Хар тамхи манууруулах бодист донтох тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Тиймээс сэрэмжлүүлэх зорилгоор тоон баримтыг хүргэж байна. 

Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг цочроож сэтгэцийн хөөрөл, сэтгэлийн баясал, хий үзэгдэл буюу бусад солио үүсгэх, эсвэл төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг саатуулж булчин сулруулах, нойр хүргэх, тайвшруулах зэрэг үйлчлэлийг үзүүлэх чадвартай, эмнэлгийн бус зориулалтаар тогтмол хэрэглэвэл эмгэг хэрэгцээг бий болгох чадавхитай эм бодисуудыг сэтгэц идэвхит бодис гэж нэрлэдэг.

Мансууруулах, сэтгэц идэвхит эм бодис мөн эсэхийг эмнэлгийн, нийгмийн, хуулийн хэмжүүрээр тогтоодог. Мансууруулах, сэтгэц идэвхит эм бодисуудыг наркотикууд, сэтгэц идэвхит чадвартай сэтгэц нөлөөт бодисууд, олон улсын хяналтанд ороогүй сэтгэц идэвхит бодисууд гэж гурван бүлэгт ангилан үздэг.Харин өвчний олон улсын 10 дугаар ангилалд мансууруулах, сэтгэц идэвхит эм бодисын төрлийг нь харгалзан 10 дэд бүлэг эмгэг болгон хуваажээ.

Мансууруулах, сэтгэц идэвхит эм бодис ба донтолтын Европын хяналтын төвийн 2015 оны тайланд мансууруулах, сэтгэц идэвхит эм бодисын тоо төрөл жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд НҮБ-ын 1961, 1971 оны конвенцийн жагсаалтанд орсон мансууруулах, сэтгэц идэвхит эм бодисуудыг оролцуулаад нийт 560 гаруй төрлийн мансууруулах, сэтгэц идэвхит эм бодис байна гэж дурджээ.

2013 оны байдлаар дэлхийн нийт гэмт хэргийн 1/5 орчмыг мансууруулах, сэтгэц идэвхит эм бодисын шалтгаант гэмт хэрэг эзэлж байсан байна.  Монгол улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, түүнд холбогдон шалгагдсан этгээдүүдийн тоон мэдээллээс үзэхэд  2007 онд 7 хэрэгт 20 холбогдогч байсан бол 2016 онд 98 хэрэгт 224 холбогдогч болтлоо өссөн бөгөөд 2016 онд гадаад улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт Монгол Улсын 18 иргэн саатуулагдан шалгагдсанаас БНХАУ-д 17,  АНУ-д 1 иргэн байна.

НҮБ-ын Мансууруулах, сэтгэц идэвхит эм бодис болон гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гаргасан  тайланд дурдсанаар 2014 оны байдлаар дэлхий дахинд 15-64 насны 250 сая хүн мансууруулах, сэтгэц идэвхит эм бодис хэрэглэж байна гэжээ. Үүнээс 29 сая орчим хүн мансууруулах, сэтгэц идэвхит эм бодисыг тогтмол хэрэглэдэг. Тэдгээр хүмүүсийн 12 сая орчим нь мансууруулах, сэтгэц идэвхит эм бодисыг судсаар тарьж хэрэглэдэг ба тэдний 1,6 сая нь ХДХВ/ДОХ-ын халдвартай болох нь тогтоогджээ.

Дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг мансууруулах бодисын тоонд 2014 оны байдлаар нэгдүгээрт каннабис (183 сая хэрэглэгч), хоёрдугаарт амфетамины төрлийн мансууруулах, сэтгэц идэвхит эм бодисууд (33 сая хэрэглэгч) оржээ.

Хятад улсад бүрэн бус мэдээгээр 20-25 насны 1.560.000 мансуурах донтой өвчтөн байна. Солонгос улсад хийгдсэн  “Мансууруулах, сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай эрэгтэйчүүдийн зан араншинг тодорхойлох судалгаа”-аар олон төрлийн мансууруулах, сэтгэц идэвхит эм бодис хэрэглэгчийн өөртөө итгэлгүй байдал нь дан метамфетамин хэрэглэгчээс илүү байжээ.

2005 онд Улаанбаатар хотын ЕБС-ийн 9-10-р ангийн 1000 сурагчдын дунд хийсэн судалгаагаар 9% нь мансууруулах бодис хэрэглэж байсан гэж хариулжээ. 2010 онд Улаанбаатар хотын өсвөр үе, залуучуудын дунд хийгдсэн судалгаагаар 2.9% нь бензин цавуу, 1.8% нь каннабис, 0.9% нь экстазийг ихэвчлэн найз нөхөдтэйгээ хэрэглэж үзсэн гэжээ.

2011-2012 онд Монгол улсын мансууруулах, сэтгэц идэвхит эм бодис хэрэглэгчдийн  дунд хийсэн судалгаагаар 66% нь 1 төрлийн, 34% нь 2-8 төрлийн мансууруулах, сэтгэц идэвхит эм  бодисыг татаж, ууж, сорж, үнэрлэж, тарих зэргээр  хэрэглэдэг. Каннабис, экстази, морфин, амфетамины төрлийн бодис болон ЛСД зэрэг мансууруулах, сэтгэц идэвхит эм бодисуудыг зонхилон хэрэглэж байгаа бөгөөд дийлэнх нь буюу 49% нь каннабис хэрэглэж байна гэсэн үр дүн гарчээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн статистик тоо баримтуудаас үзвэл 2011-2015 оны нийт өвчлөлийн 12.6%-ийг сэтгэц идэвхит эм бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгүүд эзэлж байгаа бөгөөд 158 хүн мансуурах бодист донтох эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлсэн байна. 2011 онд мансууруулах, сэтгэц идэвхит эм бодистой холбоотой (эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлээр) шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээ хийлгэгсдийн тоо 11 байсан бол 2015 онд 92 болж өссөн байна.