“Инвест Монголиа Токио-2017” хөрөнгө оруулалтын чуулган 2017 оны 11-р сарын 24-ний өдөр Токио хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн чуулганд 37 илтгэгч, 280 гаруй төлөөлөгч оролцсон юм. Бидний зүгээс тус чуулга уулзалтад оролцсон илтгэгч, төлөөлөгчдийн саналыг нэгтгэн "Монгол Улсын Засгийн газарт хүргэх зөвлөмж" бичгийг боловсруулав.

Эдгээр зөвлөмжүүдийг Монгол Улсын Засгийн газар цаашид хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөртөө тусгана гэдэгт итгэж байна. Энэ жилийн хувьд Инвест Монголиа нь Хонгконгод 4-р сарын 12, Лондонд 6-р сарын 7, Улаанбаатарт 9-р сарын 4-5, Токиод оны сүүлээр тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

“Фронтиер Секьюритийз” ХХК Гүйцэтгэх захирал Маса Игата  

 

 

- Монгол Улсын хувьд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь тогтвортой байдал, тогтвортой бодлого болоод байна. Төрийн байгууллагуудын байр суурийг бэхжүүлж, улс төрөөс хараат бус, мэргэжлийн шийдвэр гаргадаг болгох хэрэгтэй. Засгийн газар солигдох бүрт төрийн албан хаагчид давхар өөрчлөгдөн, төрийн бодлогын залгамж чанар алдагдаад байгаа нь эдийн засгийн хөгжлийг гацааж буй гол шалтгаан болж байна. Үүнтэй холбоотой хэд хэдэн сөрөг жишээнүүдийг дурдаж болно. Хамгийн том жишээ нь Оюу Толгойн гэрээг тогтмол эргэн хянаж буй асуудал юм. Бид Оюу толгойн гэрээг дахин хянах тухай шуум болон Таван толгойн тендерийн шалгаруулалт, шинэ нисэх онгоцны буудлын менежментийн асуудлыг тойрсон яриануудыг онцгой анхаарч байна.

-Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нь маш чухал асуудлуудын нэг юм. Энэ чиглэлд зарим нэг ахиц, дэвшлүүд гарч байгаа ч хууль эрх зүйн цогц шинэчлэлүүдийг хийх шаардлагатай байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчдын асуудлыг шийдвэрлэх мэргэжлийн байгууллагыг бий болгохыг зөвлөж байна. Хэрэв тэгж чадвал, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээс гадна, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг өсгөх давуу талтай.

Үндэсний эдийн засгийн төсөөлөл болон урт хугацааны стратегийг нийгмийн бүх салбарын төлөөлөгчид, улстөрчид, бизнесийн салбарын манлайлагчид, салбар хариуцсан мэргэжилтнүүдийн оролцоотойгоор боловсруулж, зохицуулалт хийх нь Монгол Улсын эдийн засгийг түүхий эдээс хараат бус болгоход дөхөм болгоно.

-Хууль тогтоомжийн төслийг зөвхөн улс төрчид биш, салбар хариуцсан мэргэжилтнүүд, бизнесийн салбарын манлайлагчид зэрэг бусад “сонирхлын бүлэг”-ийн оролцоотойгоор баталдаг тогтолцоог бий болгохыг санал болгож байна.

Чуулганы үеэр үүнтэй холбоотой дараах асуудлууд хөндөгдсөн.

Жишээ 1: “Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль”-д шинээр хөрөнгө оруулалтын банк байгуулахад 200 сая ам.доллароос доошгүй хөрөнгөтэй байхыг шаардаж байгаа нь өнөөгийн санхүүгийн нөхцөл байдалтай тохирохгүй байна. Хэрэв энэ асуудлын хүрээнд урьдчилсан санал асуулга, хэлэлцүүлэг хийсэн бол ийм хуулийг батлахгүй байсан.

Жишээ 2: Өнгөрсөн жил Монгол Улсад уул уурхайн бизнес эрхэлж байгаа гадаад компаниуд мөнгөн шилжүүлэг хийх үед зөвхөн дотоодын банкуудаар дамжуулан шилжүүлэх тухай шийдвэр гарсан нь мэдээж маш олон гадаадын хөрөнгө оруулагчдын эгдүүцлийг хүргэж, эцэстээ энэ хууль цуцлагдсан. Ийм төрлийн хууль анхнаасаа өргөн баригдах ёсгүй байсан.

Монгол Улс эдийн засгийн өсөлтийг сайжруулах, тоггвортой өсөлтийг бий болгох арга хэмжээнүүдийг стратегийн түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай. Монгол Улс бусад орнуудын туршлага дээр үндэслэн “Монголын хөгжлийн загвар”-ыг бий болгож, хөгжүүлэх хэрэгтэй. Австрали, Ботсвана, Чили, БНХАУ, БНСУ, Катар зэрэг олон оронд хэрэгжүүлж байсан өргөн хүрээтэй бодлогууд Монгол Улсын хувьд үнэтэй сургамж болно. Ялангуяа, уул уурхайн салбар дахь амжилттай жишээнүүд Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой. Амжилтаа улам батжуулахын тулд дотоодын хүний нөөцийн чадавхыг сайжруулах шаардлагатай. Монгол Улсын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө чухал ч, дэлхий нийтийн хөрөнгө оруулалтын туршлагад суралцах нь илүү чухал болоод байна.

-Дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт, ялангуяа эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт дээд зэргийн ач холбогдолтой. Өмнөговийн төмөр замыг барьж дуусгах нь нэн тэргүүний зорилт.

-Төсвийн сахилга батыг сайжруулах, гадаад өрийн хэмжээг бууруулах нь чухал асуудлуудын нэг.

-Эдийн засгийн өсөлтийг бий болгох, дэд бүтцийн салбар болон аялал жуулчлал, хөдөө аж ахуй, технологи зэрэг дагалдах салбаруудыг хөгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход Оюу Толгой, Таван Толгой мэтийн том төслүүд онцгой ач холбогдолтой. Засгийн газрын зүгээс эдгээр салбаруудыг хөгжүүлэх урт хугацааны бодлогыг боловсруулах хэрэгтэй.

-Япон Улстай байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн гэрээ” Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэрээ болсон. Монгол Улсын Засгийн газрын зүгээс хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих ажлын хэсэг байгуулан, дээр дурдсан хөдөө аж ахуй, аялал жуулчлал, технологийн салбарыг хөгжүүлэх, цаашлаад Японы зах зээлд гарах маркетингийн ажлыг идэвхжүүлэх талаар судлах нь илүү үр дүнтэй. Бид тус гэрээний явцыг дор хаяж жилд нэг удаа хянаж байхыг зөвлөж байна.

-АНУ-ын Зүүн Хойд Ази дахь нөлөөлөл улам бүр буурсаар байна. Монгол Улсын хамгийн том түншүүд бол БНХАУ, ОХУ юм. Тиймээс эдгээр улсуудтай урт хугацааны гадаад худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах, эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулах чиг үүрэг бүхий байнгын ажиллагаатай агентлагийг байгуулах хэрэгтэй. Монгол Улс эдийн засгийн урт хугацааны өсөлтийг бий болгохын тулд ОХУ болон БНХАУ-тай “гадаад худалдааны хэлэлцээр" байгуулах нь зүйтэй.