Хүн төрөлхтөн эртнээс  гар, хөлнөөс  эхлээд элэг, зүрх, бөөр хүртэл гэмтэж бэртсэн эд эрхтэн болгоныг биологийн бус нийлмэл эдээр орлуулах талаар зөгнөн мөрөөдсөөр ирсэн. Биологийн, өөрөөр хэлбэл өөр хүний эд эрхтнийг нөгөөд шилжүүлэх нь ээдрээтэй хэрэг гэдгийг олон мянган жилийн тэртээгээс янз бүрийн туршилт хийсний үр дүнд хүн төрөлхтөн ойлгосон биз.

Иймд гэмтсэн, цаашид ажиллах боломжгүй болсон эрхтнийг орлуулах хиймэл эдийг хайхад онцгой анхаарсаар иржээ. Ялангуяа сүүлийн хоёр мянган жилийн турш тасралтгүй явагдаж байгаа олон зуун дайн тулааны дараа энэ асуудал хурцаар тавигддаг байлаа. Энэ хэрэгцээг үе үеийн эрдэмтэд, эмч нар янз бүрээр л шийдэх гэж зүтгэсээр ирсэн түүхтэй. Тэгвэл хүн төрөлхтөн  протез буюу хиймэл эдээр хийсэн орлуулагч эрхтнийг бүтээхэд  чамлахааргүй хол явж чадлаа. Цээж нээж, зүрхний доголдсон, асуудалтай  хэсгийг бусад материал ашиглан хэвийн ажиллуулах хагалгаа 1950-иад оны үеэс эхэлсэн бол  2001 онд  бие даасан ажиллагаатай, хиймэл зүрхийг анх удаа шилжүүлэн суулгаж байжээ.  Харин 2014 онд Францад  зүрхний хурц дутагдал гэсэн оноштой 70 гаруй насны эрэгтэй хүнд 100 хувь  хиймэл бие даасан ажиллагаатай зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн нь  хамгийн удаан амьдарсан тохиолдол болсон юм. Хиймэл зүрхний  эзэн тэрбээр хиймэл зүрхтэйгээр яг 65 өдөр амьдраад амьсгал хураасан байна. Хэдийгээр энэ үйл явдал нь 100 хувь хиймэл зүрх суулгасан хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлснээр төгссөн ч  хүн төрөлхтний хувьд сансарт ниссэнээс дутахааргүй том амжилт болсон гэхэд  хэтрүүлэг болохгүй. Үүнээс өмнө ч хиймэл зүрх хүнд суулгасан тохиолдол байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ тэр үеийн хиймэл зүрх нь бүрэн бие даасан ажиллагаагүй буюу  хиймэл зүрхтэй хүн байнгын эмчийн хяналтад байх ёстой бөгөөд уурлах, инээх, биеийн ачаалал авах гэх мэт зүйлсээс болоод зүрхний цохилт нэмэгдэх үед мэргэжилтнүүд зүрхээр шахагдан өнгөрдөг цусны хэмжээг өөрчлөхийн тулд гаднаас дохио өгч хиймэл зүрхний цохилтын тоо, шахах цусны хэмжээг нэмэгдүүлдэг байв. 
Харин Франц эмч нарын амжилттай суулгаад байсан хиймэл зүрх нь 100 хувь бие даасан үйл ажиллагаатай. Шинэ үеийн нийлэг эд, мэдрэгч, компьютер технологи, программ хангамж сүүлийн арван жилийн дотор асар хурдацтай хөгжиж ирсний ачаар шинэ зүрх нь дотуур дамжин өнгөрч байгаа цусны урсгалын талаарх мэдээллийг тогтмол хянадаг. Улмаар урсгалын хэмжээ нэмэгдэхэд хиймэл зүрх нь хүний жинхэнэ зүрхтэй адил бие махбодийн шаардлагад тохирсон хэмжээгээр өөрөө цохилтын тоог өөрчлөх замаар цусан хангамжийн ямар нэг алдагдал үүсгэлгүй ажилладаг байна. Одоогоор дэлхийн хэмжээнд 66 гаруй эмнэлэгт 900 гаруй өвчтөнд 100 хувь хиймэл зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн гэсэн баримт бий. Тэгвэл зүрх нь байх ёстой газраа бус биеэс салангид үүргэвчинд нь явдаг хоёр л хүн дэлхий дээр  байна. Тэдний нэг нь 39 настай Силва Хуссейн бол нөгөө нь 25 настай Стан Ларкин гэх залуу ажээ.
Хоёр хүүхдийн ээж Силва бүсгүй зүрхний архаг дутагдалд орж, өнгөрсөн онд Лондон хотын Харефилд эмнэлэгт хүргэгджээ. Түүний амийг аврахын тулд ар гэрийнхэн нь АНУ-д 116 мянган ам.долларын өртөг бүхий хиймэл зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн байна. Зургаан цаг үргэлжилсэн хагалгааны дараа 39 настай Силва Хуссейн бүсгүйн амьдрал эрс өөрчлөгдөж, хиймэл зүрхээ байнга үүргэвчиндээ авч явах болжээ. Үүргэвчинд батерейгаар ажилладаг шахуурга, цахилгаан мотор, хуванцар гуурс байх бөгөөд эдгээр нь Силваг агаараар тэтгэж, цусны эргэлтийг дамжуулж байдаг. 
Мичиганы 25 настай Стан Ларкин гэх залуу 2014 онд Мичиганы их сургуулийн Франкелийн зүрх судасны төвд хиймэл зүрх суулгах хагалгаанд оржээ. Тэрбээр АНУ-ын хамгийн анхны батарейгаар ажилладаг шахуурга, цахилгаан мотор, хуванцар гуурс бүхий зүрхтэй хүн болсон юм. Тэрбээр төрөлхийн зүрх муутай хүүхэд байсан гэдэг. Тиймдээ ч багаасаа эмнэлгийн тогтмол хяналтад байжээ. Зүрхэндээ хэт ачаалал өгөх, гүйх, спортоор хичээллэх нь түүний хувьд боломжгүй. Маш тайван байж, биеэ хянаж байхыг эмч нар үргэлж сануулж байсан гэдэг. Гэвч нэгэнт өвчилсөн, эмгэгтэй зүрх удаан тэсэхгүй байсан нь ойлгомжтой. Гэнэтхэн зүрх нь дэлсэж, өөрийн мэдэлгүй ухаан алджээ. Иймээс эмч нар түүний ажиллагаагүй болсон зүрхийг авахаас өөр аргагүйд хүрсэн гэдэг. Хүнийг хөдөлгөж, амьдруулах хамгийн чухал эрхтний нэг бол яалт ч үгүй зүрх байдаг. Харамсалтай нь түүнд тохирох зүрхний донор олдоогүй учир  эмч нар түүнд тохирох зүрх буюу хиймэл зүрхний төхөөрөмжийг суулгасан байна.  Энэ бүхэн эхэндээ түүний гэр бүлд байж боломгүй, галзуу санаа мэт байсан ч сонголт үлдээгүй гэдэг. Тиймээс ч тэд “SynCardia” хэмээх зүрхийг орлуулагч төхөөрөмжөөр амьдрах болсон байна. Хоёр кг-ийн жинтэй энэхүү төхөөрөмж түүний хувьд амьдрал нь болж хувирав. 24 цагийн турш түүнээс холдохгүй, амин зүрхний үүргийг орлуулж байжээ.  Ларкин зүрхээ цүнхэнд хийн үүрч явдаг бөгөөд хувцас өмсөх, явахад нь огтхон ч саад болдоггүй аж. Залуу эр, амь насыг нь аварч, түүнд амьдрал бэлэглэсэн алтан гарт эмч нарт талархаад барахгүй байгаагаа илэрхийлсан байна. Техник технологийн хөгжлөөр ийнхүү дахин нэг залуу хөнөөлт өвчнөөсөө салж, гэрэл гэгээтэй амьдралд хөл тавиад буй. Гэхдээ хиймэл зүрх суулгуулсан хүн хэр удаан амьдрах нь тодорхойгүй. Одоогоор  100 хувь хиймэл бие даасан ажиллагаатай  зүрхийг зүрхний донор олдтол буюу үнэхээр арга мухардсан үед л ашиглаж байгаа. АНУ-д нийт 100 мянган хүн хиймэл зүрх шилжүүлэн суулгах хүсэлтээ явуулсан бөгөөд яваандаа энэ төрлийн мэс ажилбар улам бүр төгөлдөржинө хэмээн албаны хүмүүс үзэж байна. Эрдэмтдийн судалгаа зөвхөн хиймэл зүрхээр хязгаарлагддаг гэвэл өрөөсгөл ойлголт болно. Хиймэл зүрх төдийгүй, бөөр, уушиг, элэг, гар ба хөл бүтээх тал дээр эрдэмтэд уйгагүй ажиллаж байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд  жинхэнэ их үсрэлт хийж олон мянган жилийн мөрөөдлийг бодитоор хэрэгжүүлж эхлэх хэмжээнд хүрээд байна. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард  Швейцарийн эрдэмтэд тархинаас өгсөн цахилгаан импульсээр ажилладаг, ямар ч биет барьж авсан, хатуу эсвэл зөөлөн эд байна гэх мэт дохиог буцаан тархи руу илгээж, хүний гартай бараг 100 хувь адил ажилладаг гар бүтээсэн нь хиймэл эрхтэн бүтээх чиглэлд хүн төрөлхтөн ямар их үсрэлт хийж байгаагийн тод жишээ.  Эрдэмтдийн зохион бүтээсэн хиймэл хөл нь хамгийн орчин үеийн компьютер адил тархитай мэдрэлийн эсээр дамжуулан холбогдож, хүний хөлний гүйцэтгэдэг бараг л бүх функцийг гүйцэтгэж чаддаг аж. Шинжлэх ухаан энэ эрчээрээ хөгжин, хүний эд эрхтний талаарх шинэ шинэ нууцыг нээн урагшлаад байвал “За байз ойрд зүрх доголдоод байна солиулдаг юм билүү” гээд эмнэлэгт очоод машины мотор эсвэл дугуй солиулдагтай адилаар  шинэ зүрх суулгаад явах цаг ирэхийг үгүйсгэх аргагүй. Тэр цагт бөөр эсвэл элэг, тэр бүү хэл зүрхний донор болно гэх мэтийн аймшигтай зар явахаа байж хүний дундаж наслалт 100 давах биз ээ.

 

Үндэсний шуудан сонин