Бүх шатны сургуулийн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хүүхдүүд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх тохиолдол ихэсдэг .

Цагдаагийн байгууллагийн мэдээллийн санд 2017 оны эхний хагас жилийн байдлаар насанд хүрээгүй хүнээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирох тохиолдол урьд оноос өссөн үзүүлэлтэй гарсан тул урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг  хүргүүлж байна.

-Хэргийн хувьд бусдын бие махбодид гэмтэл учруулах, дээрэмдэх, танхайрах гэмт хэрэг урьд оноос  өссөн байгаад анхаарч  энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх. Тухайлбал:

-Хүүхдүүдэд бусдыг хүндлэх, аливаа санал зөрсөн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүүхдүүдтэй харьцахдаа хүч түрэмгийлэх байдлаар асуудлыг шийдэх гэж оролдвол найз нөхөдгүй, ёс зүйгүй хүн болох талаар хэлж анхааруулах .

-Хүүхдийнхээ нөхөрлөж буй найз нөхдийн нэр, гэрийн хаяг, холбоо барих утас, тэдний эцэг, эхийг мэддэг байх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх талаар сургамж өгч, хичээлийн болон хичээлийн бус цагаар хаана хэнтэй юу хийж байгааг мэддэг байх.

-Сургуулийн багш, нийгмийн ажилтан, эрх бүхий албан тушаалтнуудын нэр, холбоо барих утсыг мэддэг байх, хүүхдээ сургуулийн орчинд хичээл сурлага, хүмүүжилдээ ямар байгаа талаар мэдээлэлтэй байж, эцэг, эх, сургуулийн эргэх холбоог бий болгож, хамтран ажиллах.

-“Гэр-сургууль-гэр” хооронд хүүхдийн явах аюулгүй зам, маршрутыг судалж, аль замаар хэрхэн аюулгүй явах талаар биечлэн зөвлөгөө өгөх, бага ангийн хүүхдийг хараа хяналтгүй асран хамгаалагчгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

-Хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ хамгаалалтын бүс, хамгаалалтын суудал, суудлын бүс тохируулагчийг байнга тогтмол өөрөө үлгэрлэх байдлаар зүүлгэж хэвшүүлэх /арын суудалд суусан хүүхдэд ч мөн адил/, хүүхэд сууж буй талын автомашины цонхыг хаалттай байлгаж хэвших.

-Замын хөдөлгөөнд явганаар оролцохдоо явган хүнд зориулсан зөвшөөрсөн гэрэл дохиогоор, явган хүний гарцын тэмдэг тэмдэглэлтэй хэсгээр анхаарал болгоомжтой аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарч хэвших, авто машины зам, эрсдэл бүхий газар тоглохгүй байхыг зөвлөх

-Дунд болон бага ангийн хүүхдүүдэд үнэ өртөг ихтэй ухаалаг гар утас хэрэглүүлснээр гар утсаа хулгайд алдах, хичээлийн цагаар болон замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаараа мессеж бичих, тоглоом тоглох зэргээр анхаарал, сэрэмж нь алдагдаж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох өндөр эрсдэл үүсч байгааг анхаарч гар утасыг хэрхэн хэрэглэх талаар зөвлөх.Тухайлбал: Зайлшгүй шаардлагатай утсаар ярих үедээ орчин тойрны аюулгүй байдлыг шалгаж  эцэг, эхтэйгээ холбоо барих талаар зөвлөгөө өгөх

-Эцэг, эхчүүд автомашин жолоодож явахдаа гар утсаараа ярих,мессеж бичих зэргээр хүүхдэд буруу үлгэрлэж, анхаарлаа сулруулсанаар замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөх, замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдэд өөрсдийн хүүхэд шиг хандах.

 

-Шилжилтийн насны хүүхэд найз, нөхдийн нөлөө, бүтэлгүй хайр, багш, эцэг, эхийн буруу харьцаа, шашны буруу үзэл суртлын улмаас зан ааш нь өөрчлөгдөх, эцэг, эхийнхээ үгэнд амархан гомдох үедээ өөртөө эрсдэлтэй алхам хийх тохиолдол гарч байгааг анхаарч, тэдний дотоод сэтгэлийг ойлгох, найз шиг харьцаж тэдэнтэй илэн далангүй байснаар гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж нээгдэнэ. 

 

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС