Хар тугалгатай шатахууны хэрэглээ нэмэгдэх тусам гэмт хэргийн тоо өссөн, буурахад нь дагаад буурсан зүй тогтлыг эрдэмтэд анзаарчээ.

Хүүхдээ гэгээ тасартал гадаа тоглуулах нь бүү хэл өдрийн цагаар ганцааранг нь явуулахаас ч айдаг тийм цөвүүн цаг иржээ. Нийтийн унаанд суухад л хөмсгөө зангидсан, уур бухимдлаар дүүрэн хүмүүс угтана. Нэгийгээ хардаж сэрдэн, жижигхэн алдааг нь ч уулын чинээ болгож сүржигнэнэ. Хувцас, гутал муутай нэгэн зам асуухад хулгайч, луйварчин байх вий хэмээн нүүр буруулан зугтах нь өдгөө хэвийн үзэгдэл болжээ. 

Өдөр ирэх тусам гэмт хэрэгтнүүдийн арга нарийсаж, улам бүр хэрцгий болж байгаа энэ үед арга ч үгүй биз. Сүүлийн жилүүдэд амиа хорлолт, гэмт хэргийн тоо эрс өсөж, урьд хожид гарч байгаагүй, сонсоод л сэтгэл сэрдхийм хэргүүд ар араасаа хөвөрсөөр. Ийнхүү бидний амьдарч буй нийгэм өдөр ирэх тусам энэрэх сэтгэлгүй, хэрцгий болж буйн шалтгаан юу вэ. 

ЗҮЙ БУС ҮР ДАГАВАРТАЙ ЗҮЙ ТОГТОЛ

Монгол Улс дэлхийн хамгийн стресстэй орнуудын дөрөвт, хамгийн аз жаргалтай орнуудаас 100-д жагсчээ. Харин “Numbeo” сайтад гэмт хэргийн гаралтаараа тэргүүлдэг орнуудын 12 дугаарт багтсан байна. Статистик мэдээлэл цуглуулдаг уг цахим хуудас нь бүртгэлтэй гэмт хэргийн тооноос гадна хэвлэл мэдээллээр гарч буй гэмт хэргийн мэдээлэл зэрэг янз бүрийн хүчин зүйлийг тооцон 0-100 оноогоор үнэлдэг аж. Тэд манай улсад 62.6 оноо өгснөөр ийнхүү дээгүүр бичигдэх болжээ.

Хар тугалганы бохирдол, гэмт хэргийн гаралт харилцан хамааралтай гэдгийг тогтоожээ 

Монгол Улсад жилд дунджаар 23 мянган гэмт хэрэг гардаг. Өнгөрсөн онд л гэхэд хуулийн байгууллагад 27167 гэмт хэрэг бүртгэгдэж, нийт 162.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 880 хүн бусдын гарт зүй бусаар амиа алджээ. Гэмт хэргийн тоо жил бүр аажмаар нэмэгдсээр буй нь ядуурал, ажилгүйдэл, хотжилттой холбоотой гэж салбарынхан үздэг юм билээ.

Гэхдээ үүнээс өөр шалтгаан бодитоор нөлөөлж буйг АНУ- ын эрдэмтэд 30 гаруй жилийн турш судалж, нотолгоогоо зузааруулсаар байна. 1993 онд гэмт хэргийн талбар болоод байсан АНУ-ын Нью-Йорк хотын даргын сонгуульд Руди Жулиан нэр дэвшихдээ гэмт хэргийн тоог бууруулахаар амалсан нь айдаст автсан хотынхны олонхын саналыг авахад хүргэжээ.

Тус хотод 1960 оноос хойш хүчирхийллийн хэрэг дөрөв, хүн амины хэрэг тав, дээрмийн хэрэг 14 дахин өсөөд байв. Харин Руди Жулиан хотын дарга болсноос гурван жилийн дараа буюу 1996 онд хүчирхийллийн хэрэг 17, хүн амины хэрэг 49, дээрэм 42 хувиар буурсан нь бараг гайхамшгийг бүтээсэн явдал байлаа. Үүнийг улстөрчид гэмт хэрэгтэй тэмцсэн түүхэн ялалт гэж дүгнэж байв. Гэвч хожим судлаачид үүнийг өөрөөр тайлбарлах болсон юм.

Нью-Йорк хотын гэмт хэргийн тоо огцом буурахтай зэрэгцэн Вашингтоных 58, Далласынх 70, Лос Анжелсынх 78 хувиар буурчээ. Гэвч үүнд ямар нэг нийтлэг шалтгаан байгааг судлаачид анзаарсан аж. Нийгмийг хамраад байсан гэмт хэргийн “давалгаа” ийнхүү нэг цэгээс татарч эхэлсэн нь хар тугалгын хэрэглээг бууруулсантай холбоотой гэж тэд дүгнэжээ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан С.Өнөрсайхан “Хар тугалгаар бохирдсон орчинд гэмт хэрэг их гардаг гэсэн судалгаа бий. АНУ гэхэд хар тугалгын бохирдол ихтэй хотуудаас иргэдээ нүүлгэн шилжүүлдэг. Ингэж бохирдсон хотуудын 15-20 жилийн дараах хүн амын дундах гэмт хэргийн тоо шууд хамааралтайг судалсан байдаг” гэв.

ХХ зууны эхэн үед дэлхий нийтээр хар тугалгатай шатахууныг өргөн хэрэглэдэг байв. Хар тугалга хүний биед хортой, цаашлаад тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг болохыг эрдэмтэд нотолсноос хойш АНУ 1978 онд хар тугалга бүхий будаг, 1995 онд хар тугалгатай шатахуун хэрэглэхийг хуулиараа бүрэн хориглосон байна. Сонирхолтой нь, хар тугалгатай шатахууны хэрэглээ нэмэгдэх тусам гэмт хэргийн тоо өссөн, буурахад нь дагаад буурсан зүй тогтлыг эрдэмтэд анзаарчээ.

Энэ зүй тогтол дээрх хотуудаас гадна Австрали, Канад, Финлянд, Их Британи, Итали, Баруун Германы томоохон хотуудад ажиглагдаж буйг 2007 оны судалгаагаар давхар нотолсон байна. Мөн хар тугалгаар хийсэн усны хоолойтой хотуудад ч энэ зүй тогтол ажиглагдсан судалгаа бий. Тэгвэл хар тугалга хүнийг гэмт үйлдэл хийхэд хэрхэн нөлөөлдөг вэ.

ШИНЖЛЭХ УХААНЧ ТАЙЛБАР

Харвардын их сургуулийн эрдэмтэн James J. Feigenbaum, Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Christopher Muller нар 2016 онд “Хорьдугаар зууны эхэн үеийн хар тугалгын нөлөө ба гэмт хэргийн хэмжээ” хэмээх өгүүлэл бичжээ. Уг өгүүлэлд “Хар тугалга нь тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг бөгөөд невротрансмиттер системд нэвчдэг. Ингэснээр хүн түргэн уур, тогтворгүй зантай болж, сэтгэн бодох чадвар нь мууддагийг өмнө нь хийгдсэн олон судалгаа нотолж байна.

Эдгээр шинж тэмдгүүд нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлдөг” гэжээ. Невротрансмиттер систем гэдэг нь тархины мэдрэлийн эсүүд хооронд мэдээлэл дамжуулдаг бодисуудын нийлбэр юм. Жирэмсэн эхчүүдээр жишээ авахад, тэдний биед гарсан дааврын өөрчлөлт тархины невротрансмиттер системд нөлөөлдөг. Тиймээс хөл хүнд эхчүүд цочмог ууртай, гомдомхой болдог аж. Мэдээж энэ бол түр зуурынх. Харин хар тугалганы хор уршиг насан туршийнх.

Насанд хүрсэн хүний биед нэвтрэн орсон хар тугалганы 15, хүүхдийн биед нэвчсэний 50 хувь нь яс болон шүдэнд хуримтлагдаж үлддэг байна. Ингээд бага багаар уураг тархийг “идэж” эхэлдэг аж. Тийм ч учраас бага насандаа хордсон хүүхдүүд насанд хүрээд гэмт хэрэгтэн болох магадлал тун өндөр байдаг аж. АНУ-ын жишээнээс харахад 1940-1950 онд бага насандаа хар тугалгаар хордсон хүүхдүүд 20 жилийн дараа буюу 60-80 оны хооронд нийгэмдээ сөргөөр нөлөөлж эхэлсэн гэж үздэг юм байна.

Цусанд агуулагдах 10 мкг/дл хар тугалга тутамд IQ-ийн оноо долоогоор буурдаг

АНУ-ын Охайо мужийн Синсинатийн их сургуулийн судлаачид 300 хүүхдэд 30 гаруй жилийн турш судалгаа хийжээ. Бага насандаа хар тугалгаар хордсон хүмүүс илүү түргэн зан араншинтай болсон бөгөөд энэ нь эрчүүдэд илүү тод илэрсэн байна. Цусанд агуулагдах 10 мкг/дл хар тугалга тутамд хүний IQ-ийн оноо долоогоор буурдаг гэсэн тооцоо ч бий. Түүнчлэн 1998 оноос хойш хулгана, муур, харх, орог зусагт хийсэн хэд хэдэн туршилтаар хар тугалганы хордлого амьтдыг түрэмгий зан чанартай болгож байжээ.

Дээрх судалгаа, зүй тогтлын тухай мэдээлэл манай эрүүл мэнд, хуулийн салбарынханд тун хомс байдаг бололтой. АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш Э.Ундармаа “Хар тугалганы хордлогод орвол хүний тархинд нөлөөлж, зан ааш нь хурц болдог учраас гэмт хэргийн гаралттай холбон тайлбарлах нь бий. Манай улс дөнгөж цусан дахь хар тугалганы хэмжээг үзэж эхэлсэн. Үүнээс илүү нарийн судалгаа, мэдээлэл алга” гэсэн юм. Харин ЦЕГ-аас тодруулах гэсэн ч энэ талаар мэдээлэл өгөх хүн олдсонгүй.

Хар тугалганы хордлогыг халдварт өвчинтэй зүйрлэж болмоор. Ядуурлаас үүдэлтэй энэ “өвчин” голомттой. Эхлээд өвчний голомтыг ариутгадаг шиг хар тугалганы эх үүсвэрийг устгах нь хамгийн зөв арга юм байна. Агаарын бохирдлыг бууруулах, хар тугалгатай будаг болон хүнсний бүтээгдэхүүнийг хориглох, хөрсний бохирдлыг саармагжуулах, ундны усандаа зориулалтын бус сав хэрэглэхгүй байх гээд бидний мэддэг, ярьдаг ажлаас эхлэх хэрэгтэйг НЭМХ- ийн ажилтан С.Өнөрсайхан анхааруулав.

АНУ-ын гэмт хэргийн оргил үед хүүхдийн цусан дахь хар тугалга 20 мкг/дл-ээс дээш илэрч байжээ. Харин манайд 15 хүүхдийн дунд судалгаа хийхэд 5.7-22 мкг/дл хэмжээтэй гарсан. Тиймээс ядаж л нийслэл хотод хар тугалганы хордлого ямар хэмжээнд хүрснийг илүү өргөн хүрээтэй үнэн бодитой судлах зайлшгүй шаардлагатай байна.

1970-аад оноос хойш дэлхий нийтээр хар тугалга гэгч хар “хор”-ын хор уршгийг судалж, түүнийгээ төрийн бодлогодоо тусгаж иржээ. Гэвч манайд энэ талаар анхаардаг эрхтэн дархтан, байгууллага гэж даанч алга. Хар тугалганы хэрэглээ, орчны бохирдлыг бууруулснаар иргэдийн эрүүл мэнд сайжрахаас гадна гэмт хэргийн тоог багасгах боломжтой гэсэн цөөнгүй судалгааг дээр дурдлаа.

Жил бүр Монголд гэмт хэргийн золиос болж буй 800 гаруй хүний амь нас, 200 орчим тэрбум төгрөгийн хохирлыг бага ч гэсэн бууруулахын тулд цөөн хэдэн зохицуулалт хийхэд л болоод явчих юм уг нь. Энэ боломжийг нүдээ аниад, чихээ бөглөөд өнгөрөөх гэж үү. Хамгийн гаслантай нь бид өөрсдөө хордоогүй байлаа ч хар тугалганы улмаас уур уцаартай, өршөөх сэтгэлгүй болсон хэрцгий, догшин хүмүүсийн дунд амьдарч, ирээдүй энэ янзаараа улам аймшигтай болох нь.

Б.Баярмаа

Засгийн газрын мэдээ