УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал нэг хэсэг мартагдаад байсан СӨХ тойрсон сэдвийг олны анхаарлын төвд дахин оруулав. 

Тус байнгын хороонд СӨХ-той холбоотой 400 гаруй өргөдөл ирсэн тул шалгалт хийсэн юм байна. Шалгалтын дүнгээ танилцуулаад эцэст нь СӨХ гээч зүйл байх ёстой юу, эсвэл төрд шилжүүлэх шаардлагатай юу гэсэн дүгнэлт гаргасан нь томоохон асуудал араасаа дагууллаа. Үнэхээр төр СӨХ-ны эрх мэдлийг өөртөө авах нь зөв үү, ингэх хууль зүйн үндэслэл байгаа эсэх, хэрвээ авсан тохиолдолд үйл ажиллагааг нь сайжруулж чадах уу зэрэг олон зүйлийг иргэд сонирхож байна.

Ардчилсан нам анх удаа сонгуульд ялаад, орон сууцнуудыг хувьд шилжүүлсэн нь 1996-1997 оны үйл явдал. Иргэд ийнхүү хувийн өмчтэй болсон ч орц, машины зогсоол, тоглоомын талбай зэрэг дундын өмчлөлийг хэн хариуцах нь тодорхойгүй болсон юм. Үүнийг шийдэхийн тулд Сууц өмчлөгчдийн холбоо гээчийг байгуулснаас хойш 20 жил өнгөрчээ. СӨХ нь иргэдээс сар бүр тодорхой хэмжээний мөнгө хурааж, үүгээрээ дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хариуцах ёстой.

Өөрийн болгоно гэж дайрахаасаа өмнө хамтарч ажиллах талаар бодмоор байна 

СӨХ-ны дарга, Удирдах зөвлөлийн гишүүн хэн байхыг иргэд олонхын саналаараа шийдэж, үйл ажиллагаанд нь хяналт тавих тогтолцоо энд үйлчилдэг.

Ийм тогтолцоотой, ингэж ажиллах ёстой гэж бичихэд амархан ч өнөөх нь бодит амьдрал дээр хэрэгжих байдал харин тун бүрхэг. Иргэд СӨХ-ны удирдлагуудаа их мөнгө нэхдэг хэрнээ юу ч хийдэггүй, байр нь хогонд дарагдаж, хамаг юм нь эвдэрч дууслаа гэж шүүмжилнэ. Харин СӨХ нь иргэд өөрсдөө мөнгөө төлдөггүй, бид цугласан багахан мөнгөөр ажиллах гэж зовлогоо зовоож байна хэмээн учирлах. Асуудал хэн хэндээ л байгаа гэдэг нь ойлгомжтой.

Мэдээж байр, орцоо гялалзтал авч явдаг үлгэр жишээ болохуйц СӨХ бий. Харамсалтай нь ийм СӨХ дэндүү цөөн. Ихэнх нь үүргээ хангалтгүй биелүүлдэг гэсэн үнэлгээг оршин суугчид өгдөг. Энэ нь эцэстээ эрх мэдлээ төрд булаалгахад хүргэсэн биз ээ.

Төр хүчээрээ далайлгаад СӨХ- ны эрх мэдлийг авч болно оо. Угаас хувийн өмчийг дээрэлхэж авахдаа гарамгай гэдгийг бид хангалттай харсан. Харин улсын хэмжээнд байгаа 1022 СӨХ-г төрд авсны дараа ажиллуулах ачааллыг нь даах уу. Үнэхээр үлгэр жишээ ажиллаад хөл дээр нь босгоод ирж чадах уу. Мөнгө идэх хэрэгсэл болгохгүй гэх баталгаа байна уу гэдгийг дүгнэлт гаргасан эрхэм гишүүдээс асуумаар байна.

Ямар ч байгууллага төрд шилжихээрээ яаж завхардаг нь хангалттай харагддаг. Бас нэг нөхрийг дарга болгоод томилно. Өнөөх нь идэж уухаа урьтал болгоод ажил нь урагшилж буйд санаа зовох ч үгүй. Мөн хамаатан садан, танил талаа аль нэг ашигтай ажилд томилохыг бодно. Төрийн өмчийн бүх байгууллагад ийм дүр зураг харагддаг болохоор СӨХ-г мэдэлдээ авч, сайжруулна гэх санаа нь үнэхээр итгэл төрүүлэхгүй байна.

Харин өөрийн болгоно гэж дайрахаасаа өмнө хамтарч ажиллах талаар бодмоор санагдах юм. Ядаж л хууль дүрмийг нь сайжруулахаас ажлаа эхлэх ёстой. Өдгөө СӨХ-нд тулгардаг нийтлэг бэрхшээл нь хурлаа хийж чаддаггүй явдал. Уг нь энэ хурлаар даргаа сонгож, хийх ажлынхаа төлөвлөгөөг баталж, сард төлөх хураамжийнхаа хэмжээг шийддэг гээд бодохоор тун чухал. Гэвч хуульд зааснаар тухайн орон сууцны иргэдийн талаас илүү хувь нь биеэр ирсэн тохиолдолд хурал хүчинтэй болно гээд заачихсан. Гэтэл 400 айлтай орон сууцны СӨХ 200 айлын төлөөллийг нэг дор цуглуулж, хуралдана гэдэг бараг боломжгүй зүйл.

Ийнхүү хурлаа хийж чадахгүй болохоор муу ажилладаг ч байсан дарга нь суудалдаа хэвээр үлдэж, бугшсан асуудал шийдлээ хүлээсээр хоцорно. Уг нь хурал цуглааныг өөр байдлаар шийдэж болмоор. Өдгөө СӨХ бүр фэйсбүүк групптэй болсон. Үүгээрээ дамжуулан санал асуулгаа явуулж, удирдлагаа сонгож, ажлаа төлөвлөхөд болохгүй зүйл үгүй. Эсвэл бичгээр санал хураалтаа явуулсан ч болно. Энэ мэт боломжийг нь хуульд тусгаад өгвөл хурлын ирц бүрдэхгүйн зовлон үгүй болно. Бүгдээрээ хэлэлцэж баталсан тохиолдолд үндэслэлгүйгээр их мөнгө хураалаа гэх маргаан ч намжих учиртай.

СӨХ-ны Дээд зөвлөл гэж байгууллага бий. Энэ байгууллага гишүүн холбоодынхоо үйл ажиллагаа, санхүүгийн тайланд хяналт тавьж, алдаа дутагдлаа засч залруулах шаардлага хүргүүлдэг. Гэвч Дээд зөвлөлд заавал хамрагдах ёстой гэсэн хууль, дүрэм үгүй болохоор аль болох элсэхгүй байхыг бодно.

Тиймээс нийт СӨХ-ны 40 орчим хувь нь Дээд зөвлөлдөө хамрагдалгүй, өөрсдийн дураар үйл ажиллагаагаа явуулж байна. Нэгэнт дээрээ нэгдсэн удирдлагагүй, хянаж шалгах газар үгүй болохоор иргэдийн тушаасан мөнгийг юунд хэрхэн зарцуулах нь дурын хэрэг болж хувирсан. Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр Д.Сарангэрэл гишүүн “Үйл ажиллагаанд нь аудитын шалгалт хийе гэхээр СӨХ өөрөө хуулийн байгууллага биш учраас хүндрэл үүсдэг. Тэгэхээр СӨХ хариуцлага хүлээдэггүй субъект болж таарлаа. Тиймээс энэ чиглэлийн өөрчлөлтийг хуульд тусгах зайлшгүй шаардлагатай” гэснийг мартаж болохгүй. 

Зүй нь энэ мэтээр асуудлаа зөв тодорхойлж, иргэдийн санал хүсэлтийг сонссоны эцэст чамбайхан хууль гаргавал СӨХ тойрсон асуудал аяндаа цэгцэрнэ. Ядаж л төлбөрөө төлөхгүй байгаа айлыг яах гарцыг эрэлхийлэх л ёстой. Тэгэхгүй бол зарим айл хэдэн сар, жилээр төлбөрөө өгөхгүй гүрийх явдал цөөнгүй. Хэрэв байр, тогны мөнгөө төлөхгүй бол контороос ус, тогийг нь тасалдаг. Харин СӨХ- нд ийм эрх мэдэл байдаггүй болохоор шүүхэд хандах ганц л арга үлддэг юм билээ.

Чамбайхан хууль гаргавал СӨХ тойрсон асуудал аяндаа цэгцэрнэ 

“Хүмүүс СӨХ-ны дарга гэхээр мөнгө идсэн баян нөхөр л гэж бодоод байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ оршин суугчдын ихэнх нь мөнгөө өгдөггүй. Цугларсан хэдэн төгрөгөөр нь лифт, тог, дулааны мөнгөө төлөөд, хэдэн цэвэрлэгчээ арайхийн цалинжуулаад л таарч байна. Ойр зуурын тохижилтын ажил хийх боломж үнэндээ алга. Хүмүүс үүнийг ойлгохгүй, биднийг ажлаа хийсэнгүй гэж элдвээр дайрч давшилдаг. Үнэнийг хэлэхэд энэ ажлыг өгмөөр л байна. Гэвч авах хүн олддоггүй. Хурлаа хийх гэхээр ирц бүрдэхгүй гээд зовлон их” хэмээн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нэгэн СӨХ-ны дарга учирласан юм.

Дундын өмчлөлийн талбайгаа арчилж тордохын тулд СӨХ заавал байх хэрэгтэй гэдэгтэй хүмүүс санал нийлэх байх. Харин үйл ажиллагааг нь сайжруулах нэрийдлээр төр мэдэлдээ авах санаархлыг хэрхэвч дэмжиж боломгүй санагдана. Төр хамгийн муу менежер гэдэг нь үнэн билээ. 

М.Галбаатар: Орон сууцны конторууд СӨХ-ны үүргийг хариуцаад эхэлбэл ямар ч хяналтгүй болно

СӨХ-ны Дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-СӨХ-г төр мэдэлдээ авах тухай яригдаад эхэллээ. Үйл ажиллагааг нь сайжруулах зөв гарц энэ мөн үү? 
-УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дээр СӨХ-той холбогдох өргөдөл ирсэн. Үүнд үндэслэн ШӨХТГ, БХБЯ хамтарсан шалгалт зохион байгуулсан юм. Шалгалтаар СӨХ-ны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх ажил дутмаг байна. Мэргэжлийн байгууллага болон СӨХ-ны хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. Мэргэжлийн байгууллага гэж орон сууцны конторыг хэлээд байгаа юм. Гэтэл одоо конторууд давуу эрхээ эдлэх гээд СӨХ руу дайрч байна. Үүнийгээ төрд ойлгуулахдаа СӨХ ер нь хэрэггүй, мэргэжлийн байгууллага авч явах ёстой гэсэн байр сууринаас хандсан.

СӨХ гэдэг иргэдийн дундаасаа байгуулсан хувийн өмч. Орон сууцнуудыг хувьд өмчлөөд өгчихсөн байхад төр нуруун дээрээ үүрч болохгүй шүү дээ. Наад зах нь ачааллаа дийлэхгүй. Иргэд болоод хэвлэлийнхэн нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Анх орон сууцнууд хувийн өмчид шилжсэний дараа орон сууцны конторууд СӨХ-ны үүргийг биелүүлж байлаа. Гэвч ачааллаа дийлэхээ болиод СӨХ байгуулах журмаар иргэдэд өгсөн. Харин одоо боломжийн болоод ирэнгүүт нь эргүүлээд авах тухай ярьж байна.

Хэрэв орон сууцны конторууд СӨХ-ны үүргийг хариуцаад эхэлбэл ямар ч хяналтгүй болно. Танай байрны шугам сүлжээг шинэчиллээ, тэдэн төгрөг өг гээд нэхэхэд яах ч аргагүй. Өмнө нь 10 төгрөгөөр засч байсан юмыг 100 төгрөгөөр заслаа гэж хэлэхэд хэн ч мэдэхгүй. Харин СӨХ хэдий муу нэртэй ч энэ бүхнийг хянаж байдаг юм. Яахав, дур зоргоороо их мөнгө татлаа гэх шүүмжлэл бий. Гэхдээ иргэд өөрсдөө асуудалд оролцож, сарын төлбөрөө тогтоох эрхтэй байдаг. Уг нь хяналтаа сайн тавиад явбал СӨХ иргэдэд хамгийн ойрхон, хамгийн хэрэгтэй байгууллага.

Хэрэв төр СӨХ-г мэдэлдээ авна гэвэл тухайн байрыг төрийн өмчийн болгож байж асуудал шийдэгдэнэ. Төрд тийм эрх мэдэл байхгүй, хуулиараа ч болохгүй. Гэхдээ төр хамтран ажиллаж, гаргалгааг нь гаргаж өгч болно. Тухайлбал, төр тодорхой хэмжээгээр дэмжиж, бас хяналтын тогтолцоог нь сайн хийж өгөх ёстой. Эрхийг нь өгөөд үүргээ нэхдэг байх ёстой гэсэн үг.

-СӨХ-нд асуудал байгаа нь хэнд ч илэрхий. Асуудлыг шийдэхийн тулд юунд анхаарах ёстой вэ? 
-СӨХ-г чадвартай болгож, үйл ажиллагааг нь сайжруулахын тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Одоо төр засгаас үзүүлж байгаа үйлчилгээнд хяналт үгүйгээс болж маш их хохирол учирдаг. Жишээ нь, байшингийн дээврийн засвар. Улс нэг удаа үнэгүй засч өгөх үүрэгтэй. Гэтэл ямар төсвөөр ямар компани хариуцан хийж байгаа нь тодорхойгүй. Хэдэн нөхөр хүрч ирээд л хар цаас наачихаад яваад өгнө. Зарим тохиолдолд өмнөхөөсөө бүр дордуулах нь ч бий. Засварын ажлыг СӨХ хянах ямар ч эрх байхгүй. Энэ мэт зүйлийг хуулиараа засах ёстой.

Түүнчлэн барилгын компаниуд өөрсдөө СӨХ байгуулан ажиллаж байгааг болиулах хэрэгтэй. Тэд иргэдээс мөнгө хурааж, гурван жил ажилласан болчихоод хаяад явна. Дараа нь иргэд өөрсдөө СӨХ байгуулж ажиллах гэхээр бөөн өртэй, хамаг юм нь эвдэрсэн байр угтах жишээтэй. Барилгын компанитайгаа зарга хийхээр “Баталгаат хугацаа дуусч, улсын комисс хүлээгээд авчихсан. Одоо бид хариуцахгүй” гээд ам тагладаг. Ингээд хийх ажил нь овоорсон юмыг засахын тулд иргэдээс мөнгө татна. Гэтэл иргэд СӨХ дураараа мөнгө нэмлээ гэж уурладаг. Иймэрхүү жишээ маш олон байна.

Нөгөөтэйгүүр шинэ байр хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд иргэд юм уу СӨХ-ны төлөөлөл зайлшгүй орох ёстой. Учир нь иргэд эцэс сүүлдээ ялыг нь үүрэх хүмүүс. Хэрэв чанаргүй барилга хүлээгээд авчихвал тэд л хохирно.

Сая 200 гаруй СӨХ-г шалгахад ихэнх нь харьяалалгүй байсан. Нэг ёсондоо Дээд зөвлөлийн гишүүн биш гэсэн үг. Иргэд нь олигтой хянаж чаддаггүй, дээрээс нь нэгдсэн удирдлагаар хангах байгууллагагүй болохоор элдэв асуудал их гарна. Одоо манайд 600 гаруй СӨХ бүртгэлтэй байгаа. Гэтэл сүүлийн үед зөвлөлөөс гарч, хяналтгүй байхыг хүсэх нь их болж. Дээд зөвлөл жилдээ нэг удаа үйл ажиллагаа болон санхүүд нь шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгдөг. Гэтэл эдгээр СӨХ хяналтаас зугатаад байна. Уг нь СӨХ бүр дээд зөвлөлдөө харьяалагдах ёстойг хуульчлах хэрэгтэй. Нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг байгууллага хэрэгтэй гэдгийг олон хүн хэлж байгаа.

-Ер нь СӨХ жилд ойролцоогоор хэдэн төгрөгийн орлоготой байдаг вэ. Их мөнгө эргэлддэг болохоор хүмүүс хошуураад байна гэж хүмүүс ойлгодог? 
-Мэдээж сарын төлбөр, айл өрхийнхөө тооноос хамаараад янз бүр. Хамгийн өндөр гэвэл жилд 70-80 сая төгрөг олдог СӨХ бий. Харин Дархан, Эрдэнэтэд сарын 100 гаруй мянгын орлоготой СӨХ ч бий. СӨХ иргэдээс хураасан мөнгөөр лифт, орцны цахилгаан, ус, дулааны мөнгийг төлнө. Мөн орчны тохижилт хийнэ. Дээр нь татвар, нийгмийн даатгал, ажилчдын цалингаа төлдөг. Тиймээс ихэнх СӨХ подвалаа түрүүслүүлэх замаар нэмэлт орлого олж, үйл ажиллагаандаа зарцуулж байна. Харин төр авчихвал өнөөх подваль ажилчдын байр болж хувирна. Нэмэлт орлогогүй болохоор шаардлагатай мөнгийг иргэд төлнө гэсэн үг.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ