-Агаарын бохирдол хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлж байгаа талаар нийслэлчүүд жилийн жилд ярьдаг. Тэгвэл агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, нийслэлийн ногоон байгууламж агаарын бохирдлын улмаас хэрхэн хордож байгааг судалгааны үр дүнгийн хамт цувралаар хүргэж байна.-

Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ нийслэлийн ногоон байгууламжийг доройтуулдаг байна.  Энэ талаар ШУА-ийн ГЭХ-ийн захирал Ж.Цогтбаатар, ШУА-ийн ГЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Бат-Эрдэнэ нар судалсан байна. Судалгааг хийхдээ Санзай, ШУА-ийн ГЭХ, Долоон буудал, Шар хад, төв цэнгэлдэх хүрээлэн, Баруун дөрвөн зам, Орбит, Зайсанд дээж авч агаарын  бохирдлыг тоосонцроор үнэлэх буюу модны мөчир дээр тогтсон  өнгөрөөр бохирдлыг үнэлжээ. Модны  мөчир дээр тогтсон  өнгөр болон модны хажуугийн хөрсний дээж авч шинжлэн агаарын бохирдлын нөлөөллийн харьцуулахад хотын төв цэгүүдэд хүнд металлууд болох хартугалга, цайр, никель харьцангуйгаар их илэрч байсан бол хотоос зайдуу цэгт эдгээр элементүүд илрээгүй ажээ.  Энэ нь Улаанбаатар хотын төв хэсэг хүнд металлаар бохирдсоныг харуулж байгаа юм.

Улаанбаатар хотын төв замын хажуу дахь ногоон байгууламжин дахь нарс, хуш, гацуур гэх мэт мөнх ногоон  модны шилмүүсний гадаргуу дээр зузаан хар тортогон өнгөр нь ургамлын амсрын  сүвээр дамжин ургамлын эд эрхтэнд нэвчин орж доройтуулдаг байна. Өөрөөр хэлбэл өнгөр бүхий хуримтлал нь хүнд металл агуулсан  давсны уусмал, дубилийн бодисуудтай нэгдэх замаар модыг гундаадаг.  

Үүнээс гадна агаарын бохирдол нь хөрсний бохирдол үүсгэж байгааг тогтоосон байх юм.  Агаарт цацагдаж байгаа элдэв хорт хийнүүд  хөрсөнд бууж, улмаар ургамлын нөмрөгийг устгах,  усыг ихээр бохирдуулдаг нь дээрх газруудаас дээж авч харьцуулахад тогтоогджээ.   Энэ нь хүний сөрөг үйл ажиллагаатай шууд холбоотой бөгөөд үүний  улмаас үүсэх  хүхэрлэг хий,  азотын  исоүүд, янз бүрийн органик болон органик биш бодисууд нь цас хайлангуут хөрсөнд  шингэснээр хөрсөнд агуулагдах  химийн бодисууд нь ойн экосистем болон хүн, амьтанд  сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Өнөөдөр нийслэлийн хөрсний бохирдол ямар хэмжээнд  байна вэ?

Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн 20.6% нь хүчтэй, 74.5% нь дунд зэргийн доройтолд орсон бөгөөд дөнгөж 5% нь доройтоогүй буюу бага зэрэг доройтсон байна.  

Улаанбаатар хотын хөрсөнд хар тугалга дунджаар 45.7 мг/г байгаа нь хөрсний дундаж үзүүлэлтээс 2 дахин их, зарим газар 533 мг/г хүрсэн тохиолдол ажиглагдсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 5.3 дахин их байна. Хар тугалганы агууламж “Хархорин” зах, “Долоон буудал” “32-ын тойрог”, Баянзүрх дүүргийн нутаг дахь оросын оршуулгын газар орчмын хөрсөнд хамгийн их буюу 70-123 мг/кг гарсан байна.

 

Тиймээс хөрс, агаарын бохирдлоос сэргийлэхийн тулд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэх шаардлагатай. Гол нь  навчны талбай том мод тарих,  бохирдолд тэсвэртэй  шилмүүст мод тарих хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.  

 

Эх сурвалж: ШУА-ийн ГЭХ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам

Нийслэлийн Засаг даргын тамгын газар