Ядаж албан тушаалын хуваарилалт, нам доторх эрх мэдлийн хуваарилалтаараа хэдэн талд гараад суучихсан АН-ын фракцуудад харьяалалтай гишүүд Ерөнхийлөгчийн хуулийн төсөлд төдийлөн ач холбогдол өгөхгүй, эсрэг талд суугаа МАН-ынхан ч Төрийн тэргүүнтэй тийм ч амар гар барьчихгүй.

Түүнд бяртай явсан үе бий. Авлигын эсрэг тэмцэх асар том зорилгыг гол тугаа болгож, түүнийхээ төлөө тууштай явах акц өрнүүлж ирсэн нь түүнд эориулж алга таших шалтгаан болдог байв. Үр дүнд нь тэр Монгол хэмээх айлын Төрийн тэргүүгээр хоёр дахиа сонгогдон ажиллаж байна. Гэвч цагийн зүү эргэхтэй зэрэгцэн өдрөөс өдөрт дуусгавар болж буй бүрэн эрхийн хугацаа шигээ түүний дуу хоолой хэдийнэ бүдгэрчээ. Бүр сөөжээ.

Авлигыг хамгийн ихээр шүүмжилж, түүнтэй тэмцэх, шуцарга ёсыг тогтоох нь амь дүйсэн ажил хэмээн тодотгож явсан тэрбээр өнөөдөр “шүдгүй арслан”-гийн хэмжээнд үнэлэгдэх боллоо. Уг нь түүний гаргасан санаачилга бүр авлигатай тэмцэхтэй холбогдож, тэр хэмжээгээрээ ард түмнээс дэмжлэг авдаг байв. Гэвч бодит ажил хэрэг болохоосоо өмнө бүдгэрсээр бүр мартагдах нь энгийн үзэгдэл болсон гэлтэй.

Жишээ нь, төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа “Төрийн албаны зөвлөлийг татан буулгана. Ингэж байж төрийн албаны нүсэр бүтцийг багасгаж, илүүдэл жинг нь арилгана” хэмээн хэдэнтээ мэдэгдэж байв. Араас нь “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж төрийн албыг тогтвортой, бусдаас хараат бусаар ажиллах боломжоор хангах тухай ярьдаг байлаа. АН-ынхан ч төрийн тэргүүний санаачилгыг дэмжиж Төрийн албаны зөвлөлийг татан буулгах асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан нь саяхан. Хачирхалтай нь, АН олуулаа болж, Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа төрийн тэргүүнээр улирсан ч Төрийн албаны зөвлөлийг татан буулгасангүй. Эсрэгээрээ албан тушаалын наймаа, бялууны зүсэм хуваарилах гол хөшүүрэг нь Төрийн албаны зөвлөл болсон нь нууц биш.

Өөр нэгэн жишээ гэвэл, удтал ярьсны хүчинд УИХ-ын босго давуулсан Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг дурдаж болно. Өргөн барьсан өдрөөсөө улс төрийн намуудын дэмжлэгийг хүлээхээс илүүтэй шүүмжлэлийн бай болсон уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд АН, МАН-ынхан санал нэгтэйгээр дэмжээгүй. Уг нь нам дагаж олширдог төрийн бус байгууллагаас эхлүүлээд сүлд далбаа, бэлгэдэлийг хориглох тухай заалт бүхий бүр тодруулбал, улс төрийн намуудыг хүмүүжүүлэхээрээ онцлог хуулийн төслийг УИХ-аар шийдвэрлэсэн бш намуудын төлөвшилд чухал нөлөө үзүүлэх байв. Гэвч төрийн тэргүүний санаачлан боловсруулсан Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд төрөлх нам АН-аас эхлүүлээд сөрөг хүчин МАН-ын гишүүд эсрэг санал өгснөөр төрхөмдөө буцсан нь саяхны л үйл явдал. Одоо тэр Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэзээ хэлэлцэхийг хүлээж сууна.

Өргөн барьсан төслүүд нь УИХ-аас дэмжлэг авдаг байсан үетэй нь харьцуулахад өдгөө “шүдгүй арслан”-гийн талд зогсох нь ховор болсон цаг. Өнгөрсөн оны долоодугаар сард өргөн барьсан дээрх хуулийн төслийг өнөөдрийг хүртэл эцэслээгүй шалтгаан нь үүнтэй холбоотой байж мэдэх. Хамгийн сүүлд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр дахь удаагаа УИХ-д өргөн барив. АН засгийн эрхэнд гарсны дараахан УИХ-ын гишүүн төрийн сайдын албыг хавсарч хашиж болохгүй гэсэн заалт бүхий хуулийн төслийг өргөн барьсан ч эрх баригчид "Шударга ёс" эвслийнхэнтэй товчлуураа нэгтгэх замаар дэмжээгүй.

Харин энэ удаад тэргүүний зүгээс хоёр дахиа зүтгүүлсэн хуулийн төслөөр Ерөнхий сайдаас гадна Сангийн, Хууль зүйн, Гадаад хэргийн сайд буюу Засгийн газрын дөрвөн гишүүнээс бусад нь “давхар дээл”-тэй байж болохгүй хэмээн саналд тусгаад буй. АН-ынхан сонгуулийн гол тугаа ипотекийн зээлийн хүү бууруулахаар эрмэлзэж, УИХ-ын болон АН-ын дарга З.Энхболд нь хөдөө орон нутагт албан томилолтоор явах бүртээ түүнийгээ сурталчилж буйгаас харахад Ерөнхийлөгч өргөн барьсан хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар эцэслэн шийдэх эсэх нь эргэлзээтэй. Тэр тусмаа АН сонгуульд олуулаа болсноос хойших хоёр дахь дарга мөн Ерөнхий сайдын өнгөн дээр гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэгтэй илүү ойр шадарлах болсонд тэрбээр З.Энхболдтой таарамжгүй харилцаатай явдаг нь хэдийнэ ил болоод байгаа. Хэн ямар ач холбогдолтой хуулийн төсөл өргөн барихаас үл хамаарч дан ганц УИХ-ын даргын үзэмжээр хэлэлцэх асуудлын дарааллыг баталдаг болсон энэ үед Төрийн тэргүүний хуулийн төсөл үзэл бодлын зөрчилдөө тушуулж Байнгын хороо, нэгдсэн чуулганы хуралдааныг давах эсэх нь тодорхойгүй гэсэн үг. Ядаж албан тушаалын хуваарилалт, нам доторх эрх мэдлийн хуваарилалтаараа хэдэн талд гараад суучихсан АН-ын фракцуудад харьяалалтай гишүүд Ерөнхийлөгчийн хуулийн төсөлд төдийлөн ач холбогдол өгөхгүй. Эсрэг талд суугаа МАН-ынхан ч Төрийн тэргүүнтэй тийм ч амар гар барьчихгүй. Эндээс хоёр дахиа өргөн барьсан хуулийн төсөл нь УИХ дээр урагшлах эсвап төрхөмдөө буцах эсэхээс Ерөнхийлөгч өмнөх шигээ хүчтэй байгаа эс бөгөөс үнэхээр “шүдгүй арслан” болсон гэдгийг харж болох юм.

Санаж байгаа бол улиран сонгогдсоныхоо дараа тэрбээр Ерөнхийлөгчийн тангаргаа Чингисийн талбайд буюу анх удаа олон нийтийн өмнө өргөхдөө нэгэн үг хэлсэн байдаг. Тодорхой хэлбэл, “Баялаг бүтээхэд оролцох иргэдийн оролцоо нэмэщэж баталгаажна. Хуваагдлыг бус, бүтээхийг дэмжинэ. Баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжинэ. Энэ бол амлалт биш, энэ бол бидний хийх ажил. Энэ ажлыг тасалдуулах эрх хэнд ч байхгүй. Би Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, Монгол Улсын хөгжлийн эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүр тавьж ажиллана” хэмээн амлаж байв. Гэвч 2013 оноос хойших өнгөрсөн гурван жилийн хугацаанд Төрийн тэргүүний үг бодит ажил хэрэг болсон уу гэвэл үгүй. Эсрэгээрээ нам дамжсан бүлэглэл хоорондын тэмцэл улам өндрөө авснаар өнөөдрийг хүрсэн.

Ганцхан жишээ дурдахад, Тавантолгой тойрсон том зодоон хуулийн байгууллагаар хэн нэгнийгээ далайлгадаг, барьж хорьдог уламжлал Монголын улс төрд газар авсныг гэрчлэх мэт үйл явдпууц өнгөрснөөс өнөөдрийг хүртэл ар араасаа хөвөрсөөр л байна. Тэр Өршөөлийн хуульд хориг тавьж чадсан, МАХН-ын даргын авлига, албан тушаалын хэрэгт шүүмжлэлтэй ханддаг шигээ төрийг цэвэрлэх амлалтадаа хараахан хүрч чадаагүй л байна. Эсрэгээрээ энэ бүхэнтэй тэмцэл өргүүлэхээ ярьсаар түүний хоолой хэдийнэ сөөжээ.

 

С.ГАНДӨЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/