Өнөөдөр зөвхөн ард түмэн төдийгүй, ард түмнийг “удирдаж” буй нам хийгээд улс төрчид бүгдээрээ толгой нь эргэж мангуурч гүйцээд байна. Гаднаас нь харахад нэг их сүрхий пиар миар, баг маг, сонгуулийн менежмент ярьсан лаг том улсууд. Үнэн хэрэг дээрээ яахаа мэдэхээ больж, эргүүтсэн төлөг шиг болсон лаларууд дүүрэн байна. Яг энэ үед судлаач хүн бүх хүнд системийн анализ хийж өгөх ёстой. Арваас дээш удаа сайн уншиж “ойлговол” аминд чинь орж болох шүү дээ…

Гуравдагчийн өргөн боломж

Сүүлийн үеийн улс төрийн үйл явц сонгуульд “ялдаггүй юм гэхэд ялагдахгүй” байж чадна гэсэн АН-ынхны мөрөөдлийг булшилж байна. Болдог юм болдогоороо л болж Ерөнхийлөгч намынхаа сөрөг хүчинтэй хамтран тоглож эхэллээ. Энэ талаар өмнөх “Хутга тулгасан “эв нэгдэл” өгүүлэлдээ тодорхой өгүүлсэн боловч үйл явдал бүр ч хачин жигтэй өрнөж эхлэв.


Энэ тоглолтын явцад “зүв зүгээр” сууж байгаа МАН-д хамаг санаачлага өөрөө гүйж очоод байна. Ер нь МАН АН-тай ширүүн үзэлцвэл өөрсдөө сөхөрчих гээд байдаг тул зүгээр хөл хөсөр сууж байсан нь дээр ч юм уу ?! АН хэн нэгэнтэй үзэлцэхгүй л бол өөртэйгөө үзэлцээд эхэлдэг гэмтэй ажгуу. Үүнийг уг нь аль эрт анзаарах байсан юм.


Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж, жагсаалтыг цөөлж, хотын тойргийг нэмэх Ш.Түвдэндоржийн санаачлага уг нь АН-ыг ялуулдаггүй юм гэхэд ялагдуулахгүй байлаа. Яагаад дахин дахин ингэж бичээд байна гэвэл энэ оны сонгуульд МАН-д 39 суудал өгчихөлгүй дутаавал, өөрсдөө 39-д аль болох дөхүү санал авбал хамтрахаас өөр гарцгүй байдалд хүргэж болохоор байсан юм. Бас 39-д аль болох дөхүү суудал авсан бол арай олонх МАН-ыг жийгээд Засгийн газрын олонхийг бүрдүүлэх боломж ч байсан. “Байсан юм, байсан юм…”


Олон нийтийн санал асуулгуудыг харвал АН бужигнаж муудахын хэрээр МАН-ын нэр хүнд өсөх ёстой атал огтхон ч хөдлөхгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр намыг өөр намууд гэж үзэхээ больчихсон байна. Улаан фанатууд нь л манай танай гэж байгаагаас биш, дэмжигч ба сонгогчид нь танай манайгүй болчихсон байна ш дээ. Тиймээс МАН, АН-ын суурь рейтинг яаж ч өөрчлөгдсөн сонгогчдын 20 хувь дотор л эргэлдэхээс давах тухай бодохын ч хэрэггүй болчихож. Харин тэр суларсан орон зайг эзлэх гуравдагч хүчин байхгүй учраас иргэд аль нэг талд орохгүй ёстой “чөлөөт сэтгэгч-сонгогч” болж хувираад байна.


Учир нь сонгуулийн хуулийг батлахдаа МАНАН-гийнхан одоохондоо гуравдагч гэгдэж буй хүчнүүдийг хэмжээд хашаагаа өндөрсгөчихсөн юм. Энэ нь “тойргоос гарах гишүүн” ба “5 хувийн босго” хоёр л доо. АН, МАН-аас өөр нэг ч нам 5 хувийн босго давж чадахгүй нь факт, гэхдээ АН МАН тэднийг хэмжсэнээрээ бүр “хол тасарна” гэсэн үг биш, өөрсдөө 9-11 хувийн хатуу электорал суурьтай байна. Хэрэв сонгуулийн босгыг 10 хувиар тавих юм бол гай болоход АН ч давж чадахгүй болчих тийм л нөхцөл үүсэх гээд байна.


Намуудын босгыг өндөрсгөсөн ч түүгээр суларсан сонгогчдыг шингээх чадваргүй учраас нийгэмд улам бүр хаос үүсч байна. Харин энэ том хар нүхнээс гарах цорын ганц арга бол намуудыг нэгтгэж авах. Ингэж байж дээд тал нь 1,5-4,0 орчим хувийн нэмэлт санал татаж чадна.
Арай илүү рейтингтэйгээрээ МАН МАХН-ыг талдаа татвал суурь нь 15 орчим хувь болж нэмэгдэх байх. Харин үлдсэнийг нь АН-д шингээхийг оролдож байгаа ч нэг л болж өгөхгүй байгаа билээ.


Монголын улс төрд амьд байгаа намууд нь парламентад л бий, бусдынх нь тухайд бол ёстой л “хий үзэгдэл” л юм. Олон жилийн турш бодлогоор ийм болгочихсон юм. Гэтэл парламентын нэр хүнд унахаар амьдууд нь хэвтэрт орчих гээд байна. Шинэ нам байгуулж сонгуульд оролцох боломжгүй, ХҮН гэдэг намыг сүрхий болголоо гэж хөөрч байсан залуус “Чоно ядравч хургандаа, цорж өтлөвч балиндаа” гэгчээр яаж няц даруулдагаа ойлгосон тул одоо сонгуульд орохоос ч айж байгаа байх. Ийм нөхцөлд нөлөөтэй, чөлөөтэй гуравдагч хүчин нэг бол парламентаас, эсвэл АН, МАН-ын аль нэг нь хуваагдсанаас бий болох боломж л үлджээ.


МАН: Хоёр суудал гурван бөгс…
Сонгуулийн хуулийг анаж байсан Ц.Элбэгдорж намын эрх ашгийг үл харгалзан өөрийн тоглоомоо эхлүүлснээр улс төрийн шинэ тоглолт эхэллээ. Ингэхдээ Ц.Элбэгдорж намдаа нөлөөгөө тогтоохын тулд МАН-тай хамтарч эхлэв.


Намуудын дарга нар тойрог руу шахагджээ. М.Энхболд Төв аймагт, З.Энхболд Баянголд дэвших төлөв байна. Ер нь намуудын дарга нар Төвөөс холдохгүй байвал сайн. З.Энхболд намынхаа дотоод хямралаас болж азаа үзсэн тоглолт хийхээр улайрчихаад байгаа юм. МАН ч үүнийг анзаарч мухар сохроор лидерүүдээ тойрог руу хөөж эхэлжээ. Ингэхгүй л бол аль алинд нь ялах найдвар тун бага гэж үзжээ. Харин штабын удирдлагыг З.Энхболд Н.Алтанхуягт өгөх гэж байна. Н.Алтанхуяг сайн менежер бөгөөд сүүлийн сонгуулиудад намаа ялуулсан тул шагналд нь жагсаалтын номер нэгийг өгч байна. Тиймээс Н.Алтанхуяг найдвартай гэсэн үг.
Хариуд нь МАН ч адилхан хувилбар сонгож, М.Энхболд Төв аймагт өөрийгөө томилоод С.Баярт штабаа өгөх гэж байна. Түүний хариуд С.Баяр Н.Багабандийг жагсаалтын номер нэгд дэвшүүлж байна. Энэ хүмүүс УИХ-ын дарга болох нигууртай. Харин намын дарга нар Ерөнхий сайд болох, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хангаж байгаа юм.


Энэ нь Ц.Элбэгдоржид сайхан боломж гаргаж байна. Учир нь түүнийг 2017 онд хоёрхон зам хүлээж байгаа. Нэг бол Н.Энхбаяр болох, эсбэл Н.Багабанди болох. Энэ хувилбараас тэрээр Н.Багабандийн хувилбарыг сонгох нь зүй. Н.Багабанди жагсаалтыг толгойлж УИХ-д орж ирснээр шинэ жишиг тогтоож, Ц.Элбэгдоржийн зам засагдах юм.

Гэвч энэ бүхэн амар хялбар биш ээ. Хуучин хашрууд тойргоос болгоомжилж байна. Яагаад ийм болов гэлцэн гайхаж, МАН-ынхан зүгээр л АН-ыг дуурайн тэмтчиж байна. Энэ нь сонгуульд бэлдсэн тактикгүйн шинж л дээ. Нөгөө талаас шинэ улстөрчид хуучин гишүүнд хамаг шим шүүсээ соруулахыг хүсэхгүй тул тэднийгээ адлаж, үүнээс болж намын нэгжүүдэд задрал үүсч байна. Хэрэв богино хугацаатай сонгуулийн кампанит ажлын дараа санал хураавал “таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр” сонголтыг хийх нь гарцаагүй учраас хууччуултай хамт сонгуульд орсон шинэ улстөрчдөд найдвар тун бага. Ер нь бол мөнгийг нь даагаад чацга царайлаад үлдэнэ гэсэн үг. Харин хууччуул нь “сайн шинэковыг биш муу шинэковыг” дагуулж орж гэмээ нь ялах магадлалаа нэмэх учраас тойргийн нэр дэвшилт жинхэнэ хогийн юм болох шинжтэй болчихоод байгаа юм.

Ийм нөхцөлд жишээ нь МАН-ын “ланжгаруудаас” бусад нэр дэвшигчид жагсаалтаас тойргийн мандат нэмэх хувилбарыг сонгох талаар намаа шахах ёстой авч “хөдөө ялна, хотод ялагдана” гэсэн хувилбарт баригдчихаад айгаад байна. Ядаж чирэгдээд хоёроор гарахаа боддоггүй л юм байх даа. Томчууд жагсаалтаас мултарч байгаа тул сул үлдсэн жагсаалт руу л үхэн зүтгэж байгаа тэднийг яагаад ч шингээхгүй, тэгээд ч жагсаалтын 10-аас хойш бичигдсэн хэнбугай ч УИХ-ын суудлыг зүүдлээд ч хэрэггүй юм. АН оргил үедээ л жагсаалтаар 10 хүн чихэж байсан. Гэтэл үүнээс хоёр дахин олон хүн улаан шугамын гадна лавтайяа үлдэнэ шүү дээ. Дээр нь сонгуулийн ирц буурвал бүр ч найдваргүй агшилтанд шахагдаад чацга болоод гоожно шүү дээ…

Бас МАН-ын энэ харалган тохиргоо ахиад асуудал үүсгэж байгаа нь У.Хүрэлсүхийн хүчин зүйл юм. Уг нь М.Энхболдтой хэдэн шил ч юм сулласны дараа нэгэн цагийн “Энэбиш-Энхбаяр” хоёр шиг хамтдаа үзэлцэнэ гэж гар барьсан атал одоо Н.Багабанди ороод ирэхээр хөөрхий У.Хүрэлсүх палианы гадна үлдэж таарах гээд байна. Жагсаалт хамаагүй У.Хүрэлсүх хоёрт бичигдсэн ч гарах нь гарна, гагцхүү тэр Ерөнхий сайдаа алдаж таарна. Энэ бол яавч хүсэх юм биш, үүний төлөө тэр УИХ-ын гишүүнээс татгалзсан юм гэж үү ?! Суудал хоёр бөгс гурав болчихоор яадаг билээ дээ? Яг тийм зовлон үүсчихээд МАН үрэвсэж, тэр нь лугшиж байна.

Ер нь Ерөнхийлөгчид дэвших хүн голдуу УИХ-ын даргын суудлаас дэвшвэл эвтэйхэн байдаг, ийм хүнд үед Ерөнхий сайдын суудлаас дэвшвэл рейтингээ хасаж л орно гэсэн үг. Тиймээс М.Энхболд УИХ-ын дарга, У.Хүрэлсүх Ерөнхий сайд гэсэн үг. Гэтэл Н.Багабанди хавчуулагдахаар М.Энхболд Ерөнхий сайдын суудлаас босохоос аргагүй, У.Хүрэлсүх бүлгийн дарга юм уу хаашаа юм. Хэрэв М.Энхболд ялагдаад ирвэл тэр бүр ч найдваргүй байдал руу шахагдчих юм.
Ингээд зогсдог бол яахав, гэтэл дээрээс нь МАХН-ыг яаж ийгээд нэгтгэж авах гэж М.Энхболд улайрч байна. Н.Энхбаяр ороод ирвэл “Ий яана аа…”. МАН хүссэн ч, эс хүссэн ч МАХН-ыг яаж ийгээд нэгтгэж орохгүй бол найдваргүй тул М.Энхболд амласнаараа “Н.Энхбаярт зориулсан хууль” батлах амлалтаа хэрэгжүүлж л таарна. Н.Энхбаярыг шингээх ёстой дээр нь Д.Тэрбишдагва, Ч.Улааныг бас шингээнэ. Бас Ц.Оюунбаатар, Дээр нь Э.Баянсэлэнгэ, О.Баасанхүүг яана аа ? Эрхбиш УИХ-ын гишүүд шүү дээ. МАХН-аас гялтайх нь эд.

МАХН-ынхан Н.Энхбаяр даргаа өрөвдөх тусам өөрсдөө наймааны дагавар болж байгаагаа мэдэхгүй байна. Харин эрхбиш хүн учраас өнгөрсөн таван жилийн зовлон зүдгүүрээс залхсан Н.Энхбаяр одоо “өөрийгөө бодъё” гэж байгаа нь бас аргагүй юм л даа. Тэгэхгүй бол тэнд хүн халтираад унасан ч Н.Энхбаярын буруу болж байна. Дээрээс нь АН-ын Засгийн газрын өнгөрсөн 4 жилийн бүхий л адгийн муу бүхэн Н.Энхбаярыг аврахтай холбоотой МАХН-ын ааш аягаас шалтгаалсан учраас АН-ынхан ад үзэж байна гэж юүхэв.

МАНАН сонгуулийн амжилтаа хангах сүүлчийн дуслыг ч шавхаж тооцон сонгуулийн хуулийг батлахдаа амь голтой байгаа МҮАН, МАХН, ИЗН гурвыг дэвсэлж, хувааж авах өөрөөр хэлбэл хувааж захирах тохиролцоогоо хийчихсэн болохыг Н.Энхбаяр л мэдэхгүй байв гэж…


Удахгүй АН-ынхан Засгийн газарт сэлгээ хийнэ. М.Энхболдын гарын хүн Н.Ганболдыг АТГ-аас холдуулж оронд нь Ч.Хурцыг томилно. Ч.Хурцын оронд Д.Билэгт очно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Ш.Ядамдоржийг томилно. Ингэснээрээ МАН, МАХН-ын сөрдийсөн бүхнийг хайчилж яс цоожинд хийж санаа нь амарна. Ингээд сонгуульдаа амжилттай оролцоорой, Та нар. Тиймээс Н.Энхбаяр ядаж Н.Ганболдыг байхад баталгаа гаргуулж аваад МАН-даа шингэсэн нь өлзийтэй. Эс бөгөөс Д.Билэгт шууд АТГ-д очвол Н.Энхбаярыг бүр аймшигтай чангална, намын даалгавар дээр нэмэх нь хувийн сэдэл ч бий юм шүү. Гэхдээ сүүлийн хувилбар нь “ажлаа мэдэхээр” нь Д.Билэгтийг ТЕГ-т, Ч.Хурц ч ажлаа мэддэгээрээ АТГ-д очвол зөв гэсэн шийдэлд хүрчээ. Шинэ хүн АТГ-д дэмий, сонгууль болтол ердөө хоёрхон сар үлдсэн шүү дээ.

Энэ сэлгээгээр далимдуулж З.Энхболд ЦЕГ-ын даргыг мулталж, МАН-ын компаниар дамжсан гар хөлийг ч хайчилж хаяхаар зэхэж байна. АН сонгуулийн өмнө харгислана. Түүнээс наана дотоод асуудлаа нэг тийш болгох ёстой…

Ц.Элбэгдорж: Нахихын тулд нахилцуулна, дараа нь нахилзуулна
Энэ зуур Ц.Элбэгдорж нам дахь нөлөөгөө бэхжүүлэхийг хичээж байна. Ерөнхийлөгчийн дэмжлэг бол намын ялалтанд нэн хэрэгтэй үзэл суртлын дэмжлэг мөн. Дээрээс нь санхүү хэрэгтэй. Үүнийг Э.Бат-Үүл даах учиртай.

Гэхдээ Ц.Элбэгдорж улайрч бүхнийг гартаа авахыг хичээж байгаа нь намд нь дайн үүсгэж байна. Ц.Элбэгдорж өөрийгөө нэр хүндтэй гэж бодож байх шиг байна. Гэвч түүний нэр хүнд АН-д хасах оноо авчрах “хүчтэй” байна.
Мань эр тискинд бөлдгөө тас хавчуулсан Ч.Сайханбилэгийг азаргалж байгаагаа их юманд бодож, гэтэл үнэндээ Ерөнхий сайдын нэр хүнд, Засгийн газартайгаа шаварт хутгалдчихаад байна. Ерөнхийлөгч ба Ерөнхий сайд АН-д хүндхэн чиргүүл болж магадгүй. УИХ-ын нэр хүнд муу байгаа л даа, гэхдээ л муугаа МАН-тай болоод бусадтайгаа хуваалцаж үүрэх учраас “один чёрт” л байхгүй юу. АН дангаараа үүрэхгүй.
Ц.Элбэгдорж дараа үеийнхнээ дэгээдэж унагах замаар өөрийн хязгааргүй ноёрхлыг намдаа тогтоох гэсэн оролдлогууд нь намыг нь бүрмөсөн баллаж хаясан. Одоо дээр нь нэмээд намынхаа гайгүй гэсэн болгоныг “өөртэй нь дайсан” гэсэн шалтгаар намнаад эхлэхээр намын нь араг яс заадал углуургаараа гажиж нурахдаа тулжээ.

Одоо Ц.Элбэгдоржийн эсрэг З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга нар эвсэхээс өөр гарцгүй болжээ. Хэрэв ингэхгүй л бол нэг нэгээрээ няслуулсаар бүр хэн ч биш болохдоо тулав. Ийм нөхцөлд Ц.Элбэгдоржийн тулгуур нь С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Г.Батхүү л болж байх шив дээ.
АН-ын нэгдүгээр үеийн Ц.Элбэгдорж, хоёрдугаар үеийн Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Баттулгыг хядан сөнөөхийн тулд гуравдугаар үеийн Ч.Сайханбилэг, С.Баярцогт нартай холбоолжээ. Гэтэл энэхүү “дундын гурвал” нь сүүлийн жилүүдийн АН-ын амжилт, нэр төр, үнэ хүндийг улаан гараараа босгосон, сайн муугаараа хамгийн их дуудуулж байгаа ч яалт ч үгүй АН-ын толгой улстөрчид болчихоод байна. Ц.Элбэгдорж тэднийг сөргөлдүүлж зодолдуулах гэтэл Д.Дорлигжав, Д.Билэгт, Э.Бат-Үүл нараас өөр хүнгүй болжээ. Яагаад гэвэл тэр өөрөө улстөрийн тавцанд ганцаараа үлдэхийн тулд МоАХ-ын үеийнхнээ хайр найргүй зольж үлдэн хөөж, өшиглөн дэвсэлсний үр дүн ердөө л энэ. Д.Дорлигжав нь ноолоход амар номхон тэмээ, Д.Билэгтийг яг нойлын цаас, салфетка шиг ашигладаг, арчлаа хаялаа, арчлаа хаялаа. Э.Бат-Үүл нь угаасаа сэргэлэн биш, цаанаа барьцаатай тул яг дуулгавартай нохой шиг болчихсон юм…

Билэгтэд албан тушаал нь ээлжит хишиг, харин Д.Дорлигжавыг прокурор дахь маапаанаар нь. Э.Бат-Үүлийг хүүгийнх нь газрын наймаагаар бөлдөгдсөн тул хаашаа ч зайлахгүй. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар үнэндээ З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга нар өсөө авах вий гэсэн айдсаар оосорлогдон Ц.Элбэгдоржийн хатавчинд хоншоороо шаачихсан улс шүү дээ…

Х.Баттулгыг дарж авах тэмцэл нь яг Ц.Элбэгдоржоос шалтгаалаад байсан юм байхгүй. Үнэндээ өөрсдийгөө ойлгочихсон нөгөө хоёр комсомолчынх нь найруулсан хор л намыг хордуулж буй хэрэг юм. Харин Ц.Элбэгдорж нахихын тулд нөгөөдүүлээ нахилцуулж байна, үүний дараа бүгд түүний өмнө нахилзана гэж тооцжээ. Би түүнд улс төрийн нас дуусдаг гэж мөн ч олон хэлж байна.

Х.Баттулга ил тод, мугуйдаараа Ч.Сайханбилэг, Г.Батхүү, хамгийн гол нь С.Баярцогтыг жагсаалтанд оруулж болохгүй, тэгвэл нам муухай харагдана гэж зүтгэснээс дайн үүсчихсэн юм билээ. Үнэндээ тойрогт зүтгэж олсон хэдэн санал нь жагсаалтын бузраас болоод сарнивал АН-д хортой. Гээд тойрогт дэвшигчид энэ золиогоор өрсөн даалуу шиг нурвал АН ялагдах нь тодорхой. Харин цаадуул нь муу муухайгаа чирээд тойрогт тулалдвал асуудал нь тэндээ л шийдэгдэх хэрэг шүү дээ. Тиймээс АН-ын фракцууд тэднийг тойрогт дэвшүүлэх нь зөв гэсэн шийдэлд хүрсэн, ядаж л тэдний суларсан жагсаалтад фракцын гол санхүүжүүлэгчид орох учраас дуртай дэмжсэн байх юм.

Фракцууд болоод Х.Баттулгын шахалтаар З.Энхболд өөрийгөө эрсдэл оруулан байж Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг тойрог руу шахаж хувь заяанд нь даатгаад Н.Алтанхуягийг жагсаалтын толгой руу зүтгүүлсэнд нөгөөдүүл нь Г.Батхүүгээр дамжуулж Ерөнхийлөгчтэй хор хутгаснаас намжмал байсан АН-ын дотоодын дайн эхэлчихсэн хэрэг шүү дээ. Одоо хуйвалдагчид Х.Баттулгыг намаасаа хөөн зайлуулж, яруу алдраа мандуулахын тулд бүхнийг хийж байгааг бүгд харж байна.
Хэдий зөв шударга боловч гол хүнтэй дайсан болсон нь хохь болдог учраас Ц.Элбэгдорж өөдөөс нь сөрж байгаа Х.Баттулгыг нь нахилзуулахын тулд тэчъяадан зүтгээд байгаагаас тэдний дунд хар муур болж гүйсэн нөгөө хоёр комсомолч хорчноо бүр мартчихсан харайж яваа хэрэг. Ц.Элбэгдоржийн зан натур нь ийм юм. Хэт өсөрхүү, тулсан дайснаа заавал өвдөглөж, шороонд хутгаж байж л тайвширдаг, холыг хардаггүй, өөрөө богинохон учраас ойрын зайн нүдээ анисан зодоонд дуртай ийм л эр. Тэр яагаад ийм болов гэж бодож болно оо доо ?

Дайн эхэлмэгц З.Энхболд МҮДН-ыг талдаа татахын тулд баруун тийш чавхдаж, харин Ч.Сайханбилэг тойрогтой болохын тулд зүүн тийш тор дүүрэн “тэмдэг” ганзагалаад мордов. Үлдэгсэд нь энд цусаа холилцож, харин МАН түүнээс нь ашиг олоод үмхчих санаатай гэтэж байна.
Одоо яаравчлах цаг. Нэг ч гэсэн өдөр алдахгүйн тулд ээлжит бус чуулганыг зарлаж, цагаа хэмнэж байна. Харин АН-ынхан өөрсдийнх нь дайсан хэн бэ ? гэж гайхан харсаар бүрмөсөн эргэлзэж дуусчээ…
Үргэлжлэл бий…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 03 дугаар сарын 25.

Эх сурвалж: ganaa.mn блог

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний

албан ёсны блог ganaa.mn -ээс уншина уу