Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”- ийн үзэл баримтлал, хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа бөгөөд үүнийгээ өчигдөр холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээр хэлэлцүүллээ.

Тодруулбал, архидан согтуурсан, архи хэтрүүлэн уусан иргэдийг эрүүлжүүлэх байранд бус эмнэлэгт хүргэдэг хуулийг 2014 оноос хэрэгжүүлснээс архи хэтрүүлэн хэрэглэсэн 5560 хүн дүүргийн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлжээ. Тэд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, тоног төхөөрөмжийг эвддэг байна. Түүнчлэн архи хэтрүүлэн уусан хүмүүс биеэ авч явах чадваргүй болж, бөөлжиж, өтгөн шингэнээ гадагшлуулах тохиолдол их гардаг нь эмнэлгийн байгууллагын эрүүл ахуйд сөргөөр нөлөөлөх үйлдэл гэдгийг хууль санаачлагчид хэллээ. Тиймээс архи уусан, биеэ авч явах чадваргүй иргэдийг хуучин эрүүлжүүлэх байранд хүргэж, тэнд нь эмчилгээ үйлчилгээг хүргэх нь зүйтэй гэж үзэж хуулийн төсөл боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлжээ. Хуулийн төслийг удахгүй Засгийн газарт өргөн барих юм байна.

 

Л.ТӨМӨРБААТАР: ЭМНЭЛЭГТ ИРЖ БАЙГАА СОГТУУ ХҮМҮҮСИЙН ОЛОНХ НЬ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВАХ ШААРДЛАГАГҮЙ БАЙДАГ

 

        Энэ үеэр дээрх асуудлын хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатартай ярилцлаа.

 

-Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар холбогдох байгууллагынхан санал солилцож байна. Тус хуулийг хэрэгжүүлснээр одоогоор ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?

 

-Энэ хууль нэлээд хүндрэлтэй асуудал үүсгэж байна. Эрүүл мэндийн байгууллага согтуу хүмүүсийг эрүүлжүүлэх ажлыг бараг хэрэгжүүлж байна. Гэтэл үүний цаана нийслэлийн дүүргийн эмнэлгээс үндсэн үйлчилгээ авч байгаа иргэдийн эрхийг маш их зөрчиж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэснээр өвчтөнүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Түүнчлэн агсам тавьж эмнэлгийн эд хогшил, тоног төхөөрөмжийг эвддэг. Мөн эмнэлгийн ажилтан болон эрүүл мэндийн тусламж авахаар ирж байгаа хүмүүсийг цохих зэрэг танхайн үйлдэл гаргадаг.

 

-Согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс эмчийн тусламж авч, эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай учраас л эмнэлэгт хүргүүлж очиж байгаа биз дээ?

 

-Согтууруулах ундаа хэрэглээд эмнэлэгт хүргүүлж байгаа хүмүүсийн олонх нь эмнэлгийн тусламж авах шаардлагагүй. Цөөн хүн л хордлогын шинжтэй байдаг. Ийм тохиолдолд тэд эмнэлгийн тусламж авах зайлшгүй шаардлагатай. Манай улсад архидалт их байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн 180 мянга гаруй хүнд цагдаагийн байгууллага тусламж үзүүлсэн байх жишээтэй. Архи уусан хүн бүр цагдаагийн байгууллагад очоогүй. Нийгмийн хэв журам зөрчсөн, орчны амгалан тайван байдал алдагдуулах зэргээр аливаа нэгэн зөрчил гаргасан зөвхөн тодорхой хэсгийнх нь асуудлыг ярьж байгаа юм. Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн шөнө /арваннэгдүгээр сарын 29/ согтуу долоон хүн хоносон талаар хэлэлцүүлэг дээр ярьж байна лээ. Гэтэл түүн дотор эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нэн шаардлагатай хүн байгаагүй гэсэн. Эмнэлгийнхэн өвдсөн хүмүүстээ тусламж үзүүлэх ёстой. Согтуу хүмүүсийг хонуулдаг газар биш. Гэхдээ архи ууснаас болж хордлогод орсон, биеийн байдал нь муудсан хүмүүст тусламж үзүүлэх нь эмнэлгийн үүрэг. Гэтэл ийм хүмүүс очихоос илүүтэйгээр биед нь сөрөг нөлөө үзүүлээгүй согтуу хүмүүсийг эмнэлэгт хүргэснээр ачаалал үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байгаа юм. Төсөв мөнгөтэй холбоотойгоор эмч, сувилагч нарын хүрэлцээ муу байгаа шүү дээ.

 

-Эмнэлгийн тоног төхөөөрөмж эвдэж, үйлчлүүлэгч нарт хүндрэл үүсгээд байгаа ийм үед тэднийг яах ёстой вэ. Буцаагаад цагдаагийн байгууллагад өгөх үү?

 

-Согтууруулах ундаа их хэмжээгээр ууж, өөрийхөө үйлдлийг хянах боломжгүй болсон хүмүүст цагдаагийн байгууллагын хяналт зайлшгүй шаардлагатай байна. Эмч, сувилагч нар хяналт тавихын зэрэгцээ шаардлагатай хүмүүст нь эмчилгээ хийдэг. Ингэснээр эмнэлгийн Хүлээн авахаар ирж байгаа болон эрчимт эмчилгээ хийлгэж буй хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх боломж нь багасдаг.

 

-Нэгдсэн эмнэлгүүдэд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах ёстой гэж та харж байна вэ. Хуульд ямар өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна вэ?

 

-Одоо үйлчилж байгаа хуульд тодорхой нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэх боломжтой. Энэ удаагийн хэлэлцүүлгээр холбогдох байгууллагын төлөөлөл ирж, санал бодлоо солилцон үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Хуулийн үзэл баримтлалыг нь боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн яам руу явуулсан юм билээ. Дараагийн хэлэлцүүлгээр тодорхой зүйл дээр тохирох болов уу. Хуулийн нэр томьёонд хүртэл асуудал байна. Тухайлбал, хуулийн нэршил нь Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай гэж байна. Хэн нэгэн хүний амь насанд онцгой хүндрэл тохиолдсон үед хувь хүний эсвэл ар гэрийнхний зөвшөөрлийн дагуу, сайн дурын эмчилгээ хийдэг. Ингээгүй тохиолдолд албадан эмчилгээ хийвэл хүний эрх зөрчсөн асуудал болно. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг эмнэлэгт хүргэж ирээд заавал эмчилгээ хийх боломжгүй. Тиймээс нэр томьёо нь нэг талаасаа хүний эрхийг зөрчиж байгаа юм. Тиймээс бусад хуультай нийцсэн байдлаар хүний эрхийг зөрчихгүй, эрүүл мэндийн байгууллагын эрх үүрэгт нөлөөлөхгүй нэр томьёог сонгохоос эхлээд асуудал гарч байна.

 

-Энэхүү нэр томьёог хэрхэн өөрчлөх ёстой гэж үзэж байна вэ?

 

-Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх гэдгийг албадан саатуулах болгож өөрчлөх нь зүйтэй. Учир нь, согтуу иргэдийн 80- аад хувь нь дандаа бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болохоор хуулийн нэр томьёог дээрх байдлаар өөрчлөх нь зөв гэж үзэж байгаа. Хэн нэгэнд сайн дурын үндсэнд эрүүл мэндийн эмчилгээ үзүүлэх ёстой. Харин шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд албадан эмчлэх асуудлыг ярина.

 

-Манай улсад архидалт их байгаа гэж таны хэлсэн үнэн. Гэхдээ их байна гэж харж суухаас илүүтэй үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд нийслэлийн Эрүүл мэндийн газраас ямар ажлыг зохион байгуулж байна вэ?

 

-Архийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх талд иргэд өөрсдөө анхаарах шаардлагатай байна. Энэ дашрамд хэдэн зүйл хэлье. Хувь хүн өөртөө анхаарах асуудал эрүүл мэндэд маш чухал байдаг. “Хувь хүний эрүүл мэндийн 50 хувь нь өөрийнх нь халаасанд бий” гэсэн үг байдаг. Тухайлбал, өвлийн улирал болж, цас их орсноос халтиргаа гулгаа үүсч, нэлээд хүн бэртэж гэмтсэн талаар тоон мэдээлэл гарч байна. Ингэснээр тухайн байгууллага цасаа цэвэрлэх ёстой, эрүүл мэндийн байгууллага чирэгдэлгүй үйлчлэх хэрэгтэй гэх байдлаар ярьж байна. Хамгийн гол нь иргэн өөрөө халтирдаггүй гутал өмсөх л ёстой. Мөн саяхан Дорнод аймагт хэсэг хүн метиллийн спирт ууж хордлоо. Энэ мэт байдлаар нийгэм, эрүүл мэндийн байгууллагаас гадна хувь хүн өөрөөс нь шалтгаалах зүйл их байна.

 

УНТАА СОГТОЛТТОЙ ХҮНИЙГ ЭМНЭЛЭГТ АВЧИРСНААС ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ ҮҮСЧ БАЙНА

 

        Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл: -Согтууруулах ундаа хэрэглээд гудамжинд унасан унтаа согтолттой хүнийг ухаангүй гэж үзээд эмнэлэгт авчирч байгаагаас хамаг хүндрэл бэрхшээл үүсч байна. Согтолтыг сэтгэл хөөрөх, агсам согтуу тавих, унтаа гэж гурав ангилдаг. Архинд донтох эмгэг гуравдугаар зэрэгт орсон хүн голдуу унтаа согтолтод ордог. Ийм тохиолдолд тухайн хүнийг эмнэлгийн яаралтай тусламжид хүргэж ирдэг. Ингэснээр аймгуудын болон нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах ачаалал нэмэгдэж, хүндрэл үүсгэж байна. Үүнээс өмнө 2013 он хүртэл Албадан эрүүлжүүлэх хууль гэдгээр нийслэлийн 10, аймгуудын 30 эрүүлжүүлэх байранд 109 эмч, мэргэжилтэн ажиллаж байсан. Харин 2013 оны долоодугаар сарын 5-нд хуульд “Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энэхүү асуудлыг хариуцна” гэж заасны дагуу согтуу иргэдийг эмнэлгийн яаралтай тусламжид авч ирдэг болсон. Гэтэл ирсэн бүх хүнд эмнэлгийн тусламж шаардлага байдаггүй. Ер нь эмнэлгийн яаралтай тусламжид согтуу хүнийг хүргэж ирээд тусламж үйлчилгээ үзүүлдэг тохиолдол дэлхийд байхгүй. Гэтэл унтаа согтолттой байхад нь эмнэлэгт хүргэж ирээд нөгөөх нь 2-3 цагийн дараа босч ирээд агсам тавьж, эмнэлгийн тоног төхөөрөмж эвдэж, өтгөн шингэнээ гаргах жишээтэй. Тиймээс ЭМЯ, цагдаагийн байгууллага хариуцах ёстой гэж нэг нэг рүүгээ түлхэх биш ямар зохицуулалт хийвэл тухайн хүнд зохилтой байх талд арга хэмжээ авах нь зөв. Тухайлбал, холбогдох хоёр яам байр гаргаж, цагдаагийн байгууллага нь харуул хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд эмч үйлчилгээ үзүүлдэг байж болох юм. Архинд донтох эмгэгийг 2013 онтой харьцуулахад 40 дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, 0.15 хувь байсан бол одоо 6.4 хувь болсон байна. Манайх жилд 1000 гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, 7000 гаруй хүнд амбулаторын тусламж үйлчилгээ үзүүлдэг.

 

АЛБАДАН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ГЭДЭГ ҮГИЙГ АЛБАДАН СААТУУЛАХ БОЛГОН ӨӨРЧИЛСӨН

 

        Эрүүл мэндийн яамны Бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Цогзолмаа: -Хууль зүй, дотоод хэргийн яам энэ асуудлыг эрүүл мэндийн салбарт өгсөнтэй холбоотой энэ бүх хүндрэл, чирэгдэл үүсч байна. Албадан эрүүлжүүлэх гэдэг нэр томьёо ямар ч хуульд байхгүй. Нийгмийн ердийн үйл ажиллагаанаас гажиж, хэв журмын зөрчил гаргасан тохиолдолд албадан саатуулна. Тиймээс албадан эрүүлжүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарт өгсөн бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд маш хэцүү. Ингэхийн тулд тодорхой хэмжээний орон байр, харгалзах хүнтэй, хамгаалалттай байхгүй бол болдоггүй. Тиймээс хууль зүй, дотоод хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэхээр үг, үсгийн өөрчлөлт оруулсан. Мөн албадан эрүүлжүүлэх гэдэг үгийг албадан саатуулах болгон өөрчилсөн. Түүнчлэн эмнэлгийн ажилтан гэдэг үгийг цагдаагийн албан хаагч болгосон. Энэ мэт өөрчлөлтийг оруулсан учир тухайн хууль шинэчилсэн найруулгаар төсөл болж орох гэж байна. Архи уусан хүнийг эрүүлжүүлнэ гэж байхгүй, согтууг нь гаргах л асуудал байгаа юм. Цагдаагийн тухай хуульд ямар хүмүүсийг албадан саатуулах талаар заасан байдаг. Архи ууж, ямар нэгэн байдлаар зөрчил гаргасан 138600 хүнийг албадан саатуулах байранд авсан талаар цагдаагийн байгууллагаас тоон мэдээлэл хэлж байна. Тухайн хуулийг 2017 оны долоодугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлж эхэлбэл дээрх тооны хүн эмнэлэгт ирэхээр болж байгаа юм. Одоогоор дүүргийн эмнэлгүүд согтуу 20-40 хүнийг хүлээн авч байна. Тодруулбал, согтуу 2-3 хүн хүлээж авахад тухайн эмнэлгийн үйл ажиллагаа доголдож, 20 болоход бүрэн алдагддаг.

 

С.Юмсүрэн