Улсын хэмжээнд 2016 онд 79 мянга 382 хүүхэд төрсний 78 мянга 194 буюу 98.5 хувь нь Монгол Улсад, 1188 буюу 1.5 хувь нь гадаадад төржээ. Манай улсад өнгөрсөн онд нийт 77 мянга 803 эх амаржсан нь өмнөх оныхоос 2631-ээр, амьд төрсөн хүүхэд 2681-ээр буурсан үзүүлэлт аж.

Нялхсын эндэгдэл улсын хэмжээнд 2016 онд 1315 болж өмнөх оныхоос 81-ээр буюу 6.6 хувиар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1628 болсон нь өнгөрсөн оныхоос 152-аар буюу 10.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Нялхсын эндэгдэл өсөхөд улаанбурхан болон амьсгалын тогтолцооны өвчлөл өссөн нь голлоон нөлөөлжээ.

Энэ тоог онцолж байгаагийн учир нь сүүлийн жилүүдэд төрөлт залуужиж байгаа. Залуужих залуужихдаа насанд хүрээгүй хүүхдүүд ээж болж байна.  Тодруулбал, өсвөр насныхан бэлгийн боловсролгүй, эцэг эх нь энэ талаар ярилцдаггүйгээс болж 16 хүрээгүй байхдаа ээж болох тохиолдол сүүлийн хоёр жилд огцом өссөн байна. Тодруулбал, 2015 онд Монгол улсад 16 хүртэлх насны 28 хүүхэд төрж, ээж болжээ.  Гэтэл энэ тоо 2016 онд 4.6 дахин өсөж 16 хүртэлх насны 129 хүүхэд төрсөн байна.

Хүүхдээрээ байж хүүхэдтэй болсон тэднийг буруутгах гэсэнгүй, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид бид хүүхэдтэйгээ ярилцдаггүй нь эндээс харагдаж байна.

Хүүхдээрээ ээж болсон хүүхдүүдийн хувьд эсэн мэнд төрөөд улсынхаа  хүн амын бодлогод өөрийнхөө хувь нэмрийг оруулж байна. Гэхдээ тэд жирэмсэн байхдаа болон амаржихдаа эрүүл мэндээрээ хохирсон бол, цаашлаад амь насаараа хохирсон бол хэн хариуцлагыг нь хүлээх вэ?

Хүүхдээрээ ээж болж байгаа охидод асуудал үүснэ. Энэ бүхнээс сэрэмжлэхийн тулд эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ ярилцаж байх шаардлагатай. Нөгөө талаас сурагчдад эрүүл мэндийн хичээл орж, болзошгүй эрсдлээс сэргийлэх нь зүйтэйг анхаарна уу.