Үргэлжлэл...

Хөвгсөл нууранд яваад осолдсон завинд нэг том хүн, дөрвөн хүүхэд байсныг бид мэдээлсэн билээ. Талийгаачид осол болох үед ямар ч аврах хантаазгүй байсан гэдэг. Хэрвээ аврах хантаазтай байсан бол... гэж харуусах олон хүн байна.

Ослоос хоёр цагийн дараа аймгийн Онцгой байдлын аврагчид болон Цагдаагийн газрын алба хаагчид, шүүх эмнэлгийн эмч нар ирсэн байна. Улмаар нууранд шумбалт хийж 26 настай залуу болон 12 настай хүүгийн цогцсыг уснаас гаргажээ. Мөн нуурын гүнээс осолдсон завийг гаргасан байна. Харин тус завины урд хайрцгаас найман ширхэг аврах хантааз олджээ. Завь жолоодож явсан залуугийн ээжийн яриагаар бол хүү нь далайд гарах болгондоо хантаазтай явдаг байж. Харин нутгийн иргэд тэр хавиар завьтай явдаг хүмүүс ихэнхдээ хантааз өмсдөггүй болохыг дурдсан. Хэн дуртай нь төмөр, модон, хамераар хийсэн ямар ч хамаагүй завь унаад өмсч байгаа хувцастайгаа далайд гарч л байдаг гэнэ. Энэ нь тэдний хувьд хэвийн үзэгдэл бололтой. Далайн эргээс 40 метр орчим яваад талийгаачдын гэрт хүрлээ. “Байкаль” амралтын газрын хашааны урд буланд жижгэвтэр дүнзэн байшин байх бөгөөд хойно нь нэг гэр байна. Гэртэй айл нь П.Чулууных, байшинтай айл нь Ш.Одгэрэлийнх. Хоёулаа хань ижлээ алдсан бэлэвсэн, өрх толгойлсон эмэгтэйчүүд юм байна. Энэхүү ослоор мөн л хоёр хоёр сайхан хүүгээ алдаад буй. П.Чулууныд ортол гэрийн эзэд байсангүй. Харин 15, 16 настай хоёр хүү ийш тийш бүлтэлзэн, цай аягалангаа “Чулуун эгч Мөрөн рүү ном уншуулахаар явсан” гэв. Энэ айл 26, 17, 15 настай гурван сайхан хүүтэй байжээ. Харамсалтай нь энэ ослоор том хүү, бага хүү хоёроо алдаад буй. Харин гэр сахиж буй энэ хоёр хүү талийгаач бага хүүгийнх нь ангийн найзууд гэнэ. Гэрийн эзэгтэй ганц үлдсэн хүүгээ дагуулан ном уншуулахаар явсан тул гэрийг нь галлаж, зул таслалгүй өргөж суугаа нь энэ. Тэдний нэг “Баттулга бид гурав багын найзууд. Тэр өдөр бид хоёр түүнийг хамт самарт явъя гэсэн чинь дурамжхан байсан. Ийм муухай зүйл болохыг мэдсэн бол уурлуулаад ч хамаагүй дагуулаад самарт явдаг л байж” гэж хоолой нь зангирч, хацар даган бөмбөрөх нулимсаа буруу харан арчиж харагдав. Тэгээд “Та урд айлд орвол том хүн байгаа байх аа. Одгэрэл эгч Чулуун эгчтэй хамт Мөрөн явсан байх даа” гэлээ.

“ЗАДЛАН ХИЙХГҮЙ ОЧИХООР ДАРГА НАР ЯМАР АЖИЛ ХИЙСЭН ЮМ ГЭЭД ЗАГНААД БАЙДАГ”

Урд байшинд гурван ч том хүн байна. Бүгд л талийгаачдын ажил явдалд иржээ. Зуны зориулалттай дүнзэн байшингийн онгорхой, цоорхойгоор салхи сэвэлзэж, шүгэлдэх нь цаанаа л нэг хүйтэн. Орон дээр дээл нөмөрч хэвтсэн 60 гаруй насны хөгшин “Тэнгэр хангай онгойх шинж алга. Осол болсны оройноос л бороошиж эсвэл салхилж, далайн ус маань зэвхий өнгө даах боллоо. Ямар үйлийн үр юм, хайран сайхан хүүхдүүд” хэмээн эрхи эргүүлж маань уншин, хүрд эргүүлэх аж. Энэ хооронд галд түлээ нэмж суусан бүсгүй “Манай эгч гал дээр цай тавих үедээ цонхоор харсан гэсэн. Тэгэхэд хүүхдүүд нь гэрийнхээ хажууханд тоглож байсан юм билээ. Ерөөсөө л цай буцлахын хооронд л болчихсон зүйл. Эгч цайгаа буцалгачихаад хартал хүүхдүүд нь харагдаагүй гэсэн. Энэ хавийнхан ер нь хүүхдүүдээсээ нүд салгадаггүй. Нуур ойрхон учраас л байнга л ус руу ойртож тоглож болохгүй шүү гэдэг. Тэгтэл завьтай хүмүүс живчихлээ гээд хүмүүс бөөн шуугиан болонгуут эгч ч юу болов, хэн хаана явж байгаад осолдчихов гээд гарсан байсан. Эхлээд хүүхдүүдээ модон дотор, хаа нэгтээ тоглож байгаа байх гэж бодсон юм билээ. Хүүхдүүдээ хайж баахан хашгиртал хүмүүс тэр завинд суусныг харсан гэж хэлсэн юм билээ. Эгч ч ухаантай, ухаангүй нааш, цааш гүйж ах, дүү нар руугаа утасдаж, тусламж хүссэн байсан. Ш.Одгэрэл эгч маань 4-15 насны дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага нь дөрвөн настай охин. Энэ гайтай ослоос болж хоёр сайхан хүүгээ алдчихлаа. Нялх үрээ алдчихаад байхад орой нь шүүх эмнэлгийн эмч гээд гурван эмэгтэй талийгаачдын цогцсонд задлан хийнэ гэж дайрсан. Осол юунаас болсон нь тодорхой байсан шүү дээ. Тэглээ ч ар гэрийнхэн нь дургүйцээд байхад “Бид заавал ингэх ёстой юм. Задлан хийхгүй бол очихоор дарга нар ямар ажил хийсэн юм гээд загнаад байдаг. Та нар битгий ажилд саад болоод бай” гэсэн. Тэд адилхан эх хүн, эмэгтэй хүн. Нүдний цэцгий мэт хайрлаж, хамгаалж ирсэн хүүхдүүд нь хорвоогоос үгүй болчихоод байхад хөөрхий амьтдын биеийг тайван орхихгүй задлан хийсэн. Үүнээс болж эгч нар маань их хямарсан. Харин Мөрөнгөөс ирсэн хүүгийн ар гэрийнхэн нь замд авч явах боломжгүй болчихно гээд задлан хийлгээгүй” гэсээр яриагаа дуусгалгүй нулимсаа арчсаар гараад явав. Харин түүний нөхөр “Ер нь эндхийн завинууд дандаа л энд тэндээс зүйж эвлүүлсэн, гар аргаар янзалж сэлбэсэн завинууд харагддаг. Тэр унаж явсан завинд ч бас зориулалтын бус том мотор тавьсан байна лээ. Миний сонссоноор бол өмнө бас л тэр завинаас болж хүн амиа алдаж, бас бэртэж гэмтэж байсан юм уу даа. Тэгэхээр далайд гарч буй бүх завийг хянадаг, аюулгүй ажиллагааг хангасанд нь зөвшөөрөл олгодог болмоор юм. Эндхийн хүн бүхэн л мөнгө олохын тулд хямд төсөр аргаар завь хийж, хэдэн хүн суулгаад эсвэл загасчилж таван цаас олдог. Харин аюулгүй байдал, амь насны баталгааг яриад ч хэрэггүй. Ядаж л энэ мэт осолд орсон завиудаа шууд устгалд оруулах ёстой” гэв. Талийгаачдын унаж явсан завь өмнө нь мөн осолдож, нэг эмэгтэй амиа алдсан бололтой. Энэ тухай нутгийн бараг хүн бүхэн л мэдэх аж. Өнгөрсөн жил уг завинд бие давхар эмэгтэй аялахаар суугаад завьтайгаа хөмөрч гэмтэж байжээ. Улмаар гэмтлээ даалгүй өөд болсон гэх яриа байна. Түүний өмнөх жил мөн л хүн унаж хүнд гэмтэж байсан гэнэ. Энэ мэтчилэн өмнө нь осол гаргаж, эвдэрч байсан завийг бие биедээ дамнуулан зардаг бололтой. Тэр болгон завь олдоод байх нь ховор учир нутгийн иргэд ашиг хонжоо хайсан нэгнийхээ аманд унадаг байна.

“ХЭРВЭЭ ЖААХАН АМЬСГАА АВААД НЭГЭН ДЭЭР НЬ Ч БОЛТУГАЙ ТӨВЛӨРСӨН БОЛ АМИЙГ НЬ АВРАХ БОЛОМЖ БАЙСАН”

Талийгаач хүүхдүүдийн нагац эгч Ш.Отгон:

-Та ослын дараа нэлээд хүмүүс рүү гүйж завь гуйсан гэсэн. Хэр хугацааны дараа осол болсон газар анхны тусламж хүрсэн бэ?

-Бараг 20-иод минутын дараа манай нөхөр, эгч Туяа зэрэг дөрвөн хүн Чинбат гээд ахын хамт хийлдэг завьтай явж хоёр хүүг авчирсан. Нялх амьтдыг харахад зүрх зүсэгдэх шиг болсон. Гүрээний судас нь цохилж байсан. Эрэг дээр авчрах хооронд эмч доош нь харуулж нуруун дээр нь баахан цохиж хиймэл амьсгал хийхийг оролдсон юм билээ. Бид хоёр хүүхдийн хооронд дэмий л сандарч гүйгээд байсан. Хэрвээ жаахан амьсгаа аваад нэгэн дээр нь ч болтугай төвлөрсөн бол амийг нь аврах боломж байсан гэж бодохоос өөрсдийгөө зүхээд ч барамгүй.

-Танай төрсөн эгчийн хоёр хүү, бэр эгчийн тань хоёр хүүтэй хамт бас нэг хүүхэд явсан гэсэн?

-Нэг нь Одгэрэл эгчийн хүргэнийх нь хүү. Маргааш нь Мөрөн буцах байсан. Миний төрсөн ах хэдэн жилийн өмнө бас далайд завьтай явж байгаад амиа алдсан. Түүний эхнэр Чулуун эгч гурван хүүгийнхээ хамт энд нутагладаг. Харин миний төрсөн эгч Одгэрэлийн нөхөр гурван жилийн өмнө уушгины хорт хавдраар өөд болсон. Эгч маань дөрвөн хүүхэдтэй хоцорсон. Хоёр эгч өнчирч хоцорсон хүүхдүүдээ хүн болгох гэж урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж яваа ядарч яваа эмэгтэй хүмүүс. Хүүхдүүд нь эхнээсээ тусад орж, одоо л нэг нэмэр болох нь гэж байтал ийм аймаар юм тохиолдлоо. Ямар хувь тавилан гэхээрээ энэ хоёр эгчийн маань хүүхдүүдийг хоёр хоёроор нь авч одож, шар махтай нь хатааж, амьдын шаналалд унагана вэ. Бид ийм л үйл лайтай учрах хүмүүс юм байлгүй. Уул ус, нууртайгаа буруу харьцаж, буруу үйлээр амьдарч яваа хүмүүс юм болов уу гэж харуусч сууна. Ямар өөрсдөдөө ирсэн зовлонгийн шалтгааныг бусдад нялзаалтай биш. Бид л дүү нартаа хатуу ширүүн үг хэлж, дураар нь тавьдаггүй байж.

-Уг нь завиа зогсоолд уяж байсан гэсэн. Яагаад гэнэт дахиад далайд гарчихсан юм бол оо. Өмнө нь танай дүү нар завь жолоодож байсан юм уу?

-Талийгаач ах завьтай байсан. Үр хүүхдүүд нь ч гэсэн аавыгаа дагаж загасчилдаг байсан болохоор бид нэг их тоогоогүй. Хүүхдүүд завьтай эргээр тоглож л байдаг. Ядаж хантаазаа өмсчихгүй дээ. Тэгсэн бол багачууд нь ч болтугай усанд хөвж амьд үлдэх боломжтой шүү дээ. Өмнөх орой нь Одгэрэл эгч хүүгээ, мөн хүргэнийхээ хүүг дагуулж манай дэлгүүрт орж ирсэн. Мөрөнгөөс хадмууд ирсэн гээд жаал жуул чихэр боов аваад, маргааш хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгнө дөө гээд гарсан. Хүү нь сургуульд орно гээд бөөн баяр явсан. Гэтэл өдөр эгч “Миний хүүхдүүдийн явсан завь хөмөрчихлөө. Эгч нь одоо яах вэ. Завь олоодхооч” гээд яриагаа ч дуусгалгүй утсаа тасалсан. Би гарч гүйгээд “Тойлогт” амралтаас завийг нь хүнээр гуйлгасан. Гэвч хөдлөөгүй. Осол болсныг мэдээгүй. Хүн сууя гэнэ л гэж сонссон гэсэн. Уг нь том завь. Тэр завь ирсэн бол бидэнд хүүхдүүдийг аврах боломж байсан л байх. Тэнд хөөрхий хүүхдүүд аврал эрж амь тавьж байхад бид энд хүн царайчлаад гүйхээс өөр юу ч хийж чадаагүй гэж бодохоор л...(нулимсаа барьж чадсангүй бололтой мэгшив).

Хажуугаас түүний нөхөр “Бид сэлүүрддэг завьтай цаг хугацаа алдсан. Далайн эрэг дээр онцгой байдлын аврагчид байсан. Тэд Сүхбаатар онгоц явахаа болингуут аврах багаа Мөрөн рүү татсан. Осол яг маргааш нь гарсан. Гэтэл иргэд дунд усанд сайн сэлэх нь битгий хэл усанд живсэн хүнд анхан шатны тусламж үзүүлэх нэг ч хүн байгаагүй. Бид ямар ч ойлголтгүй хэрнээ ямар ч дүрэм журамгүйгээр усанд гарч загасчилдаг. Эндхийн хүн бүхэн л амьдралаа залгуулахын тулд бүдүүн хадуун байдлаар үздэг. Бидний энэ буруугаас болж хүүхдүүд ч буруу үлгэр дуурайл авч байна. Энэ осол хатуу сургамж үлдээлээ. Бас аврагчдыг энд байрлуулах ёстой гэж бодож байна” гэв. Ямартай ч талийгаачдын унаж явсан завь өдгөө Хатгал сумын Захиргааны хашаанд хэвтэж байна. Тухайн үед завинд байсан аврах хантаазнууд ч харагдсан. Гурван хүүхдийн, дөрвөн том хүний хантааз байна. Гэхдээ хантаазнуудын зарим нь оосор бүчгүй байв. Хоёр, гурав нь л зориулалтын хантааз харагдах боловч гэдсээр бүсэлдэг ганц бүчтэй харагдав. Харин зарим нь давуун завсар хөөсөнцөр хийснээс харахад гар хийцийнх бололтой. Тэгсэн атлаа ямар ч оосор бүчгүй бөгөөд усанд орлоо гэхэд мултраад уначихмаар юм. Нуурын эрэг орчмоор аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг хүмүүс ихэнх нь зорчигчдодоо ийм хантааз тарааж өгдөг болохыг иргэд хэлж байна. Арай гайгүй гэсэн том амралтын бааз орчин үеийн хантааз тараадаг бололтой. Харин хувь хүмүүс бол хөөсөнцөр хавчуулж оёсон хантааз, борооны ногоон цув л өгдөг байна.

Үргэлжлэл бий