Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий Хууль зүйн туслалцааны төв байгуулагдаад гурван жил болж байна. Одоогоор тус төв нь ажлын алба, 31 салбартайгаар улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Ингээд төвийн захирал Т.Уранболортой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

- Танай байгууллага хэдэн онд байгуулагдсан бэ? Энэ хугацаандаа хэр үр бүтээлтэй ажиллав, хичнээн хүнд үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэв?

- Монгол Улсын Их Хурлаас Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн сайд, Сангийн сайдын хамтарсан 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/05/8 дугаар тушаалаар Хууль зүйн туслалцааны төвийн бүтэц, орон тоо, цалин хөлсний жишгийг баталсаны дагуу тус төв нь шинээр байгуулагдан төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй явуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа эхлэн ажиллаж байна. Тус төв 2014 онд байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд нийт 22,345 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 7261 хэргийн 8393 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн байна.

- Хууль зүйн туслалцааны төвд одоогийн байдлаар хэдэн улсын өмгөөлөгч томилогдон ажиллаж байна вэ? Мөн улсын өмгөөлөгчийн ажлын ачааллыг хувийн өмгөөлөгчидтэй харьцуулж үзэж байв уу?

- Өнгөрсөн жил манай төв орон тооны 49 өмгөөлөгч /салбарт хуваарилан/ -ийн бүрэлдэхүүнтэйгээр үүргээ гүйцэтгэж ажилласан. Хууль зүйн туслалцааны төвөөс өнгөрсөн жилд улсын хэмжээн дэх эрүүгийн хэргийн шийдвэрлэлт болон түүний хичнээн хувьд нь Улсын өмгөөлөгч орж ажилласан талаарх статистик судалгаа хийхэд судалгааны үр дүн улсын өмгөөлөгч нилээд өндөр ачаалалтай ажиллаж байгааг харуулж байна. Жишээлбэл: 2015 онд улсын хэмжээнд 6576 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байх бөгөөд үүнээс улсын өмгөөлөгч 1787-д нь орж ажилласан байгаа нь нийт хэргийн шийдвэрлэлтийн 27%-тай тэнцэж байна.

Харин Монголын Хуульчдын холбооноос ирүүлсэн мэдээлэлд улсын хэмжээнд шүүхэд төлөөлөх эрхээ авсан буюу идэвхтэйгээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа 1931 хуульч байгаатай харьцуулахад Хууль зүйн туслалцааны төвийн 47 өмгөөлөгч нь нийт өмгөөлөгчдийн 2,4%-тай тэнцэж байна.

Өөрөөр хэлбэл нийт шүүхэд төлөөлөх эрхтэй хуульчдын 2,4%-тай тэнцэх тооны улсын өмгөөлөгч нь шүүхээр шийдвэрлэгдсэн нийт эрүүгийн хэргийн 27%-д орж ажилласан дүн гарч байгаа юм. Энэ нь нэг өмгөөлөгч сардаа дундажаар хүнд, хөнгөн нийлсэн 6-8 хэрэг хүлээн авч шийдвэрлэж байгаа гэсэн үг. Энэ бол маш өндөр тоо.

Графикаар харуулбал:

 

 

- Танай төвийн үйл ажиллагааны талаар олон нийт хэр их мэдээлэлтэй байдаг вэ?

- Манай байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа буюу хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ нь нийт иргэд, олон нийтэд шууд хүртээлтэй буюу хамааралтай биш. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40.1.6-д заасны дагуу төлбөрийн чадваргүй этгээд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тохиолдолд Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн дагуу Улсын өмгөөлөгч томилж өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг зохицуулалттай. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдон албан ёсоор сэжигтнээр тогтоогдож эхэлсэн цагаас тухайн иргэнд манай байгууллагын хэрэгцээ тулгардаг гэсэн үг. Яг эндээс цагдаагийн байгууллага болон шүүхийн зүгээс тухайн этгээдийг манай төвтэй холбож өгдөг. Энэ онцлогтой холбоотойгоор байгууллагын үйл ажиллагааг сурталчлах ажлыг арай явцуу хүрээнд буюу хуулийн байгууллага, засаг захиргааны байгууллагуудын хүрээнд зохион байгуулдаг. 3 жилийн хугацаанд манай төвд ирүүлсэн өргөдөл, хүсэлт болон улсын өмгөөлөгчийн ачаалал зэргээс харахад байгууллагын талаарх мэдээлэл боломжийн хангалттай түвшинд байгаа гэж хэлж болно.

 - Нийт улсын өмгөөлөгчдийн оролцсон, шийдвэрлүүлсэн эрүүгийн хэргээс ямар гэмт хэрэг зонхилж байна вэ?

 - 2016 оны тоон үзүүлэлтээс харахад Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хулгайн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс дийлэнх нь буюу нийт 38,3 хувийг эзэлж байгаа тоо мэдээ гарсан.

 

Төвийн зүгээс 2016 онд Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг сурталчлах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж ажилласан. Энэ сургалтын гол зорилго нь өсвөр үе, залуучуудыг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн анхан шатны мэдлэг олгоход оршиж байгаа юм.

           

-2017 онд өдөр тутмын ажлаас гадна, анхаарч ажиллах ямар асуудал байна?

 

- 2017 оныг Хууль зүй, дотоод хэргийн салбар бүхэлдээ иргэдэд ойр, эрх зүйн үйлчилгээний жил болгон зарласан. Энэ хүрээнд ХЗДХЯ иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлыг шинээр зохион байгуулж, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч, орон нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа дээшлүүлж, эдийн засаг бизнесийн орчинд үзүүлэх хууль зүйн албаны үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргахаар зорьж байгаа билээ.

Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаа бол иргэдтэй хамгийн ойр хэрэгцээтэй үйлчилгээ тул цаашид байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа.

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тусгасан билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд 2017 анхаарч ажиллаж, шаардлагатай тооцоо судалгааг чанартай хийж оновчтой хөтөлбөр саналыг боловсруулан ажиллах нь нэн тэргүүний зорилт болоод байна.