Монгол улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль анх 2004 онд батлагдаж, 2016 оны 12-р сард хуулийг шинэчлэн найруулан илүү боловсронгүй болгон 13 жил мөрдөгдөж байна. Гэвч хуулийн үйлчлэл төдийлөн нийтэд хүрэлцээтэй биш байгаа нь Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гэмт хэргийн статистик мэдээллээс тодорхой харагдаж байна.

Улсын хэмжээнд 2017 оны эхний 4 сард 8860 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1067, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 479 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 47 хэргээр буюу 8.9 хувиар тус тус буурч, бүх хэрэгт эзлэх хувийн жин 5.4 хувь болж, 0.1 нэгжээр өссөн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 80.4 хувийг хөнгөн, 12.9 хувийг хүндэвтэр, 4.0 хувийг хүнд, 2.7 хувийг онц хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж, 56.2 хувь нь Улаанбаатар хотод, 43.8 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 204 буюу 42.6 хувь нь согтуугаар, 27 буюу 5.6 хувь нь эмэгтэй хүн оролцож үйлдэгдсэн байна.

Энэ төрлийн гэмт хэрэг гэр, орон сууцанд 418 буюу 87.3, гудамж талбайд 27 буюу 5.6, олон нийтийн газарт 14 буюу 2.9, аж ахуйн нэгжид 6 буюу 1.3, төрийн байгууллагад 1 буюу 0.4 бусад газар 11 буюу 2.3 хувь нь тус тус үйлдэгдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд 483 иргэн өртөж хохирсоны 92.1 хувь нь эмэгтэй хүн байна.

Иймд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэргийг нийгэмд бууруулах зорилгоор дараах уриалгыг гаргаж байна.

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  20 дугаар зүйлд заасны

дагуу өрхийн эмч, сум хороо, сургуулийн, халамжийн хүүхэд, гэр бүл хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх хамтарсан багийг байгуулж, хорооны засаг дарга удирдан ажиллахаар заасан байдаг тул хариуцсан нутаг дэвсгэр бүрт хэрэгжүүлж ажиллах

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь зөвхөн цагдаа болон хууль хяналтын байгууллагын үүрэг биш иргэн бүрийн үүрэг гэдгийг ухамсарлаж ялангуяа айл, хөршийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Сууц өмчлөгчдийн холбоо, нөхөрлөл идэвхитэй ажиллах

- Хэвлэл, мэдээллийн салбарынханы үүрэг оролцоо их тул нийтлэлийн бодлогоороо хүчирхийллийг өөгшүүлэхгүй байх, гэр бүлийн хүчирхийлэлийг буурлахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэний хамтын ажиллагаа, шийдэлийг хөндсөн мэдээлэл, нийтлэлийг түгээх

- Гэр бүлийн хүчирхийлэлийг таслан зогсооход, байгууллага, хамт олон нэг бүрийн оролцоо чухал учраас байгууллага, аж ахуй нэгж бүр “Гэр бүлийн хүчирхийлэлгүй гэр бүл” хөдөлгөөнийг өрнүүлэх

- Гэр бүлийн хүчирхийлэлээс ангид байх үзэлийг хүүхэд бүрт төлөвшүүлэх үүднээс сургуулийн орчинд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор яриа таниулга хийж цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байна.