MPA PHOTO-9090

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын ордонд хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзаж, Засгийн газрын гишүүний хувьд гадаад харилцааны салбарын онцлох үйл явдлуудын талаар сэтгүүчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулав.

Монгол Улсын гадаад харилцааны салбар 2015 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл явдлаар дүүрэн байгааг дурдаж, танилцуулав. Үүнд:

Гадаад харилцааны салбарыг сонгуулиас сонгуулийн хооронд биш урт хугацаанд тогтвортой ажиллах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд анхаарч хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. “Дипломат албаны хууль”-д цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, энэ ондоо багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг онцлов. Өнөөдрийн байдлаар гадаад бодлогын зохицуулалтын хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор “Гадаад харилцааны нэгдмэл байдлыг хангах тухай хууль”-ийн төслийг боловсруулсан бөгөөд УИХ-ын намрын чуулганаар багтаан батлуулахаар ажиллаж байна. Түүнчлэн “Олон улсын гэрээний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байгаа тухай Гадаад хэргийн сайд сэтгүүлчдэд танилцуулав.

Гадаад эдийн засгийн харилцааг ГХЯ-аар дамжуулан хэрэгжүүлдэг тогтолцоонд шилжих зорилгоор ГХЯ-ны бүтцэд Эдийн засгийн хамтын ажиллагааны газар байгуулсан. “Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр” боловсруулж Засгийн газрын хуралдаан энэ сарын 7 ны өдөр баталсан болно. Гадаад эдийн засгийн бодлогыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн даргаар Гадаад хэргийн сайд томилогдон ажиллаж, ОХУ, БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Засгийн газар хоорондын комиссын хүрээнд ажиллаж байгаа дэд комисс, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг нэгтгэх, хөрш орнуудтайгаа хэрэгжүүлэх бодлогыг нэг цонхоор явуулахад чухал ач холбогдолтойг онцлов.

Хоёр хөрштэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа өсөн тэлж байна. Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагааг эдийн засгийн хамтарсан төслөөр бяжуулах “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” хамтран боловсруулж байгаа юм. Түүнчлэн гуравдагч хөрш Япон улстай “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр байгуулсан нь манай улсын байгуулсан анхны чөлөөт худалдааны хэлэлцээр бөгөөд улс төр, эдийн засгийн чухал ач холбогдлолтой болохыг мэдэгдэв.

ГХЯ-ны бүтцэд Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрыг байгуулж, Монгол Улсыг гадаад улс, орнуудад сурталчлах ажлыг цогцоор нь хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Соёл, урлаг, өв, түүх, зан заншил, спорт, шинжлэх ухаан, нийгмийн талаарх мэдээллийг гадаад улс орнуудад түгээх замаар тухайн салбарын гадаад харилцааг дэмжиж, “Зөөлөн хүчний бодлого”-ыг хэрэгжүүлэх Монгол Улсыг гадаадад сурталчлах үндэсний хөтөлбөрийг боловсруулсан.

Гадаад хэргийн сайд Монгол Улсын гадаад бодлогыг олон талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж ажиллан, олон улсын давцан дээр идэвхи нэмэгдэж байгааг дурдав. Манай улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 192 орноос 172 оны санал авч сонгогдсон нь олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүнд ямар байгааг харуулж, дипломат арга хэмжээний үр дүн болсон үйл явдал болохыг онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Байнга төвийг сахих бодлого”-ын ач холбогдол, манай гадаад бодлогын залгамж чанарт нийцэж байгааг тодорхойлов.

Түүнчлэн 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгулах АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт, түүний дагалдах арга хэмжээнүүдийг бэлтгэл ажлын явц болон хилийн чанадад байгаа иргэдийн талаарх товч мэдээлэл өгөв.