МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн магистр Т.Наранцогттой ярилцлаа.


-Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбоотой дараагийн Ерөнхий шүүгчийг томилох асуудал яригдаж байна. Гэтэл нэр дэвшүүлсэн талаар нэлээд маргаан өрнөөд байх шиг. Хуульчийн хувьд энэ талаар тодруулах гэсэн юм. Ер нь өмнөх Ерөнхий шүүгч дахин нэр дэвших нь хуулийн хувьд боломжтой юу?

-Улсын Их Хурлаас 2012 онд Шүүхийн тухай багц хуулийг баталж, 2013 оноос үйлчилж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 гэсэн заалтад “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар нэг удаа томилно” гэсэн заалт оруулсан юм. Өмнө үйлчилж байсан Шүүхийн тухай хуулиар ийм хязгаарлалт байгаагүй, улируулан томилох боломжтой байсан.

Одоо байгаа Ерөнхий шүүгч Ц.Зоригийн хувьд 2010 оны 11 дүгээр сарын 5-нд буюу өмнөх хууль үйлчилж байхад томилогдсон юм билээ. “Эрх зүйн байдал дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн зарчим байдаг.

Тайлбарлавал, сүүлд батлагдсан хуулиар өмнө нэгэнт үүссэн эрхийг үгүйсгэхгүй, маргааш батлагдах хуулиар өнөөдөр бий болсон эрхийг үгүйсгэх нь шударга ёсонд нийцэхгүй гэсэн агуулгатай бүх хуульчид мэддэг зарчим. Энэ үүднээс өмнөх хуулийн үед томилогдсон хүнийг сүүлд батлагдсан хуулиар “дахин” томилогдох эрхгүй гэж хэлэх нь зохимжгүй гэж бодож байна.

-Хуульчдын холбооны зөвлөл хуралдаад дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзсэн юм билээ? Энэ мөн маргаан дагуулж байх шиг байна?

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Бүх шатны Ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулахад Хуульчдын холбооны дүгнэлтийг харгалзан үзнэ” гэсэн заалт байгаа. Энэ заалтыг хэрхэн уншиж ойлгож байгаагаас хамаараад маргаан гараад байна. Зарим нь сонгон шалгаруулалт гэсэн хэсгийг хасаад “Бүх шатны Ерөнхий шүүгчийг томилоход Хуульчдын холбооны дүгнэлтийг харгалзана” гэж уншаад дүгнэлт гаргах ёстой гэж үзээд байх шиг.

Миний хувьд Хуулчдын холбооны зөвлөлийн шийдвэртэй бүрэн санал нэг байна. Зөвлөл 28-нд хуралдаад дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзсэн юм билээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хувьд онцлогтой. Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүх санал болгосноор шүүгчдийн дотроос Ерөнхийлөгч томилдог. Ямар нэгэн сонгон шалгаруулалт байхгүй.

Гаднаас орж ирээгүй учир сонгон шалгаруулалт байх боломжгүй л дээ. Энэ ажилд Шүүхийн Ерөнхий зөвлөл ч оролцдоггүй. Тиймээс дүгнэлт гаргуулах анхнаасаа шаардлагагүй байсан.   

-Тэгвэл Ерөнхий шүүгч Ц.Зоригийн хувьд асуудал байхгүй гэж ойлгож болох нь ээ?

-Хуульчдын хувьд маргаантай асуудал гарвал Үндсэн хуульдаа ханддаг. Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Дээд шүүхийн санал болгосноор дотроос нь 6 жилийн хугацаатай томилно л гэсэн. Зөвхөн 1 удаа томилно, сонгон шалгаруулж, Хуульчдын холбооны дүгнэлтийг харгалзана гэсэн ямар ч зохицуулалт байхгүй.

Үндсэн хуулиар нэгэнт тодорхой заачихсан зүйлийг ердийн хууль ярьж, ялангуяа хүний төрийн албанд томилогдох эрхийг хязгаарлах нь зохимжгүй.   

www.news.mn