Улаанбаатар хотод сүлжилдэх машины цуваа цөөрч, айл гэрийн цонх ажин түжин харанхуйлахад шөнийн сурвалжлагад гарах нь нэг их онцгой сонин үзэгдэл биш л дээ.

Гэхдээ цагдаагийн эргүүл дагаж, хамгаалах байр, эрүүлжүүлэхийн саарал өнгийг дүрслэн харуулна гэдэг хэвлэл мэдээллийнхний хувьд хэзээд гүн шөнийн халуун үйл явдал, магадгүй үүнээс илүүтэй нийгмийн болоод хувь хүний эмгэнэлт дүр төрхийг тэмдэглэх бодит жим болдог нь гарцаагүй. Ийм л зорилго дор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн багтай энэ сарын 23-ны шөнийг ажлаа хийн өнгөрүүллээ. Он солигдох мөч хаяанд ирж, оргилуун дарсны буудлага газар сайгүй нүргэлэх зуур гэр бүлийн хүчирхийлэл хаалганы цаана тарчлааж, нялх балчир хүүхдүүдийн ээрсэн, уйлсан дуун шөнийн харанхуйг эвдэх нь халгамаар бас харамсмаар. Учир нь, зөвхөн арванхоёрдугаар сарын 23-ны 00.00 цагийн байдлаар иргэд албан байгууллагаас 121 гэмт хэрэг зөрчлийн дуудлага Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирсний 10 нь гэмт хэргийн, 16 нь гэр бүлийн хүчирхийллийн, 55 нь хэв журмын, 21 нь согтуугаас үүдэлтэй, 17 нь гэмт хэргийн шинжтэй байв. Харин тэдгээрийг журамлах, зохицуулах үүрэгтэй Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсээс долоон автомашин, хөдөлгөөнт эргүүлийн зургаан автомашин, гэмт хэргийн дуудлагын ажлын хэсгийн нэг машин болон нийтдээ 75 цагдаагийн албан хаагч ажилласан нь бас ч овоо хүч мэт боловч эргээд бодоход 121 гэмт хэрэг өөр өөр газар, өөр өөр байранд, өөр өөр бааранд болж буй гэдэг утгаар нь бодвол цөөдөх талтай. Харамсалтай нь, энэ нь зөвхөн нэг шөнийн дотор буюу 22.00 цагаас үүрийн 06.00 цагийн хооронд үргэлжилж буй нэг дүүргийн, нэг хэлтэст ирсэн гэмт хэргийн дуудлага юм. Энд бидний өнөөдрийн барьж бичиж буй гол сэдэв болох гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 16 байна гэдэг нь яах аргагүй их тоо. Магадгүй эндээс хүчирхийлэгчид унтдаггүй хэмээн дүгнэж ч болно. Харин энэ тухай цагдаа нар хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн олонх нь өөртөө итгэх итгэлгүй, эргээд хүчирхийлэд өртөх, улам бүр дарамтлуулахаас айсандаа “Маш их айж байна. Хэрвээ цагдаагаас гарч ирээд намайг улам бүр дарамтлаад унавал яах юм бэ. Бараг хөнөөх байх. Тэгэхээр зүгээр торгоод өнгөрчих. Та нар сануулчихаад явчих тэгэх үү” хэмээн учирладаг тухай олонтаа хэлэх аж. Ер нь өдөрт тус хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлтэй арав орчим дуудлага ирдэг бөгөөд тэдний олонх нь дээрх байдлаар учирлан гуйсаар өнгөрдөг аж. Гэсэн ч бид нар хэвлэл мэдээллийн хуудаснаа бараг л өдөр тутам гарч буй хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн нулимстай ярилцлага, арга ядсан амьдралын тухай тэмдэглэл нийтлэхээс илүүтэй “Үндэсний шуудан” сонины арванхоёрдугаар сарын 25-ны дугаарт онцолсончлон “Учир шалтгаан нь хаана вэ. Бид хүчирхийллийг яа­гаад нэг өнцгөөс нь хараад байна вэ” гэдэг асуултад хариулахыг зорилгоо боллоо. 

ХОХИРОГЧИД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭС ЗУГТАЖ ЭХЭЛЖЭЭ 

Хохирогч тал хууль хяналтын байгууллагад хандалгүйгээр гэмт хэргийг нуун дарагдуулснаар хүчирхийллийн тоо буурсан мэт төөрөгдлийг нийгэмд үүсгэдэг гэдгийг хууль, хяналтын байгууллагуудын эх сурвалж биднийг мэдээлэл бэлтгэх үеэр олонтаа хэлж байлаа. Ингэж нуун дарагдуулахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдгийн эхэнд нь тэд  хууль эрхзүйн орчин хэтэрхий чанга байгааг дурдсан. Өмнө нь тухайн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд торгуулийн арга хэмжээ авах эсвэл 24 цаг баривчлах зэргээр аргацаасан шийтгэл оногдуулдаг байв. Харин 2016 оноос хэрэгжиж эхэлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2017 оны долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж буй Эрүүгийн тухай хуулиар хүчирхийлэл үйлдсэн этгээдийг 7-30 хоног баривчлах ялыг шүүхээс олгодог болсон нь хууль, эрхзүйн орчин сайжирсны илэрхийлэл юм. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр хууль амьдрал дээр хэрэгжихдээ эргээд сөрөг талыг бий болгожээ. Энэ нь нэг удаа баривчлуулаад өнгөрөх нэг өөр. Хоёр удаа баривчлууллаа гэхэд тухай айлд санхүүгийн хүндрэл үүсдэг байна. Ялангуяа хүчирхийлэл үйлддэг этгээдээс санхүүгийн хамааралтай байх тусам хэргийг нуун дарагдуулах хэлбэр рүү шилждэг аж. Нөгөөтэйгүүр, хохирогч хүчирхийллүүлсэн гэдгээ хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, хуулийн дагуу хамгаалалтад орлоо гэхэд хэвлэл мэдээллийнхэн хохирогчийн бүх мэдээллийг олон нийтэд дэлгэчихдэг. Энэ дүүргийн, хорооны иргэн Б хүчирхийллүүлжээ гэх зэргээр мэдээлэхээр “Хүчирхийлэгчийн хүүхэд хүчирхийлэгч болдог” хэвшсэн ойлголтоор үр хүүхдийг нь төсөөлж гадуурхах хандлага гардаг байна. Хэдийгээр хэвлэл мэдээллийнхэн хүчирхийлэгчийг буруутгаж, хохирогчийн талд дийлэнх мэдээллийг гаргадаг ч ингэж хувийн мэдээллийг нийтэд дэлгэхээр эргээд хохирогч сэтгэлзүйн дарамтад орох цаашлаад хохирогчийн талаар буруу сэтгэгдлийг олон нийтэд төрүүлэх эрсдэл гардаг байна. Ингэхээр хохирогч өөрийн болон үр хүүхдийнхээ хувийн нууцыг олон нийтэд дэлгэхээс эмээсэндээ хууль хяналтын байгууллагад хандалгүй хэргийг нуун дарагдуулснаар хүчирхийлэл нуугдмал байдал руу шилжих, хохирогч амь насаа алдах зэргээр асуудал хүндрэх эх үүсвэр болдог аж. Энэ бүхэн нь хэдхэн сарын өмнө цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нэр бүхий хэд хэдэн хавтаст хэргээр батлагдаж буй. Нөгөөтэйгүүр хүчирхийлэгчдийн олонх нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс хүчирхийлэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг цаг ямагт эрж хайж байдаг байна. Тэд олсон мэдээллээ эхлээд гэр бүлийнхэн дараа нь найз нөхөд, хөрш айл хүн дээр хэрэгжүүлдэг болох нь шүүхээс гэм буруутай тогтоогдсон хэрэгтнүүдээс авсан судалгаагаар батлагджээ. Эндээс үзвэл хүчирхийлэлтэй холбоотой мэдээ­лэл хэвлэлээр хэр их гарна тэр хэрээрээ хүчирхийлэлд өртөгчдийн тоо олшир­но гэсэн үг юм. Хэдийгээр хүчирхий­лэл үйлдсэн этгээдэд зан үйлийг засах албадан сургалтад хамруулдаг ч тэдгээ­рийн 20 хүртэлх хувь нь дахин хүчир­хийлэл үйлддэг аж. Шалтгаан нь хоёр талтай гэдгийг мөн л холбогдох эх сурвалж хэлсэн. Нэгдүгээрт, дээр хэлсэнчлэн хэвлэлээр хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл ихээр цацагддаг нь муу авирыг нь сэргээхэд нөлөөлдөг байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЮУ Ч БОЛООГҮЙ МЭТ ТООЧИН МЭДЭЭЛДЭГ

“Хохирогчид хэвлэл мэдээллээс зугтдаг болжээ. Хэвлэл мэдээлэл хүчир­хийллийг юу ч болоогүй мэт тоочин мэдээлдэг” хэмээх энэ анализ дүгнэлт үнэн үү гэдэгт тодорхой хариулт олох зорилгоор бид дэлхийн мэдээ мэдээл­лийн чиг хандлага, хүчирхийллийн эсрэг тэмцэж буй хүний эрхийн байгуулла­гынхны төлөөллийн дуу хоолойг орчуулан хүргэж байна. 
Жилдээ зургаан мянга орчим хүчирхийллийн хохирогчдыг хүлээн авдаг АНУ-ын Флорида мужийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн хоргодох байр болох Пинеласын тэргүүн, сэтгэл зүйч Линда Осмундсон “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүчирхийллийн талаар мэдээлэхдээ хүчирхийлэлд өртсөн хүн болон гэр бүлийнхний тухай болгоомжтой хандах хэрэгтэй” гэдэг зөвлөгөөг өгсөн нь саяхны тохиолдол биш юм. Учир нь, тэрбээр хүчирхийллийн хохирогчдыг эрсдлээс, аюулаас, нийгмийн заналхийллээс, цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгслийн буруу ташаа мэдээллээс хамгаалахын төлөө олон жилийг зориулсан хүн юм. Энэ талаараа Линда “Хоригдох байранд амьдарч байгаад гарсан хүчирхийлэлд өртөгч одоо ч хүчирхийлэгчтэй хамт амьдарч байгаа. Хүчирхийлсэн этгээд эргэн сайхан залуу болж, уучлал гуйх төдийд л эмэгтэй хүн хувирдаг. Учир нь тэр эмэгтэй түүнд хайртай. Харин хайртай байсныхаа төлөө хүчирхийлэлд өртдөг.  Гэхдээ нөгөө талаас хэвлэл мэдээллийнхний хүчирхийлэлд өртсөн хүний талаар бэлтгэсэн мэдээлэл эргээд нөгөө хүндээ хүндээр тусах тохиолдол байна. Манай төвд хамгийн олон удаа ирсэн Жанни Райса хүчирхийллийн золиос болсон тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хуваалцсаныхаа төлөө хүндхэн байдалд орсон удаатай.  Жанни   “Би өглөө бүр хар дарж зүүдэлсэн мэт сэрдэг. Яг л хамгийн дотнын хүн нас барсан мэт сэтгэгдэл төрдөг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүчирхийллийг мэдээлэхдээ юу ч болоогүй юм шиг мэдээлдэг, тоочин өгүүлдэг. Харин хүчирхийлэлд өртсөн хүн болон гэр бүлд хэрхэн тусч буйг огтхон ч бодож үздэггүй. Хүчирхийлэлд өртсөн хүн цаашид амьдарна шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний тухай мэдээлэл цацагдсанаас болоод ямар ч найз нөхөдгүй болох үлдсэн амьдралаа айдас дунд өнгөрүүлэх нөхцөл бүрдэж, байна” гэж ярьсан. Жанни Райса бол манайхаар үйлчлүүлсэн 6000 охид эмэгтэйчүүдийн нэг. Тиймээс би хэвлэл мэдээллийнхэнд хандан дараах гурван зөвлөмжийг өгөхийг хүсдэг. 
1. Хохирогчдод анхаарлаа төвлөрүү­лээч. Олон нийтийн телевиз, радиогоор хүчирхийлэлд өртсөн эмэгтэйд бурууг өгч, тэр хүний талаар мэдээлэл илүү их мэдээлэл бэлтгэдэг. Хохирогч дахин хүчирхийлэлд өртөх ёсгүй. Хүчирхийлэл үйлдэгчид олон нийт шүүмжлэлтэй ханддаг байх хэрэгтэй. 
2. Зар сурталчилгаа, кино, дуу зэргээс хүнд хүчирхийлэл үйлдэх сэдэл төрдөг.  Тиймээс нэвтрүүлж буй болон мэдээлж буй бүхнээс хүмүүс хүчирхийллийн сэдэл авч байдаг. Тиймээс нэвтрүүлж буй болон мэдээлж буйгаа тодорхой цензур­тай болгож, хэт нэг талыг барьсан эсвэл болсон үйл явдлыг нэг нэгэнгүй дэлгэ­рэнгүй нэвтрүүлэхгүй байхад анхаараач.
3. Олон нийтийн хүндэлдэг даган дуурайдаг хүмүүс хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд ямар ч гэм зэмгүй явж буй нь нийгэмд ихээхэн буруу ойлголт төрж байна. Тухайлбал, алдартай тамирчид эхнэрээ зодсон тохиолдол ямар ч ял шийтгэлгүй харин ч карьер нь цаашид 

улам өсч байна. Энэ мэт байдал нь хүмүүст тэр тусмаа залуу үеийнхэнд хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд ямар ч буруугүй өнгөрдөг юм байна гэсэн ойлголт төрүүлж байна гэж хэлмээр байна. Түүнчлэн нийгэм болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүчирхийллийн эсрэг дуугарахгүй байх нь хүчирхийлэл гарах нөхцлийг бүрдүүлж байна” гэв. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл  бол хүний сэтгэл зүйд нөлөөлөх хамгийн чухал хэрэгсэл билээ. 
Харамсалтай нь, Монголд сэтгүүл­чид буюу та бид ч гэсэн дээрх алдааг гаргаж, тэр дундаа хүчирхийллийн хохирогчийн аль сургуульд сурсан, ямар мэргэжилтэй, хаана амьдардаг, хэдэн хүүхэдтэй, нөхөр нь ямар ажил хийдэг гэх мэтээр тоочин мэдээлэх нь бий. Хэдийгээр ингэхдээ нэрийг нь тавихаас татгалзаж, хүчирхийллийн хохирогч Н, Л, Б, Ч гэх мэтээр нэрийг нь нууцалдаг ч эргээд дээрх мэдээллээр хохирогчийн хэн болохыг, нөхөр нь хэн гэдгийг ямар нэгэн санаа бодолгүйгээр нутаг усныханд нь, ах дүү хамаатан садан, ажлынханд нь барьж өгөх нь бий. Иймд цаашид хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүчирхийллийн цагаан хоолой байх нь зөв үү гэдгээ бодох цаг болсон гэлтэй. Үүнийг мөн хохирогчид хэвлэл мэдээллийн хэрэгслээс зугтах болсон тухай дээрх мэдээлэл нотлох биз ээ. 

100 ЭМЭГТЭЙН 56 НЬ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ГЭВ 

Анкетийн аргаар судалгаа хийлээ: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн тодорхой асуудлыг хөндөхдөө бодит судалгаан дээр тулгуурлаж дүгнэлт хийх, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, зааврыг авч ажиллах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж буй. Иймд бид 18-43 насны 100 эмэгтэйгээс анкетын аргаар судалгаа авахад тэдний 56 нь хүчирхийлэлд өртөж байснаа дурджээ. Гэхдээ тэдний хувьд хүчирхийллийг өөр өөрийн амьдралын учир шалтгаан, хэв маягаас үүдэн тайлбарласан байх бөгөөд энд “Ах намайг загнаад, дарамтлаад байдаг. Энэ нь хүчирхийлэл юм” гэсэн сэтгэгдэл ч байсан юм. Эндээс харахад тэдгээр 56 эмэгтэйг бүгдийг бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд шууд утгаар өртсөн хэмээн дүгнэх боломжгүй ч нөгөө талаас хүчирхийлэл бодит аюул болсны нэг илрэл гэдгийг бас л бодож үзүүштэй юм. 
Хүчирхийллийн тухай мэдээл­лийн 90 хувийг нь хэвлэлээс авдаг: Харин хүчирхийллийн талаарх мэдээллийг ямар эх сурвалжаас авдгийг асуухад тэдний 90 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа сайтаас мэдээлэл авдаг гэж хариулсан бол үлдсэн нь найз нөхөд, бусад эх сурвалжийг дурдлаа. 
Хохирогчийг буруутгах нь их байна: Тэдний Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хүчирхийллийн талаарх мэдээллийг хэрхэн дүгнэдгийг асуухад 70 орчим хувь нь дунд, 28 хувь нь муу, үлдсэн нь сайн гэсэн үнэлгээ өгөв. Монголын хэвлэл  мэдээллийн хэрэгслүүд хүчирхийллийн талаар мэдээлэхдээ юу анхаарах хэрэгтэй талаар тэдний саналыг авахад “Хохирогчийн хувийн нууцыг дэлгэж, хохирогчийг буруутгах хандлагыг маш их төрүүлдгийг ихэвчлэн хариулсан байв. Мөн болсон үйл явдлын талаар нэг бүрчлэн мэдээлдэг. Урьдчилан сэргийлэх анхаарах, хяналт тавих шаардлагатайг хэлдэггүй, бага насны хүүхдэд тохиромжтой агуулгаар, харин томчуудад зөв хэвшил нэвтрүүлэх чиглэлийг баримталж мэдээллэх хэрэгтэй” гэв.
Өдөр тутмын сонины мэдээлэлд анализ хийв: Ингээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс Монголын өдөр тутмын сонинууд хүчирхийлэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг хэрхэн нийтэлж байгааг түүвэрлэн дөрвөн сонины энэ оны аравдугаар сарын 1-нээс арванхоёр­дугаар сарын 20-ныг хүртэлх дугаарт анализ хийлээ. Энэ хугацаанд хүчирхийлэлтэй холбоотой хамгийн олон буюу 11 мэдээ, сурвалжлага, ярилцлагыг “Өдрийн сонин” мэдээлсэн бол “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Засгийн газрын мэдээ” сонинууд нь гурван сарын хугацаанд хүчирхийллийн талаар тус бүр 2-6 мэдээ, сурвалжлага, ярилцлага хэвлэсэн байна. Нийтдээ долоон мэдээ, дөрвөн ярилцлага, сурвалжлага тав, долоон нийтлэл, нийт 25 бүтээл хэвлэжээ. Эдгээр нь бүгд цаг үе, үйл явдалтай холбоотой мэдээ, сурвалжлага ярилцлага, асуудал хөндсөн нийтлэл байв. 

Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Хэвлэлийн хүрээлэнг хамтарч 2017 оны долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 27-ныг дуустал сонин, телевиз, радио мэдээллийн сайтаас бүрдсэн найман хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мөн хоёр сэтгүүлчийн нийгмийн сүлжээн дэх мэдээлэлд хийсэн дүн шинжилгээнд “Жендерт суурилсан хүчирхийллийн асуудлыг хөндсөн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цөөн байгаа бөгөөд энэ талаар нийтэлсэн бүтээл нь сэтгүүлчийн мэргэжлийн болон ёс зүйн шалгуурыг төдий л хангаж чадахгүй байгаа нь тогтоогдсон. Тухайлбал, хохирогчийг буруутгах, хүчирхийлэгчийг зөвтгөх хандлага бүхий, хохирогчийн аюулгүй байдал, нэр төрд хохирол учруулж болохуйц мэдээлэл өгөх, хүчирхийллийн үйл явц, үйлдлийг хэт дэлгэрэнгүй бичих зэрэг тохиолдлууд гарч байв. Мөн хүчирхийлэл нь хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэрэг гэдгийг таниулах, ямар хариуцлага тооцдог, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана, хэнд хандах тухай, хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зэрэг мэдээллийг түгээх, хүчирхийллээс ангид зан үйлийг төлөвшүүлэх тал дээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо дутагтаж байна” хэмээн дүгнэжээ. 
Тэгэхээр дээрх мэдээлэл, шөнийн сурвалжлага, хууль хяналтын байгууллагынхны тайлбар, дэлхийн жишиг, хохирогчдын гомдол зэргээс үүдэн цаашид хэвлэл мэдээллийн хэрэгсэл “ХҮЧИРХИЙЛЛИЙН ЦАГААН ХООЛОЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ” эсвэл учир шалтгааныг нь эрэн хайх, зөв оношилж, зөв тэмцэх соён гэгээрүүлэх, ухуулан ойлгуулах, үнэн бодит мэдээллийг ёс зүйтэй хүргэх, нийгмийн эерэг чиглүүлэгч байх уу гэдгээ ярилцах, ойлголцох, гол нь ухамсарлах цаг болсон гэлтэй. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч буруу байна аа гэсэн үг юм. Харин хэрхэн залруулах вэ. Энэ талаар хамтдаа ярилцацгаая. 

Үндэсний шуудан сонин