Энэ долоо хоногт улстөрд олон үйл явдал өрнөлөө. Түүний хамгийн их олны анхаарлыг татсан сэдэв нь "Засгийг унагаах буюу Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах" асуудал байлаа.

Улс орны хөгжлийн бодлоготой холбогдох чухал хуулийг хэлэлцэх болоход гишүүдийн ирц бүрддэггүй байсан бол энэ удаад ойрын хэдэн жил цуглаж байгаагүйгээрээ ирцээ бүрдүүлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Су.Батболд, Ж.Батсуурь, Ц.Дашдорж, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр нар Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэд Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд Монгол Улсын Засгийн газар гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, техник, эдийн засгийн үзүүлэлтээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум ам.долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн нь огцруулах үндэслэл гэж үзэж байсан юм.

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг өргөн бариад байсан. Уг саналыг 2016.01.28-ны өдрийн 16 цаг 25 минутад эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Улмаар байнгын хорооны хуралдаанд оролцсон 19 гишүүний 10 нь буюу 52.6 хувь нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон байгаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ асуудлыг цаг алдаж хойш тавилгүйгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх санал гаргасан. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулган цаг сунган хуралдсан юм.

2012-2016 онд Монголын ард түмнийг төлөөлж УИХ-д сууж байгаа гишүүд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж асуудлыг 100 хувийн ирцтэйгээр хэлэлцэв. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд нийт 52 гишүүн санал хэлж, асуулт асуусан бөгөөд хэлэлцүүлэг дуусах үеэр Монгол улсын Ерөнхийлөгч чуулганы танхимд орж ирсэн байв. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “УИХ-ын 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж болно. Гол нь дараагийн Ерөнхий сайлынхаа нэрийг цуг оруулж ирж байх хэрэгтэй” гэдгийг онцолж байсан.

Үүний дараагаар санал хураасан. Санал хураалтад 73 гишүүн оролцсноос 42 нь буюу 57.5 хувь нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг намынхан нь огцруулах шаардлагагүй гэж үзсэн тул олонхоороо авч үлдсэн юм.

 

Нийгэмд "Хатгалгаанаас болж нярайн 17.1 хувь нь эндэж байна" нийтлэл олныг цочирдуулав. Улаанбаатар хотынхны ярианд өвөл-утаа-ханиад гэх гурван үг ижилсээд удаж байна. Эргэн тойронд ах дүүс, найз нөхөд бүгд л хүүхдийнхээ ханиаданд санаа зовсон, эм тариа зөөсөн хүмүүс. Цэцэрлэгийн жаалууд бол ханиадгүй өнжинө гэж үгүй. Үр хүүхдэдээ хоолноос илүү эм өгөх нь халаг болжээ. Ханиад хүрэхгүй өсдөг хүүхэд гэж байхгүй л дээ. Гэхдээ нэг туссан ханиадыг эмчлээд долоо хонолгүй дахин өвдөж, хурдан хүндэрч, эмнэлэгт хэвтэхээс аргагүй байдалд хүрч байгаа нь өнөөдөр хүүхдийн эрүүл мэнд гамшгийн хэмжээнд хүрснийг илтгэнэ.

Хүүхдийн эрүүл саруул өсч торних ёстой хамгийн чухал нас бол 0-6 нас. Энэ үед хүүхдийн бие болоод оюун ухаан, сэтгэлзүйн хөгжил бүрэн явагддаг. Гэтэл ийм чухал насандаа байнга ханиад хүрч, дархлаа нь суларч, удаан өвдсөнөөр ужиг, архаг, хүнд хэлбэрийн өвчинтэй болох эрсдэл үүсч байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг. Тиймээс эцэг эхчүүд хэрэндээ л өвөлд бэлдэж хүүхдүүдээ зунжин агаар салхинд байлгаж, элс шороон дээр өнжүүлэх ч тус нэмэр нь багасчээ.

Хүүхэд өвдөх нь айл өрхийн эдийн засагт шууд нөлөөлдөг болсон. Нэг жишээ татая л даа. Бага насны хоёр хүүхэдтэй найз маань өвөл дүүргийн эмнэлгээс салдаггүй. Хоёр хүүхдээ ээлжилж авч хэвтэнэ, нэг удаад хоёулангийнх нь ханиад хүндэрч хатгаа болоод эмнэлэгт хүргэгдэж байсан. Тэднийд ханиадны анаферон, Baby col col, халуун буулгах нурофин, ибупрофен парацетамолын лаа, дархлаа дэмждэг Иммунал, Beferon лаа бол байнгын хэрэглээ нь шахуу. Эдгээр эмний доод үнэ 5000-аас эхлэнэ. Антибиотекийн төрлийн сиропууд 12000 төгрөгөөс дээш үнэтэй. Нэг удаагийн эм тарианд 30-50 мянган төгрөг зарцуулах энүүхэнд. Тэгээд сард 3-4 дахин өвдөх хүүхдүүдээ эмчид үзүүлж тохирох эм тариаг нь, аль л сайн гэсэн бүгдийг хэрэглэх тулд тэднийх сард багадаа 200 мянган төгрөг зарцуулдаг гэх юм. Өдөр бүр эмнэлэг явж утлага хийлгээд байж чадахгүй учраас хэдхэн хоногийн өмнө 120 мянган төгрөгөөр утлагын аппарат авсан харагдана лээ. Энэ мэт тэдний өрхийн төсвийн ихэнх нь эмийн сан руу урсана. Аравдугаар сараас гуравдугаар сар хүртэл зургаан сарын туршид Улаанбаатарын утаатай агаараар амьсгалж уушги нь үрэвссэн хүүхдүүдэд хэчнээн төрлийн эм тариа хэрэглэж биеийг нь хордуулан, хэдэн тэрбум төгрөгийн үргүй зардал айл өрхүүд гаргаж байгааг тооцоолоход бэрх. Гэтэл хоёроос олон хүүхэдтэй, олсон мөнгө нь эм тарианд бүү хэл хоол, түлшинд нь хүрэхгүй байгаа айлууд ч бий. Гэр хорооллын айл өрхүүд орлогынхоо хамгийн багадаа 40 хувийг түлшинд зарцуулдаг гэсэн тооцоог гаргасан байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

Эдийн засаг Ипотекийн зээлийн хүүг гуравдугаар сард таван хувь болгоно гэх сайхан мэдээг албаныхан дуулгав. Орон сууцны ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн олгох эрх зүйн орчин шинээр сэргэсэн. Ингэснээр сар гаруйн хугацаанд зогссон ипотекийн зээлийг арилжааны банкууд хэвийн олгож эхэллээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр хуулийн гацаа арилснаас хойш 700-аад зээлийн асуудал шийдэгдсэн бөгөөд үүнээс 100 гаруй хүнд зээл олгогдсон байна. Зээлийн журамд тодорхой өөрчлөлт ороогүй бөгөөд урьдын нөхцөл одоо хэвээр үйлчилж байна. Олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн ипотекийн зээл гацаанаас гарсан нь таатай үйл явдал. Гэвч урьдчилгаа төлбөр 30 хувиас уруудах боломжгүй юм байна. Тэгэхээр 10 хувийн урьдчилгааг мартах хэрэгтэй болох нь.

Урьдчилгаа 30 хувиа төлсөн өрхийн сарын дундаж орлого 1.3 сая төгрөг байснаар ипотекийн зээлд хамрагдаж буй. Харин урьчилгаа буурснаар шинээр зээл авах хүний тоо улам багасна гэж дийлэнх эдийн засагч үзэж байна. Харин зээлийн хүүг бууруулах нь илүү оновчтой бөгөөд үр дүнтэй аргын нэг гэсэн байр суурь түгээмэл байгаа юм. Иймд зээлийн хугацааг сунгах, найман хувийн хүүг бууруулах хувилбар үлдсэн.

Тэгвэл энэ сарын 27-нд болсон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгохтой холбоотой ажлуудыг шат дараатай хийж байгаа. Энэ оны гуравдугаар сард багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ипотектэй холбоотойгоор Монголбанкны журмууд өөрчлөгдөнө. Бидний тооцоогоор зээлийн хугацааг 17-18 болгохоор ажил байгаа ” гэсэн хариу өглөө. Тэгвэл МАН-ын бүлгийн гишүүд "Судалж байна, ажиллаж байна гэсээр тав зургаан сар болно. Үүгээр сонгуулийн шоу хийж байна" гэсэн шүүмжлэл хэлж байв.

Иргэд өөрсдийн санхүүгийн боломж, бололцоогоо зээл авахынхаа өмнө тооцоолох нь чухал. Зээлийн хугацаа 15-20 жил байх нь хамгийн тохиромжтой хувилбар. Гэхдээ зээлдэгч өөрөө сонголт хийх нь зөв. Олон улсын жишгээр ипотекийн зээл ийм л байдаг ажээ.

Спортынхон баяр мэдээ дуулгалаа. Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэлсэн. Тэмцээний эхний өдөр болсон эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд П.Орхон Японы алдарт бөх Каори Ичог 10:0-оор хожиж, тус тэмцээнд түрүүллээ. Тэрбээр Б.Шоовдор, ОХУ-ын А.Кузнецова, Балданова Екатерина нарыг ялан финалд шалгараад байсан юм.

Олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичо эхний тойрогт С.Цэрэнчимэд, хагас шигшээд Э.Гантуяаг ялаад байсан юм. П.Орхон финалын барилдаанд дайчин барилдааныг үзүүлж, Японы алдарт бөхийг буулган авснаар И.Ярыгиний Гранприд түрүүллээ.

Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа, 58 кг-ын жинд С.Цэрэнчимэд, 69 кг-ын жинд Ш.Түмэнцэцэг нар хүрэл медаль хүртэв. П.Орхоны багш "Алдар" спорт хорооны багш Ц.Хосбаяр, Ц.Цогтбаатар нар юм.

 

Урлаг: Н.Жанцанноров “Мөнгөн морин хуур”-ын эзэн боллоо

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур 2015” наадмын хүндэтгэлийн “Гала” тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. 2015 оны шилдэг дуу болон хөгжмийн зохиолчийг шалгаруулах уг наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтаас тунаж үлдсэн 25 шилдэг дуу Сочлын төвийн тайзнаа эгшиглэв. Тэдгээрээс эцсийн шатанд яруу найрагч Г.Баярын шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Бурхан халдун” дуу оны шилдэг дуугаар, АЖ, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров оны шилдэг хөгжмийн зохиолчоор тодорлоо. Тэргүүн шагналтанд Гранпри шагнал болон “Морин хуур” наадмын шилжин явах мөнгөн морин хуурыг гардуулан өгсөн юм.

Нэгдүгээр байрт яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн шүлэг, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн хөгжим “Дарьгангын хээр тал” дуу, хоёрдугаар байрт Г.Мэнд-Ооёогийн шүлэг, УГЗ Б.Бямбабаярын хөгжим “Цэцэн ханы нутаг” дуу, гуравдугаар байрт яруу найрагч Г.Мөнхцэцэгийн шүлэг, хөгжмийн зохиолч УГЗ Т.Сэр-Одын хөгжим “Тавилангийн харгуй” дуу, харин тусгай байрын шагналыг яруу найрагч Ш.Лхамноржмаагийн шүлэг, Цэн.Эрдэнэбатын аялгуу “Уйдашгүй эх орон” дуу тус тус хүртжээ.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа