Засгийн эрх барина гэдэг дураар авирлахын нэр огтхон ч биш. Хөх тэнгэрийн дор амьдарч байгаа хэн бүхэн хуульд, тэр дундаа улс орон оршин тогтнохуйн суурь болсон Үндсэн хуульдаа захирагдах учир­ тай. Гэтэл АН эрх барьж буй энэ цаг үед Монгол “Хуульгүй улс” болжээ. “Хуулийг уландаа гишгэж, дур зоргоор авирлах явдал хэрээс хэтэрлээ” хэмээн сөрөг хүчний намын дарга “Монголоо аврах цаг боллоо” тайлан уулзалтын үеэр хэлсэн нь үнэнээс зөрсөнгүй. Сөрөг хүчний зүгээс АН засгийн эрхэнд гарсан даруйдаа хууль зөрчиж эхэлснийг ярьдаг. Энэ нь ч хөдөлшгүй үнэн. Жишээлбэл, 2012 оны сонгуулийн дараа бүрдсэн парламентын анхны хуралдааныг УИХ­ын хамгийн ахмад настай гишүүн буюу Д.Дэмбэрэл гуайгаар удирдуулаагүй. Түүнийг үл тоож, хууль зөрчсөн. Харин үүнээс ердөө хэдхэн хоногийн дараа УИХ­д ард түмний 40 гаруй хувийн төлөөлөл болсон МАН­-аас сонгогдсон гишүүдэд хуулиар олгосон эрхийг нь хааж, бүтэн таван сар бүлэггүй байлгаж, дуу хоолойг нь хязгаарласан. Энэ мэтчилэн тэд улсад эзэн зангаар хандан бүгдийг өөрсдийнхөөрөө шийдэж ирснийг өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлууд гэрчилнэ.

 

Харин хамгийн сүүлд эрх баригчид олныг гайхшруулсан нэг алхмыг хийсэн. Олон нийт үүнийг “цагаандаа гарах” гэж нэрлээд байгаа. Тодруулбал, тэд Үндсэн хуулийн Цэцийн даргыг огцруулах зорилгоор ээлжит бус чуулган зарлаж, хүслээ гүйцэлдүүлээд өглөө эхэлсэн чуулганыг оройд нь хааж, парламентын түүхэнд байгаагүй үйл явцыг өрнүүлсэн. Гэтэл энэ нь нэг ёсондоо Монголыг “Хуульгүй улс” болгохын эхлэл байсан нь ил болж эхэллээ. Өөрөөр хэлбэл, ингэж ард түмний нүдэн дээр хуулийн “дээрэм” хийсэн эрх баригчид өнөөдөр Цэцэд гарсан хоосон зайд өөрийн хүнээ шургуулах алхмыг хийж эхэлээ. Ингэхдээ Цэцэд очих магад-лалтай гишүүдийн эхэнд яригдаж явсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж өөрийгөө Цэцийн гишүүнд нэр дэвшүүллээ. Үүнийг бас л “цагаандаа гарсан” ажиллагаа гэхээс өөрөөр нэрлэх аргагүй. Цэцийн есөн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүхээс тус бүр гурван хүнийг нэр дэвшүүлж, томилуулдаг. “Цаг бусаар” ажилгүй болсон Цэцийн дарга асан Ж.Амарсанааг Дээд шүүхээс нэр дэвшүүлж томилсон учраас одоо тус газраас орных нь хүнийг ч мөн нэр дэвшүүлэх учиртай. Гэтэл тэд биш дэвших хүн нь өөрөө өөрийгөө санал болгож явна. УИХ-ын туршлагатай хэдэн парламентчийн нэг, УИХ-ын дэд даргаар ажилладаг Р.Гончигдорж гишүүн ингэхээр бусад нь яах вэ.

 

Уг нь энэ хүн Цэцийн даргыг ямар байдлаар авч хаясан, дараагийн процесс хэрхэн үргэлжлэх учиртайг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байх учиртай. Гэтэл нүдэн балай чихэн дүлий өөрийгөө нэр дэвшүүлээд явж байх. Түүний энэ саналыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд оруулж ирсэн ч хэлэлцээгүй байна. Учир нь, Ж.Амарсанааг чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлыг хэсэг хуульч Цэцэд гаргаад байгаа. Ямартай ч эхний байдлаар Цэц энэ өргөдлийг хүлээн авч маргаан үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хуульчдын гаргасан гомдол буюу Цэцийн гишүүнийг эгүүлэн татахдаа хууль зөрчсөн учраас маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдсэн. Тиймээс дунд болон их суудлын хуралдаанаар уг асуудлыг эцэслэх учиртай. Энэ бүгдийг нэг тийш болготол Цэцийн гишүүнийг нөхөн томилох эсэх асуудал хаалттай.

 

Нөгөө талаас Р.Гончигдоржийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа. Тэр энэ хүсэлтээ УИХ-д гаргасан ч хаврын чуулган ирэх сарын 5-нд эхэлнэ. Дээрх шалтгаанаар Дээд шүүх Р.Гончигдоржийн Цэцийн дарга болох хүсэлтийг хэлэлцэхийг хойшлуулаад байна. Ингэснээр түүнийг Цэцэд багтаах эсэхийг дуусгавар болгож байгаа хэрэг биш бөгөөд дээрх асуудлыг нэг тийш болгосны дараа Р.Гончигдорж Цэцийн гишүүн болох хүсэлтээ дахин гаргавал нийт шүүгчдийн хуралдаанаар оруулж, шийдвэр гаргана. Тэгэхээр УИХ-ын дэд дарга тэрбээр эхний удаад үзээд алдсан, дахиад нэрээ дэвшүүлэхгүй гэх баталгаагүй. Р.Гончигдорж гэдэг хүн өнөөдөр эрх баригч намын толгой лидерүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Тиймдээ ч УИХ-ын дэд даргын албан тушаалыг хашиж яваа. Намын нөхөд нь түүний үгийг хүссэн хүсээгүй сонсдог ийм л том улс төрч. Туршлагатай парламентч.

 

Гэтэл түүнд наанадаж хуулиа дээдлэх ёс зүй байгаагүй нь харамсалтай. Адаглаад Цэцийг даргалах хүсэлтэй юм гэхэд өөрийгөө нэр дэвшүүлж доошоо орох, бусдын доог болохоос эмээгээгүй нь гайхмаар. Уг нь өөрөө ингэж нүүрэн талд гарч гүйхгүйгээр намын дарга нартаа хэлж байгаад далдуур комби зохиож болох л байсан баймаар юм. Нэг ёсондоо Дээд шүүх Цэцэд илгээх хүнээр Р.Гончигдоржийг ал бан ёсоор зарласан бол нэрэнд нь цэвэр байх байлаа. Гэвч түүнд хууль дээдлэх ухаан дутав уу эсвэл ийм шийдвэр гаргахад намынх нь томчууд нөлөөлсөн үү хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлэн дэмжиж, үргэлжлүүлэх оролдлогыг тэр өөрийн биеэр хийлээ.

 

УИХ дахь сөрөг хүчний ажлын тайланд “УИХ-д олон суудал авсан цагаасаа эхлэн эрх баригчид олон хиороо хүч түрэн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийг ноцтой зөрчих, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хууль санаачлан батлах эсхүл шаардлагатай хууль тогтоомжийг хэлэлцүүлэлгүй хав дарах, хуулийг засварлах байдал хэвийн үзэгдэл болсон. Хамгийн сүүлд гэхэд л энэ хавар ээлжит бус чуулганыг зөвхөн Үндсэн хуулийн Цэцийн даргыг хууль зөрчин ажлаас нь чөлөөлөх зорилгоор зарлан хуралдуулсан” гэсэн дүгнэлт энд яв цав нийцэж байна. МАН-ын бүлгийн тайланд дурдсан зүйл бодит байдал хоёр яг тохирч байгааг та бид өнөөдөр харлаа. Тэд хуулийг уландаа гишгээгүй бол өнөөдөр ийм үйлдэл гаргаж, хамгийн ахмад настай гишүүнээ хүртэл хууль завхруулах ажиллагаанд татан оролцуулахгүй байх байлаа.

 

МОНГОЛЫГ ХЭН АВРАХ ВЭ

 

МАН-ын “Монголоо аврах цаг боллоо” гэсэн уриатай тайлан хурлын үеэр эрх баригчдын бий болгосон гажиг тогтолцооны талаар МАН-ын дарга М.Энхболд товч бөгөөд тодорхой дүгнэлт хэлсэн. Түүнийг сийрүүлбэл “УИХ, орон нутгийн сонгуулийн дүнг гажуудуулах шударга сонгуулиар ялалт байгуулсан гишүүд, төлөөлөгчдийг хууль хяналтын байгууллагаар дарамталж, ард түмний сонголтыг луйварддаг гаж тогтолцоог эрх баригчид бий болгосон. Төрийн дээр нам, фракцийн эрх ашгийг тавьж, ардчилал, иргэний эрх, эрх чөлөөнд аюул учирч, өмч хөрөнгө хамгаалалтгүй, бас үнэ цэнэгүй болж байна. Дүр эсгэсэн ардчилагчид төрийн эрхэнд гарснаас хойш ихээхэн хүч хөдөлмөр, үнэ цэнээр бий болсон ардчиллын үнэт зүйлс бүдгэрэн үгүй болох эрсдэлд орлоо. Монгол Улсад парламентын ардчилал замхарч УИХ-д суудалгүй улс төрийн намуудыг татан буулгах, өмч хөрөнгийг нь хураах, сонгуульд оролцох эрх чөлөөг хааж боомилох тухай хүртэл ярьж байна” гэсэн нь өрөөсгөл мэдээлэл биш аж. Ямартай ч АН-ын үед монгол хүн бүрийн хууль дээдлэх зарчим лөөлөө болж хоцорлоо. Харин энэ бүх үйл явцыг МАН өнгөрсөн дөрвөн жилд хараад суусан уу эсвэл хашаа тээг болоод ч дийлсэнгүй юү гэх асуулт гарч ирнэ. Үүнд МАН-ын дарга М.Энхболд “Эрх баригчдын хууль зөрчсөн ажиллагааг УИХ дахь манай намын гишүүд эсэргүүцэж, сөрөг хүчний үүргээ биелүүлж ажиллалаа. Тухайлбал, сонгогчдын саналыг хар машин, хууль, шүүхийн байгууллагаар засварладаг байдлыг таслан зогсоох зорилгоор миний бие бүлгийн бусад гишүүний хамтаар Ард нийтийн санал асуулга зохион байгуулах тухай тогтоолын төслийг санаачлан өргөн барьсан ч эрх баригчид өнөөг хүртэл хэлэлцүүлэхгүй дарсаар байна. Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн батлахад 100 хувь гараар давхар тоолдог болох, намын жагсаалтаар сонгогддог байдлыг болиулах гэх мэт олон зарчмын саналыг дэвшүүлж зарим нэг асуудлыг хуульд тусгуулж чадсан. Тухайлбал, хар машинаар тоолсон саналын 50 хүртэл хувьд хяналтын гар тооллого хийх, орон нутгийн сонгуульд жагсаалтаар сонгогддог байсныг болиулсан. Эрх баригчид авилга, хээл хахууль, албан тушаалын хэргээр ял шийтгэл эдэлж байгаа иргэдийг Өршөөлийн хуульд, мөн хэрэгт холбогдсон төрийн албан хаагчийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулахаар байсныг бүлгийн шахалт, шаардлагаар болиулсан. МАН-ын бүлэг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж хоёр удаа Засгийн газарт буцааж байсан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороонд бусдын өмнөөс карт хийж ирц бүрдүүлэх, санал өгөх эрх баригчдын хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох зорилгоор УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан ч хэлэлцэхгүй дарсаар байна. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, хариуцлагагүй ажиллаж байгаа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй хариуцлага тооцох санал, шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгээс удаа дараа тавьж байсан” гэжээ. Ийнхүү Монгол Улсад Үнд-сэн хуулийн хямрал нүүрлэж, УИХ, Засгийн газрын эрх мэдлийн зааг ялгаа алдагдаж, төрийн үйл ажил-лагааг хувийн эрх ашгийн төлөө “хуульгүй” мэт удирдах явдал хэрээс хэтэрснийг хэн зөв чиглүүлэх вэ. Энэ улсыг хэн аврах вэ. Иргэн та бидний сонголт энэ бүх асуултад хариулт өгөх бөгөөд сонгогчид хангалттай боловсролтой байж, ирээдүйнхээ төлөө зөв сонголт хийхийг цаг үе шаардаж байна.

 

М.Өнөржаргал

- See more at: http://www.unen.mn/content/60746.shtml?alias=2#sthash.wm4VOknZ.dpuf