Явган зорчигч нь замын хөдөлгөөнд оролцогчдын дундаас хамгийн эмзэг нь байдаг. 2016 онд нийт гарсан зам тээврийн ослын  2,6 хувь нь явган зорчигчийн буруугаас үйлдэгдсэн байна.

Явган зорчигчийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, орчин үеийн замын хөдөлгөөнд дасан зохицох байдал, анхаар болгоомжтой байдал зэрэг нь аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй. Зам тээврийн ослын шалтгаан, нөхцлөөс харахад ихэнх осол явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг зөрчсөнөөс үүдэлтэй байдаг.

  • Ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур зам хөндлөн гарах
  • Явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах
  • Замын хажуугийн явган хүний зам, хөвөө байсаар атал зорчих хэсэг дээгүүр явах
  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ хөдөлгөөнд оролцох гэх мэт.

Энэ төрлийн осолд өртөгсдийн ихэнх нь зам хөндлөн гүйсэн байдаг. Энэ нь явган зорчигчийг түргэн зогсох, замын нөхцөл байдлыг үнэлэх боломжийг бууруулсантай холбоотой юм. Мөн харанхуй үед явган зорчигч өөрийгөө жолоочид үзэгдэж байгаа мэтээр буруу ойлгож осолд өртөх явдал их байдаг. Тэгвэл харанхуй үед жолооч хар бараан зүйлийг 20-30 м, цагаан зүйлийг 30-40 м зайнаас л олж хардаг гэж судлаачид тогтоосон. 60 км/ц хурдтай явж байгаа автомашины бүрэн зогсолтын зам нь 30 орчим метр байдаг.

ЗАМ БОЛ ТАЙЗ БИШ, ЯВГАН ЗОРЧИГЧ ТА ДҮРМЭЭ БАРИМТЛАН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООРОЙ.