Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газраас өгсөн мэдээгээр өнгөрсөн жил гадаад, дотоодын 40 мянга орчим жуулчин тус аймагт аяласан бол энэ жил 70 мянга болж нэмэгджээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 10-наас 14-ны өдрийг хүртэлх дөрвөн өдрийн хугацаанд Тусгай хамгаалалтай газрын нэвтрэх цэгээр 10 орчим мянган дотоодын аялагч нэвтэрсэн байна.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар 44 жуулчны бааз, 64 гэр буудал аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хоногт гурван мянга гаруй хүн хүлээж авах хүчин чадалтай. Харин дээрх жуулчны баазад буудаллаагүй иргэд хаа тааралдсан газраа хоноглож, бие засч, хог хаягдлаа хаядаг тухай аймгийн Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид хэллээ. Тэдний хэлснээр “Зөвхөн “үүргэвчтэй” аялагчид төдийгүй тус газарт үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд ч мөн адил стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж ашигладаггүй байна. Хэдийгээр шаардлага хангасан ариун цэврийн байгууламж цөөн тоогоор байдаг ч эдгээр нь тодорхой цагийн хязгаартай ажилладаг нь иргэдэд ихээхэн төвөг учруулдаг” гэсэн юм. Энэ талаар Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэртэй ярилцлаа. 
 

-Хөвсгөлийн Тусгай хамгаалалт-тай газрын нэг байгаль хамгаалагчид хэдэн га талбай оногдож байна. Бүх газартаа хүрч ажиллаж чаддаг уу?
-Манай байгууллагын 20 байгаль хамгаалагч Ханх, Ренчинлхүмбэ, Цагаан-Уул, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны нутаг дэвсгэрийг хамарсан 1.2 сая га газрыг хамгаалдаг. Нэг байгаль хамгаалагчдад 50 мянган га газар оногддог. Энэ нормынхоо дагуу хамгаалалтаа хийж байна. Аялал жуулчлалын ид ачаалалтай үед 50 мянган га талбайг нэг байгаль хамгаалагч хамгаалалтдаа авах боломж байдаггүй. Ачаалал эрс нэмэгддэг тул Жанхайн давааны баруун эргээс бусад газрын байгаль хамгаалагчдаасаа хүч нэмдэг. Манай 20 байгаль хамгаалагчдын долоо нь Хатгалаас 180 км-т зайд буюу Ханх суманд ажилладаг. ОХУ-ын хилтэй ойр учир энэ үеэр ОХУ-аас ирэх аялагчдын тоо мөн нэмэгддэг. Тэнд Хатгал сумыг бодвол отоглох цэг, жуулчны бааз дутмаг. Тиймээс ихэнх нь “хараар” жуулчлах болдог учир тэндээ хяналт тавьж ажилладаг. Харин Цагаан-Уул сумын хувьд таван хүний бүрэлдэхүүнтэй Сарьдаг голдуу газар ажилладаг тул мөн ирэх боломжгүй. Үлдсэн хүмүүсийг Жанхайн чиглэлд төвлөрүүлж ажилладаг.  
-Баяр наадмын өдрүүдээр Хөвсгөл нуурын цогцолбороо газрын даац хэтэрч, цаашлаад бохирдлын асуудал хөндөгддөг. Хөвсгөл нуурын эрэг дагуух амралтын газрууд хамгийн дээд талдаа хэдэн жуулчин хүлээж авах боломжтой юм бэ?
-Аялагчдын тоо нэмэгдэхийн хэрээр тухайн газар нутгийн даац хэтэрдэг. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг гэр буудлууд хүчин чадлаараа ажилладаг ч ирсэн бүх аялагчдыг хүлээж авах боломжгүй. Үүнээс харахад баяр наадмын өдрүүдээр ирсэн 10 мянга гаруй аялагчдын гурван мянга нь л гэр буудал, амралтын газруудаар үйлчлүүлдэг бол үлдсэн жуулчид нь “хараар” буюу дуртай газраа буудаллаж, хоноглодог. Үүнээс үүдэж байгаль орчинд хог хаягдлаа замбараагүй хаях, ариун цэврийн асуудал шийдэгдээгүй улмаас байгаль орчныг бохирдуулдаг. Энэ нь зөвхөн Хөвсгөл нуурыг тойрсон асуудал биш. Монгол Улсын аялал жуулчлалын салбар хөгжсөн байгалийн үзэсгэлэнт сайхан газруудад аялахдаа ч сэтгэлгүй ханддаг аялагчдаас үүддэг асуудал юм.
-Наадмаас хойш хэдий хэмжээний хог үүссэн бэ?
-Тусгай хамгаалалттай бүсийн нэвтрэх цэгээр нэвтэрч буй аялагчдад хог хаягдал хийх уут тарааж өгдөг. “Та аялах явцдаа гарсан хог хаягдлаа нэвтрэх цэгээр гарахдаа буцааж авчирч өгнө үү” гэсэн хүсэлт тавьдаг. Эдгээрийн 60 гаруй хувь нь хогоо ууталж авчирч өгдөг. Харин үлдсэн нь замбараагүй хаях, эзэнгүй хаягдал үүсгэдэг. Хог төвлөрүүлэх цэгийн хогийн хэмжээнээс үзэхэд наадмын өдрүүдэд өдөрт 5.2 тонн хог зайлуулсан. Энэ бол зөвхөн “хараар” амарч, аяласан иргэдийн хогны хэмжээ. Үүнээс гадна жуулчны баазуудаас гарах хог хаягдлыг нийлүүлбэл өдөрт 10 орчим тонн хог гарсан тооцоо бий.
-Эдгээр хогийг хаана төвлөрүүлж, устгадаг вэ?
-Хатгал тосгоны төвөөс гурван километрийн зайд хог төвлөрүүлэх газар байдаг. Тэнд булшлах зэргээр албан ёсны аргаар устгал хийдэггүй. Олон жилийн өмнөөс бөөгнөрүүлж, төвлөрүүлэх аргыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Улаанчулуут болон бусад хогийн цэг ямар байдаг уу, тэрэнтэй ижил гэсэн үг. Хамгийн гол нь хог хаягдлыг татан зайлуулахад улсаас төсөв баталдаггүй. Харин энэ жилээс Япон Улсын “Ядуурлыг бууруулах сан”-гаас “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт иргэдийн амжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх” төслийн хүрээнд нутгийн иргэдийн бүлгүүдийг дэмжиж, эзэнгүй хог хаягдлыг татан зайлуулах, иргэдийг хог хаяхаас урьдчилан сэргийлэх зорилготой төсөл хэрэгжүүлэхээр болсон. Уг нь төсөл наадмын үеэр эхлэх байсан ч санхүүжилт  шийдэгдээгүйн улмаас өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн.
-Хог хаягдлаа тээвэрлэх хэдэн машин байдаг вэ. Хүчин чадлын хувьд хүрэлцээтэй байж чаддаг уу?
-Манай байгууллагад хог тээвэрлэх зориулалтын машин байтугай тэвштэй хогийн машин ч байхгүй. Тиймээс тэвштэй автомашинтай нутгийн иргэд болон “Эко лит” сангаас тусламж авдаг. Хэрэв зориулалтын хог тээвэрлэдэг машинтай болвол тээвэрлэж буй хог, хаягдал салхинд хийсэхгүйн дээр эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Учир нь жуулчдын хог хаягдал нь овор хэмжээ ихтэй хог байдаг. Үүнийг зориулалтын тээврийн хэрэгсэл нь шахаж ачдаг.
-“Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт иргэдийн амжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх”  төслийн хүрээнд 50 ширхэг био ариун цэврийн байгууламж байгуулах талаар яригдаж байсан. Энэ бүтээн байгуулалт яагаад зогссон юм бол?
-Ариун цэврийн байгууламж, хог хадгалах болон хог түр хадгалах сав Улаанбаатар хотоос өнөөдөр (уржигдар) авчирсан гэсэн. Тендер болон бусад шат дамжлага дамжсны улмаас цаг хугацааны хувьд алдсан гэж сонссон.
-Ер нь одоо үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз болон гэр амралтын газруудын бохирын асуудалд яаж хяналт тавьдаг вэ?
-Жуулчны баазууд бохироо бохирын танканд хуримтлуулдаг. Хуримтлагдсан бохирыг Хатгал тосгонд байрлах бохирын байгууламж руу тээвэрлэдэг. Харин гэр буудлуудад байгальд шингэдэггүй, био болон бусад ариун цэврийн байгууламж ашиглахыг анхааруулсан.
-Японы “Ядуурлыг бууруулах сан”-гаас ирэх ариун цэврийн байгууламжийг байрлуулснаар дахин ийм асуудал давтагдахгүй гэж үзэж болох уу?
-Эдгээр нь зөвхөн туршилтын журмаар хийгдэж буй ажил. Бүх жуулчны баазуудад хүрэлцэхгүй. Тодорхой хэдэн газарт байрлуулж жишиг болгоно. Хэрвээ Хөвсгөл нуурийн цогцолбор газарт үр дүн өгч, байгальд ямар нэг хор нөлөөгүй байвал цаашид гэр буудал, жуулчны баазуудад ашиглана. Ингэснээр тухайн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа гэр буудал, жуулчны баазыг байгальд хор нөлөөгүй ариун цэврийн байгууламжаар хангах боломжтой болох юм.
-Жуулчны баазуудыг харахад оройн цагаар ариун цэврийн байгууламжаа түгждэг, нүхэн бие засах газрыг давхар ашигладаг нь ажиглагдсан.
-Нүхэн бие засах газруудыг ариутгал хийж технологийн дагуу булж, хариу мэдэгдэх тухай мэдэгдлийг жуулчны баазуудад хүргүүлсэн. Аялал жуулчлалын улирал дуусч байгаа учир энэ сарын 25-наас жуулчны бааз, амралтын газруудтай уулзаж, гэрээгээ дүгнэнэ. Энэ үеэрээ нүхэн бие засах газар давхар байгуулдаг асуудлыг эцэслэн шийдэх юм. Хамгийн гол нь зөвхөн био эсвэл танктай ариун цэврийн байгууламжтай байх чиглэлийг өгч байгаа.
-Эдгээр ариун цэврийн байгууламжийг суурилуулснаар бохир тээвэрлэх асуудлыг яаж шийдэх юм бэ?
-ариун цэврийн байгууламжийн хувьд олон жилийн туршид хийгдэж байгаа асуудал учир тээвэрлэлтэд ямар нэг хүндрэл гарахгүй байх. Харин био ариун цэврийн байгууламжийн тухайд зориулалтын саваар тээвэрлэдэг учир тэвштэй тээврийн хэрэгслээр зөөвөрлөх ёстой. Хатгал тосгоны хувьд хоёр бүлэг хариуцаж байна. Төслийн хүрээнд тодорхой урамшуулал авч, өөрсдийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөнө гэсэн үг.