Амьжиргааны түвшинг тодорхойлох нь зөвхөн хүүхдийн мөнгө олгохдоо бус нийгмийн хамгааллын салбаруудын бодлогыг тодорхой загварчлах замаар (нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд болон бусад) эмзэг байдлыг бууруулах болон нийгэмд тэгш байдлыг бүрдүүлэх боломжтой аж.

Тус судалгааг 2013 оноос орон даяар хийж, иргэдийг 1-20 ангилалд хуваасан ч Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 404 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-г ашиглах, удирдах журмын 2.3-т Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалыг гурван жил тутамд шинэчлэхээр заасны дагуу дахин мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулах гэж байгаа. Тодруулбал, нийт 21 аймаг, 9 дүүрэгт бэлтгэгдсэн нийт 2800 гаруй судлаач болон төрийн албан хаагчдын төлөөлөл  багтсан 7900 орчим бие бүрэлдэхүүн ажиллаж өрхийн мэдээллийн сангаас нийт 600.000 өрхийг хамруулж, 2017 оны гуравдугаар сарын 31-ны өдрийн өглөөний 09.00 цагт эхлүүлж дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 18.00 цагт дуусгахаар ажиллаж байгаа аж.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга  Б.Нямдаваа хэвлэлийн бага хурлын үеэр “Бид өмнө нь судалгаа авахдаа тухайн айлд очиж асуулгаа авчихаад өрхийн өгсөн мэдээллийн дагуу оноог жагсаадаг байлаа. Харин энэ удаагийн судалгааг салбар дундын мэдээллийн санг ашиглан явуулахаар болсон. Гурав дахь удаагийн судалгааг  эхлүүлэхээс өмнө нь нийт өрхийн хоёр орчим хувь буюу 14 мянга орчим өрхийн дунд туршилтын судалгаа явуулсан. Туршилтын судалгаанд оролцсон нийт өрхийн 44 орчим хувь нь худал мэдээлэл өгсөн нь илрээд байгаа. Тодруулбал, хамгийн дээд тал нь 17 байртай иргэн түрээсийн орон сууцанд амьдардаг гэх худал мэдээллийг өгсөн нь илэрлээ. Энэ нь зарим иргэд сэтгэлгээний ядууралд орсныг харуулж байгаа юм. 17 байртай иргэний сарын дундаж орлого зөвхөн байраа түрээслүүлээд амьдрахад хамгийн багадаа 10 сая төгрөг болж байгаа. Энэ бол халамж хавтгайрсны нэг жишээ.

Өөрөөр хэлбэл, иргэд зөвхөн төрөөс авахын төлөө л явж байна гэсэн үг. Түүнээс гадна нийт гурван өрөө байртай 300 гаруй иргэн түрээсийн байранд амьдардаг хэмээн зөрүүтэй мэдээлсэн. Энэ мэтчилэн зарим иргэн өөрийн ашиг сонирхлын үүднээс өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааны асуулгад үнэн зөв хариулахгүй байгаа юм. Иймд иргэдийн мэдээллийг бусад албан ёсны эх сурвалжуудтай тулган шалгаж, амьжиргааны түвшний оноог үнэн бодитой бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Ингэснээр “манайхаас дээр амьдралтай айл амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхөд орчихлоо” гэхгүй болно. Тиймээс манайхаас өндөр орлоготой айл амьжиргааны түвшин доогуур болчихлоо гэх зэрэг гомдол, саналыг цаашид бууруулах нөхцөлийг хангахаар ажиллаж байна” гэсэн юм.

Ингээд “Орлогыг орлуулан тооцох аргачлалаар  өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны аргачлал”-ыг танилцуулъя.

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажлын үндсэн зорилго нь ядуу өрх, хүн амыг тухайн хүн амын өдөр тутмын амьдралаа хэвийн авч явахад нөлөөлж байгаа үзүүлэлт ашиглан тодорхойлж, төрийн хязгаарлагдмал нөөцөд нийлүүлсэн үйлчилгээг санал болгох явдал аж

Өөрөөр хэлбэл, тухайн өрх судалгааны асуулгад хамрагдсанаар цаашид төрөөс үзүүлэх аливаа төрлийн үйлчилгээнд авсан онооны үр дүнгээс хамааран үйлчилгээ тусламжид хамрагдах боломж бүрдэх учраас иргэд сум, хороондоо ажиллах тоологчдоор дамжуулан асуулгад хамрагдахыг хичээх хэрэгтэй гэнэ. Тиймээс судалгаанд хамрагдах боломжтой эсэхээ сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандан өрхийн жагсаалтаас шалгуулж, хэрвээ тухайн өрх судалгаанд хамруулахаар бэлтгэсэн өрхийн жагсаалтад ороогүй бол д сум, хороондоо өргөдөл, хүсэлтээ гарган судалгаанд хамрагдах боломж нь нээлттэй гэнэ. . Ингэхдээ хүүхэдтэй бүх өрх жагсаалтын дагуу судалгаанд хамрагдах юм байна.

Үзүүлэлтүүдийн хувьд амьдралд нь хамгийн их хэрэгтэй зүйлүүдийг сонгон авч үнэлгээ хийдэг механизмыг ашиглах гэнэ. Үүнийг орлогыг орлуулан тооцох арга хэмээн нэрийддэг аж. Энэ нь орлогоор шууд үнэлгээ хийхээс ялгаатай юм. Судалгаа нь 63 асуулгатай. Үүнд ахуйн хэрэглээний бараа, үл хөдлөх хөрөнгө, ам бүлийн тоо, боловсрол, ажил мэргэжил, малын тоо толгой гэх мэт хүний хэрэгцээнд тулгуурлан бүхий л зүйлийг багтааж, орлуулж байгаа үзүүлэлт тус бүрийн хувийн жинг (коэффициент) хамтад нь нэгтгэн тооцдог.

Жишээлбэл, боловсролтой хүний цалин өндөртэй ажил хийх боломж их бол малчин хүний малын тоо толгой хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс гадна өрхийн ам бүлийн тоо чухал нөлөөтэй.  Зурагтын тоо ч айлын цахилгааны хэрэглээг “хэлж” өгдөг. Үүгээр тухайн өрхийн сарын хэрэглээ, орлого, зарлагыг тооцох боломжтой. Энэ бүхнийг нийлүүлж багцалж байж 0-1000 оноогоор жагсаана. Тэрнээс биш ганц хоёрхон асуулгаар тухайн өрхийг тодорхойлох боломжгүй. Тэнцвэржүүлэх хэмжээс буюу тооцооллын нарийн аргыг ашиглаж, Улаанбаатар хот, аймгийн төв, хөдөө орон нутаг гэсэн гурван өөр үзүүлэлтийн стратегийн ашиглана гэсэн үг. Улаанбаатар хотын иргэнд тав  тухтай орчин, боловсрол, ажил чухал бол малчин өрхийн хувьд малын тоо толгой, цахилгаан үүсгүүр чухал байна. Тиймээс компьютер программчлахдаа 63 үзүүлэлтийн алийг нь аймгийн төвд, алийг нь хотод ашиглах вэ гэдгээ автоматаар сонгодог аж. Товчоор хэлбэл, 63 асуулт бүгд нэг айл өрхийн амьжиргааны түвшинг тооцоход нөлөөлдөггүй гэсэн үг.

Харин иргэдийн хувьд тоологч гэрт нь очих үед өрхөд амьдарч байгаа өрхийн үндсэн гишүүдийн албан ёсны баримт бичгийг гэртээ бэлэн байлгаж батлагдсан маягтад бүртгэхэд зориулан бэлэн  байлгах нь чухал. Өөрөөр хэлбэл, албан ёсны баримт  бичигт үндэслэн бүртгэгдэх замаар цаашид төрөөс үзүүлэх хүн амд чиглэсэн үйлчилгээ тусламжид танай өрхийн гишүүд хамрагдах нөхцөл бүрдлээ гэхэд  иргэний мэдээлэл алдаагүй байх нөхцөл бүрдэх аж.