Ах минь манай гэрт эзлэдэг байр суурь ихээхэн ээдрээтэй бөлгөө. Арваадхан жилийн өмнө л би эцэг нэг эх ондоо ахтай гэдгээ мэдээгүй явсан гээд бод доо. Гэтэл тэр орой хэн нэгэн хүний хаалга нүдэх чимээ манай гэрийн оройн хоолыг үймүүлж орхисон юм. 
Гаднаас арван долоо найм орчим настай болов уу гэмээр идэр насны хөвгүүн ороод ирэв. Өмссөн оготор өмд нь түүний чацыг улам ч урт харагдуулах бөгөөд оодон цамц нь ч гэсэн тэлээг нь дөнгөн данган халхлах ажээ. Охин дүү бид хоёр түүн рүү эргэн хартал тэр хөвгүүн шавар шавхай болсон ногоон резинэн шаахайтай хөлөө нийлүүлэн зогсож харагдана. 
“Сяо Цян уу даа?” хэмээн аав дуу алдав. 
“Аав аа!” хэмээн тэр хөвгүүн дуудлаа. 
«Аав аа!» хэмээн өөр хүүхэд дуудахыг сонсоод охин дүү бид хоёрын нүд орой дээр гараад явчихалгүй яав гэж. 
“Чи яахаараа манай аавыг «Аав аа!» гэж дууддаг билээ?” гээд охин дүү маань уйлж гарав. Би ямар нэгэн нандин зүйлээ бусдад булаалгасан мэт түүн рүү нүд салгалгүй ширтсээр суулаа. 
Амьдралдаа ахин мартаж чадашгүй тэр шөнийн турш аав ээж хоёрын хэрэлдэх чимээ үес үесхэн дуулдах нь сэтгэлд маш их дарамттай. Хэдийгээр тэр хоёр дуугаа аль болохуйц намсгахыг хичээж байсан боловч дүү бид хоёрт барим тавим зүйл сонсогдсоор байсан юм. 
“Аль эрт салчихсан мөртлөө яахаараа өдий болтол салж хагацаад өгдөггүй юм бэ?”
“Тэр үхлүүт өвчин тусаад хүүхдээ харж хандахаас өөр аргагүй болсныг минь ойлгооч дээ!”
“Тэгвэл чи тэр хоёр дээрээ очвол шулуухан хэрэг биш үү?”
“Чи нөхцөл байдлыг буруугаар ойлгоод байна шүү дээ . . . . . . . ”
«Аав урьд нь өөр хүнтэй сууж байсан байх нь ээ?» хэмээн бодох зуур охин дүү бид хоёр орон дээрээ хярсан туулай шиг шигдэцгээнэ. «Хажуу өрөөнд байгаа хуучин хувцастай тэр жаал хөвгүүн харин аавын хүү байх нь.»
Хожим нь би Сяо Цян бол миний эцэг нэг эх ондоо ах маань болохыг сайтар ухаарсан юм. Хорь шахам жилийн өмнө илгээлтээр хөдөө ажиллаж байсан аавд маань тэр тосгоны нэг охин сайн болж дасалцаад хожим хоёулаа нэг гэрт орцгоожээ. Удалгүй аав маань их сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцэж хот руу буцахаар болоход нөгөө охин түүнээс салах өргөдлөө гаргасан аж. 

 

 


Тэр үед мань хүн гэдсэндээ хүүхэд олоод байсныг эцэг маань яахин мэдэх билээ. Харин хэдэн жилийн дараа тэр бүсгүй төрүүлсэн үрээ ганцаараа тэжээн өсгөж байгаа тухай хүнээс дуулсан байна. Аав маань Хар луут мөрөн муж руу буцан очихдоо өөрийг нь өвчсөн мэт адилхан хүүгээ анх удаа олж харжээ. Эцэг маань хүүгээ тэврээд цурхиртал уйлсан боловч тухайн үед том даргын охин болох манай ээжтэй суучихаад байсан тул өөр ямар арга чарга байх билээ. Удалгүй эхийн хэвлийд би гэдэг хүн бүрэлдэж хоёр жилийн дараа охин дүү маань төрсөн юм. 
Мөнөөх залуу хөвгүүн манайхаас шинэ хувцас сольж өмсөөд нутаг буцав. Аав биднээс түүнийг «Ах аа!» хэмээн дууд гэж шаардсан боловч дүү бид хоёр ам ч нээх хүсэлгүй байлаа. Би сэтгэлдээ түүнийг ах хэмээн хүлээн зөвшөөрөөгүйн дээр ээж маань түүнээс болоод маш их хямарсан нь нөлөөлсөн байж болох талтай.
Аав түүнд арван мянган юань өгсөний улмаас эцэг эх хоёр маань бас л нэгэнтээ зад хэрэлдэцгээв. «Байтлаа хоёр айл тэжээдэг болох нь л дээ!» хэмээн ээжийн уурладаг ч аргагүй буй за. Бороотой үдэш хүрч ирээд манай гэрийн амгалан тайван байдлыг үймүүлсэний төлөө тэр идэр насны хөвгүүнд би үнэн голоосоо дургүй хүрэх болсон тул дахин түүний барааг харахыг хүсээгүй юм. Тийм болохоор түүнийг ах гэж яахин хүлээн зөвшөөрөх билээ дээ. 
* * *
Арваад жилийн дараа би гэдэг хүн Бээжингийн их сургуулийн хоёрдугаар курсэд сурч байхад ах маань гуч шахам насны том эр болчихсон орж ирэв. Энэ удаа тэр баахан эрдэнэ шишийн гурил, улаан чавга зэрэг аахар шаахар зүйлсийг авчирчээ. 
Бас зүгээр ч үгүй гурав дөрөв орчим насны нэг жаалхүүг хөтлөсөн байв. 
“Өвөө гэж дуудаарай!” хэмээн тэр жаалхүүд хэлснээ “Энэ бол чиний авга ах шүү дээ!” гээд намайг заалаа. 
“Авга эгч ээ!” гээрэй хэмээгээд ахлах сургуулийн төгсөх ангид сурч байгаа охин дүүг минь заахаа ч мартсангүй. 
Бид түүнд урьдын адил нүүр өгөөгүй юм. Ах хэдийгээр гэрлэж бараалсан боловч тогтсон ажил олоод хийж чадахгүй байгаа гэнэ. Ээж нь таван жилийн өмнө өөд болсон бөгөөд түүний эхнэр нь тосгондоо гурван төгрөгөөр үс засдаг болохоор шальтай орлого гэж юу байх билээ дээ. «Хэдэн жилийн өмнө нутагт нь айхтар үер болоод байшинг нь урсгаад явчихсан. . . . . .» гээд мань хүн цааш ярих гэтэл ээж үгийг нь таслаад: “Дахиад л мөнгө биз дээ? Аягүй бол арван мянган юань хэрэгтэй юу? Энэ янзаараа бол амьдрах аргагүй болох нь ээ!” хэмээн цамнаж гарлаа. 

 

 


Ахын царай ихэд эвгүйрхсэнээ “Үгүй дээ! Хаанаас тийм зүйл байх билээ.” хэмээн байдгаараа улайж ичингүйрэх нь юу хэлэхээ мэдэхгүй байгаа бололтой. 
Овоо том болж ухаан суусан охин дүү маань ашгүй түүний хүүгийн гараас хөтлөөд: “Алив авга эгч дээрээ ирээрэй!” гэсэн нь гэрт үүссэн эвгүй уур амьсгалыг овоо зөөлрүүлэв. Түүний хүү нь их л хэвлүүхний дээр аавыгаа айхтар дууриажээ. Аавыгаа дууриасан гэдэг нь өвөөтэйгээ ч ижил төрхтэй гэсэн үг юм. Аав ач хүүгийнхээ могжгор гараас атгах зуур: «Өтлөжээ. Өтлөж. . . . . .» хэмээн халаглах хайрлахын завсар өгүүлнэ. Энэ удаа ах маань аавын туслалцаатайгаар Бээжинд бага сага арилжаа наймаа хийхээр иржээ. «Манай тосгоны зарим хүн Бээжинд гуанз ажиллуулаад чамгүй баяжлаа гэлцэх юм.» хэмээн түүний өгүүлэхэд аав доош тонгойн бодлогоширон сууснаа “Сайтар бодож үзэхээс дээ!” хэмээн хэлэв.
Ингэснээр ах Бээжинд бага сага бизнес хийж эхлэсэн юм. Тэр Бээжингийн Мү Сиди дүүргийн ойролцоо нэг гуанз нээгээд эхнэр хүү хоёроо ч татан авчирч жинхэнэ зүүн хойд нутгийн хоол хийгээд өдөр шөнийн турш завгүй ажилтай хүн болон хувирч билээ. Хожмоо тэр хэдэн түмэн ардын зоосоор мөнөөх гуанзаа худалдан аваад баярласандаа биднийг хоолонд орохыг урив.
Бид ч юу боллоо гэж түүний урьсаны зоргоор давхиад очиж байх билээ дээ. Тэгээд ч мөнгө зоосгүй ядуу амьтан ямар л олигтой газар хоол идүүлэх нь ойлгомжтой биш үү? «Харваас нэг боловсролгүй амьтан болох нь нэвт шувт харагдаад байдаг юм. Тиймэрхүү улсаас холхон байсан нь дээр.» хэмээн ээж маань бидэнд анхааруулав. 
Ах тэр болгоныг тоохгүй манайх руу хааяа нэг ирэхдээ зүүн хойд нутгийн хоолоо барьчихсан байх нь олонтоо. Тэр хоолыг нь манайд ааваас өөр идэх хүн байхгүй л дээ. Аав маань зүүн хойд оронд илгээлтийн эзэн болон очиж байсан болохоор тэндхийн хоолонд дуртай гэж нугасгүй. Ах маань ч «Зүүн хойд нутгийн битүү шөл», «Гахайн махан хуурга», «Гахайн махтай пүнтүүзтэй хуурга» зэргийг тун дажгүй хийдэг. Аав харин тэдгээр хоолыг хэсэг хугацаанд идэх боломжгүй болохоороо «Ах чинь яагаад ирэхээ байчихав аа?» хэмээн асуух нь яршигтай. Тэр болгонд бид ч юм хэлээд байхгүй. Би л хувьдаа сэтгэл зүрхний мухарт түүнийг ахаа хэмээн хүлээн зөвшөөрдөггүй хэвээрээ байв. Харин аавын байр байдал түүнд сайн гэж амиа тавихаас арай наахнуур байдаг нь илт. Аав заримдаа түүнд сэмээрхэн мөнгө атгуулдагийг ч би яваандаа мэдэж билээ. Нэг өдөр аав намайг дагуулан гарахдаа түүнд нэг боодолтой мөнгө өгөх гэсэн боловч цааргалан түлхэлцсээр аваагүй юм. Аав уртаар хэнгэнэтэл санаа алдаад хоцорч билээ. 
Ах маань их л бүдүүн баараг хүн болохоороо бусдад хуурагдах нь амархан л даа. Түүний худалдан авсан гуанз хэдэн сарын дараа газарт орох байсныг эзэн нь урьдчилан мэдээд ахад тийм хямдхан зарчихсан хэрэг байжээ. Түүний улмаас мань хүн шальтай ашиг олох нь байтугай харин ч баахан алдагдал хүлээгээд хоцорсон юмдаг. Хожмын нэгэн өдөр би Бээжингийн галт тэрэгний буудал дээр найзыгаа гаргаж өгөхөөр очтол ах маань гурван дугуйт уначихсан цээжээ нүцгэлчихээд бусдын ачаа барааг хөлсөөр зөөлцөж байхыг харсан юм. Би түүнийг нэлээд удаан харж зогсох зуур нэг л мэдсэн аньсага норсон байхыг мэдрэв. . . . . . .Тухайн үед би гэдэг хүн Америкад бүрэн тэтгэлгээр сурах болчихоод байсан юм. Гэтэл төрсөн ах маань амин зуулгынхаа төлөө тэгтэл шаргуу зүтгэж байх гэж. . . . . . .
Ээж маань хөөцөлдөн гүйсээр охин дүүг маань ч гэсэн гадаадын нэгэн их сургуульд сургахаар болсон тул манай гэр орон эль хуль оргиод явчих нь тодорхой болов. Аав маань чихэр шижин, цусны даралт гэх зэрэг өвчин хэлдэг болсны дээр ээж маань ч гэсэн зүрхний хэмнэл нь алдагдаад эхлэсэн болохоор би яахин санаа амар яваад өгч болох вэ?
Аав ч яахав “Чи зүгээр л явж үз. Ах чинь байгаа болохоор алзахгүй.” хэмээн намайг тайвшруулна. 
Ээж харин тэр үгийг дуулаад дүрсхийтэл уурлаж: “Больж үз дээ! Цаадхи чинь энэ гэрийн эд хөрөнгийг бодоод л наашаа гүйгээд байдаг хүн. Олиггүй амьтангаас холхон байсан нь дээр байх аа.” гэж хэлэв. 
“Олиггүй амьтан гэв үү? Тэр чинь миний хүү шүү дээ!” гээд аав ч мөчөөгөө өгөх янзгүй хариуг нь барьлаа. 
Гадаад явахаасаа өмнө би анх удаа ахындаа зочлон очсон юм. Хариугүй навтгар байшин нь гал хөс муутай болохоор цонх нь цантаж гүйцжээ. Тэр намайг орж ирнэ гэж зүүдлээ ч үгүй янзтай: “Сяо Бинь үү дээ? Хурдан дээшээ суу!” хэмээн миний гараас атган авах зуур тэднийд зочлон ирсэн танил нөхөртөө: “Миний дүү шүү дээ! Америкад суралцахаар болсон юм. Мундаг байгаа биз дээ?” хэмээн ихэд маадгар өгүүлэв. 
Тэр жимс арилгаж цай аягалах үеэр гар нь бага зэрэг салганахыг үзээд самсаа минь өөрийн эрхгүй шархираад ирэв. Амьдралын хатуу хүтүү буулганд нухлуулсаар ах маань наснаасаа эрт өтлөх янз суужээ.
“Би явчихаар аав минь яадаг билээ гээд л. . . . . . .”
“Ах чинь байхад алзахгүй ээ. Санаа амар яваад ир!”
“Бас ээж гэж хүн байгаа.” хэмээн хэлэх зуур ах ч ээжид гомдож явдаг байлгүй дээ гэсэн шүү юм бодож амжив. Ээжийн бие тэр үед барагтай байсан хэрэг л дээ. 
“Бүгдийг нь ахдаа даатгачих. Аавын ойр дотны хүмүүс бүгд л миний хамаатан садан гэсэн үг биз дээ? Манай Чэнь овогтынхоос гадаадад сурдаг хүн байгаа хэмээн онгироод явж байхад ахад нь ч гэсэн сайхан байж таарна.”
Тэр нэг удаа би өөрийн мэдэлгүй түүнийг «Ах аа!» хэмээн үнэн сэтгэлийн угаас дуудсан юм. 
Ах маань энэ л үгийг дуулах гэж хорин жилийн турш тэвчээртэй хүлээж билээ. Тэр сэтгэл хөдлөсөн янзтай намайг чанга тэврэн авав. 
* * *
Хэдэн жилийн дараа элгэн садантайгаа уулзахаар эх орондоо хөл тавьлаа. 
Гэр оронд маань асар их өөрчлөлт гарсанд би хувьдаа чамгүй их гайхаж байсныг төсөөлөөд үзээрэй! Ах маань хуучивтар хөнгөн тэргээ жолоодсоор онгоцны буудал дээр очиж намайг тосон авлаа. Мань хүн зоогийн газар нээгээд ашиг орлого тун дажгүй байгаа янзтай байв. 
Ээж маань түүнийг дэмжсэн төдийгүй мөнгө нэмэрлэсэн ажээ. 
Гэрийнхээ босгоор алхан ортол ахын хүү ээжтэй тоглосон шиг сууж байна. Бэр эгч маань харин хоол ундны ая эвийг олох гээд гал зуухны өрөөнд завгүй амьтан байж байлаа. Аав ээжийн царай зүс сайхан бие хаа нь тун дажгүй байгаа бололтой. Энэ бүхний эхлэл хэрхин тавигдсан юм бол доо?
Хожим мэдэх нь ээ, намайг явсаны дараа ээж маань автын осолд ороод хөл болон ууц нуруугаа хүнд гэмтээсний улмаас хөдлөж ч чадахгүй орондоо хадаастай хэвтдэг болжээ. Бэр эгч маань л түүний өтгөн шингэнтэй зууралдаж, том ах харин гадаа гарч эр, гэрт орж эм болох нь холгүй гэр орны ажлыг аялуулж байсан хэрэг. Тэгж тэгсээр ээж минь хөл дээрээ боссоны эхний өдөр нь л: “Та гурав одоохон манайд нүүгээд ирцгээ! Хамаг асуудал надад байсныг ойлголоо.” хэмээн тушаал буулгасан гэдэг. 
Түүгээр үл барам тэр өөрөө хөөцөлдөн байж ахад зоогийн газар нээх аятайхан байршил олж өгөөд эхний эргэлтийн хөрөнгийг ч гаргаж өгсөн аж. Ахын хүүг хамгийн сайн сургуульд оруулж өөрөө өглөө өдөр хүргэж өгөөд тосож авдаг ажилтай болсноор нэг гэрийн хөгшин хөвөө таван хүн аз жаргалтай амьдралын үүд хаалгаар алхан орж чаджээ. 
Байдал ийм нааштайгаар эргэнэ гэж би л хувьдаа төсөөлөөгүй юм. Аав маань ч гэсэн адилхан л бодолтой явсан байх. Энэ бүхний гол зангилаас ах гэдэг ганц хүн байсныг та бүхэн ойлгож байна уу? 
Би гадаад руу буцахаас өмнө ахтайгаа хамт хоолонд орж аяга тагш юм хувааж уусны дараа түүнд талархаж байгаагаа илэрхийлэв. 
Ах маань хацар дээр зөөлөн алгадсанаа: “Байтлаа ахаараа сайн гөвшүүлэх чинь дутаа юу? Нэг гэрийн хүмүүс чинь ийм хүнийрхүү байж болдог бил үү? Хурдан тэр докторын зэргээ хамгаалчихаад Америкад үргэлжлүүлэн үлдэх арга замаа бодож үз! Аав ээж хоёрын тухайд ах нь байхад санаа зовних хэрэг юусан билээ дээ?” гэсэн юм.
Тэгээд намайг явах болоход ах маань надад нэг боодолтой зүйл өгснийг үзвээс түмэн ардын зоос нямбайлан боожээ. Би авахгүй ээ хэмээн цааргалтал ах маань хүчээр гарт атгуулаад: “Битгий өөдгүй зан гаргаад байгаарай! Өдий олон жил ах дүү бололцсон улс чинь энэ хэдэн төгрөгийг зарж болно биз дээ? Тэгвэл ах чинь баярлах болно. Ах чинь эхийн хэвлийгээс эр ганцаараа төрсөн болохоор та нар минь л миний хувьд нааш харах садан төрлүүд юм шүү!” хэмээн өгүүлэв.
Би үнэндээ нулимсаа бариад байж чадсангүй. “”Юу гэж усан нүдлээд байгаа юм бэ? Хүний дүү шиг байдаггүй юм шүү!” хэмээн ах маань зандрангуй хэлчихээд гараа сэгсрэн цааш эргэв. Дөч шүргэж яваа ах маань дунд эргэм насныханд түгээмэл байдаг мах мариа суугаад нүүрээ байн байн шударсаар холдохын түүс болж байгаа нь илт. 
«Ах аа!» хэмээн араас нь дуудах гэтэл хоолой цахиртаад олигтой дуу гарч өгсөнгүй нулимс л харин нэг зоргоороо асгарч байх нь мэдрэгдэж билээ.

 amjilt.com

Орчуулагч ДОРЖСҮРЭНГИЙН БОЛДБААТАР