Хүсэж байсан ажилдаа орсон боловч ажлын хамт олны уур амьсгал нэг л биш. Өглөө ажилдаа явна гэхээс халширч, ахиад л өнөөх ууртай царайтай хүмүүстэй нүүр тулна гэхээс зүрхшээнэ.

Хамт олны уур амьсгалыг хэрхэн сайжруулах вэ

Тэглээ гээд яалтай ч билээ. Тэнгэр дээрээс ямар мөнгө унаад ирэх биш. Хүссэн хүсээгүй өөрийгөө хүчлэн явах л хэрэгтэй болно. Ажлын цаг дуусав уу, үгүй юу бушуухан л явахаар тэмүүлнэ. Яг л ийм байдалтай хичнээн бүсгүйчүүд байгаа бол? Асуудлаас гарахад чинь туслахаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.

Өөрөөсөө эхлэ: Аливаа зүйл хувь хүний хандлагаас л эхтэй байдаг. Тиймээс эхлээд өөрийнхөө бодол санааг цэгцэлж, ажлын хамт олныхоо сайн талыг олж харахыг хичээ. Манай хамт олон муухай, хувиа хичээсэн гэж бодож өөртөө итгүүлээд л байх юм бол байдал улам дордох болно. Хамаагүй ээ, танай хамт олон хүйтэн, хөндий хувиа хичээсэн байж болно. Гэхдээ лав чиний төсөөлдөг шиг тийм аймшигтай хүмүүс биш байх. Гол нь анхаасаа л өөртөө ингээд итгүүлчихсэнд байгаа юм. Тиймээс хамгийн түрүүнд өөрийнхөө хандлагыг өөрчил. Үргэлж муу талаас нь харахын оронд сайн талыг нь олж харахыг хичээ.

Тэд чиний гэр бүл: Бид бараг амьдралынхаа ихэнх хугацааг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг. Тиймээс ажлын хамт олон гэдэг бидний хоёр дахь гэр бүл гэсэн үг. Хүн бүр гэр бүлээ хайрлаж, тэдэндээ сайн сайхан бүхнийг хүсдэг. Хоёр дахь гэр бүлийнхэндээ ч бас тэгж хандах хэрэгтэй. Хүнээр хайрлуулахыг хүсэж байвал эхлээд өөрөө хайрлаж эхлэ. Хичнээн ууртай хүн байсан ч өөдөөс нь хараад инээмсэглэхээр тэсэлгүй инээд алддаг шүү дээ. Яг үүнтэй адил өнөөдөр танай ажлын хамт олон чинь хүйтэн хөндий уур амьсгалтай байж болно. Харин өнөөдрөөс эхэлж чи энэ уур амьсгалыг эвдэж эхлэ.

Ажил үүргийн хуваариа тодорхой болго: Энэ асуудлаас болж ажлын байран дээр маргаан үүсэх тохиолдол бишгүй гардаг. Тиймээс ажлаа анх хүлээж авахдаа өөрийн хийх ёстой зүйлийнхээ ажил үүргийн хувиарыг мэдэж ав. Нэгэнт тодорхой болголгүй ажлаа эхэлсэн бол яг одоо тодруулж ав. Аливаа асуудал үл ойлголцлоос л болж үүсдэг. Тиймээс хийх ёсгүй ажлаа хийж бухимдаж суухын оронд, яг одоо ширээнээс босоод асуудлаа тодорхой болгочихоод ир.

Өөрөөсөө өөрчлөлтийг эхлэ: Хүндэтгэлтэй харьц. Хүнийг хүндэлнэ гэдэг харилцааны хамгийн сайхан хэлбэр. Учир нь хүндэтгэлтэй харилцсаны үндсэн дээр эрүүл харилцаа бий болдог. Хамт олны чинь хамгийн ахмад, хамгийн залуу ажилтан хэн ч бай бүгдэнтэй нь хүндэтгэлтэй харьц. Ажлын хаалгаар орж ирэхдээ манаач ахыг нэрээр нь дуудаж мэндэл, шал арчиж байгаа үйлчлэгч эгчид ажлын орчинг цэвэрхэн байлгаж байгаад нь таларх. Хамт араанд суудаг ажилтандаа сайхан харагдаж байгаа тухайг нь хэл. Эргээд чи өөрөө сайхан мэдрэмжийг авах болно.

Санал бодлоо чөлөөтэй илэрхийл: Өөрийн шийдвэрлэхийг хүсэж буй, хэлэхийг бодож байгаа зүйлээ чөлөөтэй илэрхийлж сур. Аливаа асуудлыг ярилцаж байж л шийдвэрлэнэ. Энэ бол ажил хэрэг болохоос биш, айж бэргэх зүйл биш. Өөрийн бодол санаагаа дотроо удаан хадгалж, шийдвэрлэж чадахгүй явснаас болж бухимдал үүсдэг. Тиймээс үзэл бодлоо өөртөө итгэлтэй, чөлөөтэй итлэрхийлж сур. Ажил хийж байгаа нь мэдэгдэхгүй, хэнтэй ч харьцахгүй чив чимээгүй ажлаа амжуулахын оронд үзэл бодлоо солилцож, хийж буй ажлаа мэдрүүлэх хэрэгтэй.

Хэл амнаас хол бай: Зарим байгууллагууд хов живийн уул уурхай байдаг. Өрөөнийнхөн чинь хэн нэгнийг муулж эхэлвэл ярианд бүү оролц. Бүр сонирхоод ч хэрэггүй. Ер нь тэгээд бусдын хэрэгт дурлалаа гээд чамд сайнаар нэмэгдэх зүйл юу ч байхгүй.

Өөрийн биеэр үлгэрлэ: Өөрийн сурсан мэдсэн, уншсан зүйлийнхээ талаархи мэдээллийг бусадтайгаа хуваалц. Гэхдээ зөвхөн сайн сайхан зүйлийн тухай шүү. Ямар ч хүн сайхан мэдээлэл сонсохдоо таатай байх болно.