2017 он гарсаар улсын хэмжээнд 01-р сарын 31-ны өдрийн байдлаар объектын гал түймэр нийт 322 удаа гарч, 1,6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүний улмаас, нэг хүн түлэгдэж, 26 толгой мал хорогдож, 165 гэр орон сууц шатжээ. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 9.8  хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 45.3 хувиар өссөн байна.

Харамсалтай нь энэ тоо сүүлийн үед өсөх магадлалтай байгаа. Учир нь хаврын улиралд хуурайшилт ихэсч гал түймэр гарах эрсдэл нэмэгддэг. Үүний зэрэгцээ иргэдийн хариуцлагагүй үйлдэл галын шалтгаан болж байна.Хамгийн наад захын энгийн жишээ бол шар өвс шатаах гээд гал алдах тохиолдлууд гарч эхэллээ.

Он гарснаас хойш шар өвстэй холбоотой 2 дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, энэ сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3-р хороонд шар өвс шатсан. 3-р сарын 19-нд Баянзүрх дүүргийн 19-р хороонд шар өвснөөс үүдсэн гал гарчээ. Тэгвэл өнгөрсөн онд шар өвс шатаах гэж байгаад гал алдсан 150 тохиолдол бүртгэгдсэн байх юм.

Өвөл хөлдсөн машинаа халаах гэж байгаад шатаачихсан дуудлага тасрахгүй. Харин хавар нь шар өвсөө шатаах гэж байгаа орон гэрээ шатаах тохиолдол гарсаар байна. Өөрөөр хэлбэл иргэдийн ухамсаргүй, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн галын эрсдэл нэмэгдэж байна.

Хавар болохоор өвсөө шатааж байгаад гал алдлаа гэсэн дуудлага өсдөг. Энэ нь гал сөнөөгчдийн ажлын ачааллыг 20-30 хувиар нэмэгдүүлдэг байна. . Хогоо шатаах эсвэл шар өвс шатаах гэсэн үйлдлээр гэр бүлдээ болон бусдад аюул учруулахгүй байхыг онцгой байдлыг газраа анхааруулж байна.  Хэрэв хашааны өвсөө шатаавал гал түймрээс сэргийлэх хуулийг зөрчсөн гэж үзэн захиргааны хуулийн 25-ийн штрих нэгт заасны дагуу иргэнийг 30 мянган төгрөгөөр, албан тушаалтныг 50-60 мянган төгрөгөөр, аж ахуй нэгжийг 50-250 мянган төгрөгөөр торгодог.Тиймээс иргэн та өөрийнхөө болон өрөөлийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сахин хамгаалахд анхаарч, шар өвс шатаахгүй байна уу.