийг таслан зогсоох, цаашид давтан гаргахгүй байхад анхаарч ажиллах. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.1,27 дугаар зүйлийн 27.1.2-д заасны дагуу “Мобиком корпараци” ХХК-нд хариуцлага ногдуулж 10 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргажээ.

Юутай ч дөрвөн оронтой тоог 40 саяд хүргэдэг тус компанийн удирдлагууд өрсөлдөгчдөө намнаж өөрсдөө зах зээлд дангаар ноёрхохыг илүүд үзэж байгаа нь харамсалтай.

Өглөөний сонин
Р.Саруул