Улаан шороогоор урссан Орхон голын эмгэнэл Ерөөд давтагдах нь

Алтны төлөөх шунал эрх мэдэл битгий хэл хууль цаазыг бөхийлгөж, байгаль дэлхийг байж болшгүйгээр хохироож, зэрэмдэглэж байна. Монголын хамгийн тансаг, хамгийн баян баянбүрд, гол мөрнүүд алтанд шунагсдын саварт боомилуулж, хүйс тэмтрүүлж байна, яг одоо.

Харамсалтай нь үүнийг харах нүд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй эрх мэдэлтнүүдэд байхгүй бололтой. Тэд “Хууль бусаар алт олборлогчдыг үргээсэн, хөөсөн, хариуцлага тооцсон, үйл ажиллагааг нь зогсоосон” гэх хуурай үгсээ хэлсээр сууна. Гэвч бодит байдал дээр хот суурин газраас алс, баргийн машинаар очихооргүй бөглүү хангайн бараг уул бүхний аманд алт олборлогчдын суурин өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, Орхон, Ерөө, Орхонтуул, Хараа, Онон голын ай сав газар хамгийн ихээр сүйтгэгдэж, үзэсгэлэнт Минжийн хангай, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Гутайн даваа тэргүүтэй Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Увс, Ховд, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг 14 аймгийн байгаль улаанаараа эргэж байна. Эдгээрээс нэн тэргүүнд аюулын харанга дэлдэж байгаа нь Орхон, Ерөө, Орхонтуул тэргүүтэй томоохон голуудыг алт олборлогчид бохирдуулж, ус биш шороо урсаж, түүгээр хүн, мал ундаалж байгаа явдал билээ. Тиймээс бид өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ерөө голыг зорьсон юм. 

АЛТ ОЛБОРЛОГЧДЫН ГОЛ УУРХАЙ БУГАНТ

Ерөө сумын нутгаар дайран өнгөрч буй Ерөө гол тунгалаг цэнгэг боловч бохирдуулагчдаас энд иртэл 80 гаруй километр замыг туулан урсахдаа өөрийгөө цэнгэгшүүлсэн нь энэ биз ээ. Ерөө сумын гуравдугаар баг болох Бугант тосгоны нутаг дэвсгэр бол Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийн алт олборлогчдын гол уурхай. Сумын төсвөөс тосгон хүртэл 70 орчим километр бөгөөд хэдэн жилийн өмнө тавьсан сайжруулсан зам нь явах аргагүй болтлоо эвдэрчээ. Сайжруулсан замын хажуугаар хулганы хөеө шиг олон зам эрээлжлэх ч нэгнээсээ дээрдэх юмгүй цөм энхэл донхол, эвдэрхий цөмөрхий. Энэ нь хүнд даацын машинууд энэ зүгт өдөр шөнөгүй холхидогийн тод илрэл юм. Ийн сэгсчүүлсээр Бугант тосгонд хүрч, хууль бусаар алт олборлохын зэрэгцээ Ерөө голыг бохирдуулж, байгаль, дэлхийг сүйтгэж байгаа нөхдүүдийг зорьж яваагаа сумын удирдлагуудад хэлэхэд “Ийм машинтай захад нь хүрвэл л их юм.


Та нар битгий хэд бид, аймгийн мэргэжлийн байгууллагуудын дарга нар гол цэгт нь хүрч чадалгүй машин, техникээ эвдээд буцсан тохиолдол олон. Тэгээд ч техник хэрэгсэл, харилцаа холбоо хөгжчихсөн өнөө цагт чамайг тэднийг зорьж байгааг тосгоноос гарч амжаагүй байхад чинь л нөгөөдүүлд хэлнэ. Очиж болох дөт замын ойролцоох техник хэрэгслүүдээ хураачихна. Өдрөөр амраад, шөнийн цагаар ажилладаг юм шүү дээ. Өдөр юм шиг гэрэлтүүлээд л ухдаг тухай хүмүүс ярьдаг. Бидний хувьд аймаг, орон нутгаас төлөвлөгөөт болон бусад шалгалтынхан явахад л хамт явдаг. Тэр үеэр хэн ч ажилладаггүй, техник хэрэгслүүд нь цөм хураалттай, дийлэнхийг нь нуучихсан байдаг юм уу, цөөн тооны эвдэрхий хэмхэрхий голдуу техник гол, уснаас хол байж байдаг. Та нар ч тэнд хүрнэ гэж саналтгүй байх. Зам мэдэхгүйн дээр том том гуу жалга, хүчтэй техникт эвдэгдсэн явахын аргагүй зам, борооны улмаас шалбааг ихээр тогтсон зэрэг асуудал их бий. Хүрлээ ч нинжа нар ойртуулахгүй, машин техникийг чинь эвдэж мэднэ шүү” хэмээв. Дээр нь нэмж “Хэдэн жилийн өмнө манай нутгийн 506 мянгахан га газарт 260 гаруй лиценз эзэмшигч шоргоолж шиг арзаганаж байсныг бодоход одоо албан ёсны лицензтэй компанийн тоо 56 болж цөөрөөд байгаа. Гэхдээ бараг бүгдийнх нь алт олборлох, хайгуул хийх эрх албан ёсоор сэргээгүй ч тэд олборлолт хийж байна. Тэдний дээр хувиараа алт олборлогчид буюу нинжа нар нэмэгдэнэ” гэсэн юм. Түүнчлэн Ерөө гол бохирдож байгаа талаар “Үнэнийг хэлэхэд одоогоор Ерөө болон бусад цутгал жижиг гол бохирдож, хүн, мал уухын аргагүй болоод байгаа юм алга. Алт олборлож байгаа компани, аж ахуйн нэгжүүдийн нөөцлүүр, нуурын далан сэтэрсэн, зарим аж ахуйн нэгжийн бохир ус ойролцоох голд нийлж байсан зэргийг шалгалтынхан тогтоож, зохих арга хэмжээг авсан. Гэхдээ цаашид анхаарч, гол усаа бохирдуулахаас сэргийлэх нь зүйтэй” гэсэн юм. 
2000 хүрэхгүй хүн амтай энэ тосгоны алга дарам нутгийг газар газрын нинжа нар эзэлж, тал бүрээс нь дэлбэлж, тэгшилсээр нэг өдөр тосгоны төв рүү орж мэдэхээр дүр зураг харагдана. Гэхдээ одоохондоо алт олборлогчид тосгоны төвөөс зайдуу, суудлын машин битгий хэл баргийн жийп очихооргүй саад бартаа ихтэй, аглаг газарт “шигдэцгээсэн”-ийг дээрх яриа батална. Үүнээс гадна сум, орон нутгийнханд “Бид бол аймаар, маш хэцүү замаар явж байж арай гэж хүрдэг алс хязгаараас жаахан алт авч байгаа. Наашаа зүглэсний бараг хэрэггүй” гэх ойлголтыг ухуулж, сэнхрүүлдэг бололтой. Учир нь дээрхээс нэг их ялгаагүй яриаг Ерөө  сумын ИХТ-ийн хэд хэдэн тэргүүлэгчээс сонссон билээ. 


Үүнээс өөр нэг зүйл нь алтны нөөц ихтэй газрын нэгээр нэрлэгдээд олон жилийн нүүр үзэж буй энэ нутгийг зоригсод, ашигт малтмал олборлох хийгээд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид Ерөө сумын төвөөр биш юмаа гэхэд Бугант тосгоноор дайран өнгөрч буй. Гэвч энэ тосгонд хөрөнгө оруулалтын хэлтэрхий битгий хэл гудамж, талбай нь өнгө үзэмж нэмсэн, хүн ардын амьжиргаанд дэм болж байгаа зүйл лав алга. Алс бөглүүхэн суурингийн амьдрал өдгөөгөөс 20, 30, 40 жилийн өмнө ийм л байсан уу гэмээр гунигтай бөгөөд ядруухан дүнсийнэ. Сүүлийн жилүүдэд нэмэгдсэн болов уу гэхээр зүйл нь ганц нэг айл хунар байшин барьж, дээврийг нь өнгөт төмрөөр төмөрлөсөн үү гэхээс өөрөөр тун ховор ажээ. Энэ нь хариуцлагагүй, хяналтгүй уул уурхай зөвхөн нутаг орон, байгаль, хангай, уул усыг бохирдуулж, зэрэмдэглэж, ухаж төнхөөд орхидгоос бус хумсын төдий ч ашиг авчирдаггүйг тод илтгэх шиг. Үүний батлагаа нь Ерөө сумын нутгийг алт ухагчид зөвхөн энэ жил бус сүүлийн 20 гаруй жил цөлмөж байгаа билээ. 
Ерөө сумын Могойн, Ялбаг, Бүхлэг, Өлөнт, Цамхаг, Харганат, Бугант гэх мэт жижиг голууд уулсын амнаас урсан Шарлан, Хонгийн бэлчирт нийлж, Ерөө голд цутгадаг байна. Харамсалтай дээр нэр дурдсан бүх голын эрэг дагуу том техник хэрэгсэлтэй нинжа болон тухайн газарт тусгай зөвшөөрөлтэй ч олборлолт явуулах эрхээ авч чадаагүй аж ахуйн нэгжүүд алт олборлож байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөө голд цутгаж буй жижиг голууд бүгд их бага хэмжээгээр бохирдож, зарим нь зарим газартаа улаан шороогоор урсаж, урсгалдаа цэвэршсээр хүн, мал амьдардаг газарт өнгө хувирган ирдэг аж. Гэхдээ энэ бол бохирдоогүй гээд санаа амрах зүйл огтхон ч биш. Харин ч Орхон голын эмгэнэл Ерөө голд давтагдахын эхлэл. Өнөөдөр биш ч маргааш ам бүрээс урссан цутгал голууд алт угаасан шар шороогоор Ерөөд нийлэхгүй гэх баталгаа байхгүй. 
Бид Могойн гол буюу Бугант сумын нутгаас 80 гаруй километрийн зайд байх алт олборлогчдыг зорилоо. Биднийг очихоос долоо, найм хоногийн өмнө БОАЖЯ, МХЕГ, Сэлэнгэ аймгийн холбогдох албаныхан тэргүүтэй хүмүүс Бугант сумын нутаг дахь хууль бусаар алт олборлогчдын суурьшлаар явж, шалгалт хийхэд 30 гаруйхан компани үйл ажиллагаа явуулж байсны 16-гийн үйл ажиллагааг зогсоосон тухай орон нутгийнхан мэдээлж байсан юм. Түүнчлэн шалгалтынхантай таарсан том оврын машин, техник хэрэгслийн компьютер, асах тоног төхөөрөмж, аппаратыг салгаж, холбогдох албаныхан хураасан тул одоохондоо ажиллаж байгаа уурхай ховор байх гэж байв. 

МОГОЙН ГОЛЫН “ХАШГИРААН”

Сумын төвөөс тосгон хүртэл донхолзсон эвдэрхий зам Могойн голын зүгт улам эвгүйрч, балчиг шавартайгаас гадна энхэл донхол нь улам гүн, цааш үргэлжлүүлэн явах уу, болих уу гэж халшрах хүртэл “булгина”. Энэ замаар машинтай битгий хэл морьтой хүн ч нэлээн зовж урагшлахаар гэдэг нь үнэн ажээ. Тосгоноос гарахад “Эвдэрсэн ч гэсэн тод замаа дагаад яваарай. Олон тийш салаад төөрүүлээд байхаар биш ч Могойн гол хүртэл 10 гаруй бол сална аа” гээд “Тэд орчим километр яваад зүүн талаа бариад” гэх мэтээр цаасан дээр зурж, хэлж өгсөн замыг алдалгүй дагахыг хичээвч төөрч, будилж яваа эсэхээ мэдэх боломжгүй зэлүүд аглагийн дундуур Могойн голын зүгт уухилсаар байлаа. 
Энд үнэхээр хэний ч гар хүрээгүй онгон дагшин байгаль цогцлон байна. Сүрлэг залуу модод байгаль эхийн гайхамшиг бүхнээ машины дуу, хүмүүсийн чимээнээр шалавхан нуух мэт нууцлаг дүнсийнэ. Өнгө өнгийн цэцэгс алаглан хивс мэт зулж, сөд өвс хөл гишгэх зайгүй шахам хүрэнтэн ургасан байна. Модны навчис сэрчигнэж, хаанаас ч юм хөхөө шувуу донгодох, гол, горхины хоржигнон урсах чимээ сонсогдох ажээ. Жалга болгоноос нь булаг урсаж, их голдоо нийлэх юм. Яасан ч яруухан сэлүүхэн хангай вэ гэж өөрийн эрхгүй дуу алдмаар байгалийн гоо үзэсгэлэн төгс бүрджээ. Гүзээлгэнэ, аньс тэргүүт жимсний болц бүрэн гүйцсэн байна лээ. Хэсэгхэн ширүүн бороо ороход л ишнээсээ унахад бэлэн бөнжигнөж байв. Нарс, хус, шинэсэн ой бүхий Хэнтий нурууны салбар уулс юм чинь арга ч үгүй биз ээ.  
Тосгоны төвөөс 80 гаруй километр ийн зүтгэсний эцэст бид хөрсөн дороо алт “нууснаасаа” болж шуналт хүмүүсийн хүчирхэг техникийн хүчээр шархдуулж, зэрэмдэглэсэн “тарчлаант” газарт нэлээд дөхөв бололтой. Учир нь “муухай” салаа замууд нийлж, Могойн голын хөндий рүү өгсөх бөгөөд тэндээс эхлэн цэл залуу зулзаган хусан ойг том техникээр хайр найргүй дайрч, хугалж энд тэндгүй унагажээ. Тал нутагт л болдог газрын хөрсийг орвонгоор нь эргүүлэх хүчтэй салхи шуурганд ч, үерлэн буух усан бороонд ч, чөмөг царцам хүйтэнд ч үхэшгүй мөнхийн ногоон өнгөөр мишээж байдаг нарс, хусан ойн зулзган моддыг элэг эмтэртэл булгалан унагаж, оршиж байсан газрынх нь оронд том машины мөр зурайтал гарч, тэр хавийн өвс, ургамлыг зам болтол тэгшилжээ. Харуй бүрий нэгэнт болж, моддын сэрчигнэх, хаа нэг шар шувуу ч юм уу дуугарахаас өөр чимээ аниргүй энэ хөндийгөөс цааш тонгойход л нинжа нар шоргоолж шиг арзаганаж байгаа даа гэх бодол төрөх тусам яарна. Шөнийн харанхуйд хүйтэн сэтгэлт хүний хүчтэй техникээрээ дайрч одсоны мөр болсон, оршуулгын газрын тэмдэг шиг ёрдойх хожуулнуудыг харах уйтай байв. Мянга мянган мод зам “болохын” төлөө ийн хожуул болтлоо нугачуулж, дайруулсан ч амь тавьж чадалгүй ийн дээш тэмүүлж, ургаж байгаа бол гэж бодох ч гашуун юм. 
Хэн нэгэн найган шуугих ойн “хань ижлээс” хүчээр түрэмгийлэн булга татаж, эдгэрэшгүй шарх үлдээснийг харж, хэсэг зогсоод хөндийг уруудахаар машиндаа суулаа. 
Могойн голын хөндий. Энэ бол Ерөө сумын нутаг дэвсгэрт алт олборлож буй 3000 гаруй га нутаг дэвсгэрийн ердөө хоёр хувьд ч хүрэхгүй талбай. Гэвч энд Ноён уул, Орхон голын хөндийд үзсэн элэг эмтрэм дүр зураг хэдийнэ бий болжээ. Тээр доор эксковатор, буу тэргүүт техник хэрэгслийн дуу нүргэлж, энд тэндгүй гэрэл ойн бууж тонголзох нь нинжа нар ажилдаа гарсныг илтгэнэ. Тосгоныхны хэлснээр техник, хэрэгслээ үнэхээр шөнийн цагаар ажиллуулж, хэдэн зуугаараа энд тэнд цох хорхой мэт бужигнах ажээ. Бүр Могойн голын дунд нь эксковатор орчихсон ухаж байлаа. Том шанагаараа голын ус, чулуу, хөрсийг орвонгоор нь эргүүлэн шанагадаж байв. Хаа сайгүй ухаж овоолсон шороо хөндийг тэр чигт нь бараантуулж, энд тэндгүй хүмүүс хашгирч, ярьж байгаа хэрнээ голын уснаас дураараа самардах эксковаторын жолоочийг хэн ч болиулсангүй. Өчнөөн хүн байгаа мөртлөө Могойн гол эзэнгүй мэт. Нээрээ эд чинь бүгд нинжа шүү дээ. 

Үргэлжлэл бий.