Энэ 2016 оны сонгуулиар УИХ сонгуулийн хуулинд өөрчлөлт орох нь бараг тодорхой болж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу намын жагсаалтаар 28 гишүүн парламентад сонгогддог байсан үгүй болж, эргээд мажоритар систем буюу нэр дэвшигчид тойрогт өрсөлдөж, аль ялсан нэг нь төрийн суудалд дөрвөн жил суудаг тогтолцоо руу шилжинэ гэсэн үг.

 

Манай улс 1996, 2000, 2004 болон 2008 оны УИХ-ын сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулсан. Ингэхдээ 1996-2004 оны сонгууль хүртэл нэг тойрогт нэг мандат буюу жижиг 76 тойрогтой системээр сонгууль хийсэн. Харин 2008 онд томсгосон 26 тойрогт мажоритар тогтолцоог сонгож, 2012 онд анх удаа хувь тэнцүүлсэн элементийг Сонгуулийн хуулинд тусгасан билээ. Энэ удаад жагсаалтаар 28 гишүүнийг УИХ-д сонгох нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гарсан. Тийм учраас эргээд 2008 эсвэл, 2004 оны үеийнх шиг мажоритар тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулна.

 

Хуулинд өөрчлөлт оруулж, жагсаалтыг байхгүй болгосон тохиолдолд 28 мандатаа тойргуудад хуваарилах асуудал гарч ирнэ. МАН 26 тойрогт 28 нэр дэвшигчээ 20:8-аар хуваарилна гэх санал гаргасан. Өөрөөр хэлбэл, хотод 8 мандат, хөдөөгийн 20 тойрогт тус бүр 20 мандат хуваарилах юм. Харин АН-ынхан 76 жижиг мажоритар тогтолцоог дэмжиж буй. Өмнө нь жижиг 76 тойрогт сонгууль явуулдаг байхад нэр дэвшигчид сонгогчдын саналыг худалдаж авах, мөнгө тараах, үзвэр үйлчилгээ зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа хийдэг байлаа. Энэ нь цөөн хүн амтай, жижиг тойргийн сонгогчдын саналыг авахад хангалттай том нөлөөтэй байсан юм. Харин сонгуулийн шинэ хуулиар 2012 оноос хойш мөнгө амлахыг хориглосон. Мөн ямар нэгэн хувьцаа, эрх амлах, бэлэн мөнгө тараах, сургалтын тэтгэлэгт хамруулах зэрэг амлалтуудыг хориглосон билээ.

 

Нөгөөтэйгүүр 2000, 2004 оны сонгуулиудад жижиг тойрогт өрсөлдөгчид тус тусдаа мөрийн хөтөлбөртэй байсан. “Би сонгогдвол тойргоо тэгж, ингэж хөгжүүлнэ...” гэх мэтчилэн. Харин энэ удаад хуулийн дагуу нэр дэвшигчид бие даасан амлалт өгөхгүй. Зөвхөн намын том бодлого, мөрийн хөтөлбөрийг ярьж, хэлж байгаа. Энэ утгаараа жижиг 76 тойрог бүхий мажоритар тогтолцооны сөрөг талуудыг Сонгуулийн тухай хуулиар хангалттай хааж өгсөн юм.

 

Пропорцианаль тогтолцооны үед нэг хэсэг хүмүүс, нэр дэвшигчид намын нэрний ард нуугдаж гарч ирдэг гэх шүүмжлэл бий. Энэ бол өнгөрсөн хугацаанд иргэдийн дунд өрнөсөн хамгийн том шүүмжлэл юм. Уг нь пропорцианалийг сайн ашиглаж чадвал намын жагсаалт тухайн намын нүүр царай, бодлого болдог. Гэвч манай улсын хувьд намын жагсаалтыг улс төрийн намууд нуувч болгож ашигласан тал бий.

 

Нэр дэвшигчид ард түмнээр өөрийн гэсэн бодит үнэлгээгээ аваад, УИХ-д сонгогдоно.

 

Тойрогт нэр дэвшээд гарах найдлагагүй болсон нөхдүүд намдаа их мөнгө өгснөөр жагсаалтын дээгүүр эрэмбэлэгдэх, улмаар УИХ-ын гишүүн болох гэх зэрэг сөрөг үр дагавар авчирсан юм. Тэгвэл мажоритар тогтолцоо руу шилжсэнээр энэ бүх эргэлзээ, сөрөг хүлээлт үгүй болно. Эцсийн дүндээ нэр дэвшигчийг ард түмэн өөрсдөө сонгоно.

 

 

О.Түвшин