УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ удаагийн хуралдаанаар гишүүд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан Ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Тус байнгын хорооноос дээрх асуудлыг судлахаар Ажлын хэсгийг байгуулан ажилласан бөгөөд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэх дүгнэлтэд хүрчээ. Ингэхдээ 63458 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа тул цэцэрлэгийн асуудлыг шуурхай шийдвэрлэх ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Улсын хэмжээнд өнөөдөр сургуулийн өмнөх насны 306890 хүүхэд байна. Тэднээс 243432 хүүхэд цэцэрлэгт, 63458 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа аж. Мөн улсын хэмжэнд 854 төрийн өмчийн, 500 хувийн өмчийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй хүүхдэд явуулын үйлчилгээ үзүүлдэг хувилбарт сургалт гэж байдаг бөгөөд үүнд 23600 хүүхэд хамрагджээ. Нормативаараа нэг бүлэгт 20-25 хүүхэд байх ёстой. Гэтэл өнөөдөр нэг бүлэгт 55-60, зарим газарт 70 хүүхэд байгаа нь ачаалал 1.2 дахин их байгааг харуулж байна гэж Ажлын хэсгийнхэн дүгнэсэн байна. Иймээс энэ бүхнийгээ тооцоод үзэхээр 200 орны хүчинд чадалтай 315 цэцэрлэг барьж байж, 63458 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой гэсэн тооцоог гаргажээ. Мөн нийслэлийн хэмжээнд 25 хороо огт цэцэрлэггүй, 75 цэцэрлэгийг нэн яаралтай өргөтгөх шаардлага байгаа ажээ.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Эмгалан “315 цэцэрлэгийг барихад хэчнээн хэмжээний хөрөнгө шаардлагатай. Төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барихад 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй байхад хувийн хэвшил 450 сая төгрөгөөр цэцэрлэг барьж байна. Энэ нөхцөлд төр зээлийн баталгааг нь дэмжээд өгвөл хувийн хэвшлүүд цэцэрлэг барих боломжтой. Үүнийг судалж үзсэн эсэх. Хүүхэд харах үйлчилгээний хэрэгжилт ямар байгаа, хэдэн хүүхэд хамрагдаж байгаа, шийдэл нь мөн үү. Яамны бодлого, ажлын хэсэг энэ асуудалд ямар дүгнэлт гаргав. Олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар сургуулийн өмнөх боловсролд хийсэн хөрөнгө оруулалт хамгийн их өгөөжөө өгдөг. Энэнд хийсэн хөрөнгө оруулалтын өгөөжийн судалгаа байна уу” гэлээ. Түүний асуултад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг "Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд энэ талын хүртээмжийг сайжруулах том зорилт бий. Дөрвөн стратегиар ажиллаж байгаа. Төсвийн хөрөнгөөр завхөн цэцэрлэг барина гэвэл учир дутагдалтай. Төрийн өмчийн хөрөнгө болон олон улсын санхүүжилттэй цэцэрлэгийг хүн амын нягтрал ихтэй газруудад барьдаг. Хоёр дахь нь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бодлогын дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, хүсэлтийг хөнгөн шуурхай болгох чиглэлээр хууль тогтоомжид өөрчлөлт оруулж байна. Байгууллагын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, хууль эрх зүйн орчинг бий болгоно. Хүрэлцээ хангамж байхгүй нөхцөлд хувийн цэцэрлэгийн ашиглагдаагүй орон зайг ашиглах чиглэлээр ажиллаж байна. Малчдын хүүхэд болон хөдөө орон нутгийн хүүхдийг цэцэрлэгт хамруулах үйлчилгээг төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.Өнгөрсөн 2015 онтой харьцуулахад цэцэрлэгийн хүртээмжийг 16 мянган хүүхдийн хүчин чадлаар нэмэгдүүлсэн. Хүүхэд харах үйлчилгээнд 5400 хүүхэд хамрагдсан байгаа. Аюулгүй байдлыг хангасан орчинг бий болгох нь чухал байна" гэв.