Хоол үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдийн хэлснээр 600 төгрөгт 340 клкалори бүхий 120 гаруй нэр төрлийн хоол хийх боломжтой. Гэхдээ нэг хүүхдийн зардлыг 600 төгрөгөөр төсөвлөсөн нь 11 жилийн өмнөх тооцоо.
 

Үдээс хойших ээлжийнхний үдийн цайг тааруулаад 31 дүгээр сургууль дээр очив. Хоёрдугаар ангиар ортол хүүхдүүд шаагилдаж, хормогч зүүсэн багш данх барьсан харагдана. Хүүхэд бүрийн ширээн дээр ягаан, цэнхэр өнгөтэй аяганы суурь тавьжээ. Суурин дээр дотор тал нь төмөр, гаднах нь цэнхэр өнгийн хуванцар материалтай аяга байлаа. Багш хүүхэд бүрт аарц хүртээх гэж хичээнэ.

Тэд 55-уулаа учир нэг данх аарц хаанаа ч хүрсэнгүй дуусав. “Цайны газар руу явж нэмж авчрахаас” гэсээр багш гарлаа. Аарцаа уугаагүй сурагчид багшийг хүлээх зуураа нэг нэгэнтэйгээ тоглох аж. Харин дууссан нь аягаа цэвэрлэж, арчин цүнхэндээ хийж харагдана. Ингэсээр их завсарлага ч дуусаж, хичээлийн цаг эхэллээ.

Нийслэлийн 31 дүгээр сургуулийн багш Б “Өнөөдөр аарцтай л байна. Энэ сараас манай сургууль өөр газартай гэрээ байгуулсан. Уг нь өмнөх нь арай туршлагатай байсан шиг санагдаад байгаа. Гэхдээ харж л байя. Гуравдугаар сар гарсаар сар шинийн баяр таарсан учир сайн жигдрээгүй л байна” гэв.

Өнгөрсөн жилийн шалгалтаар ерөнхий боловсролын 60 сургууль шалгалтад хамрагдсанаас 45 хувь нь шаардлага хангахгүй “муу” гэсэн үнэлгээ авчээ.

“Үдийн цай” хөтөлбөрийн талаар ямар бодолтой байдгийг нь тодруулахад “Заримдаа нохой ч тоож идэхээргүй, угаадас шиг хоол өгдөг. Манай анги 55 хүүхэдтэй. Ийм хоолтой үед цөөн хэд нь л иднэ. Ихэнх нь голоод идэхгүй. Хайран хоол асгахаас өөр замгүй. Долоо хоногийн хоёр өдөрт нь боорцог. Мөн тооны өдөрт шөл, мантуун бууз өгдөг. Гэхдээ заримдаа бүтэн долоо хоногийг боорцог, аарц төдийхнөөр өнгөрөөх үе бий. Хааяа хоолой давахгүй хоол өгвөл гомдол гаргадаг. Олигтойхон юм өгөхийг шаардана. Гэсэн ч дээрдэх юм алга” гэв.

Багшийн зөвлөснөөр тус сургуулийн цайны газарт очиж, үдийн цайны цэстэй танилцлаа. Үдийн цайг бэлтгэн нийлүүлэгчид цэсээ бүтэн сараар нь гаргажээ. Бидний очсон өдөр аарцтай таарчээ. Харин дараа дараагийн өдрийн цэсэнд ногооны зутан шөл, нэрсний шүүс, мантуун бууз, аарц, баяжуулсан бантан үзэмний шүүсийн хамт, будаатай хуурга зэрэг хоолны нэрийг жагсаачихаж.

Үнэхээр энэ цэсээр үдийн цайг бэлтгэж чадвал сайшаалтай л юм. Гэхдээ багшийн хэлснээр угаадас шиг, амт чанаргүй байвал харамсалтай. Тиймээс сургуулийн захирлууд “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд сайтар хяналт тавих хэрэгтэй нь эндээс харагдаж байна. Хоол үйлдвэрлэлийн мэргэжилтнүүдийн хэлснээр 600 төгрөгт 340 клкалори бүхий 120 гаруй нэр төрлийн хоол хийх боломжтой гэдгийг хэлж байна.

Нэг хүүхдийн цайг 600 төгрөгөөр төсөвлөсөн нь 11 жилийн өмнөх тооцоо

 

Нөгөөтэйгүүр, “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдийн хоолыг 600 төгрөгөөр төсөвлөсөн нь өнөөдрийн нөхцөлд чамлалттай мөнгө гэдэгтэй маргах нэгэн гарахгүй болов уу. Энэ бол 2006 он буюу 11 жилийн өмнөх тооцоо судалгаагаар хийсэн төсөв. Тэгвэл өнөөдөр нийгэм, эдийн засгийн байдал 2006 оныхоос хэрхэн өөрчлөгдөж, бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам яаж нэмэгдэж байгаа билээ. Бодоод үзвэл 600-хан төгрөгт нэг аяга аарц өгч байгааг зөвтгөж болох ч нөгөөтэйгүүр сэтгэл дутаж байгааг харуулж байна.

Учир нь сургууль бүрийн дүр төрх харилцан адилгүй. Бид 58 дугаар сургуулиар мөн орсон юм. Тус хөтөлбөр нь БСШУЯ-ны санаачилгаар, БНСУ-ын хөрөнгө оруулалтаар “Үдийн хоол” болон өргөжжээ. 58 дугаар сургуулийн хувьд “Сургуулийн өдрийн хоол” төслийн хүрээнд цайны газар 3000 хүүхдийг хооллох хүчин чадалтай болгосон сайн жишээ байна.

Дэргэдээ хоолзүйчтэй бөгөөд бага ангийн хүүхдэд өдөрт нэг удаа халуун хоол өгдөг юм байна. Эндээс харахад тэнгэр газар шиг ялгаатай хоёр сургуулийн дүр төрх “Үдийн цай” хөтөлбөрийг дээш бас доош нь татаж байна. Нэг сургууль үргэлж л аарц, боорцогхоноор үдийн цайг аргалж, ашиг хонжоо харна. Нөгөө нэг нь байгаа төсөвтөө тааруулаад аль болох шим тэжээл сайтай хоол өгөхийг хичээж байна.

Тэрчлэн уг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаасаа л хэл ам татсан. Үдийн цайны түүхий эд бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авдаг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, эсэх гээд л. Мэргэжлийн хяналтын байгууллагаас жилд нэг удаа шалгалт хийдэг бөгөөд үүгээр маш олон зөрчил илэрдэг. Тухайлбал, өнгөрсөн жилийн шалгалтаар ерөнхий боловсролын 60 сургууль шалгалтад хамрагдсанаас 45 хувь нь шаардлага хангахгүй “муу” гэсэн үнэлгээ авчээ. Ихэнх сургуулийн цайны газар эрүүл ахуйн шаардлага хангахааргүй ажлын байртай болох нь тогтоогдсон байна.

Мөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах агуулахгүй, ажилчдын хувцас солих өрөөгүй, сурагчдын үдийн цайны чанар, аюулгүй байдалд өдөр тутам хяналт тавьж чаддаггүй зэрэг зөрчил дутагдал зонхилжээ. Үүнээс гадна Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүүхдийн үдийн цайны илчлэгийн хэмжээг тогтоож өгсөн байдаг. Гэтэл шалгалтын явцад авсан сорьцын 37.6 хувь нь илчлэгийн хэмжээ заасан нормондоо хүрэхгүй байв.

Мөн хүүхдэд өгч байгаа цай, боорцог нь хүрэлцдэггүйгээс гадна бараг өдөр бүр нэг төрлийн бүтээгдэхүүн өгдөг аж. Тиймээс бага ангийн хүүхдийг эрүүл хүнсээр хангахын тулд баталгаатай газрыг түнш болгож, амин дэм, шим тэжээлээр баялаг хоол өгөх шаардлага тулгараад байна. “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хөгжсөн орнуудын туршлагыг нэвтрүүлэн дэлхийн жишигт хүргэж яагаад болохгүй гэж.

 

Б. Бямбасүрэн

Засгийн газрын мэдээ сонин