Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн “жолоо”-г Засгийн газар атгаж байгаа. Тэднээс дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн цаашдын ирээдүй хамаарна. Энэхүү зээлийн “гал тогоо”-г Сангийн яам хариуцахаар болсон.

Ингэснээр жил болгон улсын нэгдсэн төсвөөр ипотекийн зээлийн санхүүжилтийг батална. Энэ нь ипотекийн зээлийн ирээдүйг тодорхойлох юм. Өөрөөр хэлбэл, тухайн жилд хэчнээн иргэнийг орон сууцтай болгохыг Засгийн газар шийднэ гэсэн үг. 

Гэхдээ Засгийн газраас гадна УИХ-аас ипотекийн санхүүжилт хамааралтай болж байна. Сангийн яамны боловсруулсан төсвийн төслийг хууль болгогч нь УИХ. Тэдний хүсэл, сонирхол ипотекийн зээлийн “хувь заяа”-г мэддэг болох нь. Монголбанкны хэрэгжүүлж байсан найман хувийн зээлийг Засгийн газар үргэлжлүүлэх “амлалт”-ыг ОУВС-д өгсөн. Тэдний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гарааны ажил нь 2017 он. Нийгмийн “захиалга” болсон ипотекийн зээлд энэ онд 111 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусгахаар төлөвлөж байна.

Төв банкнаас орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн олгож байгаа гэж мэдээлж ирсэн. Гэвч арилжааны банкуудын зээл олголт улам хумигдаж байна. Найман хувийн зээлийн нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байгаа. Иргэдийн орон сууц хүссэн зээл найман хувиар гарахгүй байгаа тохиолдол цөөнгүй байна. Банкууд иргэдэд найман хувийн зээлийн эх үүсвэр байхгүй гэсэн тайлбар өгч, улмаар өөрсдийн 15-16 хувийн хүүтэй зээл санал болгох нь олширчээ. Үүнээс өөр сонголт ч одоо алга. Энэ нь ипотекийн зээл санхүүжилтийн хомсдолд орсныг илтгэнэ. Засгийн газарт найман хувийн зээлийг зогсоох эрх байхгүй. Харин урагшлуулах даалгавар бий.

  • Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн “жолоо”-г Засгийн газарт атгаж байна.
  • Жил болгон улсын нэгдсэн төсөвт ипотекийн зээлийн санхүүжилт гэж батална. Энэ нь ипотекийн зээлийн ирээдүйг тодорхойлох юм.
  • Засгийн газраас гадна УИХ- аас ипотекийн санхүүжилт хамааралтай болж байна.

Сард дунджаар 300 орчим иргэн ипотекийн зээлд хамрагдаж байна. Өнгөрсөн сарын эхний ээлжийн санхүүжилтээр Монголбанк нийт 259 иргэнд 14.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр олгожээ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудад зээл авахаар хүсэлт гаргасан таван зээл тутмын 2-3 нь нааштай мэдээг эзэндээ дуулгаж байна. Энэ нь ипотекийн зээл хэрэгжиж байсан эхний жилүүдтэй харьцуулахад тав дахин бага үзүүлэлт. Өмнө нь таван зээл тутмын дөрөв нь гарч байсан бол одоо 1000 зээлийн хүсэлтийн 300 хүрэхгүй нь санхүүжилтийн дэмжлэг авч байгаа юм. Засгийн газрын төсөвт тусгахаар төлөвлөсөн 111 тэрбум төгрөгөөр ойролцоогоор 2000 орчим өрх орон сууцны зээлд хамрагдах нь.

Засгийн газарт найяамнаас нь мэдээлжээ. ман хувийн зээлийг зогсоох эрх байхгүй. Харин урагшлуулах даалгавар бий

Ажилтай хүн орлоготой. Орлоготой хүн орон сууцтай байх энэхүү боломжийг 2013 онд Монголбанк бүрдүүлсэн. Энэ нөхцөл иргэдэд тэгш үйлчилж, барилгын салбар дахь бүтээн байгуулалт үүнийг дагаад эрчимжсэн. Өмнө нь ийм боломж, бололцоо ч байсангүй. Тиймээс мөнгөө цуглуулаад байртай болно гэдэг зүүд зэрэглээ мэт байлаа. Ялангуяа, ирээдүйн орлогоо өнөөдөр барьцаалаад орон сууцтай болно гэдэг иргэдэд нэг л хол сонсогдож байв. Тэгвэл өнөөдөр ипотекийн зээлийн үр дүнд 89.8 мянган өрх тав тух алдахгүй амьдарч байна. Тэд халуун устай, ханандаа халаалт, цахилгаантай тохилог орон сууцны оршин суугч хэдийнэ болжээ.

Байрны төлбөрийн урьдчилгаа 30 хувиа эхний ээлжинд өгөөд, үлдсэн хувиа нүүж орсон хойноо төлөөд явж байгаа нь энэ. Агаар болон хөрсний бохирдлыг шийдэх бодит гарц бол гэр хорооллоо орон сууцжуулах алхам. Ингэснээр жил болгон сэдэрч байдаг тулгамдсан хүндрэлд бид “баяртай” хэлж чадна. Түүнээс зуух болон утаагүй түлшээр ужгирсан энэ асуудлыг шийдэж чадахгүй нь нэгэнт тодорхой болчихлоо. Учир нь, үүнд зарцуулсан төсвийн мөнгө үр ашиггүй хөрөнгө оруулалт болж, утаа мэт замхарсан. Асуудал намжсангүй.

Зөвхөн төсвийн мөнгөөр зогсохгүй Дэлхийн банкны төслийн санхүүжилтийг хүртэл “Утаагүй зуух” руу оруулаад салхинд хийсгэсэн. Сайжруулсан гэх тодотголтой зуух хямд үнээр тараах нь мөнгө угаах бизнес болж хувирсан. Тиймээс зуух болон утаагүй түлшинд зарцуулж буй мөнгөөр ипотекийн зээлээ дэмжих нь илүү оновчтой хөрөнгө оруулалт гэдгийг дээрх 90 мянга иргэний амьдрал харуулж байна.

Санхүүжилтийн хомсдолоос болж эрч нь суларч буй ипотекийн зээлд төсвийн тодотголд тусгасан 111 тэрбум төгрөг багадах дүн. Үүнийг өсгөх, улмаар сайжруулсан зууханд зарцуулахаар төлөвлөж байгаа төсвийг ипотек руу татах нь илүү бодитой бөгөөд оновчтой арга баймаар. Сайжруулсан зуухаар утааг устгах нь үлгэр гэдгийг өнгөрсөн жилүүдийн бодит байдал хангалттай харуулсан. Харин одоо бидэнд дахин бүтэшгүй төсөлд мөнгө үрж, аз сорих эрх байхгүй.

Нийслэлийн 220 мянган өрхийг орон сууцжуулахад ипотекийн зээлийн үүрэг их, үр дүн нь ч бидний амьдрал дээр ил байна. Агаар болон орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар зэхэж буй 9.9 тэрбум төгрөг бол хамгийн багадаа 200 өрхийг орон сууцтай болгох хэмжээний эх үүсвэр. Үүнийг сайжруулсан зуух, утаагүй түлшинд “давс” мэт цацах нь урьдын гашуун түүхийг давтаж мэдэх юм.

Б. Баяртогтох

 Засгийн газрын мэдээ